| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01667/И |
| Дугаар | 192/шш2025/04961 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/шш2025/04961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Баянгол дүүрэг 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс москва гудамж 51/6 дугаар байр 42 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10,120,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******гийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Б.Лхагвадуламд холбогдох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь хариуцагч *******д холбогдуулан Баянгол дүүрэг 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс москва гудамж 51/6 дугаар байр 42 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.Лхагвадуламд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анх 2017 онд эгч маань өвөөг итгэмжилсэн төлөөлөгчөөр оруулж эгчийн байрыг 69,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед гэрээ хэлцэл хийгээд гарын үсгээ зураад тухайн гэрээгээрээ 39,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлөөд үлдэгдэл 30,000,000 төгрөгөө 2019 онд төлж дуусгах ёстой байсан боловч хариуцагч тал ерөөсөө мөнгөө өгөөгүй бараг 5 жил өнгөрчихсөн байгаа. Манай талаас гэрээн дээрээ түрээс үлдэгдэл мөнгөө өгөөгүй тохиолдолд тухайн өгсөн мөнгийг нь түрээсэнд тооцно гэсэн заалт байгаа. Тэгээд тэр заалтынхаа дагуу одоо түрээсийг нь тооцохоор өгсөн мөнгө нь түрээснээсээ хэтэрчихсэн явж байгаа. Тэгээд тэр түрээсээ гаргуулах болон тухайн хүмүүсийг байрнаасаа гаргуулах хүсэлтэй байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ...” гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдан авахаар гэрээ, түрээсийн гэрээгээр байгуулсан гээд байгаа. Би анх байрыг худалдан авахаар гэрээ хийснээс түрээсийн гэрээ хийгээгүй байгаа. Тэгээд байрныхаа 70 хувийн төлбөрийг өгчихсөн байгаа. 2017 онд ******* гуайтай орон сууц худалдаад гэрээгээ байгуулсан. Тэр үед би сургуулиа төгсөөд хотод амьдрахаар худалдан авах гэрээ хийсэн, гэрээний шаардлага нь надад дөхөм тэгээд урьдчилгаа 42 сая төгрөгийг өгөөд. Үлдэгдэл төлбөр үлдсэн. Би өөрөө байртай болно гэж бодоод ******* гуйтай уулзаад гэрээ хийж авсан. 69,000,000 төгрөгөөр байр авъя гээд тохирсон чинь одоогийн байдлаар тэгээд 47,500,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 21,500,000 төгрөгийн өртэй байгаа. Энэ мөнгө нь бэлэн дансандаа хадгалж байгаа ... тэр үед манай аавын ажил нь бизнес нь дампуураад би өөрөө оюутан байсан тэгээд гэрээг ******* гуайтай ойлголцоод хоёр гурван удаа сунгасан гэж бодож байсан ... ******* гуай манай байрны доод давхарт амьдардаг байсан. Манайх бэлнээр төлөлтөө хийж явдаг байсан. Хэрэгт өгчихсөн байгаа утсан дээр мөнгөө өгөх авахдаа бэлнээр аваад гарын үсгээ зурдаг байсан. ******* гуай нас бараад мөнгө нэхэхгүй болохоор ... энэ айл нүүсэн гэж хэлсэн, тэгээд холбогдох дугаарыг нь асуухад дугаарын нь мэдэхгүй гэж хэлсэн. 2021 оноос хойш гэрээнд бичигдчихсэн байгаа утасны дугаарууд хоёулаа холбогдохгүй байсан. Манай нутгийнх болохоор аав ээж хоёр сураг гаргасан чинь ******* гуайн эхнэр нь гадагшаа явчихсан гэж сонссон ... бид нар бол түрээслээгүй ээ анхнаасаа худалдан авах гэж гэрээ хийсэн ...” гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Лхагвадуламаас О.Мөнхзулд олгосон итгэмжлэл, Б.Лхагвадуламын гадаад паспортын хуулбар, Б.Лхагвадуламаас *******ид олгосон итгэмжлэлийн хуулбарууд, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Хэлцэл, орон сууцыг байдлыг харуулсан гэрэл зургууд, шуурхай зар сонины дугаар, зэрэг баримтыг ирүүлсэн.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: *******ийн дүү *******, ******* нарт, *******, ******* нарт, *******, ******* нарт гэсэн гараар бичсэн баримт, Хаан банкны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компаний дүрэм, ажил гүйцэтгэх гэрээ болон дансны хуулга зэргийг баримтаар ирүүлсэн.
6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр зурваст үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Лхагвадуламын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь хариуцагч *******д холбогдуулан Баянгол дүүрэг 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс москва гудамж 51/6 дугаар байр 42 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.Лхагвадуламд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... эгчийн байрыг 69,000,000 төгрөгөөр зарсан, 30,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлөөд үлдэгдэл 39,000,000 төгрөгөө 2019 онд төлж дуусгах ёстой байсан боловч хариуцагч тал ерөөсөө мөнгөө өгөөгүй бараг 5 жил өнгөрчихсөн байгаа ... гэрээнээс татгалзаж ... орон сууцыг чөлөөлүүлэх ... гэрээнд заасан түрээсийн төлбөрийн 4,120,000 төгрөг гаргуулна ...” гэж тайлбарласан.
Хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ: “... 69,000,000 төгрөгөөр байр авъя гээд тохирсон чинь одоогийн байдлаар 47,500,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 21,500,000 төгрөгийн өртэй байгаа. Энэ мөнгө нь бэлэн дансандаа хадгалж байгаа ... гэрээг ******* гуайтай ойлголцоод хоёр гурван удаа сунгасан гэж бодож байсан ... бид нар бол түрээслээгүй ээ анхнаасаа худалдан авах гэж гэрээ хийсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр *******ид олгосон итгэмжлэлдээ “... улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй 43.47 мкв талбайтай 2 өрөө бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах, худалдах, барьцаанд тавих, хөлслүүлэх, түрээслүүлэх бүх эрхийг олгож, итгэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгосон” байна. /хх-ийн 9/
5.2. Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр *******ид олгосон итгэмжлэлдээ “... Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 51/6 байр 42 тоот 43.47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх, хөлслүүлэх, гэрээнд зээлийн төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгож, итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон” байна /хх-ийн 8/
5.3. Улмаар ******* нь Б.Лхагвадуламаас олгосон итгэмжлэлийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр *******той “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. /хх-ийн 10/
5.4. Энэхүү гэрээнд заасан Б.Лхагвадуламын хүлээх үүрэг гэсэн хэсэгт “... цаашдаа улирал бүр авах төлбөр тооцоо, 2019 оны 3 дугаар сарын 10-нд байрны нэр шилжүүлэх, тухайн үеийн шийдвэрлэх асуудлыг Б.Лхагвадуламын өмнөөс ******* хариуцана. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн мөнгө авахгүй, мөн гал тогооны тавилгыг үнэ өртөггүй бэлэглэнэ” гэж,
*******гийн хүлээх үүрэг гэх хэсэгт “... 42 тоот байрны нийт үнэ 69,000,000 төгрөг үүнээс урьдчилгаанд 30,000,000 төгрөг өгөөд байрандаа орно. Үлдэгдэл 39,000,000 төгрөгийг улирал бүр 6,500,000 төгрөг төлж явсаар 2019 оны 3 дугаар сарын 10-нд бүх төлбөр тооцоог эцэслэн дуусгана. Орон сууцны конторт төлдөг сар бүрийн хураамж, тухайн үеийн жижиг засвар үйлчилгээг өөрөө хариуцана. Хэрэв үлдэгдэл төлбөр тооцоог дуусгаж чадалгүй худалдан авах гэрээг цуцлах шаардлага гарвал байранд орсон өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг сарын 580,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа мөнгөнөөсөө суутгуулж үлдэгдлээ авна ...” гэж тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан. /хх-ийн 10/
5.5. Мөн *******, ******* нар нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн тухай Хэлцэл” байгуулсан байх бөгөөд энэхүү хэлцлээр талууд “... Д-/ улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 51/6 байр 42 тоот хаягт байрлах 43.47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 69,000,000 төгрөгөөр, худалдах, худалдан авахаар тохирч урьдчилгаа 30,000,000 төгрөгийг *******гоос Б.Лхагвадуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ид хүлээлгэн өгөв ... Орон сууц худалдах, худалдан авах гэрээг төлбөр тооцоог бүрэн дуусгасны дараа /2019-03-10/ өдөр нэр шилжүүлж, гэрээ байгуулахаар тохиролцов, орон сууц худалдан авах төлбөр тооцоог талууд график гарган төлөхөөр тохиролцов” гэж харилцан тохиролцсон байна.
5.6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Лхагвадулам, хариуцагч ******* нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээгээр Б.Лхагвадулам нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 51/6 байр 42 тоот 43.47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг *******д худалдах буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, харин ******* нь орон сууцны үнэ 69,000,000 төгрөгийг төлөх, ийнхүү төлөхдөө 30,000,000 төгрөгийг өгөөд орон сууцандаа орно, үлдэгдэл 39,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дотор хуваан төлж дуусгана, тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй, төлбөр тооцоог дуусгаж чадалгүй гэрээг цуцлах шаардлага гарвал тухайн орон сууцанд нүүж орсон өдрөөс эхлэн орон сууцны түрээсийн төлбөрийг сарын 580,000 төгрөгөөр тооцож урьдчилгаанд өгсөн төлбөрөөс суутгаж зөрүүг тооцохоор харилцан тохиролцсон болох нь нотлогдож байна.
5.7. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас Б.Лхагвадуламыг төлөөлж *******, нөгөө талаас ******* нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан, хариуцагч ******* нь орон сууцны үнэ 69,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөг төлсөн, тухайн орон сууцанд хариуцагч ******* амьдарч байгаа, мөн тухайн орон сууцны өмчлөгч нь Б.Лхагвадулам мөн болох нь нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
5.8. Харин нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь хариуцагч *******г Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж орон сууцыг албадан чөлөөлүүлж, гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийн зөрүүг гаргуулна гэж,
хариуцагч ******* нь орон сууцны төлбөрийн дийлэнх буюу 70 орчим хувийг төлсөн тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авна, гэрээний түрээсийн төлбөр тооцох талаар заасан заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тус тус тайлбарлан маргаж байна.
6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан.
6.1. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” болон 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн тухай Хэлцэл”-д нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
7.1. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс москва гудамж 51/6 дугаар байр 42 тоот орон сууцыг худалдах буюу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй, хариуцагч ******* нь орон сууцны үнэ болох 69,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
7.2. Хариуцагч ******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд зааснаар орон сууцны төлбөрт:
1. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг,
2. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг,
3. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг,
4. 2019 оны 12 дугаар сард 800,000 төгрөгт тооцож үхрийн мах,
5. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,700,000 төгрөг,
6. 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг,
7. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
8. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг нийт 47,500,000 төгрөг төлж /69,000,000-47,500,000/ үлдэгдэл 21,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
7.3. Талууд Орон сууц худалдах, худалдан авах гэрээндээ орон сууцны үнийг 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч ******* нь төлбөрийг тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсч, улмаар Б.Лхагвадулам нь *******г гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг албадан чөлөөлүүлж, орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
7.4. Нэхэмжлэгч нь орон сууцны түрээсийн төлбөр гэж шаардаж байгаа боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийг шаардаж байна гэж үзэхээр байна.
7.5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан заасан.
7.6. Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх, үлдэгдэл төлбөр төлөх талаар хариуцагч *******д удаа дараа мэдэгдэж, хугацаа тогтоож байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
7.7. Харин хариуцагч ******* нь орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд энэ нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотлоогүй буюу хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
7.8. Хариуцагч ******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь гэрээнээс татгалзаж, гэрээнд зааснаар уг орон сууцанд *******гийн амьдарсан хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 89 сарын хугацаанд орон сууцыг хөлсөлсөн гэж үзэн төлбөрийг тооцож /580,000х89 сар/ 51,620,000 төгрөг шаардаж, орон сууцны төлбөрт авсан 47,500,000 төгрөгийг суутган тооцож, / 51,620,000-47,500,000/ 4,120,000 төгрөгийг шаардах байгаа нь үндэслэлтэй байна.
7.9. Иймд хариуцагч *******гоос 4,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхагвадулам олгож, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 51/6 байр 42 тоот 43.47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэлээ.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.Лхагвадуламд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... орон сууцны үнийн дийлэнх хэсгийг төлсөн ... цаашид орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөд орон сууцаа өмчлөлдөө шилжүүлж авах хүсэлтэй байгаа ... орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, … төөрөгдсөн тул … Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах …” гэж тайлбарласныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул “... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргасан.
9.1. Нэхэмжлэгч Б.Лхагвадулам, хариуцагч ******* нар нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэлд зааснар ******* орон сууцны үнэ 69,000,000 төгрөгийг төлж дуусгасны дараа Б.Лхагвадулам тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
9.2. Гэвч ******* нь орон сууцны үнэд 47,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 21,500,000 төгрөгийг төлөөгүй, өөрөөр хэлбэл үүргийн хэлцэлд тохирсон үүрэг хэрэгжээгүй буюу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул Б.Лхагвадуламаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй.
9.3. Мөн *******г хэлцэл хийх гол үндэслэл болсон орон сууцыг тодорхой үнээр худалдах, худалдан авах талаар төөрөгдсөн, ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.
9.4. Түүнчлэн хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацааны дотор орон сууцны үнийг төлж барагдуулна гэж тооцож байсан боловч тодорхой хугацааны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйг төөрөгдсөн, ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн байна гэж үзэхгүй.
9.5. Өөрөөр хэлбэл ******* нь Б.Лхагвадуламаас орон сууц худалдан авах зорилгоор гэрээ, хэлцэл байгуулан, гэрээний гол нөхцлийг хүлээн зөвшөөрч, агуулга үр дүнг тооцож, гарын үсэг зурж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул энэхүү талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.
10. Иймд нэхэмжлэгч Б.Лхагвадуламд холбогдуулан Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
12. Нэхэмжлэгч Б.Лхагвадуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 151,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн 573,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т тус тус зааснаар хариуцагч *******г Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 51/6 байр 42 тоот 43,47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, хариуцагч *******гоос 4,120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхагвадулам олгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Лхагвадуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 151,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн 573,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ