| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2021/03342/И |
| Дугаар | 210/ма2022/00203 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/ма2022/00203
| 2022 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2022/00203 |
С.Х- нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/02935 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Х-нэхэмжлэлтэй, хариуцагч Д д ц с-ТӨХК-д холбогдох 2,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие 60 нас хүрсэн учир 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд тэтгэвэрт гарахад 1 удаа олгодог тэтгэмжээс 10 хувийн татвар авахгүй гэсэн ойлголтыг авсан. Баянгол дүүргийн Татварын хэлтсээс асуухад суутгал аваагүй гэсэн. Надад олгосон 26,800,000 төгрөгөөс 10 хувийг суутгаж авсан тул 2,680,000 төгрөгийг ДЦС-4 ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Иргэн С.Х- 1958 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ДЦС-4 ТӨХК-д нийт 37 жил, 3 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 ны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/408 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Мөн байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-т заасны дагуу С.Х-эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын албаны дансанд шилжүүлсэн. Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д д ц с-ТӨХК-аас 2,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Х-нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ...Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т тус тус хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх-өөр заасан атал хариуцагч болох ДЦС-4 ТӨХК нь нэхэмжлэгч надад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,688,000 төгрөгийг хууль бусаар суутган авч, татварын албаны дансанд шилжүүлэлгүй өөртөө завшин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байтал шүүх тус үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийи 129 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн ДЦС-4 ТӨХК-тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсноор хөдөлмөрийн гэрээний талууд биш болсон бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай огтхон ч хамааралгүй, хариуцагчийн зүгээс хууль бусаар завшсан мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: С.Х-д олгосон нэг удаагийн тэтгэмж болох 26,880,000 төгрөгөөс 10 хувийг суутгаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжилж авах эрх нь байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хамтын гэрээний дагуу олгож байгаа тэтгэмж бөгөөд хамтын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
3. Нэхэмжлэгч С.Х- нь хариуцагч Д д ц с-ТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотой нэг удаагийн тэтгэмж олгохдоо тус компанийг хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж 2,680,000 төгрөг авсан нь хууль бус гэсэн үндэслэл зааж, буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, суутгал хийж авсан 2,688,000 төгрөгийг татварын албанд шилжүүлсэн тул хариуцахгүй гэж маргажээ. /хх1, 24/
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нэхэмжлэгч С.Х- нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болсон, улмаар түүнд ажилласан 35 жилд нь ногдох 26,880,000 төгрөгийн тэтгэмж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 7,438,959 төгрөгийн халагдсаны тэтгэмжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /хх-6/
Түүнчлэн, хариуцагч Д д ц с-ТӨХК нь нэхэмжлэгч С.Х-д мөнгөн тэтгэмжид 26,880,000 төгрөг олгохдоо Хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,688,000 төгрөгийг суутган авч, 24,192,000 төгрөгийг С.Х-Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
5. Анхан шатны шүүх хариуцагч Д д ц с-ТӨХК нь нэхэмжлэгч С.Х-д олгох мөнгөн тэтгэмжээс суутгал хийсэн нь 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасныг зөрчсөн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу болжээ. 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т хууль тогтоомжид тухайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн орлогыг албан татвараас чөлөөлнө гэж заасныг зөрчиж хариуцагч Д д ц с-ТӨХК нь нэхэмжлэгч С.Х-д олгох мөнгөн тэтгэмжээс суутгал хийсэн нь буруу юм. Иймд нэхэмжлэгч С.Х- нь өөрт олгогдох ёстой тэтгэмжээс суутгагдсан 2,680,000 төгрөгөө хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
7. Хариуцагч Д д ц с-ТӨХК нь нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, суутгал хийж авсан 2,688,000 төгрөгөө татварын албанд шилжүүлсэн эсэхээс үл хамааран дээр дурьдсанаар хууль зөрчсөн, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хууль зөрчиж суутгал хийсэн хариуцагчийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд хамаарахгүй тул уг хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг энэ нэхэмжлэлд тоолохгүй юм.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэл гаргахдаа С.Х-төлсөн 57,960 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/02935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д д ц с-ТӨХК-аас 2,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгосугай гэж, 2 дахь заалтад 7 дугаар зүйлийн 7.1.1 гэснийг 41 дүгээр зүйлийн 41.1.1 гэж, улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг буцаан олгож, хариуцагч Д д ц с-ТӨХК-аас 57,960 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Х-төлсөн 57,960 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН