| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0061/Э |
| Дугаар | 00063 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00063
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч А.М , Л.Б , Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.М , Л.Б , Н.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1715002620049 дугаартай, 163/2018/0061/э хэргийг 2018 оны 04 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй Б овогт А. М
2.Шүүгдэгч: Монгол улсын, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, Ш овогт Л.Б
3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, Б овогт Н.М
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.М А.М , Л.Б нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг “Бүтээлийн өвөр” гэх газарт зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэж 336374.1 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1715002620049 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Одгаригийн өгсөн: Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн идэвхтэн байгаль орчины байцаагч ажилтай. Би 2017 оны 12 дугаар сарын эхээр улсын малын тооллогоор багийн айл өрхөөр орж мал тоолж явсан. Тэр үед Хонгох багийн “Бүтээлийн өвөр” гэх газарт дах айл өрхөөр явж байхад Н.М, Л.Б , А.М гэх айлуудаар ороход уг айлууд нь Баян-Агт сумаас ирж өвөлжиж байгаа талаар ярьж байсан. Би тухай үед Н.М, Л.Б , А.М гэх хүмүүсээс түлшний мол бэлтгэх эрхийн бичиг авах талаар санал болгосон. Тэгэхэд эдгээр хүмүүс түлшиний мод бэлтгэх эрхийн бичиг авах мөнгөгүй байна. Дараа мөнгөтэй болохоороо авъя гэж хэлсэн. Тэгж хэлсэнээс хойш огт мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй. Н.М, Л.Б , А.М нар уг газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлыг барагдуулж улсын орлогот оруулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Гэрч Ц.Б:...аав ирээд тэр айлын хүмүүс модонд яваад өгөөч ээ гэж гуйсан гэж хэлэхээр нь би аавыг та яах юм бэ “би явах уу” гэсэн чинь аав би явна гэж хэлээд чи тугал үхэр малаа харж байгаарай гэж хэлээд аав модонд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,
Гэрч А.Л: 2017 оны 12 дугаар сарын 20-нд 11 цагийн үед би М ахаас та өнөөдөр мал гаргах юм уу гэж асуутал М ах модонд явна гэж хэлж байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь М ах Б ах, манай нөхөр М нар гэрийн ард талд пад трактор галлаж байсан гэх мэдүүлэг / хх 54-55 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 27-29 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 34-35 хуудас/,
Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 91 хуудас/,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98 хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 113, 116, 121 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М, А.М , Л.Б нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг Бүтээлийн өвөр гэх газарт зөвшөөрөлгүй шинэс мод бэлтгэж 336374.1 төгрөгний хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Одгариг, гэрч Ц.Б, А.Л нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, экологи эдийн засгийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.М, А.М , Л.Б нар бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тэдгээрийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 63658 төгрөгийн шууд хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 336374.1 төгрөгийг төлөх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мөнх-Ертөнц, А.М , Л.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан 336374.1 төгрөгийг төлж барагдуулжээ.
Шүүгдэгч Н.М, А.М , Л.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч хэрэгт ТЕ 200 маркийн тракторын эзэмшигч хэн болохыг нотлон тогтоогоогүй, шүүгдэгч нар хохирол төлбөрийг бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаж уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шаардлагагүй гэж мэтгэлцэжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүгдэгч нар гэм хэрэг үйлдэхдээ ашигласан ТЕ 200 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын хэний эзэмшлийнх болохыг нотлон тогтоогоогүй байх тул гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэж улсын орлого болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 ширхэг шинэс төрлийн 11.3 метр куб мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт хөрөө зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст дааалгаж, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ТЕ 200 маркийн тракторыг эзэмшигчид нь буцаан олгохыг даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.М, А.М , Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А М , Ш овогт Л. Б , Б овогт Н. М нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Бовогт А .М , Ш овогт Л Б , Б овогт Н. М нарыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч Б овогт А. М , Ш овогт Л.Б , Боржигон овогт Н. М нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А. М , Шүүлэн овогт Л.Б , Б овогт Н. М нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.М , Л.Б , Н.М нар нь оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Бовогт А.М , Ш овогт Л.Б , Б овогт Н. М нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.М , Л.Б , Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт хөрөө, 14 ширхэг 11.3 метр куб модыг Булган аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлэх, битүүмжлэгдсэн ТЕ200 маркийн тракторыг эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М , Л.Б , Н.М нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН