Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

Б.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/117 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас зүүн хойд зүгт 60 км байрлах ******* 1-р багийн төвөөс ертөнцийн зүгээр хойд талд 10 км-т байрлах ******* тойром нэртэй газар хээрийн шороон замаар ******* УНЛ улсын дугаартай колут /мицүбиши/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтыг зөрчиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Дамчаа овогтой Батбаярыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

          Хэргийг прокурорт очтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 1. Шүүгч захирамждаа “Зам тээврийн осол гарах үед яллагдагч Б.*******гийн унаж явсан колут /мицүбиши/ маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр нь Б.******* бүртгэгджээ.” гэсэн атлаа зам тээврийн осолд өртсөн колут /мицүбиши/ маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг тээврийн хэрэгсэл эзэмшигч Б.*******ас тодруулах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

          Зам тээврийн осолд өртсөн колут /мицүбиши/  маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд уг ослын улмаас эвдрэл гэмтэл учраагүй болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд хэрэг гарах үед тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр бүртгэгдсэн Б.******* гэмт хэрэг гарсан Өмнөговь аймгийн ******* суманд байгаагүй, Улаанбаатар хотод байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн түүнчлэн Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр: “Энэ хүн миний хадам ээж байгаа юм би энэ айлын том охин болох Эрдэнэтуултай 2019 онд сууж хүргэн болсон юм.”, “Намайг 2023 оны 06 дугаар сүүлээр байх Улаанбаатар хотод гэртээ байж байхад хөдөөгөөс хадам ээж утсаар залгаад “жижиг машин 8.000.000 төгрөгт багтаагаад авмаар байна, намайг үзэж хараад авчихаа” гэж хэлсэн.

          Би тэгээд хотын Шар хадны зах руу гарч жижиг машин үзээд 7.800.000 төгрөгөөр ******* УНЛ улсын дугаартай Колд плас маркийн жижиг дээврийн хэрэгслийг худалдаж аваад би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Хадам аав, ээж хоёр түр өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихаа дараа нь бид нар хот орохоороо өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авна гэсэн юм.”, “Манай хадам аав, ээжийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн үед худалдаж аваад түр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм. Хадам ээж над руу машины мөнгийг шилжүүлж тэгээд би хотоос жижиг машин худалдаж авч өгсөн юм.”, “Машины эд анги, гэрэл дохио болон тоормос нь бүрэн ажиллаж байсан тээврийн хэрэгслийг бүрэн оношилгоонд оруулаад би хөдөө явуулсан юм.” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэг нь хавтаст хэргийн 71 -р хуудаст авагдсан байхад Б.*******ас мэдүүлэг ав гэсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүх ажиллагаа хийгдсэн байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна. Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь 3 аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 2024/ШЗ/117 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 09 дугаартай прокурорын эсэргүүцэл гаргаж 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 117 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигчээр авто тээврийн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож нэхэмжлэл гаргах эсэхийг тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний эрх зүйн маргаан шийдвэрлэх “талуудын зарчим” үйлчилдэггүй болохыг бид санах ёстой.

Иймд Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Нэгэнт Б.*******д холбогдох эрүүгийн хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 117 дугаартай захирамжийг давж заалдах журмаар хянах тохиолдолд миний зүгээс 117 дугаартай захирамжид зохих өөрчлөлт оруулах саналтайгаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцсэн доорх нотлох баримтуудыг бид сайтар анхаарч судлах, зөрүүтэй, эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Үүнд:

1. 2023 оны 07 сарын 26-ны өдөр “Хүний биеэс биологийн дээж авах тухай” мөрдөгч Ц.Мөнхдэлгэрийн гаргасан тогтоол.

2. 2023 оны 07 сарын 26-ны өдөр “Мэргэжилтэн оролцуулах тухай” мөрдөгч Ц.Мөнхдэлгэрийн гаргасан тогтоол

3. 2023 оны 07 сарын 26-ны өдөр “Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл”

4. 2023 оны 08 сарын 15-ны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын гаргасан 3453 дугаартай дүгнэлт.

Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд бие биеэ үгүйсгэсэн зөрүүтэй. 2023 оны 07 сарын 26-ны өдөр үйлдэгдсэн баримтууд гэх боловч үнэн хэрэгтээ 2023 оны 12 сард Б.*******г хуурч мэхлэх замаар гарын үсэг зуруулж зөвшөөрөл авсан мэтээр өнгөлөн далдалсан баримтууд юм. 2023 оны 07 сард Б.*******гаас түүнийг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор цусны дээж авах тухай хэн ч тайлбарлаж хэлээгүй, зөвшөөрөл аваагүй. Жишээ нь: “Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл”-д “ДНХ”-н дараалал тогтоох зорилгоор гэж бичсэн байдаг.

Мөн уг баримтад Б.*******гийн зөвшөөрөлтэйгөөр гэж мөрдөгч бичсэн боловч Б.*******гийн өгсөн зөвшөөрөл гэх зүйл хэрэгт байхгүй. “1 грамм цус авлаа” гэж тэмдэглэгдсэн байтал 3453 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжээч нь 4 мл цус ирүүлснийг шинжлэн судалсан тухай өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. 1 грамм цус болон 4 мл цус гэх нь хоорондоо тэнцүү хэмжигдэхүүн үү? Эсхүл Б.*******гийн биеэс авсан гэх цус нь юутай холилдож хэмжээ нь нэмэгдсэн бэ? Ерөөс Б.*******гаас биологийн дээж болгож цус авсан эсэх нь тодорхойгүй олон асуултууд эргэлзээ үүсгэнэ. Эргэлзээгүй нэг зүйл бол дээрх ажиллагаа, баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шинжлэн судлах талаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн нь илэрхий.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах /27.10/”

1.Мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүй.

З.Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаанд хүний эрхийг зөрчих, хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, хуулиар хориглосон арга хэрэглэх, хүний биед туршилт хийхийг хориглоно. Та бид өөр өөрийн ажил албан тушаалын эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагийн хувьд аливаа эргэлзээтэй асуудалд эрх зүйн дүгнэлт хийхдээ хувийн мэдрэмж, таамгаар хандаж болохгүй.

Миний урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн олон үндэслэлийг орхидог юм гэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хуурч мэхлэх” замаар хүний биеэс биологийн дээж авч болохгүй гэдгийг тод томруунаар, ямар нэгэн салаа утга эргэлзээгүйгээр хуульчилсан байна. Мөрдөгч нотлох баримт цуглуулахдаа Б.*******д “ДНХ-ын дараалал тогтоох” зорилгоор өөрийнх нь биеэс биологийн дээж авах гэж байгаа, авч байгаа гэж тайлбарласан тухайгаа тогтоолдоо бичсэн байна. Энэ нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл. 1 грамм цус авсан гэх боловч 4 мл цус шинжилгээнд ирсэн гэж баримтуудад бичигдсэн. Энэ нь хэнд ч эргэлзээ төрүүлэх зүйл. Энэ бүхнийг мөрдөгч маань эндүүрсэн байх, энэ бол зүгээр нэг бичлэгийн алдаа гэж прокурорын тайлбарлаж байгаагаар ойлгож хэрэг шийдвэрлэх эрх бидэнд байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эндүүрэл, санамсаргүй алдаа байх ёсгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь хууль ёсны байх зарчмыг та бид хэлбэрэлтгүй сахих ёстой. Яллагдагчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор хийгдсэн гэх нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шинжлэн судлах чиглэлээр хийгдсэн нэг ажиллагаанд хамаарах дөрвөн баримтад бүгдэд нь эргэлзээтэй, илт хуульд заасан журам зөрчсөн нөхцөл байдлууд илрээд байхад энэ бүхнийг эс хайхарч, хэвийн зүйл мэт тайлбарлаж байгаа прокурорын байр суурь туйлын ойлгомжгүй. Б.*******гаас цусны дээж авах шалтгааны талаар, яагаад ДНХ-ын дараалал тогтоох зорилгоор цус авсан тухай хуралдаан дээр прокуророос асуухад “Хүний цус уу? Малын цус уу?, Аль эсвэл өөр хэн нэгний цус байж болох юм? Гэж шинжпэх шаардлага үүссэн” гэж тайлбар хэлээд зогсож байгааг ойлгоогүй. Б.*******гаас цусны дээж авсан бол тэр нь Б.*******гийн цус байх ёстойг шинжилгээний байгууллагын тусламжгүйгээр мэдэх боломжтой. Хүний биеэс цусыг нь авах, шинжлэх нь хаалганы бариулаас хурууны хээ авахаас тэс өөр ойлголт. Үүний цаана хүний жам ёсны эрх, нэр төр, эрүүл мэндийн ноцтой асуудал хөндөгдөж байдаг. Аяга цайгаа хувааж уухтай адил гар дамжуулаад хэрэглэдэг эд зүйл биш. “Чи нэгэнт ДНХ-ын дараалал тогтоох гээд цусны дээж авсан юм чинь би наад цусыг чинь аваад явъя, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь ч үзээд өгье. 1 грамм цус нь 4 мл болчихлоо” гэх ойлголт байж болохгүй. Үүнийг мөрдөгч, прокурорын зүгээс ойлгохгүй байна.

 Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зүгээс миний хүсэлтийг үндэслэл бүхий шийдвэрлэж өгнө гэх итгэл алга. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 117 дугаартай захирамжид 2023 оны 07 сарын 26-ны өдөр “Хүний биеэс биологийн дээж авах тухай” мөрдөгч Ц.Мөнхдэлгэрийн гаргасан тогтоол, 2023 оны 07 сарын 26-ны өдөр “Мэргэжилтэн оролцуулах тухай” мөрдөгч Ц.Мөнхдэлгэрийн гаргасан тогтоол, 2023 оны 07 сарын 26-ны өдөр “Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл”, 2023 оны 08 сарын 15-ны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын гаргасан 3453 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаас хасах тухай агуулга бүхий өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

          Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ажиллагаа хийгдээд хавтаст хэрэгт авагдсан байхад ахиж ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоолгоё гэж яриад байна. Тухайн тээврийн хэрэгсэлд гэмтэл учраагүй нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Мөнгөнтулгын мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч өөрөө байхад дахин иргэний нэхэмжлэгчээр тогтоож бодит байдал нийцээгүй шийдвэр гаргаж болохгүй. Бодит байдал амьдралтай нийцэж байх ёстой. Өөрийнх нь машинд гэмтэл учраагүй байхад учирсан мэтээр ярьж иргэний нэхэмжлэгчээр тогтоолгоно гэж яриад байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                    Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ДНХ-н дараалал тогтооно гэж авсан ажиллагаанууд бүгд алдаатай, зөрүүтэй байгаа нь миний алдаа биш мөрдөн шалгах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих ёстой прокурорын үүрэг. Үүргээ биелүүлээгүй прокурорын алдаа гэж харж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Б.*******ыг  “2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас зүүн хойд зүгт 60 км байрлах ******* 1-р багийн төвөөс ертөнцийн зүгээр хойд талд 10 км-т байрлах ******* тойром нэртэй газар хээрийн шороон замаар ******* УНЛ улсын дугаартай колут /мицүбиши/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтыг зөрчиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Дамчаа овогтой Батбаярыг дайрч амь насыг нь хохироосон”  гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар ...зам тээврийн осол гарах үед яллагдагч Б.*******гийн унаж явсан колут /мицүбиши/ маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр эзэмшигчээр нь Б.******* бүртгэгджээ. /Хавтас хэргийн 204 дэх тал/

          Иймээс зам тээврийн осолд өртсөн колут /мицүбиши/ маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох, гомдол санал, нэхэмжлэх зүйл байгаа эсэхийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.*******ас тодруулах ажиллагаа хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж, өмгөөлөгч Б.Энхбатын “хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоол, мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.08.15-ны өдрийн №3453 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуулиар тогтоосон журам зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж байгаа тул нотлох баримтаас хасуулах” тухай хүсэлтэд дүгнэлт хийгээгүй болно гэжээ.  

          Яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор В.Төгсбаяр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд хандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүх ажиллагаа хийгдсэн байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна. Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэж хангаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэж заасан тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх шаардлагагүй шүүхийн шатанд шүүх иргэний нэхэмжлэгчийг тогтоож, эрх үүргийг нь тайлбарлан улмаар шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангаснаар шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг тодруулж улмаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байна.

             Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаас хасах тухай агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан тул давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

     Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/117 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурор В.Төгсбаярын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

3. Яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                Л.УГТАХБАЯР