2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02545

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26

191/ШШ2025/02545

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. өөрийн байр хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболор,

Хариуцагч М.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч М.*******од холбогдуулж Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ариунболор шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр М.*******той БА22/08 дугаартай Баянхонгор аймгийн ******* суманд байрлах барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөг, шугам бохир, шал цутгах, гадна фасад, хашаа тохижилт, дотор сан нойлын өрөө тохижуулах, дээврийн ажил, цахилгаан монтаж, дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу эхний ээлжийн ажлын хөлсийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 19,536,500 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэрээнд заасан 2 сарын хугацааг хэтрүүлж, ажлаа хаяж явсан. барилгын ажлыг манай компани өөрөө болон бусдаар хийж гүйцэтгүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 204.1, 204,2, 232.6, 343.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг нийт 29,304,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Барилгын суурь цутгалт тэгш биш хийгдсэн бөгөөд бүтэн жилийн хугацаа өнгөрсөн тул ашиглах боломжгүй бүгдийг шинээр хийлгэсэн гэв.

2.Хариуцагч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-тай Баянхонгор аймгийн ******* сумын барилгыг захиалан бариулахаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын хөлсөнд 65,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Миний бие гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасан суурь цутгалт, тоосгон хана өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3.3.2 дахь хэсэгт заасан шугам, бохир шал цутгах ажлыг хийсэн. Гэрээний 3.3.1 дэх ажил 15,000,000 төгрөгөөр, гэрээний 3.3.2 дахь ажил буюу Бохир шугам, шал цутгах ажлыг 3,000,000 төгрөгөөр, гэрээний 3.3.5 дахь хэсэгт заасан дээврийн ажил 5,000,000 төгрөгөөр, гэрээний 3.3.4 дэх ажил дотор сангийн ажил, нойлын тохижуулалтын ажил ороод 4,000,000 төгрөгөөр тохиролцсон. Дээрх ажлуудаас гэрээний 3.3.4 дэх хэсэгт заасан ажлаас дотор сангийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн, харин нойлын тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд нийт 25,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Захиалагч тал болох ******* ******* ХХК нь уг нэхэмжлэлд дурдагдаагүй ажлын хөлсийг надад өгөөгүйгээс болж маргаан эхэлсэн. Мөн ажлыг хурдан хугацаанд гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх гэхээр бараа материалаа авч өгдөггүй, цаг хугацааг хойш нь татдаг зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ажил гүйцэтгэх гэрээ цааш үргэлжлээгүй гэрээ цуцлагдсан юм. Миний бие нь гэрээний 3.3.1 дэх хэсэг заасан ажлыг 100 хувь, 3.3.2-т заасан ажлыг 100 хувь, 3.3.4 дэх ажлыг 50 хувь, 3.3.5 дахь ажлыг 97 хувь хийж гүйцэтгэсэн ба цаашид ажиллах нөхцөлөөр хангаагүй. Би анх удаа барилгын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд мэргэжлийн 8 хүмүүсийг хөлсөлж авч явж цалинжуулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгээс нотлох баримтаар Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээнүүд, дансны хуулга зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар гэрэл зургууд, хаягаар харилцсан чат, гэрэл зургууд, хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр түүний Samsung A52 маркийн гар утсанд авагдсан гэрэл зургуудад, ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******ийн фэйсбүүк мессенжерээс М.*******ын хаягаар харилцсан чатад үзлэг хийх ажиллагааг шүүх явуулж нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч М.*******од холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, алданги 9,768,250 төгрөг, нийт 29,304,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж хүлээлгэн өгөөгүй, боломжит хугацаа олгосон боловч Барилгын суурь цутгалт тэгш биш хийгдсэн бөгөөд бүтэн жилийн хугацаа өнгөрсөн тул ашиглах боломжгүй бүгдийг шинээр хийлгэсэн. Иймд шилжүүлсэн төлбөр, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч М.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээний 97 хувийг хийж гүйцэтгэсэн. Актаар хүлээлгэж өгөөгүй боловч чатаар хийсэн ажлын зургаа явуулж байсан. Бараа материалаар хангаагүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянхонгор аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээнүүд, дансны хуулга, гэрэл зургууд, хаягаар харилцсан чат, гэрэл зургууд, М.*******ын Samsung A52 маркийн гар утсанд авагдсан гэрэл зургуудад, М.*******ын хаягаар харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Талууд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БА22/08 дугаартай Баянхонгор аймгийн ******* суманд байрлах барилгын суурь цутгалт, тоосго хана өрлөг, шугам бохир, шал цутгах, гадна фасад, хашаа тохижилт, дотор сан нойлын өрөө тохижуулах, дээврийн ажил, цахилгаан монтаж, дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ******* сумын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний нийт төлбөр 65,000,000 төгрөг, гэрээний хугацаа 60 хоног, Барилгын ажлын графикийн дагуу ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Ажлын гүйцэтгэлийг ажилбар тус бүрээр олгох бөгөөд суурь цутгалт, тоосго, хана, өрлөгийн ажлыг гүйцэтгэснээр 15,000,000 төгрөг, Шугам бохир, шал цутгалт ажлыг гүйцэтгэснээр 3,000,000 төгрөг, Гадна фасад, хашаа, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэснээр 13,000,000 төгрөг, дотор сан нойлын өрөөг тохижуулахад 4,000,000 төгрөг, дээврийн ажлыг хийж гүйцэтгэснээр 5,000,000 төгрөг, Гадна фасад, хашаа, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэснээр 5,000,000 төгрөг, цахилгаан монтажийн ажлыг хийж гүйцэтгэснээр 4,000,000 төгрөг, дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэснээр 7,000,000 төгрөг, бүх ажлыг хүлээн аваад дуусгаснаар акт үйлдсэний дараа 9,000,000 төгрөгийг олгоно гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ. /хавтаст хэргийн 3-6 тал/

8.Захиалагч ******* ******* ХХК гүйцэтгэгч М.*******од тус ажил гүйцэтгэх гэрээний 3.3-д зааснаар төлбөрт 19,536,500 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухайд талууд маргаагүй.

9.Харин захиалагч ******* ******* ХХК нь гүйцэтгэгч М.******* ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, боломжит хугацаа олгосон боловч доголдлыг арилгаагүй. Барилгын суурь цутгалт тэгш биш хийгдсэн бөгөөд бүтэн жилийн хугацаа өнгөрсөн тул ашиглах боломжгүйгээс бүгдийг шинээр хийлгэсэн тул төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 9,768,250 төгрөг нийт 29,304,750 төгрөг шаардаж мэтгэлцэж байна.

10.Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан.

11.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гүйцэтгэгч П. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ГД23-05/29 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн ******* суманд байрлах барилгын дээврийн ажлыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс нэг сарын хугацаатай, гэрээний нийт төлбөр 4,500,000 төгрөг гэж харилцан тохиролцож, Гүйцэтгэгч Э. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БА23/06-26 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн ******* суманд байрлах барилгын тоосго, хана, өрлөг, шал талбай цутгах, гадна фасад хашаа тохижилт бусад бүх ажлыг хийж гүйцэтгэхээр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 4 сарын хугацаатай, гэрээний нийт төлбөр 57,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гүйцэтгэгч Н.Энхтүвшинтэй 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ГД23-09/13 дугаар дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн ******* суманд байрлах барилгын сангийн ажлыг хийж гүйцэтгэх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 сарын хугацаатай, гэрээний нийт төлбөр 3,000,000 төгрөг гэж харилцан тохиролцож гэрээ байгуулж, ажлын хөлс шилжүүлсэн болох нь депозит дансны хуулга /2-р хавтаст хэргийн 11-22, 22-52 тал/-аар тогтоогдож байна.

12.Хариуцагч М.******* нь Ажил гүйцэтгэх гэрээний 97 хувийг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч 2022.10.25-ны өдрийн 3:50 РМ гэсэн огноотой, 2022.09.09-ний өдрийн 7:47 РМ гэсэн огноотой фото зураг дугаар хавтаст хэргийн 131 дүгээр талд авагдсан 1,4 дүгээр фото зурагтай тохирч, харин фото зураг 2,3 хэрэгт хамааралгүй байх ба уг барилгын цонхнууд огт хийгдээгүй болох нь хариуцагчийн өөрийнх нь болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож, тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр Ажил гүйцэтгэх гэрээний 97 хувийг хийж гүйцэтгэсэн болох нь няцаагдаж байх ба энэ талаарх хангалттай баримтыг хариуцагч ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

13.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

14.Гүйцэтгэгч М.******* нь өөрөө барилгын чиглэлийн мэргэжил, мэргэшилгүй, нарийн мэргэжлийн бус хүмүүс өөрсдийн ажлын туршлага дээр тулгуурлан, барилгын мэргэжлийн хүний санал, зөвлөмжгүйгээр Баянхонгор аймгийн ******* суманд байрлах барилгын ажлыг хийснээр барилгын суурь цутгалт тэгш биш доголдолтой хийгдэж, улмаар боломжит хугацаа олгосон боловч доголдлыг арилгаагүй, бүтэн жилийн хугацаа өнгөрсөн тул ашиглах боломжгүй бүгдийг шинээр хийлгэх нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.

15.Иймд хариуцагч М.*******оос нэхэмжлэгчийн төлбөрт шилжүүлсэн 19,536,500 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 9,768,250 төгрөг нийт 29,304,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэстэй.

16.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,950 төгрөгийг Улсын орогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамж 304,474 төгрөг, Улсын орлогоос илүү төлөгдсөн 139,476 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******оос 29,304,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамж 304,474 төгрөг, Улсын орлогоос 139,476 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ