| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/09225/И |
| Дугаар | 191/ШШ2025/02773 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02773
| 191/ШШ2025/02773 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. хороо, .. тоот хаягт оршин суугч ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урамшуулалд олгосон 30,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан Урамшуулалд олгосон 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Ц.*******тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хоол болон нарийн боов үйлдвэрлэлийн хэлтэст ахлах тогоочоор ажиллахаар гэрээ байгуулсан. Улмаар Ц.******* нь 2017 оноос хойших хугацаанд 2020, 2022 онуудад Хөдөлмөрийн гэрээ байгуулж ирсэн бөгөөд тохирох цалин урамшууллыг олгосоор ирсэн. Манай компани нь Ц.*******тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОНБХГ-2201 дугаар Хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээгээр Ц.******* нь 3 жил тогтвортой ажиллах, ******* ******* ХХК нь нэг жилийн 10,000,000 төгрөгийн урамшуулал өгөхөөр харилцан тохиролцсон. Ц.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2017 оноос ******* ******* ХХК-д ерөнхий тогоочоор ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ОНБХГ-2201 гэрээний дагуу 3 жил тогтвор суурьшилтай ажиллаж гүйцэтгэлээ бүтэн жилээр үнэлүүлэхээр болж, нийт 3 жилд тогтвортой гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг урьдчилан авах хүсэлтэй байгаа тул урьдчилан олгож өгөх, цаашид гэрээний үүргийг ухамсарлан ажиллахаа амлаж байна хэмээн тус өргөдлийг гаргасан. Манай компанийн зүгээс Ц.Гантулгын өргөдлийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк тоот дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд Ц.******* нь гэрээгээр хүлээсэн 3 жил тогтвортой ажиллана гэдэг үүргээ биелүүлээгүй юм. Ц.******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/119 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн нэмэлт гэрээний 4.1.12-т Харьяа нэгжийн үйл ажиллагааны тайланг сар бүр гүйцэтгэх захиралд танилцуулах, Хувьцаа эзэмшигчдийн хуралд улирал бүр гүйцэтгэх захирлаар дамжин танилцуулах мөн 6.1-т Талууд энэхүү гэрээг ажлын үзүүлэлтээр жил бүр дүгнэнэ гэж заасан бөгөөд гэрээг дүгнэхдээ 8 үзүүлэлтээр дүгнэнэ гэж харилцан тохиролцсон. Ерөнхий тогооч нь энэхүү гэрээний 6.1-т заасан үзүүлэлтийн дагуу ажлын тайланг гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулах ба хувьцаа эзэмшигчдийн хуралд гэрээг дүгнэх тогтоосон хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүргүүлсэн байхыг тус гэрээгээр хүлээсэн боловч Ц.******* нь үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.6-д Ерөнхий тогоочийн гаргасан гэрээ дүгнэхээс өмнө урамшуулал цалинг урьдчилан авах хүсэлтийн дагуу урамшуулал цалин олгосон тохиолдолд хугацаанд гэрээг дүгнэх ба гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Иймд Ц.*******ас урамшуулалд олгосон 30,000,000 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* бэйкери компанид 2017 оноос эхлэн Хоол үйлдвэрлэлийн харьяа нэгжид ээлжийн ахлах тогоочоос ерөнхий тогооч хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд Гал тогооны хэвийн үйл ажиллагааг хангаж өдөр тутмын хоолны захиалга, бараа материалын захиалга, бэлтгэл, Ажиллах хүчний хуваарилалт зэрэг дээр тогтвортой жигд ханган ажиллаж байсан. Хоолны газрын цэсний онцлог, Үйлчлүүлэгчийн хэрэгцээ судлан Хоолны цэсийг сар, улирал, жилээр шинэчлэх, шинэчилсэн цэсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн карт зарцуулалтыг Санхүү албаар хянуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа Гал тогоонд Хүний нөөцийн дутагдалтай үед орлон ажиллах, төлөвлөсөн хуваарьт цагаас уртасгасан цагаар ажиллах, Ажлын ачаалал бүрд өөрийн биеэр ажиллаж ирсэн. Гал тогоонд өдөр тутмын ажил доголдол үүсгэхгүйн тулд бэлтгэл тогооч, грилл тогоочийн ажил хийж гал тогоонд ажиллаж ирсэн. Хоол үйлдвэрлэлийн салбарын онцлогоос хамаарч тухайн жилийн 12, 3, 6,7, 8 саруудын үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж ачаалалтай байх саруудад урьдчилан барааны нөөц хангах, ажиллах хүч дутагдалтай орлон ажиллаж борлуулалтын төлөвлөгөө хангах, үйлчилгээний чанар, нэр хүндийг алдагдуулахгүй байх тал дээр анхаарч гүйцэтгэлийг хангаж ажиллаж байсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогчийн зүгээс 2022 онд намайг гэрээний гүйцэтгэлийг хийсэн гэж үзэж олгосон урамшуулалдаа нийгмийн даатгалын шимтгэл тооцон авсан байдаг. Үүний дараа 2023 онд миний бие ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан ба ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шаардлага надад хэлээгүй би жилийн сарын 7 хоногийн борлуулалтын орлогыг тогтмол өсгөж ирсэн. Иймээс тухайн төлбөрийг надаас нэхэх үндэслэлгүй. Учир нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн нэмэлт гэрээний зорилго нь гэрээний 1.2 дах хэсэгт заасан ерөнхий тогоочийн ажлын эцсийн зорилго нь өөрийн хариуцсан ажил үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх тогтвортой жигд компанийн хоол үйлдвэрлэлийн буюу гал тогооны нэгжийг үр дүнтэй зохион байгуулан удирдаж компанийг бизнесийн амжилтад хүргэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Мөн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгавар төлөвлөгөө зорилтыг бүрэн чанартай биелүүлж компанийн хөгжил ашигт ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулахад оршино гэжээ. Миний бие тус байгууллагад хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулснаас хойш дээрх үүргийг хэрэгжүүлэн ажилласаар 2 жил 3 сарыг өнгөрөөсөн ба гүйцэтгэх захирлын хувийн үзлээр ажлын байран дээрээ ажиллах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Учир нь 2023 оны 07 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна гүйцэтгэх захирал чамтай хамтарч ажиллахгүй гэх зүйлийг хэлсэн яагаад вэ гэхэд надад хариу хэлээгүй. Би гайхаад тэгвэл намайг яагаад халагдаж байгаа тушаалыг гаргаад өгнө үү гэхэд тийм тушаал гаргаж өгөөгүй. Би ойлгохдоо хөдөлмөрийн нэмэлт гэрээ хийгдсэн учраас намайг халах тушаал гаргахгүй явж байгаа юм байна гэж дүгнэсэн. Тус гэрээний 3.2 дах хэсэгт Хавсралт 1-т заасан түлхүүр үзүүлэлтийн биелэлтийн хувь 80 хувьд хүрсэн тохиолдолд ерөнхий тогоочид урамшуулал олгоно гэж заасан. Миний ажиллаж байх бүх цаг үед борлуулалтын орлого 80 хувиас дээш байсан бөгөөд зарим тохиолдолд 100 хувиас илүү гарч байсан тохиолдол ч байдаг болно. Гэрээний 6.2 дах хэсэгт ажлын тайланг гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулах үүрэгтэй гэж заасан хэдий ч энэхүү гэрээг байгуулснаас хойш 7 хоног бүр сар бүр хуралдаж хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ болон борлуулалтын өсөлтийн хувь хэмжээтэй гүйцэтгэх удирдлага тухай бүр хурлаар танилцаж байсан бөгөөд ямар нэгэн нэмэлт шаардлага гаргаж байгаагүй тайлан гаргаж өгөх шаардлага надад гаргаж байгаагүй. Миний хийж гүйцэтгэсэн ажлыг тухай бүр үнэлж дүгнэх нь хэрвээ болохгүй байсан бол шаардлага гаргах нь ажил олгогчийн үүрэг байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд нэг ч удаа ийм шаардлага гаргаж байгаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго биелж компани ашигтай ажилласан бөгөөд ажил олгогч гэрээний хугацаагаа өөрсдөө зөрчиж намайг ажлаас халсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөдөлмөрийн гэрээнүүд, Нууцлалын гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, Ц.Гантулгын өргөдөл, Мөнгөн шилжүүлгийн баримт, Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 тоот, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/035 тоот, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/119 тоот тушаалуудын /хуулбар/, Ажилд орохыг хүсэгчийн өргөдөл зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар итгэмжлэл, хариу тайлбар шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан урамшуулалд олгосон 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажилтан Ц.******* нь үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.6-д зааснаар Ерөнхий тогоочийн гаргасан гэрээ дүгнэхээс өмнө урамшуулал цалинг урьдчилан авах хүсэлтийн дагуу урамшуулал цалин олгосон тохиолдолд хугацаанд гэрээг дүгнэх ба гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул урамшуулалд олгосон 30,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний 6.2 дахь хэсэгт ажлын тайланг гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулах үүрэгтэй гэж заасан хэдий ч энэхүү гэрээг байгуулснаас хойш 7 хоног бүр, сар бүр хуралдаж, хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ болон борлуулалтын өсөлтийн хувь хэмжээтэй гүйцэтгэх удирдлага нь тухай бүр хурлаар танилцаж байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Нууцлалын гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, Ц.Гантулгын өргөдөл, Мөнгөн шилжүүлгийн баримт, Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 тоот, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/035 тоот, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/119 тоот тушаалуудын хуулбар, Ажилд орохыг хүсэгчийн өргөдөл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Ажил олгогч ******* ******* ХХК нь ажилтан Ц.*******тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хоол болон нарийн боов үйлдвэрлэлийн хэлтэст ахлах тогооч, ерөнхий тогоочоор томилон ажиллуулж байгаад 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар Ц.Гантулгыг ажлаас чөлөөлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй.
8.Ажилтан Ц.*******тай ажил олгогч ******* ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОНБХГ-2201 дугаар Хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулж, Ц.******* нь 3 жил тогтвортой ажиллах, ******* ******* ХХК нь жилийн 10,000,000 төгрөгийн урамшуулал өгөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 29-33 тал/
9.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар Тус компанийн ерөнхий тогооч албан тушаалтай Ц.******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт буюу удирдах албан тушаалтан болон шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж үзэж Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай гэж шийдвэрлэсэн байх ба хариуцагч энэ тухайд маргаж гомдол гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа дуусчээ.
10.Талууд хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОНБХГ-2201 дугаар Хөдөлмөрийн нэмэлт гэрээнд зааснаар 3 жилд тогтвортой гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал 30,000,000 төгрөгийг урьдчилан авах өргөдлийг ажилтан Ц.******* гаргасныг ажил олгогч хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлсэн болох нь ажилтан Ц.Гантулгын өргөдөл, Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
11.Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заажээ.
12.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОНБХГ-2201 дугаар Хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулж, ажилтан Ц.Гантулгын хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 3 жилийн урамшуулалд олгосон 30,000,000 төгрөгийг буцаан авахаар шаардаж маргаан үүссэн байна.
13.Ажил олгогч нь ажилтан Ц.*******тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ОНБХГ-2201 дугаар Хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр 3 жил тогтвортой ажиллах гэж гол нөхцөлийг тохирсон байжээ.
14.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.******* тус гэрээний 6.2-т Ерөнхий тогооч нь гэрээний 6.1-т заасан үзүүлэлтийн дагуу ажлын тайланг гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулах ба Хувьцаа эзэмшигчийн хуралд гэрээг дүгнэх тогтоосон хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүргүүлсэн байна гэх гэрээний заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
15.Ажилтан Ц.******* нь Хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр 3 жил тогтвортой ажиллах гэж тохиролцсон хугацаанаас 2 жил 3 сар ажиллаж, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул хариуцагч Ц.*******ас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд ажиллаагүй гэж үзэж урамшуулалд авсан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй.
16.Иймд хариуцагч Ц.*******ас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ