Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00065

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлагч зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б холбогдох  163/2018/0063/э индекстэй, эрүүгийн 1815000820061 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ял шийтгэлгүй, Т овгийн З.Б

Холбогдсон хэргийн талаар:

З.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Овоот”-ын ар гэх  газарт иргэн Б.Санжаадоржийн туслах малчин байх үедээ хамт мал малладаг хохирогч Б.Б усанд явах асуудлаас болж хоорондоо маргалдаж хохирогч Б.Б зүүн далан тус газарт хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1815000820061 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.Б өгсөн: Би Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Б овогтой С гэх хүний малыг маллаад 3 жил болж байна. 2016 оны хавар С нь Б гэх залууг туслах малчнаар авчирч бид хоёр хамтдаа 2 сар шахуу хамт энэ айлын малыг маллаж байсан. Тэр үед Б бид 2 бага сага зүйлээс болж маргалдаад миний толгойг чулуугаар 3 удаа цохиж гэмтэл учруулж байсан. Тэр үед ямар нэгэн цагдаа дуудаагүй хоорондоо зохицоод өнгөрч байсан. Гэтэл энэ залууг мөн 2018 оны 02 дугаар сарын 27-ны үед дахин туслах малчнаар авчирсан. Ингээд би адуунд нь явж, Б хонинд яваад тус тусын ажлаа хийж байсан. С 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хот яваад мал дээр Б бид хоёр үлдсэн. 2018 оны 03 дугаар сарын 11-ний орой усанд явах ажлаас болоод хоорондоо, хэрүүл хийсэн. Ингээд би түүнийг нэг удаа алагдаж авсан.  Гэрт буцааж оруулаад “чи ийм ийм дутагдал” гаргаж байна. Чи ажил хийж сур, надад хандан чамд хэлэх ямар нэгэн зүйл байна уу энэ тэр гэж зөндөө юм ярьсан. Гэвч тэрээр доошоо харж суучихаад юу ч ярихгүй байсан. Тэгээд би гаднаас аргал оруулж ирэх гээд гараад явсан чинь Б нь гэрээс гараад явчихсан байсан. Удалгүй буцаж ирээд намайг утсаараа нэг яриулаач гэхээр нь би үгүй гэхэд “ээж намайг үх” гэсэн “би үхлээ” гээд хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэгж болохгүй гээд хутганаас бариад авах гэтэл миний зүүн талын дал руу нэг удаа хутгалсан. Улмаар гэрээс гараад надтай дахин ноцолдсон ба энэ үедээ миний хүзүүний араас үсдэж хазаж дарсан.  Ингээд би айлд очиж цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Б.С өгсөн:..Б, Б хоёрыг танина. Б нь манайд тасралтгүй 3 жил туслах малчин хийж байгаа. Б нь сүүлийн 3 жил хавар болгон нэгээс хоёр сар орчим мал төлүүлж өгөөд явдаг. Бас л туслах малчин юм. 2018 оны 2 дугаар сарын сүүлээр Б нь туслах малчинаар манайд ирээд хэд хоног байсан юм. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 08-нд хот явах ажил гараад Улаанбаатар хот руу явсан. Б, Б 2 муудалцаад Б хутгалсан байсан. Өөр юу болсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч О.З өгсөн:...Б нь миний төрсөн хүү байгаа юм. Би 4 хүүхэдтэй бөгөөд ганц хүү минь юм. Миний хүү нүдний хагалгаанд 5 удаа орсон. Тэр болгондоо нойрсуулах эм тариа хийлгэж байсан болоод ч тэр үү огцом түргэн ууралдаг. Гэхдээ цайлган цагаан сэтгэлтэй, тамхи татдаг. Архи ууж байхыг нь хараагүй. Урьд өмнө нь хэрэг төвөгт орж хэл ам татлаад байдаггүй байсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй мал ахуй маллаад явдаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Б биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдоо. 2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 21 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10 хуудас/,

Эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 22 хуудас/,  

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-34 хуудас/ / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн  нутаг “Овоот”-ын ар гэх газарт иргэн Б.Санжаадоржийн туслах малчин хийж байх үедээ хамт мал малладаг хохирогч Б.Батцэрэнтэй усан явах асуудлаас болж хоорондоо маргалдаж хохирогч Б.Батцэрэнгийн зүүн далан тус газарт хутгалж биед хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Батцэрэн, гэрч Б.Санжаадорж нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 63 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Иймд шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч З.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй болно.   

Шүүгдэгч З.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай ажлын хэсэг нь 15 см, хуванцар бариул хэсэг нь хар шитэй цагаан хуванцар оруулгатай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь энэ хэрэгтээ гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт З. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.     

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Б 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай ажлын хэсэг нь 15 см, хуванцар бариул хэсэг нь хар шитэй цагаан хуванцар оруулгатай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь энэ хэрэгтээ гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүгдэгч З.Б400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт “хог цэвэрлэгээ”-ний ажил хийлгүүлэхыг Булган аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН