Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

А.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/

Шүүгдэгч: А.******* /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Сүхээ /цахимаар/, Г.Мөнгөнцэцэг,

Хохирогч: П.*******,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 S загварын гар утсыг авч дээрэмдэх,

           2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар  байрны гадна байрлуулсан байсан иргэн П.*******ийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,    2023 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг Зи-Фолд-З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                    Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газрын хяналын прокурор В.Төгсбаяр нар нь А.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэж довтолсон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШТЦ/932 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, яллагдагчаар 229 хоног, нийт 231 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Хохирогч Г.*******, Г., П.******* нар нь хулгайд алдсан гар утас болон тээврийн хэрэгслийг буцаан авсан, шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрхэд эд хөрөнгөд учирсан хохиролд 190 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн хэлтэст оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 2 411 710 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон МУ-ын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Дээрэмдүүлсэн гэх хохирогч *******ийн намайг гэж онцолж таньсан явдлыг ойлгохгүй байгаа, учир нь ******* нь анхны мэдүүлэгтээ ...тэр хүмүүсийг огт танихгүй... гэж мэдүүлсэн атлаа, таньж олуулах ажиллагаанд гэнэт яагаад таних болсон гэдэг маш эргэлзээтэй байдаг.

          Мөрдөгч Банзрагч нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр намайг цэрэг татлагын комисст байхад хүрч ирээд, “...пизда минь чи хаагуур яваад байгаа юм бэ, чи ямар хэрэг хийснээ мэдэж байна уу?.,.” гэхэд нь би мэдэхгүй байна, яасан юм болоо гэхэд, ******* дүүргийн цагдаагийн хэсэгт аваачиж өрөөндөө оруулаад сандал дээр суулган бороохой дуугаргаад хөл рүү нэг удаа бороохойдсон, тэнд байсан бүх эрүүгийн мөрдөгчид ийш тийш гарах бүртээ намайг тас тас хийтэл алгадаж, хувцас солих харанхуй өрөөнд оруулаад 1 цаг орчим гавтай байлгасан, Банзрагч мөрдөгч миний чихнээс мушгиад нүүр лүү цохьсон.

          Тухайн үед би ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье гэхэд, эхлээд байцаалтаа өгчих дараа нь болно гэсэн. Тэгээд одоо чи хэргээ ярь гэсэн. Би түүнд яг юу ярих юм бэ, би хэрэг хийгээгүй ш дээ гэхэд “...ганцаараа дээрэмдсэн гэж хэлсэн нь чамд амар бүлэг гэхээр ял хүндэрдэг, за юу ч гэж хэлсэн яах вэ дээ, энд хэргийг чинь хаагаад өгнө...” гэх зэргээр дарамталж, айлган сүрдүүлж, үг зааж өгөөд гэрчийн мэдүүлгийг авсан.

          Би мөрдөгчид ...та намайг зодож цохиж хэрэг хүлээлгэж болох юм уу гэхэд, чи намайг өг өг, харин чи намайг яаж зуухыг хараарай гэж хэлсэн. Энэ талаар би анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ маш сайн хэлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний сонгон авсан өмгөөлөгч Сүхээ энэ талаар янз бүрийн хүсэлт өгч шалгуулан явсан баримтууд ч хэрэгт байдаг. Би...мөрдөгчид зодуулсан, намайг олон цагаар гавласан, харанхуй өрөөнд байлгасан... зэрэг эрүүдэн шүүсэн талаар хэлсээр байтал, зөвхөн хохирогчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлийг үндэслэн надад ял өгсөнд маш ихээр гомдолтой байна. Мөн *******ийн дээрэмдүүлж алдсан гэх гар утсыг Өмнөговь аймгийн ******* суманд таксинд явж байхдаа, Ө.Ганболд гэгч хүүхдээс 2 савтай пивоор сольж авсан, хүмүүс нь ирж авахгүй болохоор арга буюу хотод ээжтэйгээ явж байгаад зар дээр тавиад зарсан талаараа мэдүүлсээр ирсэн.

          Гэтэл үүнийг нэг мөр шалгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүхээс мөрдөгч Банзрагч нь зодож, дарамталж хэргийг хүлээлгэсэн үйлдэл нь хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр намайг буруутгасанд гомдолтой.

          Би өөрийгөө шүүхэд шударгаар шүүлгэж, өөрийн гэм бурууг шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл шүүхээс намайг хийгээгүй хэрэгт ял халдаасанд маш их гомдолтой байгаа бөгөөд, давж заалдах шатны эрхэм шүүх бүрэлдэхүүн шударгаар үнэн зөвийг олж тогтоож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

          Тус шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Хавтаст хэргийг уншиж судлахад, миний үйлчлүүлэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдсон байдаг. Түүний хувьд анхнаасаа дээрх 4- гэмт хэргүүдийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж довтолсон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрдөггүй маргасаар иржээ.

2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэж зодож, түүний ХУАВЭЙ 10 маркийн s загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг гарсан байдаг. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Банзрагч нь А.*******ээс гэрчийн мэдүүлгийг авсан болох нь тогтоогддог. /XX-1 хавтас 34-35 талд/ Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолд: ”...гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй, гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна... гэж заасан хууль ёсны тайлбарыг ноцтойгоор зөрчиж А.*******ийг дарамталж үг зааж өгч өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрсөн гэж үзнэ.

Гэтэл шүүхээс “...мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх суурь зарчим хөндөгдсөн байхад шүүхээс үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ... яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно...гэж хуульд заасан. Мөн үүнийг ноцтойгоор зөрчсөн үйл баримт харагддаг. Анхан шатны шүүхийн тогтоолд А.*******ийн дээрэмдсэн гэх үйлдлийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг. 2022 оны 06 сарын 06-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “... Хохирогч нь тухайн хүнийг би шууд таньж чадна, өмсөж байсан хувцсыг нь хүртэл санаж байна гэснээр зурагнуудыг Г.*******ид харуулахад 5 дугаартай А.*******ийг зургийг зааж байв.

Г.*******ийг дахин өрөөнөөс гаргаж зургуудын байршлыг сольж 7 дугаарт А.*******ийн зургийг байршуулан дахин заалгахад энэ хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна гээд шууд зааснаар нөхцөл байдал тогтоогдож байна...” гэжээ. /1-р хавтас 44-47 талд/ Хохирогч Г.*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...намайг дээрэмдсэн хүмүүсийг би танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, би өмнө нь дээрэмдүүлж байсан удаагүй . ” гэжээ. /1-р хавтас 9-10 талд/

Дээрх хоёр мэдүүлгийг харьцуулан судалж үзвэл хохирогч Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэгт дээрэмдсэн хүмүүсийг огт танихгүй гэсэн атлаа, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн таньж олуулах ажиллагаагаар А.******* дээрэмдсэн гэдгийг юугаар? яаж? нотолсон болох нь ойлгомжгүй эргэлзээтэй байхад шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

2. Хэргийн хүрээнд эд мөрийн баримтаар 2 ширхэг CD бичлэг хураагдсан байдаг. Үүнийг өмгөөлөгч миний бие сонсож үзсэн. Дээрх CD бичлэгт А.*******, Ганболд гэгч хүүхэдтэй дээрмийн хэрэгт алга болсон гэх утасны талаар харилцан ярилцаж байдаг. Мөрдөгч CD бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон атлаа, тухайн харилцан ярилцсан гэх Ганболдоос тухайн үйл явдлын талаар мэдүүлэг аваагүй. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй CD бичлэг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож авчхаад, тэрхүү CD бичлэгээр юуг яаж нотолсон талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

3. 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Л.Өсөхжаргалын өгсөн мэдүүлэгт “...энэ залуу 2021 оны 10 дугаар сарын дундуур байх манайд орж ирээд дунд хүүхэд Ганболдын барьж байсан гар утсыг авчихаад, чи Улаанбаатар хотод гурван хүүхэд зодчихоод энэ гар утсыг дээрэмдэж авсан байна гэж хэлээд утсыг нь өгөөгүй аваад явчихсан..., би хүү Ганболдод 2020 оны 02 дугаар сарын 10-дын хавьд Улаанбаатар хотод байдаг таньдаг хүнээс 4*******.000 төгрөгөөр худалдаж авсан нэрийг нь Тамираа гэдэг юм. Энэ хүн Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг. Манай том хүү Мягмарсүрэнтэй хамт хувь хүний барилгын компанид ажилладаг юм. Гар утасны загварыг нь санахгүй байна, мэдрэмжтэй том гар утас байсан... гэжээ. / 1-р хавтас 146-147 талд/

 Гэрч Л.Өсөхжаргал нь А.*******ийн CD бичлэгт ярилцаж байгаа хүүхэд Ө.Ганболдын эх юм.

Үүнээс үзэхэд эдгээр хүмүүсийн дунд ямар нэгэн гар утасны маргаан өрнөж байгаа нь харагдана. Энэхүү утас нь хохирогч Г.*******ийн гар утас мөн юм. Гэтэл мөрдөгч, прокурор дээрх гар утасны талаар Ө.Ганболдоос мэдүүлэг аваагүй орхигдуулсан байдаг.

Иймд А.*******д холбогдох эрүүгийн 2206003222857 дугаартай хэрэгт нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй орхигдуулсан, нотлох баримтыг хөдөлбөргүй хангалттай бэхжүүлж цуглуулаагүй, яллагдагчид эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан, хэрэг ээдрээ түвэгтэй зэрэг үндэслэлүүд бүрэн дүүрэн тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэрэг Улаанбаатар хотод Нийслэлийн *******ийн цагдаагийн хэлтэст шалгагдаад шүүхийн харьяаллаараа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шийдэгдсэн. Би томилолтоор оролцсон. Хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

          Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн прокурор Эрдэнэбаяр гэдэг хүнд мөрдөгч намайг хүчээр хэрэг хүлээлгэсэн, зодсон, олон цагаар гавтай байлгасан зэрэг эрүүдэн шүүсэн талаар хэлсээр байтал зөвхөн хохирогчийг танилцуулах ажиллагаа явуулсанд гомдолтой байна. *******ийг зодож, дээрэмдэж авсан гэх гар утсыг би Өмнөговь аймгийн ******* суманд таксинд явж байхдаа У.Ганболд гэх хохирогчоос 2 сав пивоны барьцаанд авсан. Маргааш нь ирж авна гэсэн боловч ирж авахгүй 1 сар гаран болсон. Мөн өгсөн дугаар нь холбогдохгүй байсан. Аргаа бараад ээжтэйгээ хамт явж байхдаа зар дээр тавиад зарсан. У.Ганболд гэдэг хүүхдийг би танихгүй. Цагдаагийн газар очоод тухайн утсыг дээрмийн утас гэдгийг мэдээд Өмнөговь аймгийн ******* суманд ирж У.Ганболдыг хайж олоод асуутал хотод манай ах нар дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгвэл маргааш хамт хот явж цагдаад хэл намайг дээрэмдсэн гээд гүтгээд байна гэхэд за гэж хэлээд маргааш нь утсаа салгаад алга болсон. Би дахиад хайсаар байгаад орой нь олсоод хотын мөрдөгч рүү залгасан. Тэгээд утас барьцаанд тавьсан хүүхдээ оллоо гэхэд аваад ир гэсэн. Тэгтэл У.Ганболдын ээж нь цагдаагаа дагуулж ирээд аваад яв гэж хэлсэн. Тэгээд мөрдөгч рүүгээ дахиад залгаад хэлтэл за байж бай гээд салгасан. Би У.Ганболдыг олж өгсөөр байхад энэ хэргийг сайн шалгаж тогтоогоогүй. Хэрэг тодорхой байхад хүчээр хэрэг хүлээлгэсэн. Анхан шатны шүүхээс Банзрагчийн зодож хэрэг хүлээлгэсэн үйлдэл дээр ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн хавтас хэрэгт У.Ганболд бид 2-ын ярьсан яриа СD дээр байгаа. Энэ хэрэг нь бүлэглэж хийсэн байсан. Бусад хүмүүсийг нь олчихвол намайг хийгээгүй гэдэг нь тодорхой болох байх. Хэт нэг талыг барьж намайг үндэслэлгүйгээр буруутгасанд гомдолтой байна. Тэгээд Эрдэнэбаяр прокурор намайг 461-д байхад Ганболд гэдэг хүүхдийг шалгуулж, байцаалтыг нь өгүүлж байгаа гэж хэлж байсан. Ганболдоос ямар ч мэдүүлэг аваагүй орхигдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хийгээгүй хэрэгт ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Давж заалдах шатны эрхэм шүүх бүрэлдэхүүн хэргийг үнэн зөвийг олж тогтоож өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан хохирогч *******ийн мэдүүлэгт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шөнө Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* комплексын өмнө 4-5 бүлэг залуучуудад зодуулаад утсаа дээрэмдүүлсэн гэдэг. Тэгээд гомдол гаргаад тухайн өдрийнхөө шөнө 2 цагийн үед анхныхаа мэдүүлгээ өгсөн байдаг. Хохирогч мэдүүлэгтээ тухайн залуучуудыг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, өмнө нь хүнд дээрэмдүүлж байгаагүй гэдэг. Хохирогч 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө 86845*******43820916 гэсэн и мэйл кодтой утсаа олсон. Гомдол санал байхгүй гэх мэдүүлгийг өгсөн. Мөн хэргийн хүрээнд 6 сарын дараа таньж олуулах ажиллагаа явагдахад хохирогч би тэр хүнийг маш сайн танина гэх мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл хохирогч 2 удаа хохирогчийн мэдүүлэг, нэг удаа таньж олуулах ажиллагаа өгсөн. Үүнд ямар эргэлзээ гарч байна вэ гэхээр хавтаст хэргийн хүрээнд би сая дээрэмдүүлчихлээ гэж мэдүүлэг өгөхдөө огт танихгүй гэсэн атлаа 6 сарын дараа яагаад А.*******ийг таньж олоод байв гэдэг нь маш эргэлзээтэй асуудал.

          Хоёрдугаарт хохирогчийн анхны мэдүүлэгтэй энэ утсыг 2021 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард улсад явж байхдаа худалдаж авсан гэдэг. Энэ мэдүүлгээс юу харагддаг вэ гэхээр хэргийн хүрээнд хохирогчид ямар өнгө зүстэй, ямар сав боодолтой, ямар и мэйл кодтой утас алдагдсан талаар нотлох баримт байдаггүй. Мөрдөгч тэр баримтыг аваагүй атлаа хохирогчийн 2 дахь мэдүүлгээр би утсаа авлаа гэдэг. Утсыг хүлээлгэж өгсөн баримт хэргийн хүрээнд байдаггүй. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр А.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ 2021 оны 10, 11 дүгээр сарын үед Өмнөговь аймгийн ******* суманд таксинд явж байхад нь Ганболд гэдэг хүүхэд машинд нь суусан харагддаг. Хавтаст хэргийн 146-147 дугаар тал дээр Ганболдын ээж Өсөхжаргалын мэдүүлэгт А.******* гэдэг хүүхэд 2021 оны 10 дугаар сард цагдаа хувцастай манай гэрт орж ирээд миний хүү Ганболдын гар утсыг аваад явсан. Тэгээд эргүүлж өгөөгүй гэж ярьдаг. Гэтэл өгөөгүй гээд маргааны зүйл болоод байгаа гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээрэмдүүлсэн хохирогч ******* миний утас мөн байна гээд аваад явсан байдаг. Энэ нь хэрэгт маш чухал ач холбогдолтой. А.******* эх сурвалжаа хэлээд Ганболд гэдэг хүүхдийг шалгаад өгөөч энэ утсыг Ганболдоос авсан гээд байхад мөрдөгч Ганболдыг гэрчээр огт асуугаагүй. Гэтэл хохирогчийн мэдүүлэг дээр 4-5 хүн дээрэмдүүлсэн гэж байдаг. Дээрэмдсэн 4-5 хүний нэг нь А.******* юм бол бусад нь ял завшаад үлчихлээ. Бусдыг нь яагаад олохгүй байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Мөн хавтаст хэргийн хүрээнд 2 Си Ди бичлэг байдаг. Түүн дээр А.*******, Ганболд 2-ын хооронд харилцан ярилцсан яриа байсан. Энэхүү Си Ди-г нотлох баримтаар аваад өгөөч гээд гээд Л.Сүхээ өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч Нийслэлийн прокурорын газраас д мөрийн баримтаар тооцох боломжгүй байна гэсэн. Яагаад гэхээр хэн нь ч мэдэгдэхгүй 2 хүний харилцан яриа нь өөрөө нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзсэн байгаа. Тэгэхээр энэ хэргийн хүрээнд нотолбол зохих ажиллагаа огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 10,11 сард А.*******, Ганболд 2-ын хооронд маргаан болоод байгаа утас яагаад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дээрмийн хэрэг буюу тухайн маргаанаас 2,3 сарын дараах үйл баримт буюу хохирогч *******ийн утас болоод хувирчхав. Цаг хугацааны хувьд эргэлзээтэй байгаа. Хохирогч ******* энэ Huwai утас миний утас байна гэдэг байдлаар авчихсан нь өөрөө энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, мөн нотлогдож чадаагүй байна гэж үзэж байгаа.

          А.*******ийг мөрдөгч Банзрагч гэдэг хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дарамталсан, эрүүдэн шүүсэн, үг зааж мэдүүлэг авсан гэдэг байдлаар явагддаг. Гэтэл хавтаст хэргийн 34-35 дугаар талд А.*******ийн гэрчийн мэдүүлэг байдаг. Тухайн гэрчийн мэдүүлгийг мөрдөгч дарамтлаагүй авсан гэж бодъё. Гэтэл энэ мэдүүлэгт тухайн хэргийг би Бүрэнжаргал гэдэг хүнтэй хамтарч хийсэн гэж мэдүүлсэн байхад Бүрэнжаргал гэдэг хүнийг яагаад шалгаагүй, ажиллагаа хийгээгүй вэ. Мөн мэдүүлэгт кокобана гэдэг шөнийн цэнгээний газар бид нар орсон гэдэг үйлдлийг ярьдаг. Тухайн газрын камерын бичлэгээр тэнд орж уу, үгүй юу гэдгийг нотлох ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй. Мөн таньж олуулах ажиллагаа А.*******ээс гэрчийн мэдүүлэг авснаас сарын дараа болдог. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан даруйд огт танихгүй байсан хохирогч 6 сарын дараа гэнэт 7, 8 зурган дундаас шууд А.*******ийг мөн байна гэж юуг нотолж таниад байгаа юм. А.*******ийг таниад байгаа бол 4-5 хүнд дээрэмдүүлсэн байхад бусад хүмүүсийг нь яагаад шалгаагүй вэ. Энэ олон эргэлзээтэй асуудлууд байгаад байхад үүнийг нэг бүр хөдөлбөргүй хаанаас нь ч, хэн ч харсан яалт ч үгүй А.******* дээрэмдсэн байна гэдэг нотлох баримт хэргийн хүрээнд огт байхгүй. Дээрэмдүүлсэн гэх хэрэг дээр хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг, 1 удаагийн таньж олуулах ажиллагаа, А.*******ээс нэг удаа гэрчийн мэдүүлэг аваад энэ 4 ажиллагааны хүрээнд миний үйлчлүүлэгч А.*******ийг дээрмийн хэргийг хүч хэрэглэж дээрэмдчихсэн байна гэдэг асуудал ярьж байгаа нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Мөн дээрээс нь сэжигтэн, яллагдагч гэм буруугүйгээ болон хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Түүнчлэн өөрийг нь холбогдуулан сэжиглэж буй хэргийг мэдэх эрхтэй хүнээс үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, хүчээр эрүү шүүлт тулган мэдүүлэг авсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн үндэслэлд хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан ажиллагаа алдагдсан. Мөн 1.8-д хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн заалт зөрчигдсөн байна. Мөн хуулийн 1.9-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн болохыг анхаарч үзнэ үү гэв.

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сүхээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч аавынхаа машин, сүүлийн буудлаас авсан утсыг хүлээн зөвшөөрдөг. Би хэрэг шалгагдаж байхад 4 удаа Си Ди өгсөн. Үүнээс 1 нь л хэрэгт авагдаж очсон. Үүнийг би шалгаад өгөөч гэж гуйсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр Ганболдын ээж Өсөхбаярыг дагуулаад очсон. Тухайн утсыг Отгонбаяр овогтой Чулуунхүү манай хүүхдэд өгсөн байна гэж хэлсэн. Гэтэл энийг шалгаагүй. Би цагдаагийн байгууллагаас гаргасан зардлыг төлүүлчихсэн байгаа. Анхан шатны шүүх рүү буцааж дээрх ажиллагаануудыг хийлгэж, хэргийн бодит үнэнийг тогтоогоод эзэн холбогдогчийг олж өгнө үү. Мөн таслан сэргийлэх арга хэм арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэв.

          Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

          Прокуророос шүүгдэгч А.*******ийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 S загварын гар утсыг авч дээрэмдэх,

           2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар  байрны гадна байрлуулсан байсан иргэн П.*******ийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,   

          2023 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг Зи-Фолд-З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэж довтолсон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.*******д нийт 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх  ял шийтгэж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгчийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруу, зэргийг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах дүгнэлтэд яллах үндэслэл болгосон ямар нотлох баримтуудаар нотлогдсон болох, нотлох баримтын агуулга, аль нотлох баримтууд нь шүүгдэгчийн буруутгаж буй дээрэмдэх гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох талаар тус тусад нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгч А.******* нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд хавтаст хэргээс судлан үзэхэд, Хохирогч Г.*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор өгсөн “...намайг дээрэмдсэн хүмүүсийг би танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, би өмнө нь дээрэмдүүлж байсан удаагүй ” /1-р хавтас 9-10 талд/ гэж мэдүүлдэг ба хохирогчийн гар утсыг дээрэмдсэн гэх хэрэг учралын үед хэд хэдэн залуучууд байсан талаар хохирогч мэдүүлсээр байхад энэ талаар шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

        Иймд шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                             Л.УГТАХБАЯР