| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 141/2019/00199/И |
| Дугаар | 205/МА2020/00003 |
| Огноо | 2020-01-09 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 205/МА2020/00003
А.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/: Э.Ганбат
Нарийн бичгийн дарга: М.******* нар оролцов.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасангийн даргалж шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2010 онд Уламжлалт Анагаах Ухааны их эмч мэргэжлээр, 2015 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын мэргэжлээр, 2017 онд зүү төөнө заслын төрөлжсөн нарийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Анагаах ухааны магистрын зэрэгтэй.
Эрүүл мэндийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны Б/28 тоот тушаалаар хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр ажиллаж байгаад сүүлийн хагас жилийн хугацаанд удаа дарааллан ажлын байран дээр даргын зүгээс ирсэн гүтгэлэгт өртсөн. Мөн их эмч Т.******* нь хувийн сэдлээр тухайн үед эрхэлж байсан ажлыг буруутгах, үгүйсгэх зэргээс болж ажлын байрны стресст орж, биед сөрөг өөрчлөлтүүд гарсны улмаас аргагүй байдалд орж ажлын байр солиулах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр /тухайн үед миний бие 3 сар гарантай жирэмсэн байсан ба одоо 5 сар гарантай жирэмсэн байгаа/ байгууллагын захиргаанд гаргасны дагуу тус Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.******* 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргасан. Уг тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалт нь миний эрх ашигт болон хуульд нийцэхгүй ташаа байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалт нь талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэсэн байна, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх заалт нь байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн байгаа. Иймд миний тушаалын үндэслэл нь байнгын орон тоон дээр урьд байгуулсан гэрээний үргэлжлэл болж гарах ёстой. Иймд Б/37 тоот тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх заалт болгон өөрчилж дахин тушаал гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг Х.*******т 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Гэвч нэхэмжлэгч А.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж:
Миний бие 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр танай байгууллагад нэхэмжлэл гаргахдаа хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан тул Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.*******ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35, Б/37 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр дахин томилуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
Харин нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний тухайд 2019 оны 7 дугаар сарын 10-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.*******ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар сольж, тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Харин өөрчилсөн шаардлага болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35, Б/37 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь эмнэлгийн дарга өөрөө бүтэц орон тоогоо баталж ажилладаг тул миний одоо томилогдсон уламжлалтын эмчийн орон тоо байхгүй ч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч батлагдсан төсөвтөө зохицуулаад, уг орон тоог байлгаад ажиллуулж болно гэж үзээд томилсон учир мэргэжлийн ажлаа хийхэд татгалзах зүйлгүй. Харин түр орон тоонд томилсон нь миний эрх зүйн байдлыг дордуулж буй учир тушаалд нь өөрчлөлт оруулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Х.******* миний бие нь 1962 онд Тосонцэнгэл суманд төрж өсөөд, 1980 онд 10 дугаар ангиа төгсөж АУДСургуульд элсэн орж, 1986 онд хүний их эмчийн мэргэжлээр төгсөж, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хүний их эмчээр ажлын гараагаа эхэлсэн. 1987 онд Улаанбаатар хотод эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох курст суралцаж төгсөөд Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт Эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр 2001 он хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж, нийслэлийн Амгалан амаржих газарт эхийн 1 дүгээр тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж, 2008-2018 он хүртэл тус амаржих газрын чанарын албаны даргаар ажилласан. 2008 онд ЗГХА-Удирдлагын академид суралцаж төгссөн. 2018 оны 11 дүгээр сард Завхан аймгийн ЭМГ-ын даргын болон Тосонцэнгэл сумын удирдлагуудын санал болгосны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын Б/50 дугаар тушаалаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Миний бие нь эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй, АУ-ны магистр, клиникийн профессор билээ.
Ажлаа хүлээж аваад эмнэлгийн ажилчдын сахилга хариуцлага, тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажлаа төлөвлөж хийж эхэлсэн. Энэ хамт олонд шинээр ирсэн учраас удирдлагын баг, тасгийн эрхлэгч, сувилагч нар болон бусад ажилчидтай бүгдтэй нь уулзаж санал бодлыг нь сонсож ажлаа эхлүүлсэн. Хамт олны уур амьсгал тийм ч сайн биш бөгөөд, үүрэг даалгавар өгч ажиллаж байсан ба ирсний дараа ямар нэг халаа сэлгээ хийгээгүй.
Хүний нөөцийн ажилтан А.******* нь миний ажлын өдөр тутмын холбоотой ажилладаг удирдлагын багийн гишүүн билээ. Ажилчид чөлөө авах, ажлаас гарах, ажилд орох, амралт болон тасаг нэгжийн ээлж зохицуулах ажил өдөр бүр байдаг. Тэр бүр өргөдлийг хүний нөөцөд цохолт хийж, яаж зохицуулахыг ярилцаж шийдвэр гаргадаг билээ.
А.******* нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.
2019 оны 5 дугаар сарын 14-нд миний ажлын байрыг сольж өг гэсэн өргөдөл А.******* өөрөө өгсөн. Өргөдөлдөө байгууллагын ажилчдын уур амьсгалаас болоод ажилчид шаардлага тавихаар хүлээж авдаггүй, эсэргүүцдэг, бусад ажилчид хийж буй ажлыг буруутгадаг, үгүйсгэдэг гэж бичсэн байсан. Харин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сүүлийн хагас жилийн хугацаанд удаа дарааллан ажлын байран дээр даргын зүгээс ирсэн гүтгэлэгт өртсөн, үгүйсгэх зэргээс болж ажлын байрны стресст орж биед сөрөг өөрчлөлтүүд гарсны улмаас аргагүй байдалд орж ажлын байр солиулах хүсэлт гаргасан гэж миний нэр төрд халдан бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлын байр солих өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэл хоорондоо утга агуулгын хувьд тохирохгүй байна.
2019 оны 5 дугаар сарын 14-нд бичиж өгсөн хичээнгүйлэн хүссэн өргөдлийн дагуу хуульд заасан хугацаанд багтааж шийдвэрлэсэн билээ. Өргөдөл өгснөөс хойш удаа дарааллан өргөдлийг маань шийдэж өг гээд шаардлага тавиад байсан тул 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 тоот тушаал гаргаж хүний нөөцийн ажлаас нь чөлөөлж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 тоот тушаал гаргаж мэргэжлийнх нь ажилд томилсон. Энэхүү Б/37 тоот тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан байна. Энэ заалт нь А.*******ын эрх зүйн байдлыг дордуулаагүй, хуулиар олгогдсон эрхийг нь зөрчөөгүй юм. 2019 оны 6 дугаар сарын 12-ны А.*******тай харилцан тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тушаалд заасны дагуу 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэвч хуулийн заалтыг өөрчлөн тушаал гаргуулна гэж нэхэмжлэл гаргаад байгааг би гайхаж байна. 2019 оны бүтэц орон тооны 01 тоот тушаалд хүний нөөц 0,5-аар ажиллуулахаар баталсан юм. Учир нь манай эмнэлэгт уламжлалтын их эмч 1, бариа заслын сувилагч 1 орон тоогоороо ажиллаж байгаа бөгөөд зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй, нэн чухал шаардлагатай биш билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартад хүний нөөцийн мэргэжилтэн 150 ажилтанд 1 байхаар заасан байдаг. Гэтэл манай нэгдсэн эмнэлэг нь эрүүл мэндийн яамнаас 94 ажилтантай байхаар төсөв нь батлагдсан. Ийм учир хүний нөөцийн ажилтны орон тоог 0,5 байхаар баталсан юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтний орон тоонд нэн шаардлагатай мэргэжил болох эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, нярай хүүхдийн их эмч, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч, мэс заслын их эмчийн мэргэжил билээ. А.******* нь өргөдөлдөө жирэмсэн, ажлын байрны стресс их, тайван байх боломжгүйд хүрээд байна гэсэн тул ажлын байрыг нь хөнгөвчилж ачааллыг багасгасан гэж үзэж байна. Иймд би А.*******ыг өөрийнх нь өргөдөл гаргасны дагуу хүний нөөцийн ажлаас чөлөөлж, өөрийнх нь эзэмшсэн зүү төөнө заслын эмчийн орон тоо байхгүй байхад 2019 оны Б/37 тоот тушаал гарган томилж, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байраар хангаж байгаа билээ. Энэ хүнийг өөр ажлын байраар хангах боломжгүй байна. Орон тоогүй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх заалтыг удирдлага болгон тушаал гаргах боломжгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Байгууллагын удирдлагын зүгээс энэ хүний өөрийнх нь өргөдлийн дагуу ажлын байрыг нь сольсон. Одоо тушаалд өөрчлөлт орууллаа гээд цалин хөлс, албан тушаал нь өөрчлөгдөхгүй учир эрх зүйн байдал нь дордохгүй. Талууд харилцан тохиролцоод хугацаатай гэрээ байгуулаад явж байгаа асуудал зөндөө л байдаг. Энэ хүний ажлын байр үндсэн орон тоогоор батлагдсан зүйл байхгүй. Ирэх жилээс орон тоо нэмэгдүүлэх боломж бололцоо байдаг. Нэмэгдвэл байнгын болгоод тушаалыг нь гаргана, хэрэв нэмэгдэхгүй бол тухайн үед нь шийдэж болох асуудал юм гэжээ.
Анхан шатны шүүх:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай тушаалыг гаргахад үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт гэсэн хуулийн зүйл заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт гэж өөрчлөхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
А.*******ын нэхэмжлэлтэй Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр аваад энэхүү шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Завхан аймаг Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 25-ний өдрийн 264 тоот дугаар бүхий шийдвэр гарахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг бодит байдалтай нь харьцууулан үнэлэлт дүгнэлт хийлгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Ийм учраас дараах үнэдэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:
1. Гэвч нэхэмжлэгч А.******* нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.*******ийн 2019 оны 06-р сарын 10-ний өдрийн Б/37 тоот тушаалын үнэдэслэл болсон хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.2 заалтыг 23.2.1 болгон өөрчлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэр гаргасан үнэдэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо гээд... 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно гээд 3.1.15.байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж хуульчлан заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.
Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гээд 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.2 дохь заалтыг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг таууд харилцан тохиролцсоноор хугацатай байгуулна гэж ойлгохоор байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06-р сарын 12 нд байгуулахдаа талуудын харицан тохиролцоод гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байна. А.*******ын хуучин ажлын байр буюу хүний нөөцийн ажилтаны орон тоо нь 0,5 буюу орон тоогүй, эсвэл хавсран гүйцэтгэх ажил юм. Тосонцэнэл сумын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтан байсны хувьд өөрийнх нь мэргэжлийн дагуу батлагдсан орон тоо байхгүй байгааг мэдсээр байж ажил шилжүүлэх өргөдөл өгсөн. Энэ өргөдөл хүсэлтийн дагуу орон тоо байхгүй байхад орон тооны илүүдэлтэйгээр ажиллуулж цалин хөлсийг нь олгож эмнэлгийн захиргаа дотооддоо зохицуулт хийсэн. А.*******ын хөдөлмөрийг нь хөнгөвчилж ажил ачаалалыг багасган ажиллуулсан нотлох баримтуудар нотлогдож байгаа учир ажил олгогч тал буруудах зүйлгүй байна. Батлагдсан орон тоогүй учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан юм. Эрүүл мэндийн яаманд орон тоо нэмэгдүүлэх хүсэлт өгсөн байгаа учир шинэ оны эхэнд орон тоо нэмэгдвэл зүй төөнө заслын орон тоог нэмж батлаад хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах нөхцөл бүрдэхээр байна гэж тайлбарласан билээ. Энэ байдлыг ойлгохгүй ер нь А.******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй эсэргүйцдэг, өөрийнхөө бүх л асуудлыг өөрийнхөө санасаар шийдүүлэх гэж тулган шаарддаг, харьцаа хандлагын хувьд ч тэр хамтран ажиллахад нэлээн төвөгтэй хүн юм.
Нэгдсэн эмнэлгийн орон тооны баталсан нормд, зүү төөнө заслын их эмч гэсэн орон тоо байхгүй байхад шүүх байнгын ажлын байр байна гэж үзээд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг нэгдсэн эмнэлгийн захиргаанд даалгаад байгаа нь үнэдсэлэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчоор хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.15 заалтийг зөрчсөн, хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.1 заалттай нийцэхгүй заалтаар тушаал үйлдүүлэх гэж даалгаад байна.
2. Шүүх хурал дээр шүүгч шийдвэрийн үнэдэслэх хэсгийг тайлбалахдаа шүүх бол бодит байдал дээрх зүйлд үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргадаг ирээдүйд гарах орон тоог үнэлэж шийдвэр гаргадаггүй гэж хариуцагчийн гаргасан тайлбарыг няцаасан билээ. Гэтэл шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үнэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтаныг чөлөөлөх үнэдэслэлтэй байна гэж хэтэрхий нэг талыг барьж, илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Үүнийг тайлбарлах нь:
Энэхүү иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан байгаа хөдөлмөрийн гэрээг талууд 2019 оны 06-р сарын 12 нд байгуулж 1 жилийн хугацаатай байгуулсан нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 06-р сарын 12 нд дуусахаар байна. Энэ үед гэрээний хугацаа дуусахад талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй сунгагдсанд тооцогддог. Эсвэл тухайн үед хөдөлмөрийн гэрээг дахин 1 жил юмуу ямар нэгэн тодорхой хугацаагаар сунгах, хөдөлмөрийн гэрээг 37.1.3 заалтаар цуцлах тохиолдолуудыг аль нь гарах байсныг урьдчилан харж тооцоолох боломжгүй зүйл байгаа билээ. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн захиргаа талаас А.*******ыг хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3-т заасан үнэдэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал шийдвэр, мэдэгдэх хуудас болон ямар нэгэн хүсэл зориг илэрхийлэгдэж гараагүй юм. Энэ тухай ямар нэгэн нотлох баримт энэхүү хавтаст хэрэгт тусгагдаагүй байхад шүүгч ирээдүйг зөгнөн харж хийсвэр шийдвэр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 4 дүгээр зүйл.Шүүхийн өмнө эрх тэгш байх гээд... 4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэж зааснаар талууд тэгш эрхийн зарчмаар оролцох ёстой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл.Нотлох баримтыг үнэлэх гээд... 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж хуулчилсан байхад шүүх нотлох баримтыг үнэлэх шийдвэр гаргах нь хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчсөн байна.
3. Ажилтан А.*******тай байгуулсан 2019 оны 06-р сарын 12 ний хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх үндсэн үүргийг тохиролцоогүй байна гэх нь үнэдэслэлгүй байна. Үүнийг тайлбарлах нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл.Нотлох баримтыг үнэлэх гээд... 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж хуулчилсан байна. Гэвч шүүх зөвхөн ажил олгогчийн алдааг илрүүлэхийн тулд тушаалыг нь хүчингүй болгохын тулд шүүх ажилласан байгаа нь харагдаж байна
Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно гээд 21.1.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр; 21.1.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; 21.1.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; 21.1.4.хөдөлмөрийн нөхцөл зэргийг заавал тохиролцох ёстой гэж хуульчилжээ. Энэ хөдөлмөрийн гэрээнд дээрх гол нөхцөлүүдээс тусгагдаагүй зүйл байхгүй бөгөөд бүгд тусгагдан тохиролцон гарын үсэг зурсан байна. Шүүх 4 хуудас бүхий хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан асуудлыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийлгүй хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-т заасан ажил үүргүүдээс яг алийг тохироогүй байгаа нь тодорхойгүй байна.
Хавтаст хэрэгт байгаа хөдөлмөрийн гэрээний 2.1.ажилтаны эрхлэх ажил албан тушаал: УАУ зүү төөнө заслын эмч, 2.2.Ажлын нэгж ажлын байр: Амбулаторийн тасаг 2.4. Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ: ТҮЭМ 6-2 2.6.хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн 4.4.
Ажилтаны үүрэг гээд... 4.4.2.Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлнэ. Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана гэж тохиролцон гарын үсэг зурсан байна. Гэвч шүүх хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх үндсэн үүргийг тохиролцоогүй байна гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.3.Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзсэн нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээний хуудасний ар өвөрт бичигдсэн ялихгүй алдаан дээр ажиллаад байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтан талыг хамгаалж ажил олгогчийг буруутгахад чиглэсэн хэтэрхий нэг талыг барьсан шүүхийн шийдвэр байна гэж үзэж байна.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* нь А.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37дугаар тушаалыг гаргасан, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан гэж татгалзлын үнэдэслэлээ тайлбарласан хэдий ч А.*******ын 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гаргасан ажлын байр солиулах талаарх өргөдөл, 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр гаргасан Б/37 дугаар тушаалын үндэслэл болсон хуулийн заалтыг зөвшөөрөхгүй байгаа учир өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл харилцан тохиролцсон зүйл тогтоогдохгүй байна гэж гэж шүүх дүгнэжээ. Энэ нь илт хууль зөрчин дүгнэж үндэслэсэн байна. Үүнийг тайлбарлах нь:
А.******* 2019-07-10 өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.*******ийн 2019 оны 06-р сарын 10-ний өдрийн Б/37 тоот тушаалын үнэдэслэл болсон хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.2 заалтыг 23.2.1 болгон өөрчлөн тушаал гаргуулах гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх А.*******ын өргөдөл нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй тушаал буюу Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг үйлдэгдээгүй бодит байдалтай нийцэхгүй 2019 оны 06-р сарын 14-ний өдрийн Б/37 тоот тушаал нь уг хавтаст хэрэгт байхгүй зүйлийг үнэлж дүгнэж шүүх шийдвэр гаргахдаа үнэдэслэжээ. Ийм хийсвэр хавтаст хэрэгт байхгүй нотлох баримт үнэлж байгаа учир тогтоогдохгүй байх тодорхой шүү дээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх гээд... 5.1.Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ. 5.2.Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно гэж заасан байна. Ийм учир хавтаст хэрэгт байхгүй байгаа нотлох баримтыг үнэлж байгаа нь шүүх өөрөө хууль зөрчин хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэн ашиглаж байна. Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь илт хууль зөрчин хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа нь Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөн хөндөгдөж байна. Манай байгууллагын нэр хүнд болон ажил олгогчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
Иймд Завхан аймаг Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10-р сарын 25-ний өдрийн 264 тоот дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, А.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганбат/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч А.******* нь Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн ажилтан, зүү төөнүүрийн эмчээр хавсран ажилладаг. Өөрийн хүсэлтээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн мэргэжлийн ажлаа хийж ажлын нөхцөлөө багасгаж уламжлалтын эмчийн орон тоон дээр ажиллах гэсэн утгатай хүсэлтийг байгууллагадаа өгсөн. Уг хүсэлтийг байгууллага нь хүлээж авч 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б/37 дугаартай тушаал гаргасан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг үндэслэж 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Энэ нь А.*******ын нэхэмжлэл гаргах гол үндэслэл нь болсон байгаа. Учир нь тэрээр уламжлалт эмнэлгийн зүү төөнүүрийн тасгийн эмчээр ажиллах хүсэлтийг гаргаж өгсөн учраас байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Эмнэлгийн байгууллагад хугацаагүй гэрээ байгуулаад талуудын хүсэлтээр хугацааг тохиролцож байгуулдаг журам тогтсон байдаг. Уг нэхэмжлэлийг сум дундын шүүх хүлээж аваад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хөдөлмөрийн хуулийн зарим заалтуудад заасанд нийцүүлэн шийдвэр гаргасан. Ингэхдээ Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т заасан нөхцөлөөр А.*******тай гэрээ байгуулахыг даалгасан байгаа.
Иймд анхан шатны шүүхийн 264 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчээр ажиллаж байсан бөгөөд жирэмсэний улмаас ажил олгогчид ажлын байрыг хөнгөрүүлэн сольж өгөхийг хүссэн байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтуудыг үндэслэж, А.*******ыг уламжлалт анагаах ухаан зүү төөнө заслын эмчийн ажилд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар томилж, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгийн хүний нөөцийн ажилтан, зүү төөнө заслын эмчийн ажлын байр нь тогтоосон горимын дагуу ажил олгогчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэдэг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулана гэж заасан байхад ажил олгогч нь байнгын ажлын байранд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь ажилтаны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор заасан байгаа хэдий ч талууд хэрхэн яаж харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнээс тодорхой бус байх тул талуудыг харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, ажил олгогчийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР