| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0068/Э |
| Дугаар | 00072 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 00072
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч В.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Аймгийн прокурорын газрын хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Чхолбогдох эрүүгийн 1815000960063 дугаартай, 163/2018/0068/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гэрэл зургийн газар ажиллуулдаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт В.Ч
Холбогдсон хэргийн талаар:
В.Ч нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ч өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 01-ний орой ажилтай байж байгаад нилээн орой гэр лүүгээ харьж явсан. Тухайн гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцлийн хувьд дүү Эг өмөөрсний улмаас Б зодсон гэж өөрийгөө өмгөөлж байгаа ба миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь манай дүү нөхрөөсөө салж 2 хүүхэдтэйгээ үлдэж, сүүлд дахин хүнтэй суугаад 3-4 жил орчим болж байгаа юм. Манай дүүгийн сүүлд суусан нөхөр нь нилээн хартай болохоор манай дүүгийнхээс Б гэх ах гарч явахдаа надтай таарсан. Манай гэр манай дүүгийн гэрийн арын гудамжинд байдаг. Ойр хавийн зарим хүмүүс тарахаар надад “Б гэх хүн танай дүүгийнхээр байнга орж гарч явах юм” гэж хэлэхийг нь сонсож байсан. Тэр өдрийн орой 10 цаг болох гэж байхад Б гэх ах манай дүүгийн гэрээс согтуу гараад ирсэн болохооор тухайн үед би дүүгийнхээ нөхрийг хөдөө явчихсан байхгүй болохоор Б ахыг гэр бүл үймүүлж элдэв цуу ярианд орж дүү маань нөхөртэйгөө асуудал гаргачих юм болов уу? гэж бодоод Б 2 удаа цохисон нь үнэн. Өөр ямар нэгэн байдлаар би танхайн сэдэлтээр балмад зан гаргаж Б цохиогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
1815000960063 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Г.Б өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт гэрийнхээ гудамжинд ганцаараа явж байгаад харанхуйд ямар хүн байсныг мэдэхгүй намайг цохиод хамарт гэмтэл учруулсан. Тухайн үедээ би өөрөө согтуу явсан. Тэгээд зодуулчихаад гэртээ орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Би тухай хүнийг Билгээ гэж залуугийн дүү гэж бодож байгаа юм. Юунаас болж бид 2 маргадсаныг мэдэхгүй. Их согтуу байсан учраас би мэдэхгүй байна. Би өөрөө согтуу байсан учраас надаас л болж ийм асуудал болсон байх. Түүнээс намайг гудамжинд яана гэж хэн цохиж зодох билээ. Ямар нэгэн эд зүйлийг минь авахаар хэн нэгэн надад халдаагүй. Одоо хамар жаахан шалбарснаас өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй. Цагдаагаар шалгуулах зүйл байхгүй. Хэн нэгэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахгүй. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
Гэрч В.Э өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед намайг гэртээ 3 хүүхдийнхээ хамт байхад танил Г.Б гуай гаднаас ганцаараа манайд орж ирсэн. Тэгээд манайд утасны цэнэглэгчээ орчихсон байна гээд авахаар ирсэн. Ирэхдээ халамцуухан орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд удаагүй харихаар гарахаар нь халамцуу байсан болохоор би гэрээсээ гаргаж өгөөд бие засахааар жорлон орсон чинь манай төрсөн ах В.Чимэдбаатар, эхнэр Урантуяагийн хамтаар хашааны хаалгаар орж ирж таарсан. Тэгээд манай ах Г.Б гуайг хараад “юун хүн юм бэ” яасан юм гээд уурлаад байх шиг байсан өөдөөс нь цэнэглэгчээ орхичихоод авах гэж ирээд гарч явна гэж яриж байсан. Тэгээд жорлонгоос гараад ирэхэд маргалдаж байгаад салчихсан байсан. Би ч очиж хараагүй. Тэгээд Г.Б гуай явсан. Манай ах гэрт орж намайг жаахан загнаж байгаад харьсан. Ах тухай үед эрүүл байсан. Ах юун ямар учиртай хүн бэ шөнө орой танайхаар ирээд явж байгаа юм гээд загнасан. Би утасны цэнэглэгчээ авч яваа гэдгийг хэлсэн. Тэгсэн яахаараа ямар учиртай танайхаар ороод гарч байгаа юм гээд намайг буруугаар ойлгоод загнаад байсан. Тэгж байгаад л явсан. Тухай өдөр манай 3 хүүхэд унтчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,
Гэрч Ө.У өгсөн: Тэр өдөр нөхөр бид 2 ажил ихтэй байж байгаад оройн 21 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад харьж явах замд гэр лүүгээ орохоор явж байтал хадам дүүгийн хашаанаас “бөө өвгөн” гэж бид нар дууддаг ах хадам дүү В.Эрдэнэцэцэгтэй хамт гэрийнх нь хашаанаас гарч явахтай таарсан. Тухай үед манай нөхөр эрүүл явсан ба өвгөн архи уучихсан нилээн согтуу байсан. Тэгээд л манай нөхөр “та одоо юу хийж яваа юм бэ” гэхэл өвгөн “чамд ямар хамаатай юм, би айлаар орж явна” гээд нөхөр өвгөн 2 маргалдсан ба өмнө нь тэр өвгөн хадам дүүгийн гэрээр орж гараад цай хоол хийлгэж идээд явна гэж сонсоод манай нөхөр ярьж байсан ба тэр байдлыг буруугаар ойлголцоод л тэр 2 заамдалцаж аваад л тэр 2 харилцан цохилцохоор нь би салгаж авсан. Тухайн үед харанхуй байсан учраас хэн хаашаа нь хэдэн удаа цохьсон нь харагдаагүй. Мөн ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг мэдээгүй. Тэгээд л нөхөр бид 2 дүүгийн гэрт орж дүүгээ манай нөхөр загнаж байгаад тэгээд гэр лүүгээ явсан. Тэгээд гэрт нь ороход нөхрийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Энэ явдлаас хойш тэр өвгөнтэй дахиж уулзаагүй. Нэрийг нь сайн мэдэхгүй. Бөө өвгөн л гэж хүмүүс яриад байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаартай дүгнэлтэнд: 1.Г.Б баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. 2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-27 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.Чимэдбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч В.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Б хэсгийн 6-9 тоотод оршин суух иргэн Г.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Чимэдбаатарын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч В.Ч нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Ч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй болно.
Шүүгдэгч В.Ч ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт В. Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН