Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

Б.*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахимаар/,

Шүүгдэгч: Б.*******,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнхийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/122 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.*******од холбогдох ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймгийн ******* сум ******* 2 дугаар баг Зүүн суугийн гэр хорооллын задгай хашаанд байрлах Ч.*******-Эрдэнийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.*******ыг цээж хэсэгт хутгаар хатгасны улмаас цээжний зүүн талын хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүүн V хавирганы хугарал гэмтэл үүсч, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4–т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жинчин овогт *******гийн *******од холбогдох ******* дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг хэргийн хамт хүргүүлэхээр, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хоёрдмол салаа утгагүйгээр хуульчилсан. Прокуророос шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болох гэмт хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ найман жил байхаар нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарахгүй болно.

Гэтэл шүүх хорих ялын доод хэмжээ нь таван жил байхаар заасан эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хорих ялын доод хэмжээг бус, харин оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг харгалзахаар хуулийг илт буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр болжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ...хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.*******ын холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг, шүүхээс оногдуулж болох ялын төрөл, хэмжээгээр нь авч үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн тогтоож болох зүйлчлэл бүхий хэрэг болно.

Прокуророос яллагдагч Б.*******од гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Яллагдагч Б.******* нь хохирогч Э.*******ад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн нотлох баримт хавтаст хэргийн 112 дугаар талд хавсаргагдсан.

Мөн хохирогч Э.******* нь прокурорт ******* овогтой *******од цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг авсан нь үнэн болно...” гэсэн хүсэлт ирүүлснийг хавтаст хэрэгт хавсаргасан болно./хх-н 172-р тал/

Гэтэл шүүх шийдвэртээ: “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаарх баримтыг хавсаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтад нийцээгүй, ...хохирол нөхөн төлсөн гэж үзэхгүй, ...Гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хэрэглэхээр байна...” гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1,2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлүүдэд хамаарч байна.

3. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Тухайлбал: Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан буюу “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны талаарх” журмыг баримтлахгүй гэж хуульчилсан ба Б.*******од холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, ердийн журмаар хянан шийдвэрлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, энэ талаар оролцогчдод мэдэгдээгүй болно.

Шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл нь шүүхийн аль шатаар хэргийг хянан хэлэлцсэнээс хамаарч өөр өөр байхаар хуульчлагдсан ба ердийн журмаар хянан хэлэлцсэн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн тохирох хэсгийг баримтлах бол хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн хэрэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тухайлан нэрлэн заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж шүүх үзвэл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаах буюу буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульд тусгасан, энэ нь хууль хэрэглээнд нэгэнт жишиг тогтсон, тодорхой зохицуулалтууд байхад Ханбогд сум дахь сум дундын шүүх хуулийг илт үндэслэлгүй буруу хэрэглэж, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах заалтыг баримталсан гэж дүгнэж байна.

Шүүхийн шийдвэрт тусгасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэх асуудал нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх дэг, журмыг өөрчлөн тогтоож, прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэж болох асуудал байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа болохыг шүүх шийдвэртээ тодорхой заахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, оролцогчдын зүрхийг хязгаарлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, оролцогчдод чирэгдэл учруулах, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шийдвэр гаргасан талаар: Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тус хэрэгт шүүхээс шүүгдэгчид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан. Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэрэг байхад нэг шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн.

5. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн бусад зөрчлийн талаар: Шүүх хэргийг ердийн журмаар бус хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэрийг эс зөвшөөрч оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт: “гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол” байхаар хязгаартайгаар хуульчлан тогтоосон ба мөн зүйлийн 8 дахь хэсэгт: “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж гомдол, эсэргүүцэл гаргах хүрээ, үндэслэлийг өргөтгөн тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/122 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив.

           Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа зөрчлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/122 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг анхан шатны шүүхэд гаргажээ. 

        Анхан шатны шүүхийн: ...”тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаарх баримтыг хавсаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно.”, мөн зүйлийн 3-т “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана гэж тус тус заасантай нийцээгүй.” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.

          Прокурор яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан...” гэж тусгажээ.

          Гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хэрэглэхээр байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.” гэж заасан ба шүүгдэгч Б.******* нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэгт холбогджээ... гэх хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хийж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

        Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хяналтын прокурор эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл гаргасан ба эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр...хянан шийдвэрлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Б.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр байна.

         Иймд хуульд заасны дагуу гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэргийг шүүгч дангаар шийдвэрлэж шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно.

          Иймд хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул Б.*******од холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/122 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хангасугай.

2. Б.*******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Хэргийн анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                             Л.УГТАХБАЯР