| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0067/Э |
| Дугаар | 00074 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00074
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Сувдаа,
иргэдийн төлөөлөгч Д.Баттогтох,
хохирогч Н.А ,
шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Э.Алтануяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт П.Б эд холбогдох эрүүгийн 1815000390038 дугаартай, 163/2018/0067/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тугсай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б овогт П.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн нутагт хохирогч Н.А ийн /зэвсэг хэрэглэн/ эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ийн өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод очсон. Тэр үед найз Нямдалай, А нартай таарч, хамтдаа шинэ он гаргасан. Дараа нь би найз А ийг өөрийнхөө ажилладаг мужааны газарт хамт ажиллуулах гэж найзыгаа Улаанбаатар хотоос авч ирсэн. Бид 2 хамт амьдарч, ажил төрөл хийж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хангал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт найз А ийг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ би гэмшиж найзаасаа уучлалт гуйж байна. Тухайн үед А бид 2 хоёулаа архи уусан байсан ба архи ууснаасаа болж найз А ийг хутгалсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө бид 2 босоод байж байтал гаднаас сандал ширээ хийлгэх хүн ирсэн. Тэр сандал ширээг хийж байгаад өглөө нэг шил архи уусан. Үдээс хойш бид сандал ширээгээ хийж байгаад манай найз Эрдэнэтээс ирж намайг юу хийж байна гэж асуухад нь найздаа “би ажлаа хийж байна” гэж хэлээд найзаасаа тамхины 10.000-20.000 төгрөг байна уу? гэж асуухад хажуунаас П.Б 10.000 төгрөг авчих “би маргааш өгчих нь” гэхэд тухайн үед би найзаасаа гуйхаас санаа зовж гуйгаагүй байж байтал манай эгч тэр үед утсаар залгаж эгчээсээ 10.000 төгрөг авч дэлгүүрээс нэг шил архи авч уусан. Тэр архийг ууснаас хойш 17-18 цагийн үед байх тухайн үйл явдал болсон. П.Б бид 2 Боловсрол суваг телевизийн киног үзээд гэрийн 2 талын орон дээр хэвтэж байсан. Тухайн үед гал түлчихсэн байсан болохоор жоохон зүүрмэглэсэн байх П.Б бид 2 хоёулаа 2 талынхаа хэвтэж байсан орноос босож би гал руу мод хийгээд гэрийнхээ авдрын урд байсан халуун савтай цайг уух гээд явж байтал П.Б бас өөрийн хэвтэж байсан орноосоо босож надаас түрүүлж ширээ рүү очиж ширээн дээр байсан хутгыг авч намайг хажуугаар гарахад хутгаараа хатгасан. Тэгээд би эргэж П.Б рүү “хүүе чи яаж байгаа юм бэ” гэхэд хоолны эргэнэг рүү нэг зүйл шидэх шиг болж намайг заамдаж миний нүүр рүү дэвсэхэд би хамраа барьж П.Б эд хамраас цус гаргачихлаа хамраа харчихаад ирье, чи цаашаа явж хэвтээч гэж ор руу явуулсан. П.Б ийг ор руугаа явж байх шиг байхаар нь би гадаа гарч сууж байгаад хутгалсан хэсэгт цус гарч байхаар нь шууд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг ороход хаалгаа тайлж өгөөгүй. Тэр үед ухаан санаа манараад байхаар нь зам дээр гарч шатахуун түгээх газрын хаалгыг цохиж нэг эгчийг “та эмнэлэг, цагдаа дууд” гэж хэлээд намайг хэвтэж байх хооронд цагдаа ирсэн. Биеийн ерөнхий байдлын хувьд халуун цай буцалгаж ууж байгаа, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо муудсан. Тухайлбал хоолны дараа хэсэг хугацаанд ходоод таглачихаад аажуу идэж байгаа. Эход дахин харуулах гэтэл мөнгөний боломж муутай байгаа учраас харуулж чадаагүй. Эрдэнэт хотод орсон хагалгааны мөнгийг гэмт хэргийн шинжтэй гэдэг утгаараа даатгалд хамрагддаггүй гээд 507.960 төгрөгийн төлбөр гарсан. П.Б эд хэлж 300.000 төгрөгийг төлсөн. Тухайн эмнэлэг намайг төлбөр дутуу байна гэж 72 цагийн дотор төлбөрөө төлөхийг шаардсан. Манай ээж Солонгос улсад ажиллаж 3 сая төгрөгтэй ирсэн. Үүнийг миний эмчилгээний зардалд зарцуулсан. Дахин Солонгос улс руу явахдаа тийзний мөнгөгүй хүнээс гуйж явсан. Шүүгдэгчээс эмчилгээний зардал 250.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой гарсан 2.000.000 төгрөг нийт 2.507.960 төгрөг нэхэмжилж байна гэв.
1815000390038 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах шатанд:
Гэрч Б.Дөгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 23 цагийн үед дуудлагаар айлд хүн үзэж явахад эмнэлгийн жижүүр сувилагч яаралтай хүн ирсэн эход харуулах шаардлагатай байна гэхээр нь очсон. Очоод өвчтөнг үзэхэд салганаж чичирсэн, өмсөж явсан гадуур, дотуур өмд нь зүүн ташааны хэсэгт нилэнхүйдээ, цус болсон гэдэс хэвлийгээр мөн цустай, хоёр гар улаан цус, цамцны хүзүү хэсэг мөн хоолой нь цус болсон. Боосон шинжтэй байсан. Тэгээд цусыг цэвэрлээд шархыг нь үзээд боолт хийгээд цусыг нь тогтоохоор эход харсан. Тэгээд эмчилгээ хийгээд хүн маань тайвширахаар нь шөнийн 01 цаг өнгөрөөгөөд биеийн байдлыг нь харья гээд харьсан. Тэгээд 02 цаг 20 минутанд өвдөлт өгөөд уйлаад байна гээд жижүүр эмч дуудахаар нь очоод дахин эмчилгээ хийгээд эход хараад яаралтай Орхон аймаг руу 03 цаг 20 минутанд авч яваад БОЭТ-д хүлээн авахад хүргэж өгсөн. Зүүн бөөрний харалдаа 1 см орчим зүсэгдсэн шархтай, шархнаас цус шүүрч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Гэрч А.Г өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 23 цаг 50 минутын үед ажил дээрээ байхад хүн хаалга нүдэхээр нь би хаалгаа нээж өгөлгүй цонхоо онгойлгоод “хэн бэ” гэхэд нэг танихгүй хүн үүдээ онгойлгооч “би хөлдөж үхлээ” гээд байсан. Тэр залуугийн гар цус болсон байхаар нь “хүүе ээ чиний гар юу болсон юм бэ” гээд цагдаа дуудсан. Тэр залуу би хөлдөж үхлээ гээд байсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд аваад явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч Б.Б өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орой 23 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрээс залгаад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирсэн байна. Очиж шалгаад юу болсон талаар эргэж танилцуул гэж мэдэгдсэн. Үүний дагуу намайг Эрүүл мэндийн төв дээр ирэхэд хүлээн авахад эмч Дулмаа нэг танихгүй залуугийн биед үзлэг хийгээд сууж байсан. Нөгөө залуу ямар нэгэн зүйл яриагүй ба ёолоод байсан. Тэгээд яасан талаар асуухад хүн өвдөөд байхад юу асуугаад байгаа юм гээд уурлангуй маягтай байсан ба би найзтайгаа архи уусан гэж байсан. Тэгээд тэр хэрэг болсон газар луу очихоор явсан. Хэрэг болсон газарт очиход гэрч П.Б гэх залуу ганцаараа согтуу сууж байсан ба зуухан доогуур нь 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архины шил байсан. Тэгээд тухайн гэрт болсон асуудлын талаар асуухад хамт 1 шил архи ууж дууссан чинь манай найз эгч рүүгээ яриж мөнгө авна гэхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гээд өнгөрсөн. Тэгээд хутгаар хутгалчихсан юмаа гэж байсан. Хутгалсан хутгыг нь хаана байна гэж асуухад ширээн дээр ил байсан хутгыг заахаар нь хурааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтэнд:
1.Н.А ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, зүүн бөөр, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 35 хуудас/,
Гэмт хэргийн талаархи мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 хуудас/,
Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,
Эд зүйл хураан авах тэмдэглэл /хх-ийн 11 хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 26-38 хуудас/,
иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуудас/,
шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-49 хуудас/ болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг таниулж судалсан болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутагт П.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Н.А ийг “эгчээсээ мөнгө” нэхлээ гэх шалтгаанаар хоорондоо маргах явцдаа Н.А ийн зүүн бөөрөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Б ийн... найз А ийг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ би гэмшиж найзаасаа уучлалт гуйж байна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А ийн... П.Б бас өөрийн хэвтэж байсан орноосоо босож надаас түрүүлж ширээ рүү очиж ширээн дээр байсан хутгыг авч намайг хажуугаар гарахад хутгаараа хатгасан. Тэгээд би эргэж П.Б рүү “хүүе чи яаж байгаа юм бэ” гэхэд хоолны эргэнэг рүү нэг зүйл шидэх шиг болж намайг заамдаж миний нүүр рүү дэвсэхэд би хамраа барьж П.Б эд хамраас цус гаргачихлаа хамраа харчихаад ирье, чи цаашаа явж хэвтээч гэж ор руу явуулсан гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дуламын...өвчтөнг үзэхэд салганаж чичирсэн, өмсөж явсан гадуур, дотуур өмд нь зүүн ташааны хэсэгт нилэнхүйдээ, цус болсон гэдэс хэвлийгээр мөн цустай, хоёр гар улаан цус, цамцны хүзүү хэсэг мөн хоолой нь цус болсон..., боосон шинжтэй байсан...гэх, гэрч А.Гэрэлчулууны ... нэг танихгүй хүн үүдээ онгойлгооч “би хөлдөж үхлээ” гээд байсан..., тэр залуугийн гар цус болсон байхаар нь “хүүе ээ чиний гар юу болсон юм бэ” гээд цагдаа дуудсан гэх, гэрч Б.Баярмагнайгийн...хэрэг болсон газарт очиход гэрч П.Б гэх залуу ганцаараа согтуу сууж байсан ба зуухан доогуур нь 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архины шил байсан...манай найз эгч рүүгээ яриж мөнгө авна гэхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гээд өнгөрсөн..., тэгээд хутгаар хутгалчихсан юмаа гэж байсан...., ширээн дээр ил байсан хутгыг заахаар нь хурааж авсан гэх мэдүүлэг зэрэг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтээр... Н.А ийн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, зүүн бөөр, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч П.Б нь хутгыг аливаа биетийг гэмтээх, устгах аюултай гэдгийг мэдсээр байж зэвсгийн чанартай хэрэглэсэн нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч П.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б нь 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тугсай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 05 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан, түүнчлэн энэ хуулиар ялтай байдал, ялын заримыг буюу бүгдийг нэмж нэгтгэх гэсэн өмнөх хуулийн зохицуулалтыг халсан байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Орхон аймгийн эмнэлгийн хагалгааны төлбөрт 507.960 төгрөг, бусад эмчилгээтэй холбоотой гарсан 2.000.000 төгрөг, нийт 2.507.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд хохирогч Н.А т 300.000 төгрөг төлсөн болохыг хэн аль нь маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан Орхон аймгийн эмнэлгийн хагалгааны төлбөр 507.960 төгрөгнөөс 300.000 төгрөгийг хасаж үлдэх 207.960 төгрөг, ариун наалт 7500 төгрөг, пластырь 2500 төгрөг, боолт 10.000 төгрөг, улавч 100 төгрөг нийт 228.060 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримт ирүүлээгүй 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч П.Б ийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ийг 5 /таван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б эд оногдуулсан 5 /таван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ээс 228.060 /хоёр зуун хорин найман мянга жаран/ төгрөгийг гаргуулж хохирогч Н. А олгож, нотлох баримт ирүүлээгүй 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД