Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

Шүүгчийн захирамжийг хянуулах тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахимаар/,

Хохирогч: Э.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/164 дугаартай давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******-*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид: “...Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт “...хүндээр өвчилсөн, дайчилгаанд хамрагдсан, байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/, хорио цээрийн дэглэм тогтоосон зэрэг тухайн этгээдээс үл хамаарах шалтгааныг ойлгох ба хохирогчийн хүсэлтэд дурдсан үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, мөн хүсэлт гаргагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 5-т “...хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно” гэсэн үүргээ биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл хүсэлтэд дурдаад байгаа “...шууданч нь манай бэр эгчид 2024 оны 05 сарын 20-ны өдөр өгсөн атлаа яагаад 2024 оны 05 сарын 05-ны 09:30 цагт гардуулсан гэж миний гарын үсгийг хуурамчаар бичиж үйлдсэн” гэх үйл баримтаа бичгийн нотлох баримтаар, эрх бүхий байгууллагын шалгаж тогтоосон шийдвэр зэргээр нотлоогүй болно. Иймд хохирогч Э.*******ын гаргасан Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

          Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Н.*******-*******д холбогдох эрүүгийн 249000660030 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хялбаршуулсан журмаар 2024 оны 04 сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн байна. Э.******* би 2024 оны 05 сарын 22-ны өдөр ******* суманд биеэр очин шүүхийн шийдвэрийг олж аван танилцахад Ханбогд сумын прокурорын газарт намайг хандан гаргасан тайлбартаа “Н.*******-*******эс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж бичсэн гэж шүүхийн шийдвэрт дурдагджээ. Миний хувьд прокурорт хандан нэг ч удаа хүсэлт, тайлбар гаргаж байгаагүй бөгөөд миний нэрийг ашиглан хуурамч тайлбар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан талаар Ханбогд сумын цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх тус хуурамч нотлох баримтыг үндэслэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаа. Хугацаа сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ анхан шатны шүүх “...2024.05.05-ны 09:30 цагт гардуулсан гэж миний гарын үсгийг хуурамчаар бичиж үйлдсэн гэх үйл баримтаа бичгийн нотлох баримтаар, эрх бүхий байгууллагын шалгаж тогтоосон шийдвэр зэргээр нотлоогүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Миний хувьд “Юнисервис солюшн” ХХК-д үйлчлэгч ажилтай бөгөөд Ханбогд сумын нутаг Оюутолгой төслийн кемпэд 14, 14 хоногоор ажилладаг. Хугацаа сэргээлгэх хүсэлтдээ 2024 оны 04 сарын 29-ний өдөр Даланзадгад сумаас ажилдаа очиж, 2024 оны 05 сарын 13-ны өдөр Оюутолгойн ******* нисэх буудлаас Даланзадгад руу нисч, ажлаасаа буусан баримтаа хавсаргасан. Мөн шууданчийн бүртгэлд тухайн шууданг 2024 оны 05 сарын 05-ны өдрийн 09:00 цагт авсан гэх атлаа 30 минутын дараа буюу 09:30 цагт надад гардуулсан гэх бөгөөд энэ нь ямар ч боломжгүй, мөн миний гарын үсгийг дуурайлган зурсан байгаа нь илт байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

          Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэх тогтоол хэрхэн хүргэгдсэн талаар мэдэхгүй байна. Гэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн тайлбараас сонсоход Өмнөговь аймгийн ******* сумын шуудангаас хүлээн авсан гэдэг зүйлийг хэлж байна. Шүүгчийн туслах хохирогч руу өөрөө холбогдож байж хаягийг нь авсан байх гэж бодож байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

          Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар болон нотлох баримт гаргаагүй болно.

          Хохирогч өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сум руу өөрөө очиж авсан. Гэтэл гомдолд дурдагдаад байгаа ******* сумын шууданд 05 дугаар сарын 05-ны өдөр 09 цагт хүлээж авсан гэсэн тэмдэглэл байдаг. Гардуулж өгсөн тэмдэглэл дээр 30 минутын дараа 05-ны өдрийн 9 цаг 30 минутад дармалаар ******* гээд биччихсэн байдаг. Тэгэхээр хохирогч 05 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан. Тухайн 05 дугаар сарын 05-ны өдөр гардаж авах боломжгүй ажид дээрээ байсан. Мөн шуудангийн тэмдэглэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна гэдэг талаар гомдолдоо бичсэн. Гомдолдоо тухайн шийтгэх тогтоолыг 05 дугаар сарын 05-ны өдөр гардаж аваагүй ажилтай байсан гэдгээ нотлох 2 баримтыг гомдолд хавсаргаж өгсөн байгаа. Энэ нь Өмнөговиос Оюу толгой Ханбогд руу 04 дүгээр сарын 19-ний өдөр яваад 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт ирсэн онгоцны нислэгийн баримт байгаа.

          Тэгэхээр 05 дугаар сарын 13-нд Оюу толгой хувьцаат компани дээр Э.******* ажилтай байсан. Тиймээс 05 дугаар сарын 05-ны өдөр яагаад ч ******* сум дээр энэ шийтгэх тогтоолыг гардаж авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх цаг хугацаанд оролцуулаагүй, эрхийг нь хязгаарлачихсан учраас хурал хийсэн цаг хугацаа, нөхцөл байдлыг огт мэдээгүй. Тэгээд сүүлд эгч нь Э.******* руу залгаад чамд нэг ийм бичиг шуудангаар ирсэн байна. Үүнийгээ хүрч ирж ав гэж 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байдаг. Тэгээд 05 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваад 27-ны өдөр гомдлоо гаргасан нөхцөл байдал байдаг. Тэгэхээр шүүгч та бүхэн энэ хэргийн хүрээнд авагдсан баримтууд хууль бус нөхцөл байдлаар авагдсан, гардуулагдаагүй нөхцөл байдлыг шүүх анхааран үзэж энэ талаарх нотлох баримтаа нотлоогүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шүүгч Даваанаран нь гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож давж заалдах гомдол гаргах хугацааг нь сэргээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Э.******* нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хүсэлтээ илэрхийлж тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан ба анхан шатны шүүх дээрх хүсэлтийг “...Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт: ...хүндээр өвчилсөн, дайчилгаанд хамрагдсан, байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хорио цээрийн дэглэм тогтоосон зэрэг тухайн этгээдээс үл хамаарах шалтгааныг ойлгох ба хохирогчийн хүсэлтэд дурдсан үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, мөн хүсэлт гаргагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 5-т “...хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно” гэсэн үүргээ биелүүлээгүй.” гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            Хохирогч болон түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...хохирогч 05 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан. Тухайн 05 дугаар сарын 05-ны өдөр гардаж авах боломжгүй ажил дээрээ байсан. Өмнөговиос Оюу толгой руу 04 дүгээр сарын 19-ний өдөр яваад 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт ирсэн онгоцны нислэгийн баримт байгаа. Тэгэхээр 05 дугаар сарын 13-нд Оюу толгой хувьцаат компани дээр Э.******* ажилтай байсан. Тэгээд сүүлд эгч нь Э.******* руу залгаад чамд нэг ийм бичиг шуудангаар ирсэн байна. Үүнийгээ хүрч ирж ав гэж 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байдаг. Тэгээд 05 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваад 27-ны өдөр гомдлоо гаргасан” гэжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна гэж заасан ба шуудангаар илгээсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч Э.******* нь 5-р сарын 22-ны өдөр өөрийн эгчээс хүлээж авсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлвэл шүүхийн шийдвэрийг шуудангийн ажилтан хохирогчийн эгчид өгсөн нь дээрх хуульд заасан “хүлээн авах хүнд биечлэн гардуулна” гэсэнтэй нийцэхгүй байгаа төдийгүй хохирогч нь Оюу толгой ХХК-д 14 хоногийн ээлжийн ажилтай байсан нь хуульд заасан бусад хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаас гадна хохирогчоос үл хамаарах шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг шуудангаас биечлэн авч чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт:  Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд хохирогч энэхүү эрхээ эдэлж чадаагүй, хуулиар олгогдсон эрх нь ноцтой зөрчигдсөн үйл баримтын талаар гомдолдоо дурдсаар байхад хохирогчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт зарчимд нийцээгүй байна гэж дүгнэв.

          Иймд хохирогчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай  давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээж, мөн хуулийн 38.3 дугаар зүйлд заасан заасан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийн тухайн шийдвэр гаргасан шүүхэд хүргүүлэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7, 38.2 дугаар зүйлийн 8 дахь дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/164 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогч Э.*******ын давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр шүүгдэгч Н.*******-*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                             Л.УГТАХБАЯР