Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 298

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын

 газрын улсын байцаагч нарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг

                                                     Г.Банзрагч

                                                     Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар акт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06018/227 дугаартай албан шаардлагын “шаардах” нь хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах,

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0361 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С, хариуцагч Б.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан “Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар актаар тогтоосон нийт 128949.7 мянган төгрөгийн төлбөрөөс 42983.2 мянган төгрөгийг хасч багасган, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06-018/227 дугаартай албан шаардлагын шаардах нь: хэсгийн 1 дэх заалтын “... түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг ...” хэсгийг хүчингүй болгож, үлдсэн “... нийт шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг....-ийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0361 дүгээр магадлалаар:  Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.9.13, 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-аас Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 09-06-018/73 дугаар акт, 09-06-018/227 дугаар албан шаардлагын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Л.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-ийн 2-дахь хэсэгт “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байтал мэргэжлийн хяналтын улсын байцаагч, анхан болон давж заалдах шатны шүүхээс “нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл + алданги” гэсэн томьёоллоор ойлгож байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

4. Учир нь тус заалт дахь “... хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл ...” гэж заасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу тухайн сар бүрийн төлбөл зохих шимтгэлийн хугацаа хэтэрсэн хоногийг тодорхойлж алдангийг ногдуулахаар заасантай уялдаатай ойлгогдоно.

5. Тодруулбал, “...шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн...” гэсэн нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн хугацаа хэтэрсэн хоногийг тодорхойлох зайлшгүй шаардлагатайг харуулна. Мөн “...Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэсэн нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхыг тодорхойлсон. Энэ нь 2017 оны 09 дүгээр сарын эцсийн байдлаар 85966,5 мянган төгрөгийн өртэй гэх тооцон түүнээсээ шууд 50 хувиар алданги тооцох биш харин “хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл + түүнд ногдох алданги” гэсэн томьёоллоор тухайн сарын төлөгдөөгүй шимтгэлийг хоног тутмын 0,3 хувийн алдангийг нэмэгдүүлэх замаар тооцох ёстой байсан. Үүгээрээ алдангийг буруу тооцсон гэх биш хуулийг буруу ойлгон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгах ажиллагаагаа буруу явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм. Үүнийг хариуцагч анхан шатны шүүх хурал дээр “.. үүнийг тооцоолсон тооцоолол байхгүй, нийт өрийн дүнгээс 50 хувиар хувилсан...” гэх тайлбараар өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс харахад Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан аргачлалаар тооцоолол хийхэд шаардлагатай хяналт шалгалтын ажиллагааг дутуу явуулсан нь тодорхой байсаар байхад шат шатны шүүх тэрхүү буруу ойлголтоор нь хүлээн зөвшөөрч, хуулийг буруу тайлбарласан.

6. Иймээс шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О 09-06-018/73 дугаар актыг үйлдэхдээ шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг баримтлахгүйгээр алдангийн тооцооллыг хийсэн байдаг.

8. Хуулийг зөв хэрэглээгүй эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсээр атал давж заалдах шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч акт тогтоох эрхтэй гэсэн өнгөцхөн дүгнэлт хийсэн нь шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Ингэхдээ эрх бүхийн албан тушаалтан шалгах ажиллагааг хэрхэн явуулсан, ямар хууль, журмыг баримталсан, шалгалтын материал цуглуулсан эсэх, цуглуулсан материал хуульд нийцсэн талаар ямар нэг дүгнэлт хийсэнгүй.

9. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ хариуцагч Мэргэжлийн хяналтын байцаагч нь нийгмийн даатгалын тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хэрэгжүүлэхдээ ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний санг түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд шимтгэлийг тооцон, алдангийн хамт нөхөн төлүүлэх бүрэн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудаар олгожээ гэсэн зөрчилтэй дүгнэлтийг хийсэн байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэсэн нийтлэг бүрэн эрхийг хэрэглэдэг. Харин тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т  “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухай хяналтын хууль тогтоомжоор тогтооно”  гэж заасан ба дээрх нийтлэг бүрэн эрхийг цааш нарийвчлан зохицуулах эрх зүйн хэм хэмжээ рүү чиглүүлж байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

10. Гэтэл нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилснаас биш Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчлаагүй байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарна үзсэн нь илтэд ойлгомжгүй байна. Үүнээс харахад мэргэжлийн хяналтын улсын байцаагч өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь тодорхой харагдаж байхад шүүхээс нийтлэг бүрэн эрхийг чухалчилж, салбарын хууль тогтоомжийг буруу тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн талаар ямар нэг дүгнэлт хийсэнгүй.

11. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 09-06-018/73 дугаар акт нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримтлан хэрэгжүүлсэн шийдвэр үйл ажиллагаа биш. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх болсон. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 6.15-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын болон Нийгмийн даатгалын улсын байцаагчийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17-д заасан зөрчлийг шалгах эрх бүхий этгээдэд хамруулсан бөгөөд зөрчлийн хэрэг нээх, хуулийн этгээдийн төлөөлөгчийг томилох, хэрэг бүртгэл явуулах, нотлох баримт цуглуулах, оролцогчийн эрх үүргийг танилцуулах, гомдол гаргах эрхээр хангах, хэргийг шийдвэрлэх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж Зөрчлийн тухай хууль хэрэглээгүй хариуцагчийг зөвтгөсөн бол давж заалдах шатны шүүх үүнтэй холбоотой дүгнэлт хийсэнгүй.

12. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

14. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар акт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06018/227 дугаартай албан шаардлагын “шаардах” нь хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд уг актаар “нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, өмнөх шалгалтын мөрөөр хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр 128,949,700 төгрөгийн төлбөр тогтоожээ. Нэхэмжлэгчээс “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар төлбөр тогтоох эрх байхгүй” гэж, хариуцагчаас “Мэргэжлийн хяналтын байцаагч болон нийгмийн даатгалын байцаагчид аль алинд нь хуулиар эрх олгогдсон, давхар хяналт тавих чиг үүрэгтэй” гэж маргажээ.

15. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, энэ маргаан нь нийгмийн даатгал шимтгэл төлөхтэй холбоотой маргаан тул тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэж, шийдвэр гаргах байна.

16. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3-т “Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах эрхтэй” гэж, 26 дугаар зүйлийн 2-ийн 4-т “нийгмийн даатгалын байцаагч нь тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах” гэж зааснаар нийгмийн даатгал шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, төлбөр тогтоох эрх нийгмийн даатгалын улсын байцаагчид олгогдсон байх тул тухайн асуудлаар хяналт шалгалт хийж, төлбөр тогтоох эрх нийгмийн даатгалын байцаагчид олгогдсон байна.

17. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж хяналт шалгалтын үйл ажиллагааны зарчмыг тусгайлан заасан, энэ тохиолдолд нэгэнт тусгайлсан хуулиар нийгмийн даатгалын байцаагчийн чиг үүрэгт хамаарах асуудлаар мэргэжлийн хяналтын байцаагч давхардуулан хяналт шалгалт хийх нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй юм.

18. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т  Мэргэжлийн хяналтын байгууллагын бүрэн эрхийг заахдаа “хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих эрхтэй” гэж зохицуулсан,  ийнхүү тус байгууллагын бүрэн эрхийг тодорхойлохдоо “хуульд заасны дагуу” гэх урьдчилсан нөхцөлийг шаардсан буюу тусгайлсан хуулиар шийдвэр гаргах эрх олгогдсон этгээдийн чиг үүргийг давхар хэрэгжүүлэх эрхийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид олгоогүй тул хариуцагчийн “хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх журмын биелэлтэд хяналт тавих, хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй, Нийгмийн даатгалын хуулиар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхийг хязгаарлаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

19. Анхан шатны шүүхээс “...мэргэжлийн хяналтын байцаагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, шимтгэлийн өрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх эрхтэй боловч хариуцлага тооцож, алданги ногдуулах эрх олгогдоогүй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, хяналт шалгалтыг хийх эрхтэй этгээд нь уг шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох бүрэн эрхтэй, эдгээр ажиллагааг салгах боломжгүй, давж заалдах шатны шүүхээс “...мэргэжлийн хяналтын байцаагчийн бүрэн эрхийг хязгаарлаагүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан “тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хуулийг хэрэглэх” зарчимд нийцэхгүй байна.

20. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0361 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3, 26 дугаар зүйлийн 2-ийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар акт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06018/227 дугаартай албан шаардлагын “шаардах” нь хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХТУЯА 

                      ШҮҮГЧ                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ