Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 855

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Х.З*******, Х.О*******, Х.З******* нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/281 дүгээр захирамжийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, бидний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.З*******, Х.О*******, Х.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нарын эвлэрлийн гэрээнд: “Тус шүүхэд хянагдаж буй Х.З*******, Х.О*******, Х.З******* нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/281 дүгээр захирамжийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийн давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, бидний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага гаргасан. 

Гуравдагч этгээд “Э*******” ХХК маргаан бүхий газрын давхцал бүхий хэсгийг компаний эзэмшил газраас хасч, нэхэмжлэгчид олгоход татгалзах зүйлгүй болохыг бичгээр илэрхийлсэн.

Хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг үндэслэн иргэн Х.О*******, Х.З*******, Х.З*******, “Э*******” ХХК-ийн эзэмших газрын эргэлтийн цэгийг шинэчлэн тогтоож, нэхэмжлэгч нарыг хүсэлтийг хүлээн авч, зохих шийдвэр гаргах тус тус эрх үүрэг хүлээж тохиролцов. 

Энэхүү тохиролцоо нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд талуудын хэн аль нь хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй, энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2  дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нь эвлэрлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулснаар гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй, эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурсан байна. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх бүрэн эрхийг хариуцагч олгосон, гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Төмөрсанаа байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.  

Иймд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Х.З*******, Х.О*******, Х.З******* нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 281 дүгээр захирамжаар “Э*******” ХХК-д эзэмшүүлсэн газраас иргэн Х.З*******, Х.О*******, Х.З******* нарт газар эзэмшүүлэх, ийнхүү эзэмшүүлэхдээ газар дээр нь газрын эргэлтийн цэгийг шинэчлэн тогтоож, газрын хэмжээг тогтоохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ