| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00842/И |
| Дугаар | 103/ШШ2025/00719 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/00719
| 2025 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/00719 | Улаанбаатар хот |
2025 09 09 103/ШШ2025/00719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 00 тоотод байрлах, Хас банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбарын захирал *******
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хас банкны Багануур салбар нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч ******* овогтой Отгонбаяр (000) нь Хас банкнаас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12900094581 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 46,000,000 төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ззэл болон хүүний төлбөрийг төлөлгүй банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.8, 4.10, 6.2 дахь заалтуудыг зөрчиж 12900094581 тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Иймд зээлдэгч ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү. Зээлдэгч Г.Отгонбаяр нь хамгийн сүүлд Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоот түрээсийн хаягт оршин сууж байсан, 2025 оны 6 сард Багануур дүүрэгт ирээд байхад нь уулзсан, тэгэхэд Дорнод аймагт ажил хийж байгаа, удахгүй зээлийн төлбөрөө төлнө гэсэн боловч худал хэлээд одоо утас нь холбогдохгүй болоод байгаа. Эхнэр хүүхдээсээ салсан сурагтай байсан, өөр холбогдох хүн байхгүй гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Багануур дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Г.Отгонбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Хас банк, Г.Отгонбаяр нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0000 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, Хас банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Боржигин овгийн *******гийн Отгонбаяр нь регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны тоотод оршин сууж байсан, дугаарын гар утас эзэмшдэг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигин овгийн *******гийн Отгонбаярыг // эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч Г.Отгонбаяр нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Хас банкны Багануур салбарт анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ