| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0070/Э |
| Дугаар | 00075 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баяраа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00075
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Аймгийн прокурорын газрын хууль цаазын дэд зөвлөх Ц. Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч холбогдох эрүүгийн 1815000940066 дугаартай, 163/2018/0070/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, , 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М.Ч
Холбогдсон хэргийн талаар:
М.Ч нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 03 дугаар сарын 21-ний Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэхороо 12-01 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн эцэг Ц.М зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
1815000940066 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ц.М гийн өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэнэт цус харваж миний зүүн талын биеийн хэсэг мэдээгүй болсон. Үүнээс болж 2 суга таягтай болж тогтмол нэвтэрт байж хүний асаргаа шаардаж байна. 2018 оны 03 дугаар сарын 21-ний орой би гэртээ ганцаараа байж байгаад 20 цагийн орчимд гаднаас миний том хүү болох М.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Би хүү М.Ч хандаж “чи согтуу над дээр ирж хэрэггүй, тэр найз нөхөд дээрээ оч” гэж хэлэхэд миний энэ суга таягийг булааж авч намайг орон дээр минь дарж аваад миний суга таягаар миний толгой, нуруу руу 7-8 удаа маш хүчтэй цохисон. Би хүү М.Ч зодож хэрэггүй гэж гуйхад больсон миний нуруу маш их өвдөж толгой 2 хэсэгт газартаа шалбарсан байсан. Тэгээд уурлаад гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч Ц.Лөгсөн: Манай нөхөр жаахан хурц зантай, хүүгээ согтуу архи уучихаад ирэхээр л уурлаад тэгээд л ийм асуудал үүссэн шиг байгаа юм. Хэрэг болох өдөр би өөрөө байхгүй байсан. Ярихыг нь сонсоход согтуу ороод ирэхээр нь манай нөхөр таягаа тулаад өөдөөс нь очиж тэр 2 маргалдаад л нөгөөх нь таягаараа л цохисон л юм шиг байгаа юм. Гэхдээ нэг их сүйдтэй болж цохиж зодоогүй л болов уу гэж би бодож байгаа юм. Хэрвээ төмөр таягыг хугартал цохьсон бол нилээд л гэмтэл үүсэх байсан байх гэж бодож байна. Өмнө нь таяг нь тахийгаад тэрийг нь нөхөр цементэн дээр цохиж тэгшлээд л уярчихсан хугарах дөхсөн л байсан байх гэж би бодож байна. Миний хүү архи уудаг уучихаараа гэртээ ирэхээр нь өөдөөс яв барь гээд энэ 2 хоорондоо жаахан таарамж муутай л байдаг. Өмнө нь бол зодоон хийж байсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч Ц.А өгсөн: Ц.М нь 2017 оны 02 дугаар сард тархины цус харвалт өгч, зүүн талын саажилт гэсэн оноштойгоор хэвтрийн хүнд өвчтэй гэсэн оноштойгоор манай багийн өрхийн эмнэлэгт эмчийн хяналтанд байдаг. Энэ хүн одоогоор бол таяг тулаад ойр зуур гэртээ, гэрээсээ гарч бие засах мэт явдаг. М.Ч нь 2017 оны 09 дүгээр сард үзүүлж манай өрхийн эмчийн хяналтанд орсон. Үүнээс ясны архаг идээт үрэвсэл өвчиний учир мэс заслын эмчийн хяналтанд байж 50-60%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группт байж байгаад дотрын эмчийн хяналтанд ирээд Булган сумын учир багийн өрхийн эмчийн хяналтнаас группт орсон. Мөн 2018 оны 01 дүгээр сард тархиндаа хөнгөн хэлбэрийн цус харвалт өгсөн. Одоо бол биеийн байдал хэвийн, хэл яриа ухаан санаа нь зүгээр байгаа. 2018 оны 04 сарын эхээр манай эмнэлэг дээр ирж халамжаас таяг хүсэх тодорхойлолт хийлгэж аваад явсан. Одоо бол ясны архаг идээд үрэвсэл өвчиний учир хөдөлмөрийн чадвар алдалт 60%-иар тогтоогдож группт байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Яллагдагчаар М.Ч өгсөн...2018 оны 3 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Тэр өглөө ээж Улаанбаатар хот руу явсан. Тахир дутуу иргэдийн нийгэмлэгийн дарга Сарантай ирж уулзсан. Тэгээд бүс, таяг зэрэг зүйлс авахаар ярилцаж бүрдүүлэх материалыг нь хагас хугас бүрдүүлж гадуур явж байгаад 19 цагийн багцаанд гэртээ харьсан. Тэгээд гэртээ ортол аав М намайг архи уучихсан байна гэхээр нь би архи уугаагүй тухайн үед хөл хорио тогтоочихсон байхад гэсэн надруу таягаа бариад босоод ирэхээр нь намайг зодох гэж байна гэж бодоод таягнаас нь барьж аваад аавыг түлхсэн чинь арагшаа унахдаа хана мөргөж унасан. Тэгээд ар дагз орчимдоо хагарчихсан байх толгойноос нь цус гарсан. Би аавыгаа таягаар цохиж зодоогүй. Түлхэж унагаагаад унахдаа хана мөргөөд л тархи толгой нь хагарсан бол үнэн. Миний буруу байгаа гэх мэдүүлэх /хх-ийн 30 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтэнд: 1. Ц.М гийн биед толгой хуйханд шарх, зүүн чих, хүзүү, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-34 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэхороо 12-01 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн эцэг Ц.М зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Чинбатын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Ч нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Чинбатын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М гийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй болно.
Шүүгдэгч М.Ч ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таягийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгах, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт М гийн Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг таягийг шийтгэх тогтоол хүчинй төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН