Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00080

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Иргэний хариуцагч Э.Цогтсайхан,

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Дистабазарын М т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000400067 дугаартай, 163/2018/0075/э хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Шалган нэвтрэх албаны эрх зүйч мэргэжилтэй, , ар талын хангалтын дарга ажилтай, ам бүл 4, , урьд ял шийтгэлгүй М овогт Д. М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М  нь Булган аймгийн Тэшиг сумын Эрэн багийн “Чулууны ар” гэх газраас  2017 оны 11 дүгээр сард хууль бусаар шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: Манай анги 2017 оны 08-р сард албан хаагчдын 4 айлын орон сууц барьсан. Уг 4 айлын орон сууцыг барьж байгаад мод дутаж 8 дугаар сарын 20-ны өдөр Батхорлоо гэх хүнээс 20 ширхэг мод зээлээр авч байшингаа барьж дуусгасан. Батхорлоо нь 10 дугаар сарын дундуур манай ангиас зээлдүүлсэн модоо нэхэмжилсэн байсан. Тэгэхээр нь би Батхорлоод “модыг модоор” гэж анхнаасаа тохирсон гэж хэлсэн. Дараа нь би Дэлгэрбаяртай 10 дугаар сарын 02-ны өдөр уулзсан. Өмнө нь Дэлгэрбаярынх Эрэн баг “Чулууны ар” гэх газрын тусгайрлалт хийгдсэн талбайтай байсан ба өөрсдөө мод хийдэг байсан. Дэлгэрбаярын 5-н машин модыг хүргэж өгье гэж тохиролцож тэдний талбайгаас 20 ширхэг мод авч Батхорлоогийн 6 метрийн урттай 20 модыг өгсөн ба үлдэгдэл үзүүр дорцовыг анги руугаа татаж түлээнд хэрэглэсэн. Алба хаагч нарыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд мод татах ажлаа дууссан. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгийг тайлбарлавал нэхэмжлэх авч гойжингийн мөнгийг тушааж болох байсан ба уг нь нэхэмжлэхээ авах гэж байсан. Тухайн үед өмнө нь манай ангийн зуны байшин барихдаа хайрга, элс татаж авсан 10 гаран нэхэмжлэх ирсэн. Тэгээд санхүүгийн тасгийн даргад өгсөн байтал санхүүгийн тасгийн дарга тэд нарыг шилжүүлэхэд модны гойжингийн нэхэмжлэл нь ирээгүй байж байгаад он дуусаад он гарсны дараа Дэмбэрэлдаш “танайх гойжингийн мөнгөө хийгээгүй” байна гэж хэлэхэд би тэгвэл “одоо нэхэмжлэлийг авч хийнэ” гэж хэлтэл Дэмбэрэлдаш одоо он гарсан хийх шаардлагагүй гэж хэлсэн. Дараа нь Дэмбэрэлдаш гомдол гаргасан байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.Цогтсайханы өгсөн: Модны экологи эдийн засгийн үнэлгээ 3 дахин үржүүлж төлөх төлбөрийг 7.589.376 төгрөгний төлбөр оногдсон. Манай анги сумын засаг даргатай гэрээ байгуулж 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэхэд байгаль экологид учруулсан хохирлын 7.589.376 төгрөгний оронд ажил хийж өгөхөөр тохирсон. Самбартай сэтик хийж өгөх, сандал, наадмын талбайг завсарлахаар тохиролцсон гэв.

 

1815000400067 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч М.Д өгсөн: Миний хариуцсан багийн нутаг дэвсгэрт буюу Эрээн багийн “Чулууны ар” гэх нэртэй газрын ууланд Шинэс модыг хууль бусаар огтлож тайрч бэлтгэсэн асуудал тогтоогдсон. Уг газар сумын төвөөс баруун хойш 30 гаран км зайтай газарт бэлтгэсэн байсан. Нийт 37 ширхэг мод бэлтгэж авсан байсан. 2017 оны 3 дугаар сард “Ихэр Согоот” ХХКомпани нь тус газарт талбайн тусгаарлалт хийхээр 50м3 газарт талбайн тусгаарлалт хийсэн ба 20м3 газарт талбайн тусгаарлалт хийгээгүй, зөвшөөрөл аваагүй уг талбайд мод бэлтгэсэн байсан. Хилийн цэргийн 0286 дугаар ангийн албан хаагчид уг газарт дураараа орж мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон..., модыг тайрч бэлтгэхдээ мэргэжлийн байгууллагын хөрөөчин 25см-ээс ихгүй тайрч огтлох ёстой ба “Чулууны ар” гэх газарт бэлтгэсэн модыг тайрч бэлтгэсэн байдал нь 25см-ээс дээш тайрч огтолсон байсан. Тэгэхээр мэргэжлийн хөрөөчин бус хувь хүн бэлтгэсэн гэдэг нь харагдаж байна. Уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

...хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагч нар болон Д.М  нь Давааны ар гэх газрын “Чулууны ар” гэдэг газарт мод бэлтгэсэн талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 36 хуудас/,

Иргэний хариуцагч Э.Ц өгсөн: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хилийн цэргийн 0286 дугаар анги хохирлыг бүрэн барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

Гэрч Ч.Э өгсөн: 2017 оны 10 дугаар сард Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагч нар Тэшиг сумын Эрэн багийн нутаг “Чулууны ар” гэх газраас мод тээвэрлэж сумын төвд оруулж ирсэн. Модыг хаана сумын төвд буулгасан эсэхийг мэдэхгүй. Би тухайн үед Чулууны ар гэх газарт арын албанд хоол хийж байсан. Модыг цэргийн ангийн эзэмшлийн “Камк” маркийн цэнхэр өнгийн том оврын машинаар тээвэрлэсэн. Миний мэдэхийн сумын төв рүү 2-3 удаа явсан санагдаж байна..., цагаалчихсан байсан модыг тээвэрлэж байсан..., зөвшөөрөлтэй байсан эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Б.Мн өгсөн: ...яг хэзээ хичнээн хэмжээний мод бэлтэгсэн гэдгийг мэдэхгүй байна. Мод бэлтгэхдээ эрхийн бичиггүй бэлтгэсэн гэдгийг “Ихэр Согоот” ХХК тухайн талбайгаас авах 50м3 хэмээнээсээ 20м3 дутуу авсан байсан. Тэгээд Дэлгэрбаяр гэх хүнээс тодруулахад Хилийн цэргийн 0286 дугаар ангид өгсөн гэж байсан. Тухайн талбайгаас мод бэлтгэх тусгаарлалт хийлгэх, түүний дагуу мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэх байсан. Дээрхи бичиг баримтыг бүрдүүлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч Д.Д өгсөн: 2017 оны 10 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь санахгүй байна. Хилийн цэргийн 0286 дугаар ангийн арын албаны дарга М  мод асуухаар нь манай компаний авах ёстой 20м3 модны тусгаарлалт хийсэн талбай байгаа. Уг модны эрхийн бичгийг нь мөнгийг нь төлж бичүүлээд дараа нь авч болно гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

Гэрч О.Б өгсөн: ...Тэшиг сумын Эрэн багийн Давааны арын “Чулууны ар” гэх газраас 3 удаа нийт 30-40 ширхэг хэрэглээний урт мод ачсан. Уг модыг Тэшиг сумын төвд буулгасан гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуудас/,

Гэрч Ш.Б өгсөн: ...”Чулууны ар” гэх газрын уулнаас бэлтгэсэн байсан хэрэглээний урт модыг “Камк” маркийн автомашинаар тээвэрлэж Тэшиг сумын төвд буулгасан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

Гэрч Х.К өгсөн: 2017 оны 10-11 сарын орчим манай ангийн арын албаны дарга М  гэх хүн намайг “Чулууны ар” гэх газраас бэлтгэж цагаалсан модны үзүүр болон бөгс хэсгийг нь тайраад ачаад ир гэсэн..., тухайн газарт 30 гаран мод бэлтгээд цагаалсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

Гэрч Б.М өгсөн: ...би ууланд ачиж өгч байсан..., 2017 оны 10 дугаар сарын 30-нд намайг манай ажлын арын албаны дарга х/ч М  нь Тэшиг сумын Давааны ар Чулуут гэх газраас 20 ширхэг босоо мод унгаа гэж үүрэг өгсөн. Тэгээд би үүргийн дагуу уг газраас 20 ширхэг босоо шинэс мод унагааж цагаалсан. Дараа нь тайрч машинд ачсан гэх мэдүүлэг/хх-ийн 55-56, 57 хуудас/,

Гэрч Ж.З өгсөн: Би Д 2017 оны 11 сард “Чулууны ар” гэх газарт бэлтгэсэн байсан модноос байшин барихаар 70 ширхэг модыг 3 сая 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг модоо хилийн цэргийн 0286 дугаар ангийн ар талын албаны дарга х/ч М тай ярилцаж сумын төв рүү татуулахаар болсон. Нэг ачилтыг нь 250.000 төгрөгөөр хөлслөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

Гэрч Б.Т өгсөн: ...Биднийг “Чулууны ар” гэх газарт очиход уулын модны хаяанд зөндөө их мод гаргасан байсныг манайхан тайрч сумын төв рүү ачуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

Гэрч Б.М өгсөн: 2017 оны 11 сарын эхээр ангийн захирагч хурандаа Жамсрандорж, ар тал хангалтын дарга хошууч М  нараас бие бүрэлдэхүүнийг жагсааж байгаад мод бэлтгэх үүрэг өгсний “Чулууны ар” гэх газарт мод бэлтгэхээр очсон..., бид нар тэр газарт урьд нь цагаалсан байсан моднуудыг тайрч сумын төв рүү ачуулсан..., дээр нь бид нар 20 ширхэг модыг уулнаас унагаж бэлтгэж, цагаалан мөн сумын төв рүү ачуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

Гэрч Н.У өгсөн: ...бид нарт хошууч М  үүрэг өгөхдөө уулын хаяанд цагаалсан мод байгаа тэр модыг сумын төв рүү ачиж явуулна иргэн Зоригтын мод байгаа юм. Мөн уулнаас 20 ширхэг мод бэлтгээрэй гэж үүрэг чиглэл өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

Гэрч Г.Н өгсөн:...манай ангийн алба хаагчид 2 дугаар заставын наад талаас /Чулууны ар/ унагаагаад цагаалаад гаргасан мод байсныг хэмжээ тавьсаны дагуу дайрч ачиж байсан гэх мэдүүлэг/ хх-ийн 64-65 хуудас/,

Гэрч Б.Б өгсөн: Хилийн цэргийн 0286 дугаар ангийн ар талын албаны дарга М  гэх хүнтэй 2017 оны 8 дугаар сард 21 ширхэг 6 метрийн урттай гуалингийн наймаа хийсэн. Тухайн үед М  надад мөнгийг өгч магадгүй эсвэл модоор нь өгнө гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард надад 21 ширхэг 6 метрийн урттай модыг буцааж өгсөн. Уг мод нь дөнгөж бэлтгэсэн байдалтай ямар нэгэн хуучин бэлтгэсэн шинжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

Гэрч Ю.Т өгсөн: ...Юмз-6 маркийн шар алаг өнгөтэй ХЦ 77-51 улсын дугаартай трактороор ууланд гарсан..., модтой уулын ард намайг очиход уулын ар модон дотор 20 ширхэг шинэс мод унагаасан байсныг би трактороор цагаалсан модны хаяанд чирч гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,

Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 хуудас/ ,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18, 21-23 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 24-25 хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 хуудас/,

Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 79, 96 хуудас/,

Нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-ийн 81, 98 хуудас/,

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-91 хуудас/,

Ял шалгах хуудас /хх-ийн 108 хуудас/,

Эвлэрлэлийн гэрээ /хх-ийн 151-155 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М  нь Хилийн цэргийн 0286 дугаар ангид Захирагчийн орлогч, ар тал, хангалтын даргаар ажиллаж байхдаа алба хаагч нартаа “мод бэлтгэх” үүрэг өгч 2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Тэшиг сумын Эрэн баг “Чулууны ар” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 7.589.376 төгрөгний хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын....Дэлгэрбаярын 5-н машин модыг хүргэж өгье тохиролцож тэдний талбайгаас 20 ширхэг мод авч Батхорлоогийн 6 метрийн урттай 20 ширхэг модыг өгсөн ба үлдэгдэл үзүүр дорцовыг анги руугаа татаж түлээнд хэрэглэсэн...,санхүүгийн тасгийн дарга тэд нарыг шилжүүлэхэд модны гойжингийн нэхэмжлэл нь ирээгүй байж байгаад он дууссан. Он гарсны дараа Дэмбэрэлдаш танайх гойжингийн мөнгөө хийгээгүй байна гэж хэлэхэд би тэгвэл “одоо нэхэмжлэлийг авч хийнэ” гэж хэлтэл Дэмбэрэлдаш одоо он гарсан хийх шаардлагагүй гэж хэлсэн...гэх, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.Цогтсайханы...манай анги байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулна гэх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Дэмбэрэлдашийн....Хилийн цэргийн 0286 дугаар ангийн албан хаагчид уг газарт дураараа орж мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон..., уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх, иргэний хариуцагч Э.Цогтсайханы...хилийн цэргийн 0286 дугаар анги хохирлыг бүрэн барагдуулна гэх, гэрч Ч.Энхбатын...Эрэн багийн нутаг “Чулууны ар” гэх газраас мод тээвэрлэж сумын төвд оруулж ирсэн...цэргийн ангийн эзэмшлийн “Камк” маркийн цэнхэр өнгийн том оврын машинаар тээвэрлэсэн гэх, гэрч Б.Мөнхтөрын... Дэлгэрбаяр гэх хүнээс тодруулахад Хилийн цэргийн 0286 дугаар ангид өгсөн гэж байсан..., тухайн талбайгаас мод бэлтгэх тусгаарлалт хийлгэх, түүний дагуу мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэх байсан..., дээрхи бичиг баримтыг бүрдүүлээгүй гэх, гэрч Д.Дэлгэрбаярын...манай компаний авах ёстой 20м3 модны тусгаарлалт хийсэн талбай байгаа..., уг модны эрхийн бичгийг нь мөнгийг нь төлж бичүүлээд дараа нь авч болно гэж хэлж байсан гэх, гэрч О.Батбаярын...“Чулууны ар” гэх газраас 3 удаа нийт 30-40 ширхэг хэрэглээний урт мод ачсан гэх, гэрч Ш.Баттулгын...”Чулууны ар” гэх газрын уулнаас бэлтгэсэн байсан хэрэглээний урт модыг “Камк” маркийн автомашинаар тээвэрлэж Тэшиг сумын төвд буулгасан гэх, гэрч Х.Кадирбекын...“Чулууны ар” гэх газраас бэлтгэж цагаалсан модны үзүүр болон бөгс хэсгийг нь тайраад ачаад ир гэсэн гэх, гэрч Б.Мэргэнбатын...би үүргийн дагуу уг газраас 20 ширхэг босоо шинэс мод унагааж цагаалсан..., тайрч машинд ачсан гэх, гэрч Ж.Зоригтбаатарын...байшин барихаар 70 ширхэг модыг 3 сая 600.000 төгрөгөөр худалдаж авсан..., уг модоо хилийн цэргийн 0286 дугаар ангийн ар талын албаны дарга х/ч М тай ярилцаж сумын төв рүү татуулахаар болсон гэх, гэрч Б.Тулгын... “Чулууны ар” гэх газарт очиход уулын модны хаяанд зөндөө их мод гаргасан байсныг манайхан тайрч сумын төв рүү ачуулсан гэх, гэрч Б.Мягмарсүрэнгийн...мод бэлтгэх үүрэг өгсний Чулууны ар гэх газарт мод бэлтгэхээр очсон..., бид нар тэр газарт урьд нь цагаалсан байсан моднуудыг тайрч сумын төв рүү ачуулсан..., дээр нь бид нар 20 ширхэг модыг уулнаас унагаж бэлтгэж, цагаалан мөн сумын төв рүү ачуулсан гэх, гэрч Н.Ууганбаярын...бид нарт хошууч М  үүрэг өгөхдөө уулын хаяанд цагаалсан мод байгаа тэр модыг сумын төв рүү ачиж явуулна иргэн Зоригтын мод байгаа юм. Мөн уулнаас 20 ширхэг мод бэлтгээрэй гэж үүрэг чиглэл өгсөн гэх, гэрч Г.Н...унагаагаад цагаалаад гаргасан мод байсныг хэмжээ тавьсаны дагуу дайрч ачиж байсан гэх, гэрч Б.Б...2017 оны 8 дугаар сард 21 ширхэг 6 метрийн урттай гуалингийн наймаа хийсэн..., тухайн үед М  надад мөнгийг өгч магадгүй эсвэл модоор нь өгнө гэж хэлсэн...,  2017 оны 11 дүгээр сард надад 21 ширхэг 6 метрийн урттай модыг буцааж өгсөн..., уг мод нь дөнгөж бэлтгэсэн байдалтай ямар нэгэн хуучин бэлтгэсэн шинжгүй байсан гэх, гэрч Ю.Төгсбаярын...Юмз-6 маркийн шар алаг өнгөтэй ХЦ 77-51 улсын дугаартай трактороор ууланд гарсан..., модтой уулын ард намайг очиход уулын ар модон дотор 20 ширхэг шинэс мод унагаасан байсныг би трактороор цагаалсан модны хаяанд чирч гаргасан гэх мэдүүлэгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 /, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18, 21-23/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 24-25/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/, экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 79, 96/, нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх-ийн 81, 98/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-91/, ял шалгах хуудас /хх-ийн 108/, эвлэрлэлийн гэрээ /хх-ийн 151-155/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М  нь Хилийн цэргийн 0286 дугаар ангид Захирагчийн орлогч, ар тал, хангалтын даргаар ажиллаж байхдаа алба хаагч нартаа “мод бэлтгэх” үүрэг өгч хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлүүлсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид  2.529.792 төгрөгийн шууд хохирол учирч,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 7.589.376 төгрөгний хохирол учруулжээ.  

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар...ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцана” гэж зааснаар уг гэмт хэргийн улмаас учруулсан 7.589.376 төгрөгний хохирлыг иргэний хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0286 дугаар ангиас гаргуулж хохирогч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогчийг төлөөлж Булган аймгийн Тэшиг сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.М тай байгуулласан “Эвлэрлэлийн” гэрээгээр нотлогдож байна.  

Шүүгдэгч Д.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгчид нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 13-46 ХЦА улсын дугаартай цэнхэр өнгийн “CAMC” маркийн тээврийн хэрэгсэл, 77-51 ХЦ улсын дугаартай улаан өнгийн “Юмз-6” маркийн тракторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус бүрийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус даалгаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д. М ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д. М ыг 01 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч Д.М т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дах хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М  шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.  

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Хилийн цэргийн 0286 дугаар ангиас байгаль экологид учруулсан 7.589.376 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

            7. Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 13-46 ХЦА улсын дугаартай цэнхэр өнгийн “CAMC” маркийн тээврийн хэрэгсэл, 77-51 ХЦ улсын дугаартай улаан өнгийн “Юмз-6” маркийн тракторыг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус даалгасугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН