Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

А.С- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С-, М.Х- нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч М.Х-, шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран, шүүгдэгч М.Х-ийн өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч М.Х-, А.С-, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч А.Ахмерей нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **  хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн *** сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт М-ийн Х-, /РД:**********/.

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****,  *** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **** хамт Баян-Өлгий аймгийн **** сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Ш овогт А-ын С- /РД:**********/.

 

3. Шүүгдэгч М.Х-, А.С- нар бүлэглэж, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Баян- Өлгий аймгийн Алтанцөгц сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх хад” гэх газарт хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

4. Прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний  өдрийн 259/а дугаар яллах дүгнэлтээр М.Х-, А.С- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн  2024/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Т овогт М-ийн Х-, Ш овогт А-ын С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Х-, А.С- нарын тус бүрд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-, А.С- нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч М.Х-ийн  давж заалдах гомдлын агуулга:  

6.1. А.С- нь надтай манай гэрийн ойролцоо, Ховд голын эрэгт модон дотор 2 шил архийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой хувааж уугаад голоор гатлан цаад эрэг рүү гарахад дөнгөж 19 цаг дөхөж байсан бөгөөд харанхуй болоогүй байв. Би А.С-ыг гол гатлаад цаад эрэгт гарсныг нь хараад шууд гэртээ харьсан. Намайг А.С-тай хамт Ховд голын цаад эрэгт 19:00 цагаас хойш байсныг гэрчилсэн хүн байхгүй, үлдээсэн мөргүй, ямар нэгэн видео камерын бичлэгт бичигдээгүй, хохирогч нар харж үзээгүй, цагдаа нь нотлоогүй байхад анхан шатны шүүх нь ямар ч нотолсон зүйлгүйгээр намайг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.

6.2. Шүүгчээс шүүх хурал дээр надад: “Чи А.С-тай хамт архи уусан болохоор чи хулгай хийсэн болж байна. Шүүх тэгж үзэж байна” гэж ялласан.

6.3. Хавтаст хэрэгт намайг хулгай хийснийг нотолсон, тогтоосон ганц ч баримт алга. Эрхэм шүүх бүрэлдэхүүн хэргийг уншиж судалж тийм нотлох баримтыг олж танилцаж байвал намайг давхар яллана уу. 

6.4. Хохирогч “С- нь “Х- хулгайлсан” гэж хэлсэн” гэж гүтгэсэн ганц үгийг шүүх нотлох баримт болгосон.

6.5. А.С- нь 19:00 цагийн үед гол гатлаад явсан хохирогчийн гэр хүртэл 1.5 км орчим зайтай байх. Тэгээд шөнө 00:00 цагийн үед А.С- хохирогчийн хотонд байхдаа баригдсан бол бүтэн 5 цаг хаана байсан нь тогтоогдсон байх ёстой. Энэ 5 цагийн хугацаанд С- нь бас өөр айлд очсон байж таарна. Мөн С- нь өөр хүмүүстэй хамтарч хохирогчийн хотонд очсон байж яагаад болохгүй гэж. Заавал хамт архи  уусан гэж намайг хиймлээр хардаж ялласанд гомдолтой байна. Намайг цагаатгаж өгнө үү. 

 

7. Шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд:

7.1. Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр халдашгүй байх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 9 дүгээр зүйлийн 1-т “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, мөн зүйлийн 2-т “...буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ” гэж, мөн пактын 14 дүгээр зүйлийн 3-т “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй”, (д)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй" гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “...өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж тус тус заажээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл. хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 1-т “...мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна” гэжээ.

Хохирогч Ц.Б- 2023 оны 10 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордож зугтаж байсан ...тухайн үед зугтаж явсан хүний зүс царайг нь сайн харж чадаагүй” гэж,

мөн хохирогч Ц.Б- 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...хулгайлж байгаад баригдсан ...тухайн үед би С-ыг үйлдэл дээр нь барьчихсан ...тухайн үеэс харанхуй байсан болохоор өнгө зүс сайн мэдэхгүй байна, гэхдээ хэрэг болсон газраас морь унаад зугтсан иргэн нь бараан зүсний морьтой байсан бөгөөд биерхүү залуу хүн байсан" гэж,

мөн хохирогч Ц.Б- 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...хамт явсан гэх хүнийг би таньж чадаагүй. Намайг очих үед мориндоо мордоод цааш зугтаачихсан юмаа” гэж,

гэрч З.У- 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордсон зугтаж байхыг харсан ..тухайн үед зугтаж явсан хүний зүс царайг нь сайн харж чадаагүй” гэж,

насанд хүрээгүй гэрч Б.М- 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...бас нэг морьтой хүн цаашаа давхиад зугтаж явж байсныг харсан ...тухайн үед зугтаж явсан хүний зүс царайг нь сайн харж чадаагүй” гэж,

яллагдагч М.Х- 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...би С-ыг тухайн архи ууж байсан газарт орхичхоод гэр рүүгээ харьсан юм ...гэртээ ирэхэд манай эхнэр унтаагүй байсан. ..С-тай би ахиж тааралдаж уулзалдаагүй" гэж,

яллагдагч А.С- 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...тэр үед би маш их согтсон байсан болохоор Х- намайг тэр газар орхиод явсан ...би өөрөө нэлээд согтсон байсан тул зарим үйл явдлыг санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Б-ын гэрт байсан бөгөөд Б- намайг чи миний хотноос ямаа хулгайлж байгаад баригдсан биз дээ одоо сумаас цагдаа дуудсан байгаа болохоор хүлээж бай гэж хэлсэн ...би согтоод явахгүй болохоор Х- тухайн газар орхиод явсан гэсэн, би тэр үеийг сайн санахгүй байна” гэжээ.

7.2. Үйлчлүүлэгч А.С- мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ М.Х-ийг гэмт хэрэгт хамтран оролцон буюу байлцсан хэмээн хэлж мэдүүлээгүй, харин ч А.С- прокурорын санал дүгнэлтийг үгүйсгэж тухайн үед М.Х- байгаагүй гэсэн агуулгатай тайлбар мэдүүлэг өгч байсан.

Үүнээс дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүгдэгч М.Х-, А.С- нарыг бүлэглэж хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлахыг завдсан, эсхүл хулгайлсан гэсэн прокурорын яллах дүгнэлт бөгөөд шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

7.3. Түүнчлэн шүүгдэгч М.Х-, А.С- нарыг бүлэглэж хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлахыг завдсан, эсхүл хулгайлсан гэсэн үйлдэл холбогдол нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Мал, амьтанд үзлэг хийх ажиллагаанд хавсаргах зураг, хэрэг учралын газрын схем зураг, хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна

7.4. Мөн түүнчлэн ХХ-ийн 4-р талд авагдсан нотлох баримт 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тус хэрэгт нэгдмэл сонирхолтой Алтанцөгц сумын цагдаагийн алба хаагч Э.Гантөмөр нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь хуульд нийцсэнгүй. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн алба хаагч нар хөндлөнгийн гэрчээр оролцсоныг хохирогч Ц.Б- шүүх хуралдаанд мэдүүлж баталсан болно.

7.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна” гэж, мөн хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.Х-т өөрийн гэсэн мал хөрөнгө байдаг эсэх, мал тооллоготой холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй атал мөрдөгчөөс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Адуунд үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед алх тамгатай хар хээр зүсний морийг М.Х- 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үед ашигласан мэтээр үзсэн нь учир дутагдалтай байна.

7.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Гэтэл шүүхээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсний дараа, ялангуяа 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаан хойшлогдсоны дараа хяналтын прокуророос 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт оруулж, улмаар мөн өдөр 259/а дугаартай яллах дүгнэлт үйлдсэн, эдгээр хуульд нийцээгүй буюу зөрчилтэй тогтоол болон дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч М.Х-, А.С- нарыг бүлэглэж хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлсан гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

7.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

8. Шүүгдэгч М.Х-ийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах  гомдолд:

8.1. Хэрэг шалгагдаж эхэлсэн анхны үед мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор Х.Өрен нарт өмгөөлөгч С.Алтай би бичгээр олон удаа бичиж биечлэн зөндөө очиж дараах хүсэлтүүдийг гаргаж байсан. Хэрэг дотор байгаа тул үзнэ үү. Үүнд:

8.2. “М.Х- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны орой гэртээ байсан уу? Байсан бол хэдээс хэдэн цагийн үед, гадагшаа өөр газар руу явсан уу?” зэрэг тэр орой М.Х- хаана байсныг буюу түүний маршрутыг гэр бүлийн хүмүүсээс нь асууж тогтоож өгнө үү?” гэсэн. Гэтэл мөрдөгч нь хөдөө М.Х-ийн гэрт очоод эхнэр хүүхдүүдтэй нь уулзсан боловч мэдүүлэг аваагүй. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж товчилж бичих тул анхаарч уншина уу?/ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, мөн 2 дугаар хэсэгт заасан заалтуудыг шалгалгүй, хуулийг ноцтой зөрчиж иргэнийг зөвхөн яллах байдлаар шалгасныг хяналт тавьсан прокурор нь анхаарч засаж залруулаагүй, шалгуулаагүй/

Уг заалтад: “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн байдаг. Гэтэл М.Х-ийг мөрдөгч, хяналт тавьсан прокурор, цаашлаад улмаар шүүгч нь "Х- нь А.С-тай хамтарч архи уусан. Тэгэхлээр тэр хамт хулгайлалцсан байж таарна” гэж иргэн М.Х-ийг хилсээр, хиймлээр /логикоор/ хардаж сэрдэж шалгасан ба шүүх нь “М.Х-тэй хамт архи уусан. А.Сайлаубек нь өөр хүнтэй дараа нь уулзаагүй тул энэ хоёр бүлэглэж хулгайлснаас зайлахгүй!” гэж хардаж иргэнийг хэлмэгдүүлэн ялласан. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... дугаар зүйлийн ..... д заасан "хиймлээр хардаж, сэжиглэх байдлаар ял шийтгэхийг хориглох!” заалтыг ноцтой зөрчсөн явдал гэж үзэхээр байна.

8.3. Дээрх хуулийн мөн заалтын 1.7-ын 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах.....нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байтал мөрдөгч, прокурор нь аль аль нь шүүгдэгчийг цагаатгах, хөнгөрүүлэх талаас нь шалгаагүй ба гэрт нь очсон байхдаа М.Х-ийн эхнэр насанд хүрсэн хүүхдүүдийг огт асуугаагүй нь энэ хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

8.4. М.Х- нь “харуй бүрий болсон үе буюу 19 цагийн орчимд А.С- гол гатлаад цаад эрэг дээр гарахад би ойролцоо байдаг гэртээ харьсан!” гэдгийг мэдүүлэгтээ болон шүүх хуралд хэлсэн. Тэгээд гэрээс гараагүй гэдэг.

8.5. М.Х-ийн гэртээ очсоныг, эсвэл очоогүй, гэрээсээ буцаад гарч явсныг, мөн шөнө дунд ирснийг эсвэл гэртээ орой шөнө гэр бүлтэйгээ байж амарсныг ер нь хаана байсан тухай маршрутыг зайлшгүй тогтоогоогүй. Тогтоогоогүй байхад шүүх нь М.Х-т хилсээр ял оноож шийтгэсэн. Тодруулбал: Шүүгч нь шүүх хурал дуусахад “А.С- М.Х- нар нь хамтарч архи уусан. Тэр орой А.С нь өөр хүнтэй уулзаагүй байдаг. Тийм болохоор М.Х- нь буруутай гэж үзэв” гэж хэлсэн. Энэ нь “Үндсэн хуулийг болон бусад хуулийг” ноцтой зөрчиж иргэнийг хохироосон гэж үзэж байна.  A.С-ыг тэр орой өөр хүнтэй уулзаагүйг шүүх яаж баттай мэдсэн нь хачирхалтай.

8.6. М.Х-, А.Сайлаубек нар 19:00 цагийн үед голын цаад, наад тал болж хоёр салсны дараа дараагийн өдөрт шилжих шөнө нь 00:00 цагт А.С нь хохирогч Ц.Б-ын 1.4 км зайтай хашаа, хотонд очтол бүтэн 5-6 цаг хооронд хаана байсан тухай түүний маршрут нь тогтоогдоогүй. Тодруулбал: А.С нь бүтэн 5-6 цагийн хооронд өөр голын цаад тал дахь олон айлуудад очсон, бусадтай бүлэглэж Ц.Б-ынд очиж мал хулгайлах гэсэн эсэх нь эсвэл ганцаараа байсан зэргийг шалгаж тогтоогдоогүй байхад шүүх “А.С- нь М.Х-ээс өөр хүнтэй уулзаагүй. Зөвхөн тэд л хамтарч архи уусан. Тэгэхлээр тэд л хамтарч хулгайлсан байх” гэсэн логик таамагт итгэж /шүүгчийн итгэл үнэмшил болгон/ М.Х-ийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн гэж үзэж байна.

8.7. Шүүгч нь шийтгэх тогтоолын үндэслэх болон дүгнэх хэсэгт “гэрч тэрний мэдүүлэг, морины им тамга, малын тоо, им тэмдэг, өнгө зүс, бусад байдлаар М.Х- нь А.С-тай бүлэглэж мал хулгайлсан нь нотлогдож байна” гэж бичжээ. Харамсалтай нь тэдгээр үнэлсэн нотлох баримтуудад “М.Х- бүлэглэж мал хулгайлсан” талаар нотлогдоогүй тогтоогдоогүй байна. Энэ үндэслэл, дүгнэлт гэх хэсгүүдийг уншиж танилцаж үзнэ үү. Түүнд М.Х- бүлэглэж мал хулгайлсан гэх нотлогдсон тогтоогдсон зүйл байхгүй байгаа. "Мал хулгайлагдсан” гэж А.С- баригдсан өдрийн өглөө нь цагдаагийн хэсгийн төлөөлөгч ирж түүнээс анх мэдүүлэг авахад А.С- нь “Би М.Х-тэй хамт архи уусан гэсэн болохоос хамт хулгай хийсэн” гэж хэлээгүй. Гэтэл А.С- Цагдаагийн дэргэд М.Х-тэй хамт хулгай хийсэн мэтээр ярьсан гэж хохирогч хэлсэн гэдэг үг байдаг ч тэр ярьсныг цагдаагийн албан тушаалтан батлаагүй байна. Тэгэхлээр тэр яриа бол хохирогчийн санаанаас зохиосон гүтгэлэг.

8.8. Мөн хохирогч нь мэдүүлэхдээ “Нэг хүн хотон дотор /хашаа/ ганцаараа ямаануудыг нэг нэгээр барьж буланд аваачиж байсан. Би нэг хэсэг хараад зогсож байсан. Тэгээд манай авгайн “яасан бэ” гэсэн дууг тэр хүн сонсоод зугтах гэхэд би очоод барьсан гэдэг. Тэгэхлээр хулгайч гэх буюу А.С- ганцаараа хашаан дотор явж байсныг хохирогч өөрөө нотолж байна. Мөн шүүх хуралд ч миний асуултад “Би нэлээд хэсэг тэр хүнийг ажигласан. Хажууд нь хүн байсан нь анзаарагдаагүй. Тэр хүн ганцаараа ямаануудыг барьж байсан” гэж дахин хэлсэн. Мөн түүнээс гадна “Нэг бараан морьтой хүн зугтсан. морины им тамга, хүний хувцсыг олж харсангүй” гэж хохирогч мэдүүлсэн байхад шүүх прокурор нь М.Х-ийн хар морийг хулгайд хамаатай гэж им тамгаар нь бичиж битүүмжилсэн байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байдал гэж үзэж байна.

8.9. Иймд М.Х-ийг энэ хэргээс цагаатгаж өгнө үү. 

 

9. Шүүгдэгч М.Х-ийн өмгөөлөгч С.Нургайыпын  давж заалдах гомдолд:

9.1. Шүүгдэгч М.Х-ийн өмгөөлөгч С.Нургайып миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын М.Х-т холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

9.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1.-т “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ.”, 2.-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, З.-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасан юм. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-ын удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч З.У-, гэрч Б.М- нарын мэдүүлэг болон яллагдагч М.Х-, яллагдагч А.С- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар М.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй.

9.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. М.Х- нь А.С-тай хамт архи уусан гэх үндэслэлээр түүнийг гэм буруутайд тооцож болохгүй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ гарч байгаа юм.

9.4. Мөн яллагдагч М.Х- нь А.С-ыг хохирогч Ц.Б-ын малыг хулгайлсан гэх цаг хугацаанд гэртээ байсныг түүний эхнэр хүүхдүүд нь нотлох юм. Үүнээс гадна таньж олуулах ажиллагаа хийж тухайн үед хамт явсан гэх хүнийг олох мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байсан.

9.5. Яллагдагч А.С- 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...тэр үед би маш их согтсон байсан болохоор Х- намайг тэр газар орхиод явсан ...би өөрөө нэлээд согтсон байсан тул зарим үйл явдлыг санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Б-ын гэрт байсан бөгөөд Б- намайг чи миний хотноос ямаа хулгайлж байгаад баригдсан биз дээ одоо сумаас цагдаа дуудсан байгаа болохоор хүлээж бай гэж хэлсэн ...би согтоод явахгүй болохоор Х- тухайн газар орхиод явсан гэсэн, би тэр үеийг сайн санахгүй байна” гэх яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг нөхөн хийх шаардлагатай байна. Учир нь А.С- М.Х- нар хаанаас салж явсан, хохирогч Ц.Б-ын хотны ойролцоо эсэх, өөр газраас салсан эсэхийг тодруулснаар тус хэрэгт М.Х-ийн үйлдэл холбогдлыг нотлон тогтоох, өөр хүнийг тус хэрэгт холбоотой эсэхийг шалгах шаардлагатай байна.

9.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын М.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

10.1. Шүүгдэгч М.Х-ийн өмгөөлөгч С.Алтайн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргая. Өмгөөлөгч С.Алтайн “М.Х-ийн хамт архи уусан” гэх үндэслэлээр яллагдсан гэж байна. М.Х-, А.С-тай хамт байсан нь үнэн,  хамт архи уусан. Тухайн үед хоёр хүн байсан гэдгийг гэрч, хохирогч нар хүртэл мэдүүлж байсан. Мөн М.Х-, А.С- нар хамт явж байсан гэдгийг хөндлөнгийн хүнд ярьж байсан С.Алтай өмгөөлөгч М.Х-ийн эхнэрээс  нь мэдүүлэг аваагүй гэж ярьж байна. Гэрч гэдэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлдэг. М.Х-ийн эхнэр нь гэртээ ирж хоносон гэж хэлсэн. Энэ  нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал биш. Прокурорын хувьд М.Х-ийн эхнэрээс мэдүүлэг авах шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан.

10.2. М.Х-ийн өмгөөлөгч С.Нургайып энэ хэрэг Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг гэж хэлж байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мал хулгайлах гэмт хэрэг  гэдэг тусдаа бие даасан гэмт хэрэгт байгаа. Шүүгдэгч М.Х-ийг цагаатгах  талаар нотлох баримт байхгүй гэж үзэж байна.

10.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл заасны дагуу яллах болон цагаатгах талаар бүхий нотлох баримтуудыг мөрдөгч нь хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн. Гэтэл цагаатгах талаар нотлох баримт гарч ирээгүй байна. А.С-ы хувьд “би согтуу байсан, тухайн үед болсон үйл явдлыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Мөн А.С- нь үйлдэл дээрээ баригдсан. Маргааш нь хохирогч нарт очиж уучлалт гуйсан талаар гэрч хохирогч нар мэдүүлсэн байгаа.

10.4.Гэрч хохирогч бүгд хамаарал бүхий хүмүүс байгаа, мэдүүлгүүд нь ижилхэн байна гэсэн зүйл яриад байна. Тэд нарын үзэж харсан зүйлд нэг үйл баримт учраас үзэж харсан зүйлийн талаар мэдүүлэг өгдөг. Гэр бүлийн тухай хуульд зааснаар бүгдээрээ хохирогч болох ёстой асуудлын талаар яриад байна. Мал тооллогын бичиг дээр Б-ын нэр дээр мал байгаа. Б-ыг хохирогчоор тогтоож, мэдүүлгийг авсан байгаа. А.Серикжан өмгөөлөгчийн яриад байгаа 5 ямаа байсан юм уу, 8 ямаа байсан юм уу? ямаа үсрээд орсон биш үү гээд байгаа. Гэрчийн мэдүүлэг дээр тодорхой дурдсан байгаа. Ямаа өөр хашаа руу орох ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Бид нар бүх хашаануудыг битүүлсэн байгаа. Бид унтаж амрах гээд байхад малын дуу чимээ гараад очиж харсан чинь хашаан дотор хүн явж байсан гэж мэдүүлсэн.

10.5. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан хугацаанд  хийгдээгүй гэдгийг яриад байна. Мөрдөн шалгах ажиллагааг танилцуулахад хугацаа хожимдсон боловч яллах дүгнэлт хугацаандаа үйлдэгдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломжтой.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчөөгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой байсан.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Х-, шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран, шүүгдэгч М.Х-ийн өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн М.Х-, А.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

12. Шүүгдэгч М.Х-, А.С- нар бүлэглэж, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Баян- Өлгий аймгийн Алтанцөгц сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх хад” гэх газарт хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 259 дүгээр яллах дүгнэлтээр М.Х-, А.С- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.  

 

13. Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/79 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон М.Х-, А.С- нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай хэргийг хэлэлцэхийг нэг удаа буюу 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.  Уг захирамжид нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээ “Хохирогч Ц.Б-ын хашаа хорооноос 8 тооны ямаа мал хулгайлахыг завдсан гэх хэрэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм  буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд  нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийг яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулан шалгах нь зүйтэй” гэжээ.

 

14. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 4 дүгээр сарын 04-ний  өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн өдрийн 259/а яллах дүгнэлтээр:

“1. Яллагдагч М.Х- нь яллагдагч А.С-тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар /Улаан харгана/ багийн нутаг дэвсгэр “Хөх хад” гэх газарт хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлж, олон тооны мал хулгайлсан,

Яллагдагч А.С- нь яллагдагч М.Х-тэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар /Улаан харгана/ багийн нутаг дэвсгэр “Хөх хад” гэх газарт хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлж, олон тооны мал хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай.

2. Яллагдагч М.Х-, А.С- нарт холбогдох 2313003680356 дугаартай эрүүгийн хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.” гэжээ.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж хуульчилсан.   

Гэтэл хяналтын прокуророос  2024 оны 4 дүгээр сарын 04-ний  өдрийн өдрийн 259/а дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч М.Х-, А.С- нарт холбогдох хэргийг зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн боловч шүүгдэгч нараас дахин мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

16. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 259 дүгээр яллах дүгнэлтээр М.Х-, А.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн бол 2024 оны 4 дүгээр сарын 04-ний  өдрийн өдрийн 259/а дугаар яллах дүгнэлтээр түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар буюу өмнө гэмт хэрэг үйлдэхээр завдсанаар зүйлчилснийг хасаж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг төгссөнөөр зүйлчилсэн нь мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг харгалзаж үзвэл, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн байна” гэж үзэхээр байна.

 

17. Гэтэл анхан шатны шүүх прокурорын удаах яллах дүгнэлтээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг заасан яллагдагчийн эрх хангагдсан эсэхийг анхаарч үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй байна гэж үзнэ.

 

18. Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүний агуулгад нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хангаж ажиллах үүрэгтэй болно.

19. Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах” эрхийг нь хангах үүднээс шүүгдэгч А.С-ы өмгөөлөгч А.Серикжаны “2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаан хойшлогдсоны дараа хяналтын прокуророос 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт оруулж, улмаар мөн өдөр 259/а дугаартай яллах дүгнэлт үйлдсэн, эдгээр хуульд нийцээгүй буюу зөрчилтэй тогтоол болон дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч М.Х-, А.С- нарыг бүлэглэж хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлсан гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, … шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангана гэж дүгнэв.

 

20. Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул М.Х- болон түүний өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып нарын гаргасан “М.Х-ийг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдолд урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

21. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шүүгдэгч М.Х-, А.С- нарт тус шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.С-ы өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Шүүгдэгч М.Х-, А.С- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ