Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
Хэргийн индекс | 141/2019/00323/И |
Дугаар | 205/МА2020/00007 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 205/МА2020/00007
Ж.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр
Шүүгчид: Б.Намхайдорж, Ж.Баттогтох
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
/Тосонцэнгэл сумаас онлайнаар/: Г.*******а
Прокурор: Н.*******
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 317 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний эцэг Т.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд малчин хүн байсан бөгөөд цуурхсан хэргээр 1953 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Завхан аймгийн шүүхийн 30 дугаар тогтоолоор 10 жилийн хорих ял оногдуулж 3 жилийн ялыг биечлэн эдэлсэн юм. Тэгээд БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоолоор миний эцгийг цагаатгасан юм. Миний бие Т.*******ийн төрсөн охин *******үү гэдэг хүний хүүхэд бөгөөд гал дээр гарсан зээ гэж намайг өргөж авсан юм. Тэгээд өөрийн үрчлэгдэж байснаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шүүхийн шийдвэрээр Т.*******ийн үрчлэгдсэн охин мөн болохыг тогтоолгосон юм. Миний бие холбогдох баримтуудыг Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдох баримтуудаа явуулсан бөгөөд тус комиссоос намайг нэхэмжлэгчээр бүртгэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зууны мэдээ сонины дугаар 202 /6169/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхэд хэсгийн 89 дугаарт зарласан болно гэсэн хариуг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 689 тоот албан бичгээр ирүүлсэн. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд олгох цагаатгалын нөхөн олговор болох 40 сая төгрөгийг *******ийн ******* надад олгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
Хэлмэгдэгч Т.*******эд Завхан аймгийн шүүхийн 1953 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар тогтоолоор 10 жилийн хорих ял оногдуулж, тэрээр 3 жилийн ялыг биечлэн эдэлсэн байна. БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоолоор түүнийг цагаатгасан. Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдох баримтуудаа явуулсан бөгөөд тус комиссоос түүнийг нэхэмжлэгчээр бүртгэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зууны мэдээ сонины дугаар 202 /6169/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхэд хэсгийн 89 дугаарт зарласаныг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 689 тоот албан бичгээр ирүүлсэн байгаа.
*******ын ******* нь Түгнүүгийн *******ийн төрсөн охин болох *******үү гэдэг хүний хүүхэд бөгөөд *******ийн гал дээр гарсан зээ охин нь юм. ******* нь зээ охин *******г өргөж авсан бөгөөд өөрийн үрчлэгдэж байснаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шүүхийн шийдвэрээр Т.*******ийн үрчлэгдсэн охин мөн болохыг тогтоолгосон байгаа. Түүнчлэн тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр Тайж овогт *******ийн *******г хэлмэгдэгч Т.*******тэй садан төрлийн холбоотой буюу түүний зээ охин мөн болохыг тогтоолгосон талаар болон ийм шүүхийн шийдвэр байгааг би мэдээгүй, өнөөдрийн шүүх хуралдааны явцад ийм нотлох баримт байгаатай танилцлаа. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гархаас өмнө энэ шийдвэр хэрэгт байхгүй байсан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгчдийн үр хүүхдэд олгох цагаатгалын нөхөн олговор болох 40 сая төгрөгийг *******ийн *******д олгосон шийдвэр гаргахыг хүсэж байна... гэжээ.
Анхан шатны шүүх:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар *******ийн *******гийн нөхөн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Ж.*******гийн нэхэмжлэлтэй Цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг Хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.
Учир нь шүүх тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна.
Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Ж.******* нь Т.*******ийн зээ охин болохоо шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 55 дугаар Шийдвэрээр тогтоолгосон, мөн Т.*******ийн үрчилэгдсэн охин болохоо шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр тус тус тогтоолгосон нь эргэлзээтэй байна гэсэн байна.
Ж.******* нь Т.*******ийн охин болох *******үүгээс гарсан охин бөгөөд түүний өвөг эцэг нь гал дээр гарсан зээ гэж үрчилж авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байдаг бөгөөд Ж.******* нь төрсөн цагаасаа эхлэн Т.*******ээр овоглож байгаа болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төрөл садны холбоо тогтоолгосон /зээ охиноор/ тохиолдолд үрчилэгдсэн болохыг тогтоолгож болохгүй гэсэн ойлголт байхгүй байна.
Шүүх 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг ямар учраас үнэлэхгүй байгаа талаараа шүүхийн шийдвэрт бичээгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг шүүх санаачилгаараа бүрдүүлсэн байх бөгөөд нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл тухайн шүүхийн шийдвэрийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд буюу шүүх хуралдаан эхэлсэн байх дундуур шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа шүүх хуралдааны танхимаас гаргаж авчируулан хэрэгт хавсаргаж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Иргэний хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд нотлох баримтыг анхан шатны шүүх хуралаас өмнө буюу шүүхийн хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө гаргаж өгөх боломжтой байдаг бөгөөд хэдийгээр шүүх Онцгой ажиллагааны хэрэгт өөрөө нотлох баримт цуглуулах эрхтэй боловч дээрх зарчим нэгэн адил үйлчилэх нь зүйтэй байна.
Иймээс дээрх нотлох баримт нь хэзээ хаанаас гаргаж өгсөн нотлох баримт нь эргэлзээтэй байна.
Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг тус шүүхийн архиваас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуулбарлан хэрэгт хэрэгт хавсаргасан гэсэн байна.
Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэрийг гол үндслэл болсон шүүхийн2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар шийдвэр нь тухайн шийдвэр гараагүй өдөр, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгөөгүй байхад тухайн хэрэгт орсон юм шиг агуулага харагдаж байх бөгөөд шүүхийн шийдвэр ойлгомжтой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******а/Тосонцэнгэл сумаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.*******гийн нэхэмжлэлтэй цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг сум дундын шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.
Ж.******* нь *******ийн гал дээр гарсан зээ нь буюу охиноосоо өргөсөн хүүхэд байгаа энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. ******* гэдэг хүн нь цагаатгалын нөхөн олговрыг авахын тулд овгоо солиогүй байгаа. Энэ хүн нь төрсөн цагаасаа л ******* гэх өвөөгөөрөө овоглож явсан байгаа. *******г хэлмэгдэгчийн хүүхэд гэж нэхэмжлэгчээр тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүх шийдвэрлэхдээ зээ охин юм уу? төрсөн охин гэдэг дээр эргэлзээтэй байна гэсэн байдаг. Шүүхийн үндэслэл болсон 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай шийдвэрийг шүүх нотлох баримт цуглуулж, бүрдүүлж өгөх хуульд заасан үндэслэл шаардлагыг зөрчсөн. Энэ нь шүүх хуралдаан эхлээд хэлэлцүүлгийн шат явсны дараа шүүгч нарийн бичгийн даргыг гаргаж тухайн шийдвэрийг танхимд оруулж ирсэн нь буруу юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг иргэний хэргийг шүүхэд хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө талууд гаргаж өгөх ёстой. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн хэргийн үндэслэл болсон 2019 оны 03 дугаар сарын 01-ний 55 дугаартай шийдвэрийг тус шүүхийн архиваас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуулбарлан хэрэгт хавсарсан гэж бичсэн байгаа юм. Тухайн шийдвэр нь тэр үед гараагүй байсан байгаа.
Ийм учраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нотлох баримтыг хэзээ, хэрхэн яаж хавтаст хэрэгт хавсаргаж хуулбарласан он сар өдрийн зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрээс тодорхой харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа өвөөгөөрөө буюу ******* гэдэг хүнээр төрсөн цагаасаа хойш овоглосон гэдэг асуудал яригдаж байна. Энэ нь улсын бүртгэлийн баримт бичиг дээр харагддаггүй эцэг нь *******, эх нь *******үү гэсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хэргийг шийдвэрлэхдээ эргэлзээтэй баримтуудыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ямар нотлох баримтуудыг яагаад үнэлэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар хэлмэгдэгч Т.*******ийн нөхөх олговорыг авахыг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэгт нэхэмжлэгч Ж.******* нь хэлмэгдэгч Т.*******ын зээ охин болохыг тогтоосон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 55 тоот шийдвэр, мөн Ж.******* нь хэлмэгдэгч Т.*******ийн үрчлэгдсэн охин болохыг тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182 тоот шийдвэр тус тус хавсаргасан байна.
Ж.******* нь хэлмэгдэгч Т.*******ийн үрчлэгдсэн охин болохыг тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182 тоот шийдвэрийг нэхэмжлэгч нотлох баримтаар ирүүлжээ.
Харин Ж.******* нь хэлмэгдэгч Т.*******ын зээ охин болохыг тогтоосон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 55 тоот шийдвэрийг шүүх санаачлагаараа шүүх хуралдааны явцад хэрэгт нотлох баримтаар хавсаргажээ.
Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй... баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 38.9 дэхь заалтуудыг зөрчиж, шүүх анхан шатны шүүх хуралдаан дээр санаачлагаараа нотлох баримт цуглуулж, хэрэгт хавсаргасан нь талуудад уг баримттай танилцах, тайлбар, нотлох баримт гаргах боломжыг олгоогүй байна.
Энэ нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3 дахь хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчжээ.
Мөн анхан шатны шүүх Ж.******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Т.*******ын үрчилж авсан охин нь мөн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад түүнийг хэрхэн яаж үнэлсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой бичигдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр хоёр шийдвэрийн нэгийг нь нэгээс нь илүү гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосоноо хангалттай дүгнээгүй нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалттай нийцээгүй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд олгох нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлтээр орсон бөгөөд тус хуулийн 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1 д заасны дагуу орон сууц аваагүй, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, түүний нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нөхөх олговор олгох зохицуулалт байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд олгох нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1 дэх зохицуулалтаас харахад улс төрийн хилс хэрэгт шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан, хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгасан, түүнийгээ нөхөн аваагүй тохиолдолд тус хуулийн 13.2.1, 13.2.2 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдүүд хэлмэгдэгч цаазаар авахуулсан бол 80 сая, улс төрийн хэрэгт холбогдуулан түүнийг хорих ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөгийг авах эрх үүсэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр орсон нэмэлт нь мөн хуулийн 23.1 дэх хэсэгт заасан гэр, орон сууцаахураалгасан, хураалгаад буцааж аваагүй, нөхөж орон сууц олгоогүй тохиолдолд эрх бүхий этгээдийн шаардах эрх үүсэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар хэлмэгдэгч Т.******* нь 1953 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1953 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх боловч эд хөрөнгө, гэр, орон сууц хураалгасан нь тодорхой бус, мөн хэлмэгдэгч Т.******* болон түүний эхнэр, хүүхдүүдэд гэр орон сууц, худалдан авахад нь зориулж нөхөх олговор, мөнгөн тусламж, байр, орон сууцны дэмжлэг авч байсан талаар эрх бүхий байгууллагаас нарийн шалган, тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ