Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн 2413000000069 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Б.Н-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****,  **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Т овогт Б-ийн Н- /РД:**********/.

 

2.Холбогдсон хэргийн  талаар:

2.1. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Е-ын гэрт зээлээр авч идсэн хоолныхоо үнийг өгөх зорилгоор очоод гэрээс гарч явахдаа хохирогч Х.А- /Н/-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А30” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогчид 250,000 төгрөгийн хохирол,

2.2. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Х-гийн гэрт орж, цай уугаад гарахдаа хохирогч Н.Х-гийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А04” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 550,000 төгрөгийн хохирол,

2.3. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Ө-ийн эзэмшлийн “Күнгей-2” нэртэй хүнсний дэлгүүрт ороод гарахдаа “Самсунг А14” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, «ууль бусаар хулгайлан авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол,

2.4. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх “Хостерек” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Н-ийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг А23” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 650,000 төгрөгийн хохирол,

2.5. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А73” загварын гар утас /1 ширхэг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулан,

2.6. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байх “MJS tower” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Ба-ы гар утасны лангуунаас “Айфон-13” загварын гар утас /1 ширхэг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Ба-д 2,400,000 төгрөгийн хохирол учруулж,

2.7. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Smart store” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.С-ийн эзэмшлийн “Huawai nova-9” загварын гар /тас /1 ширхэг/, “ОРРО- А57” загварын гар утас /1 ширхэг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2,549,000 төгрөгийн хохирол,

2.8. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Мusic stоге” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалан хууль бусаар нэвтэрч, гар утас /36 ширхэг/, ухаалаг цаг /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Ба-д 16,184,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны  өдрийн 69 дүгээр яллах дүгнэлтээр Б.Н-ийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн  2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

4.2. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, “Дээрэмдэх” гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

4.3. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, эдлэх хорих ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоож,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож, 7 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 5 /таван/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 5 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцож,

4.8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ээс гэмт хэргийн хохиролд 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-т, 350.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ө-д, 160.000 төгрөг гаргуулан Н.Ба-д, 75.000 төгрөг гаргуулан Л.С- нарт тус тус олгож, хохирогч Х.А-т 250.000 төгрөгийн, хохирогч Н.Ба-д 18.584.000 төгрөгийн, Л.С-д 2.549.000 төгрөгийн, хохирогч Н.Х-д 550.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болохыг дурдаж,

4.9. Шүүгдэгч Б.Н-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эрүүгийн 2413000000073, 2413000000074, 2413000000076, 2313003100006,    2413000000061,            2413000000068 дугаар хэргүүдийг нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.  Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж нийт 4 жил 10 сар хорих ялаар шийтгэгдээд байгаа Таргад овогт Б.Н би шийтгэсэн ялын хугацааг багасгаж өгөхийг хүсэж өмгөөлөгч С.Алтай хэлж, санал болгож дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна.

5.2. Б.Н- би хилийн цэрэгт алба хаан, манаанд байхдаа гэнэт өвдөж сэтгэцийн эмнэлэгт олон сараар хэвтэж эмчлүүлж байсан. Зарим үед энэ өвчнөөр өвддөг ба өвдсөн үедээ хийсэн үйлдлээ огт мэддэггүй. Би олон жил, сараар Б.Е- ахынд элдэв ажил хийж тусалж байхдаа нэг ч эд зүйлд нь гар хүрч, хулгайлж байгаагүй. Ер нь бусад газар, айл, орон байрнаас хулгай хийж байгаагүй. Тэдгээр таньдаг хүмүүс ч гэрчлэх ёстой юм.

5.3. Гэтэл би 8 тооны хулгайн үйлдлийн 7-г нь 2024 оны 01 дүгээр сарын 25-аас 31- ний хооронд, ганцхан Е- ахынхаас 2023 оны 9 дүгээр сарын 21-нд хулгай хийсэн бөгөөд энэ үед би сэтгэцийн өвчин минь асар ихээр хөдлөн өөрийгөө удирдаж чадахгүй байжээ. Энэ тухай гэрчээр мэдүүлэг өгсөн миний эцэг Бямбаагийн мэдүүлэг мөн цагдаа нарын намайг барьж шууд сэтгэцийн эмнэлэгт хүргэж өгч байсан тухай тэмдэглэл, мөн сэтгэц наркологийн тасгийн их эмч нарын “сэтгэцийн асар их өвчлөлтэй байгаа” тухай тэмдэглэл үйлдэж онош тавьж эмчилж байсан тухай баримт материалууд намайг сэтгэцийн өвчтэй үедээ гэмт хэрэг үйлдэж байсныг нотолдог.

5.4. Нэгэнт 7-8 орон байраас хулгай хийсэн миний үйлдлийг Ховдын сэтгэц гэм судлалын эмч нар буруутгаад эрүүлдээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдлээ хариуцах чадвартай гэж дүгнэлт гаргаж өгсөн байх гэж боддог. Ямар ч байсан миний сэтгэцийн өвчин маань хулгай хийхэд бага ч гэсэн нөлөөлсөн байх үзэж байна. Ингэж өвчтэй байсан үед аав минь арга ядаж эмнэлэгт аваачаад цагдаа нарт намайг хүлээлгэж өгөхөд хариуцлагагүй хандаж явуулчихсан байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж бодож байна. Эдгээр өвчтэй байсан тухай бичих учир нь гэвэл өвчтэй үедээ хэрэг үйлдсэн байж болохоор байна гэж үзэж оногдуулсан ялаас хасаж өгөх боломжийг хүсэж байгаа юм.

5.5. Би айлын ганц хүүхэд бөгөөд эцэг эх минь намайг хэрэгт орсныг минь мэдээд маш их санаа сэтгэлээр унаж хууч өвчин нь хөдөлж хэцүү байдалтай байна. Эцэг эхийг минь хүнд амьдралтай байдлыг шүүх харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү гэж хүсэж байна.

5.6. Би гэмт хэрэг үйлдэж хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээж байгаа тул хөнгөрүүлэн үзэж нөхцөл байдлуудыг хэрэглэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хариуцлага гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэхэд чиглэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-д оногдуулсан ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилт буюу шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө тогтоогдсоноос өөр нөхцөл байдал давж заалдах шатны шүүх хуралдаанд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоож орж ирээгүй юм байна. Учир нь, шүүгдэгч тодорхой хэмжээний хохирол төлбөр төлсөн талаар баримт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            8. Шүүгдэгч Б.Н- нь:

(1) 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Е-ын гэрт зээлээр авч идсэн хоолныхоо үнийг өгөх зорилгоор очоод гэрээс гарч явахдаа хохирогч Х.А- /Н/-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-30” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогчид 250,000 төгрөгийн хохирол,

(2) 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Х-гийн гэрт орж, цай уугаад гарахдаа хохирогч Н.Х-гийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-04” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 550,000 төгрөгийн хохирол,

(3) 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Ө-ийн эзэмшлийн “Күнгей-2” нэртэй хүнсний дэлгүүрт ороод гарахдаа “Самсунг- А-14” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол,

(4) 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх “Хостерек” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Н-ийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг А- 23” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 650,000 төгрөгийн хохирол,

(5) 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол,

(6) мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байх “MJS tower” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Ба-ы гар утасны лангуунаас “Айфон-13” загварын гар утас /1 ширхэг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Ба-д 2,400,000 төгрөгийн хохирол,

(7) 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Smart store” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.С-ийн эзэмшлийн “Huawei nova-9” загварын гар утас /1 ширхэг/, “ОРРО- А57” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2,549,000 төгрөгийн хохирол учруулсан,

(8) 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Music store” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалан хууль бусаар нэвтэрч, гар утас /36 ширхэг/, ухаалаг цаг /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Ба-д 16,184,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ. 

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.  

Энэ тохиолдолд шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн долоон үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн гэмт үйлдэл төгссөн, эсхүл завдалтаас үл хамаарч аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

10. Иймд шүүгдэгч Б.Н-ийн дээрх үйлдлүүдийг прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнээр зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд энэ талаар шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

11. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” буюу дээрэмдэх гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээнд буюу дээрэмдэх гэмт хэрэгт нь 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, хулгайлах гэмт хэрэгт нь 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан ял оногдуулах нийтлэг журам буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг хийгээд Б.Н-ийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан байх тул шүүгдэгчийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

12. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоосон нь хууль ёсны зарчмыг хангасан байна.

 

13. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.  

 

14. Шүүгдэгчийн “...Ямар ч байсан миний сэтгэцийн өвчин маань хулгай хийхэд бага ч гэсэн нөлөөлсөн байх үзэж байна. ... өвчтэй байсан тухай бичих учир нь гэвэл өвчтэй үедээ хэрэг үйлдсэн байж болохоор байна гэж үзэж оногдуулсан ялаас хасаж өгөх боломжийг хүсэж байгаа юм. Би айлын ганц хүүхэд бөгөөд эцэг эх минь намайг хэрэгт орсныг минь мэдээд маш их санаа сэтгэлээр унаж хууч өвчин нь хөдөлж хэцүү байдалтай байна. Эцэг эхийг минь хүнд амьдралтай байдлыг шүүх харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Би гэмт хэрэг үйлдэж хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээж байгаа тул хөнгөрүүлэн үзэж нөхцөл байдлуудыг хэрэглэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь” харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг заримыг төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

15. Хэрэгт Ховд аймаг дахь БОЭТ /Бүсийн оношилгоо эмчилгээний төв/-ийн Сэтгэцийн эмч М.Хосбаяр, БОЭТ-н Мэдрэлийн их эмч Я.Ганболд нарын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 12 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлт авагдсан байх бөгөөд дүгнэлтэд “Б.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй; Б.Н- нь өөрийнхөө хийж байгаа зүйлд үүний улмаас учрах хор уршгийг ухамсарлах чадвартай; Б.Н- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй;  Б.Н- нь асуусан асуултыг зөвөөр ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай; Б.Н- нь одоогоор сэтгэцийн өвчин байхгүй байгаа тул нийгэмд аюултай зүйл хийхгүй; Б.Н- нь одоогоор сэтгэцийн өвчин байхгүй бөгөөд эмчлүүлэх шаардлагагүй.” гэсэн байх тул “уг дүгнэлтээр  Б.Н- нь сэтгэцийн өөрчлөлтгүй болох нь тогтоогдсон” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй болно.

 

16. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/112 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ