Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00081

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У.Бат-Оршихид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000930075 дугаартай, 163/2018/0076/э хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, , Ч овогт У. Б

Холбогдсон хэргийн талаар:

У.Б нь Булган аймгийн Тэшиг Хилийн 0286 дугаар ангийн 2-р Заставын даргаар ажиллаж байх үедээ тус заставын алба хаагч нарт амаар түлшний мод бэлтгэх үүрэг чиглэл өгч алба хаагчид нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны хооронд Тэшиг сумын Эрэн 4-р багийн нутаг Овоот гэх “Зэд-Хантайн бүтээлийн нурууны” дархан цаазат улсын тусгай хамгаалалтын бүсийн ойд 52 ширхэг 9,236 м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 473807 төгрөгний шууд хохирол /473807*3=1421421 шууд бус хохирол/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б өгсөн: Тухайн хэрэгт холбогдохоосоо өмнө хилийн 2-р заставын хангалтын заставын даргын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Ажиллаж байх явцдаа заставын нөөцийн түлшний мод дуусаж мод бэлтгэх ажил гарсан. Мод бэлтгэх ажлыг 11 дүгээр сарын 15-наас 25-ны хооронд 10 хоногийн хугацаатайгаар хийж дуусгасан. Тухайн үед тухайн тусгайрлалт хийгдсэн газраас 2 машин мод дутаж машинаа явуулчихаад 12 дугаар сарын 12-нд ангийн төвөөс мод, өвс ачих зорилгоор машин дуудаж , “Овоот” гэх газраас 2 машин мод авсан. Тэр газар нь тусгай хамгаалтай газар байсан ба тухайн үед тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч байцаагчид мод бэлтгэж болох уу гэхэд “болно” гэж хэлчихээд намайг мод бэлтгэсний дараа нь “мод бэлтгэсэн” гэж надад холбогдуулж гомдол гаргасан. Миний хувьд буруутгагдаж байгаа нөхцөл байдал нь нөгөө хүнээс ямар нэгэн эрх зүйн баримт бичиг аваагүйгээр бэлтгэсэн. Харин нөгөө хүний буруу болохыг хэлэхэд байгаль хамгаалагч мэдүүлэг өгөхдөө надад болно гэж хэлээгүй гэж хэлсэн. Тиймээс надад болно гэж хэлсэн гэдгийг гэрчилэх баримт бичиг байхгүй учраас би гэм буруутай болж байна. Өөр ярих зүйлгүй гэв.

 

1815000930075 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ж.О өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 10-ны үед өөрийн хариуцсан тусгай хамгаалалттай газар болох “Эрэн” багийн нутаг “Нуурын цагаан толгой” гэх газраар явж байтал “Овоот” гэх газарт ачааны байж болох автомашины мөр илэрсэн. Би газар дээр нь өөрийн эзэмшлийн S2 маркийн гар утсаар зураг авч, байшил тогтоогчоор байршлыг нь тогтоосон. Тэгээд буцаад ойролцоох “Ангалаг” гэдэг газарт байрладаг хилийн 2 дугаар застав дээр ирж түлшний модтой эсэхийг шалгахад заставын хойд талд тус бүр нь 2 метрээр тайрч хураасан хуурай нойтон холимог шинэс моднууд байсан. Тэшиг сумын “Эрэн” 4 дүгээр багийн нутаг “Овоот” гэх газар нь манай байгууллагын хариуцсан “Зэд-Хантайн бүтээлийн нурууны” дархан цаазат газрын бүс нутагт албан ёсоор хамгаалагддаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

Гэрч М.М өгсөн: Бид нар 2017 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны хооронд Овоот гэх газраас түлшний мод бэлтгэсэн. Харин 12 дугаар сарын 15-ны өдөр застав руу модоо тээвэрлэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуудас/,

Гэрч Э.О өгсөн:...Заставын мод бэлтгэхээр би алба хаагч нартайгаа хамт ажилласан. Бид мод бэлтгэж унагах үед нь ажилласан. Харин мод ачих үед нь байгаагүй. Заставын дарга мод бэлтгэх үүрэг даалгавар өгсөн гэсэн. Бид нарын мод бэлтгэсэн газрыг Овоот гэсэн. Эрэн багийн нутаг юм байна лээ. Мод хөрөөдөгчөөр Даваабат, Батпүрэв 2 байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Гэрч Ц.Д өгсөн:..Би Заставын алба хаагчидтайгаа хамт албандаа түлшний мод бэлтгэсэн. Эрэн багийн Овоот гэдэг газарт бэлдсэн. Мод бэлтгэх үүрэг даалгаварыг Заставын дарга а/х У.Б үүрэг өгсөн. Хурал дээр бид нарт нэгдсэн байдлаар хэлсэн. Заставын дарга үүрэг өгөхдөө Овоот гэдэг газраас мод бэлтгэнэ гэсэн..., бүртгэл дээрээс харахад 2017 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны хооронд Овоот мод бэлтгэсэн 12 дугаар сарын 15-ны өдөр Застав руу тээвэрлүүлсэн байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуудас/,

Иргэний хариуцагч Э.Цогтсайханы өгсөн:...хэрэгт учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Манай Хилийн цэргийн 0286 дугаар анги хохирлыг барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 97 хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-23 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 хуудас/,

Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 62-63, 81-87 хуудас/,

Лэндс ХХК-ний дүгнэлт /хх-ийн 67-71 хуудас/,

Нөхөн төлбөр тооцох тухай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 130 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б нь Хилийн цэргийн 0286 дугаар ангид Захирагчийн орлогч, ар тал, хангалтын даргаар ажиллаж байхдаа алба хаагч нартаа “мод бэлтгэх” үүрэг өгч 2017 оны 11 дүгээр сард Булган аймгийн Тэшиг сумын Эрэн баг “Чулууны ар” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 1421421 төгрөгний хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б...“Овоот” гэх газраас 2 машин мод авсан. Тэр газар нь тусгай хамгаалтай газар байсан ба тухайн үед тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч байцаагчид мод бэлтгэж болох уу гэхэд “болно” гэж хэлчихээд намайг мод бэлтгэсний дараа нь “мод бэлтгэсэн” гэж надад холбогдуулж гомдол гаргасан гэх, хохирогч Ж.Оюунбаатарын...“Овоот” гэх газарт ачааны байж болох автомашины мөр илэрсэн...,ойролцоох “Ангалаг” гэдэг газарт байрладаг хилийн 2 дугаар застав дээр ирж түлшний модтой эсэхийг шалгахад заставын хойд талд тус бүр нь 2 метрээр тайрч хураасан хуурай нойтон холимог шинэс моднууд байсан гэх, гэрч М.Манлайгийн...бид нар 2017 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны хооронд Овоот гэх газраас түлшний мод бэлтгэсэн гэх, гэрч Э.Очирбатын...бид нарын мод бэлтгэсэн газрыг “Овоот” гэсэн. Эрэн багийн нутаг юм байна лээ гэх, гэрч Ц.Д...мод бэлтгэх үүрэг даалгаварыг Заставын дарга а/х У.Б үүрэг өгсөн..., хурал дээр бид нарт нэгдсэн байдлаар хэлсэн...,Овоот гэдэг газраас мод бэлтгэнэ гэсэн гэх, иргэний хариуцагч Э.Цогтсайханы...хэрэгт учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Манай Хилийн цэргийн 0286 дугаар анги хохирлыг барагдуулна гэх мэдүүлэгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-23 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 хуудас/,  экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 62-63, 81-87 хуудас/, Лэндс ХХК-ний дүгнэлт /хх-ийн 67-71 хуудас/, нөхөн төлбөр тооцох тухай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 130 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч У.Б нь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 2-р заставын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа алба хаагч нартаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Булган аймгийн Тэшиг сумын Эрэн 4-р багийн нутаг Овоот гэх “Зэд-Хантайн бүтээлийн нурууны” дархан цаазат улсын тусгай хамгаалалтын бүсийн ойд “мод бэлтгэх” үүрэг өгч хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлүүлсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Б гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид  473806.8 төгрөгийн шууд хохирол учирч,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 1421421төгрөгний хохирол учруулжээ. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар...ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хариуцана” гэж зааснаар уг гэмт хэргийн улмаас учруулсан 1421421төгрөгний хохирлыг иргэний хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0286 дугаар ангиас гаргуулж хохирогч Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч У.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгчид нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан ягаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 16-39 ХЦА улсын дугаартай бор ногоон өнгийн “Зил 131” маркийн тээврийн хэрэгсэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус бүрийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт У. Б зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б 01 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч У.Б оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3, 2.4 дах хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж улаан ягаан цахилгаан хөрөө 1 ширхэг, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 16-39 ХЦА улсын дугаартай бор ногоон өнгийн “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгсэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН