Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00082

 

     Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч М.Б ,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Алтантуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1715001430032 дугаартай, 163/2018/0078/э хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймагт  төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар  2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хорих хугацаа дуусч суллагдсан, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Б.А  

Холбогдсон хэргийн талаар:

Б.А нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулдаг “Манал” барааны дэлгүүрт иргэн М.Б аас эд зүйл залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн мэдүүлгээс эсэргүүцэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б  мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 09-ний 12 цаг 40-өөс 13 цаг 40 минутын хооронд болсон үйл явдал юм. Б.А гэх энэ эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд мөнгөн аяга авна гээд мөнгийг нь мобайл банкаар тушаая гэж хэлэхээр нь тухайн үед олон хүнтэй наймаа хийж байсан учраас зөвшөөрсөн. Хэсэг хугацааны дараа А мобайл банкиар мөнгөө шилжүүлсэн үү гэхэд шилжүүлээгүй гэхээр нь яагаад шилжүүлээгүй байдаг билээ гэхэд намайг 1917 утаснаас асуу гээд “би А чи өөрөө утсаар ярь” гэхэд Б.А утсаа авахгүй байна гэх хариултыг өгч байсан. Тэгээд би “Од” дэлгүүр лүү хамт явж мөнгө орсон эсэхийг шалгах гээд урд нь түрүүлж явж байгаад дэлгүүрт ороод эргээд хартал Б.А мөнгөн аяга, гар утасны батерейг авч зугтаасан байсан. Тухайн мөнгөн аягыг би 7 хоногийн өмнө “Мөнгөн завъяа” дэлгүүрээс авч байсан. Дараа нь би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгөн аяганы мөнгө, үнэлгээний 20,000 төгрөг, гар утасны шинэ батерейны үнэ 16,000 төгрөг нийтдээ 256,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг 7 хоногийн дотор төлж барагдуулна гэж байна. Тухайн хэргийг шалгах явцад 9 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад дуудагдаж байцаагдаж алтан цагаа алдсан. Миний хувьд нэг хором ч гэсэн үнэтэй. Хэрвээ би энэ 9 сарын хугацаанд дэлгүүртэй сууж байсан бол нэг минут, секундэд 120,000 төгрөг орж ирэх боломж байсан. Гомдлоо барагдуулмаар байна гэв.

1715001430032 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

             Хохирогч М.Б ын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг 40 минутын үед манай дэлгүүрт 30-40 орчим насны 170см орчим өндөр нуруутай хар нүдний шил зүүсэн, хар ногоон өнгийн богино манжаатиктай хүрэмтэй, яагаан өнгийн цахилгаантай цамцтай,  хар өнгийн бариун өмдтэй, пүүзэн гуталтай, үл таних эмэгтэй орж ирээд дунд гарын мөнгөн аяга, SAMSUNG NOTE-2 маркийн гар утасны батерэй зэрэг эд зүйл аваад, мөнгийг нь миний данс руу мобайлдаж хийсэн гэхээр нь дансаа шалгах гээд “Од” дэлгүүрийн АТМ-с авах гээд картаа шалгах үед зугтааж алга болсон. Дунд гарын мөнгөн аяга 220.000 төгрөг, гар утасны батерэй 13.000 төгрөг нийт 233.000 төгрөгөөр үнэлэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

 Гэрч Г.А өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр намайг “Драгон” төвийн үүдэнд машин дотор найз нартайгаа архи ууж байхад Дарханбаяр миний **** дугаарын гар утас руу ******** дугаарын утсаар залгаад /найздаа машинаа өгөөч найз нь Хөвсгөл явж амарчихаад ирэх гэсэн юм/ гэхээр нь би “үгүй” гэж хэлээд би гэртээ очиж амрах гэтэл эхнэр хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд гараад явтал Давхарбаяр миний **** дугаарын гар утас руу ******** дугаарын утсаар дахин залгаад байхаар нь би “ирээд ав” гэж хэлтэл хүрч ирээд миний машиныг аваад надад нэг шил 0.5 литрийн савалгаатай “Хараа” гэх архи өвч өгөхөөр нь би архийг нь ганцаараа машинд уусан. Тэгээд байж байтал найз хүүхэн нь ирсэн тэндээс хөдлөөд 1 дүгээр хороололын хойд талд байдаг гэр хороололд очиж найз хүүхэн нь хувцасаа авахаар явсан..., гэтэл байрны гадаа ирээд 20.000 төгрөг авч өгөөд эндээ буугаад үлд чамайг авч явахгүй гэсэн тэгэхээр нь би буугаад 20.000 төгрөгөөр нь архи авснаа бүдэг бадаг санаж байна. Нэг мэдсэн гэртээ унтаж байсан. Тэгээд эхнэр загнуулаад өглөө нь шууд утсаар залгахад Зүүн хараад байна одоо хөдөлж байна гэсэн. Тэгээд дахиад 1 цагийн дараа залгахад ерөөсөө утас нь холбогдохгүй байсан. Тэр өдрөө алга болоод маргааш нь дахиж өнжөөд шөнө нь миний утас руу залгаад машинаа ав гэхээр нь гартал тэр хоёр хоёулаа явж байсан. Тэгээд 1 дүгээр хороололын Саппорогийн ар талд байдаг олон буудлуудын гадаа зогсоод ахад нь мөнгө байхгүй байна чи энийг ав гээд мөнгөн аяга, NOTE-2 гар утас 2-ыг өгөхөөр нь аваад тэгээд нөгөө хоёр буудал руу орсон..., хоорондоо Булган аймгийн тухай ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: Би 2014 онд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар ял шийтгэгдэж Зүүн хараагийн хорих 429 дүгээр ангид ял эдэлж байгаад өнгөрсөн 7 дугаар сарын 01-нд хуулийн тэгшитгэлээр суллагдсан. Уг нь бол хаяг маань Төв аймгийн Баянчандмань суманд байгаа гэхдээ ээж Чулуунцэцэгийн хамт Баянгол дүүргийн 17-р хороо Орхоны 7-20 тоотод амьдарч байгаа ба одоохондоо шилжүүлгээ хийлгэж амжаагүй байгаа юм. Харин Б.А гэдэг эмэгтэйтэй 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 дүгээр хороололын ард байдаг зочид буудалд танилцсан. Тэрнээс хойш бид хааяа нэг уулзаад л явж байгаа боломж байвал хамт амьдарна гэсэн бодолтой байгаа юм. Надтай танилцсанаас хойш ямар нэг эд зүйл зарсан талаар надад ямар нэгэн мэдэх юм алга байна. Надад юу ч ярьж байгаагүй. Мөнгөн аяганы талаар бас юу ч ярьж байгаагүй. Би огт сонсоогүй зүйл байна. Б.А надтай танилцсанаас хойш хамт амьдраагүй хааяа уулзаад л хамт байж байгаад л явдаг байсан. Өөрийнх нь ярьсанаар Архангайд ээж, хүү хоёртойгоо амьдардаг гэж ярьж байсан. Би бол очиж үзээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуудас/,

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-22 хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-32 хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55 хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105 хуудас/ зэрэг болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн орчимд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулдаг “Манал” барааны дэлгүүрт иргэн М.Б аас мөнгөн аяга, гар утасны батерэй зэргийг хууран авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч М.Б , гэрч Г.Ариунбат нарын мэдүүлэг, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-22/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-32/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105/ зэрэг болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.А нь бусдын эд зүйлийг хууран авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 272.000 төгрөгийн хохирол учиржээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 256.000 төгрөний нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба шүүгдэгч, хохирогч нар сайн дурын үндсэн дээр эвлэрч шүүгдэгч хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , Б овогт Б.А бусдын эд зүйлийг хууран авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.А 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч Б.А оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтантуяад авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.       

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.А хохирлын 256.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А овгийн М. Б олгосугай. 

7. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН