Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

Е.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Е.А-д холбогдох эрүүгийн 2413000000126 дугаартай, 1 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****,  2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн ****суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай И овогт Е-ын А- /РД:********/, 

 

2. Шүүгдэгч Е.А- нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 угаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар /Хонгор өлөн/ багийн нутаг “Хонгор Өлөн” хэмээх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр “Lexus HS-250” загварын **** БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 12.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Ш.М-ын эрүүл мэндэд тархины доргилт, өвчүү, сээр нурууны 2 дугаар нугалмын битүү хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, дагзны орой хэсэгт зулгаралттай гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны  өдрийн 92 дугаар яллах дүгнэлтээр Е.А-йн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн  2024/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч И овогт Е-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-г 700 /долоон зуу/ нэгжтэй хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

 

5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

5.1. Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Баяраа би, Е.А-д холбогдох эрүүгийн 2413000000126 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

5.2. Шийтгэх тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.3. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг тогтоож, мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж өөрчлөн найруулсан.

5.4. Гэтэл хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-ыг үйлдэхдээ хуулийн дээрх өөрчлөлтийг анхаарч үзэлгүйгээр хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг саналдаа тусгаж, яллагдагчтай тохиролцсон, улмаар шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээгээр ял оногдуулжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад хамаарахаар байна гэж дүгнэлээ.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Е.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Е.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ш.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

8. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээгээр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүх хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

9. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр “Төрийн мэдээлэл”-д нийтэлж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлтийг анхаарч үзээгүй нь хууль ёсны зарчмыг алдагдуулжээ.

 

10. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэхдээ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэх цаг хугацааг анхаараагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль ёсны зарчмын агуулгыг тогтоосон. Гэтэл шүүгдэгч Е.А- нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 угаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан байх тул  энэ талаар гаргасан дээд шатны прокурорын “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад хамаарахаар байна...” гэх эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.  

12. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,  

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч Е.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ