Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2020/00009

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд: 

Даргалагч шүүгч:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

Заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр  

Шүүгчид:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдахшатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдахшатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/: Н.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, ******* хэсэг ******* тоотод оршин суух Авга овогт *******ийн ******* /РД:*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Миний бие *******э овогтой ******* нь 1982 онд Завхан аймгийн Улиастай суманд төрж, 2002 онд Дэвшил сургуулийг төгсөж, тус ондоо ШУТИС-ийн КТМС-г 2006 онд олон улсын бизнесийн удирдлагаар, 2008-2010 онд МУИС-ийн эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын магистраар төгссөн.

Миний бие 2011 оны 01-р сарын 01-ний өдөр салбарын ерөнхий нягтлан бодогчоор 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд орсон 3 сарын дараа жинхэлсэн.

2011 оноос 2014 оны 9-р сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсэн амаржсаны амралтаа авсан. 2014 оны 10 сарын 22-нд төрж, 2014 оны 12-р сарын 20-ны өдрөөс 2015 оны 7 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдөл өгч чөлөө авсан.

2015 оны 7-р сарын 6-ны өдөр ажилдаа эргэн орох талаар салбарын захирал Бадамын *******тай уулзахад за ямар ажилд орох вэ гэж асуухад нь би өөрийнхөө ажилд орноо гэхэд захирал яаж ичихгүй хэлж чадаж байна үлдээсэн ажил чинь авах юмгүй, замбараагүй, бүтэн байгаа юм нэг ч байхгүй байна. тэрийг цэгцлэх гэж чиний оронд орсон ын өдөр шөнөгүй ажиллаж, одоо овоо цэгцэрч байна. Урнааг сургах гэж чамгүй хичээл зүтгэл гаргасан одоо нэг юм сурч жигдэрч байхад дахиад чамайг авч шинээр бүх зүйлийг зааж сургаж чадахгүй. Чиний орны хүнийг сургаад авчихсан чамайг авахгүй гэж хэлсэн. Би та надад сургах хэрэггүй, би 4 жил энэ ажлыг хийсэн таны сэтгэлд нийцэхгүй юм байвал хэл, тавьдаг шаардлагаа тавь би хийдэг ажлаа хийж чаднаа гэсэн бага зэрэг ам зөрөлдсөн.

Чамайг албан тушаал бууруулах шийдвэр гарган бууруулна, теллерээр орвол ор чадахгүй бол өргөдөлөө өгөөд гар гэсэн. Би тэр өдөр өргөдлөө өгөлгүй за тэгвэл би маргааш бичиг хэрэгт өргөдлөө өгье гэж хэлээд явсан.

Тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан учраас захирлын дарамт албан тушаал бууруулна гэсэн шахалт байсан учир төрснийхөө дараа ажилдаа ороё 5 сар ажиллаад дахиад жирэмсэний амралтаа авах юм чинь жирэмсэн хүнд дарамттай гэж бодоод 9 сарын 1-ний өдөр хүртэл чөлөөгөө сунгах өргөдөл өгсөн.

Мөн ажил олгогчийн дарамтаас болж 09 сарын 01-нээс 11 сарын 25 хүртэл дахин чөлөөгөө сунгах хүсэлт өгсөн 2015 оны 11 сарын 1-нээс 12 сарын 31-ний өдөр хүртэл жирэмсэний листээ бичлүүлсэн 2015 оны 12-р сарын 28-нд төрсөн 2016 оны 2-р сарын 25-нд амаржсаны 2 сарын хугацаа дууссан тул 2016 оны 02 сарын 23-нд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдөл гаргасан. /2016 оны 6 сарын 1 хүртэл/

2016 оны 5-р сарын 23-ны өдөр ажилд орох өргөдлөө өгөхөөр салбарын захиралтай очиж уулзсан. Салбарын захирал мөн л чамайг албан тушаал бууруулах аудитын дүгнэлт гаргасан чамайг нягтлан бодогчоор ажиллуулахгүй, чи хийж чадахгүй чиний оронд орсон ажилтан одоо л ажлаа цэгцлээд бүх юм нь гарт нь ороод жигдэрсэн, чамтай хамтран ажиллаж чадахгүй, 2 нялх хүүхэдтэй ажлын ачаалал даахгүй, ерөнхий няба өдөр бүр өглөө эрт орж ирж, орой бүр хааж байгаа гэх мэт шалтгаан хэлж ажилд авахгйү дансны мэдээллийн ажилтан болуул бол /теллерийн оронд тоо бүүр нээлттэй гэх хэлсэн/. Би өөрийнхөө үндсэн ажилдаа оръё оо би ажлаа хийж чадаж байсан, та өөлж намайг хийлгэхгүй гэсэн шалтаг хайж байна гэсэн.

...Тэгээд сүүлд нь ажилтан бүр улирлын шалгалтанд орох ёстой төв хаан банкнаас шалгалтын материал ирж байгаа энэ шалгалтыг өгсний дараа ажиллуулах, ажиллуулахгүйг чинь шийднэ гэсэн хууль бус шахалт үзүүлж шалгалт авсан. Тэгээд 2016 оны 12 сарын 14-нд захирал дуудаад дансны мэдээллийн ажилтан бол гэсэн хууль бус шаардлага, шахалт үзүүлсэн.

Үүнийг хүлээн зөвшөөрөөөгүй болохоор чамайг ажлаас чинь халлаа гэсэн. Тэгээд маргааш нь тушаалаа өгөхгүй атлаа ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь тушаалаа авсны дараа ажлаа хүлээлгэж өгнө гээд 2016 оны 12 сарын 19-нд тушаалаа авсан. Энэ тушаалд хугацаа дууссан гэдэг үндэслэлээр халсан.

Би тухайн үед өндөр банкны зээлтэй, сургууль цэцэрлэгийн хүүхэдтэй, бүх хөхүүл 1 нас ч хүрээгүй хүүхэдтэй амьдрахын эрхээр ажил олгогчийн хууль бус дарамт шахалтаас болж үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж, санал болгосон ажлын нь хийж байсан.

...өөрийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар 2016 онд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 10 сарын 03 хүртэл шүүхийн байгууллагаар явж өвчтэй ээж, аавыгаа асарч хамгаалж чадаагүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Олон хөхүүл хүүхэдтэй, өндөр банкны зээлтэй жирийн ажилтан хүнийг үндсэн ажлаас нь чөлөөлж, өөр ажилд оруулангуутаа тэр ажлаас нь туршилтын хугацаа дууссан гэх шалтагаар халж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Үндсэн ажлаасаа шахалт дарамтаас болж өөр ажилд шилжүүлэгдэж, уг ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдөж, шүүхийн байгууллагаар явах хугацаанд сэтгэл санаагаар их унасан, ходоод өвддөг болсон. Нойр хүрэхгйү нойргүйдэлд өртсөн. Толгой өвддөг болсон. Хөхний сүү татарсан.

...Ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш миний зээлийн түү Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд орж лизингийн зээл өгдөг бүх газар, , Үүрэн холбооны компаниуд, банкуудаас зээл авах боломжгүй болж давхар давхар хохирсон. Одоо ч муу зээлдэгчийн ангилалаас гаргаагүй миний эрхийг сэргээгэгүй байна. Миний 2014 оны 04 сарын 16-нд авсан 10,000,000 төгрөгийн цалингийн зээл нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн бус ангилалд байна. Мөн Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2013 од авсан 46,400,000 төгрөгийн орон сууцны зээл нь муу ангилалд орж зээл авч чадахгүй хохирч явна.

Б.******* миний бие 2016 оны 12 сарын 14-нд ******* банкны Завхан салбарын эдийн засагчийн ажлаас хууль бусаар халагдсан. 2016 оны 12-р сарын 28-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, НД, ЭМД-ийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар гомдол гаргаж 2019 оны 10 сар хртэл шүүхийн байгууллагаар хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулсан.

...Иймд 2018 оны 10 сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас ******* банкнаас 2013 оны 03 сарын 22-нд авсан орон сууцны зээл, 2014 оны 04 сарын 16-нд авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулахыг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.

  Хариуцагч ******* банкны Завхан салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гаргасан иргэний нэхэмжлэлдээ 2018 он 10 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулах, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлэх, зохих дэвтэрт бичилт хийлгэх, Монголбанкны мэдээллийн сангаас орон сууцны болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулахыг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би банкны Завхан салбарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Тэгээд буцаж ажилдаа орох гэтэл ******* захиралтай ойлголцоогүй. Захирал ******* надтай хамтран ажиллах боломжгүй өөр ажилд ор гэсэн дарамт шахалт их байсан учраас дахин жирэмсний амралтаа аваад дахин нэг хүүхэд гаргасан. 2016 оны 06 сарын 14-нд үндсэн ажилдаа оръё гэхэд намайг үндсэн ажилд оруулаагүй. ******* захирал намайг чи теллер бол, аль эвсэл дансны мэдээллийн ажилтан бол, чиний хийж байсан ажилд чамайг авах боломжгүй гэсэн дарамт шахалтын улмаас салбарын захиралтай харилцан тохиролцоод үндсэн цалингаа бууруулахгүйгээр эдийн засагчийн ажилд орохоор тохиролцож гэрээ хийгээд өөр ажилд орсон. Эдийн засагчаар ажилд ороод 6 сарын дараа би үндэслэлгүйгээр өөр ажилд шилжиж орсон бөгөөд удаагүй ажлын чинь туршилтын хугацаа дууссан учраас чамайг жинхлэх боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Ажлаас халагдсанаас хойш 3 шатны шүүхээр явж ажилд эгүүлэн тогтоолгох шийдвэр гарсан. Шүүхээс намайг үндэслэлгүй ажлаас халагдсан байна гэдгийг тогтоосон учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн би банкнаас цалингийн зээл авч байсан. Би ажлаасаа халагдаад цалингийн орлогогүй болсон учраас уг зээлээ төлж чадахгүй байсны улмаас миний зээлийн түүх хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орсон. Зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд орсноороо би болон манай гэр бүлийн хүн ямар ч байгууллагаас зээл авах боломжгүй, нэр хүнд болон хувьд хохиролд орж байгаа учраас зээлийнхээ түүхийг хэвийн байдалд оруулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Намайг ажлаас үндэслэлгүй халагдсан байна гээд 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Би ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 19,952,346 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжилж хуульд заасан журмын дагуу ниймгийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хүн амын орлогын албан татвар төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Би сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн энэ шаардлагаасаа татгалзаж, Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас ******* банкнаас 2013 оны 03 сарын 22-нд авсан орон сууцны зээл, 2014 оны 04 сарын 16-нд авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулахыг даалгах шаардлагаа татан авч байна гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас 2018 оны 11 сарын 14-нөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хүн амын орлогын албан татварын хуульд заасан хувь хэмжээгээр суутгуулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн уг шаардлага дээр тодруулга хийхэд шүүхийн шийдвэр гарах хугацааны биш 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулна.

Хоёрдугаарт: Монгол банкны мэдээлэлийн сангаас 2013 оны 03 сарын 22-ны өдөр банкнаас авсан орон сууцны зээл, мөн 2014 оны 04 сарын 16-ны өдөр банкнаас авсан цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагынхаа 2013 оны 03 сарын 22-ны өдөр банкнаас авсан орон сууцны зээлийг хэвийн ангилалд оруулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн сэтгэл санааны гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгч *******ыг банкны Завхан салбараас 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 377 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч ******* эрх ашгаа хагаалуулах үүднээс шүүхэд хандсан. 2018 оны 10 сард анхан шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээд шатны шүүхэд 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00549 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэн. Энэ хугацаанд ******* банкны зүгээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг бид нарт 2019 оны 10 сард танилцуулагдсан. Уг шийдвэр танилцуулагдахаас өмнө хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй манай тал эвлэрэх талаар удаа дараа уулзсан. ******* банкны зүгээс *******ыг ажилд нь оруулахгүй бусад асуудлын талаар тохирч болно гэж ярилцсан гэсэн. Мөн 2019 оны 09 сарын 23-ны өдөр би хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй очиж уулзахдаа та *******тай эвлэрэх саналтай уулзаад байна. Энэ чинь ямар ч үр дүн байхгүй. Та Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдлоо гаргасан байгаа, түүнийгээ татаад авчих, *******ын талаар ярих гэхээр хавтаст хэрэг дээд шүүх дээр байгаад байна. Дээд шүүхэд уг хэрэг маргаан хянагдаж байгаа тохиолдолд бид нар тэр талаар ярилцах боломж байхгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргах эрх байхгүй, бид нар өөрсдөө эвлэрэх санал тавих эрх байхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар манай тал гүйцэтгэх хуудас бичүүлэх боломжгүй байна, мөн ажилдаа эргэж оръё гэсэн хүсэлт гаргаж болохгүй байна гэж ******* захиралд хэлж байсан. Хариуцагч талын дээд шатны шүүхэд гаргасан гомдлын хариу 2019 оны 09 сард ирээгүй байсан. 2019 он 10 сард уг гомдлын хариу ирсэн. Уг гомдлын хариу ирснээс хойш нэхэмжлэгч ******* ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан. Түүнийн хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаан болж байна. Тийм учраас хариуцагч байгууллагын гаргасан тайлбарыг дэмжих боломж байхгүй. Манай тал хариуцагч байгууллагатай эвлэрэх цаг хугацаа хангалттай гаргасан. Гэтэл *******ыг ажилдаа эргэж орох талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх байдлаар нэхэмжлэгч болон би удаа дараа очиж уулзаж байсныг хэлэх нь зүйтэй байна. *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө тооцож үзхэд хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар батлуулсан хуулбар нь хавсаргагдсан. Нэхэмжлэгч ******* 2016 оны 10 сард 1.824.000 төгрөгийн цалин авсан, 2016 оны 11 сард 1.223.917 төгрөгийн цалин авсан, 2016 оны 12 сард 1.516.396 төгрөгийн цалин авсан. Үүнийг бодохдоо 2005 оны хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу бодож үзэхэд сүүлийн 3 сарын цалин хөлс нь 4.563.575 төгрөг болж байгаа. Нэг сарын цалин хөлсийг бодохын тулд сүүлийн 3 сарын цалин хөлсөө 3-т хуваахаар 1 сарын цалин хөлсний дундажаар 1.521.191 төгрөг болж байгаа. Үүнийгээ уг журамд заасны дагуу 21.5 өдөрт хуваагаад нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг бодож гаргасан. Ингээд нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин нь 70753 төгрөг болж байгаа бөгөөд үүнийгээ ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 10 сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гарсан дараагийн өдөр буюу 2018 оны 10 сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 сарын 14-ний өдрийг дуустал тооцоод, мөн бүх нийтийн амралтын өдрүүдээ хасаад нийт 282 хоног болсон учраас нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 70753 төгрөгийг 282 хоногт үржүүлэхэд 19.952.346 төгрөг болж байгаа. Уг цалин хөлсний орлогоо нэхэмжилж байгаа. Үүнээс хуульд заасан журмын дагуу шимтгэлүүдийг суутгуулж дэвтрүүдэд бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Мөн банкнаас нэхэмжлэгч *******ын цалингийн зээлийн зориулалтаар 2014 оны 04 сарын 17-ны өдөр авсан цалингийн зээл нь хавтаст хэрэгт авагдсан Монгол банкны лавлагаагаар хэвийн бус ангилалтай гэж хаагдсан байгаа. Хариуцагч байгууллагаас өнөөдрийн шүүх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримтууд дээр цалингийн зээлийн хэвийн ангилалд ороогүй хэвээрээ байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч ******* банкнаас авсан цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулахаар даалгасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг яагаад гаргах болсон бэ гэхээр нэхэмжлэгч маань өөрийн цалингаа барьцаалж зээл авч байсан. Уг зээлийг аваад төлөх чадваргүй болсон гэдэг нь ажил олгогчтой шууд холбоотой. Яагаад гэвэл нэхэмжлэгч *******ыг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн гэдгийг Монгол улсын шүүхээс тогтоосон. Тийм учраас хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн хор уршиг болон зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээлгэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгч ******* ажил хөдөлмөрөө эрхлээд явж байсан бол ******* банкнаас авсан цалингийн зээлээ цаг хугацаанд нь төлөөд явж байх байсан. Гэтэл ажлаасаа хууль бусаар халагдсан учраас цалингийн зээл нь төлөгдөх боломжгүй нөхцөл байдал үүсч хэвийн бус ангилалд орж нэхэмжэлэгч ******* дараа дараагийн үед ямар нэгэн хэлбэрээр зээл авах, гэр бүлээ тэжээх эрхэд нь нөлөөлж байгаа учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанг ажлаас буруу халсан буюу мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлтанг ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг нөхөн олгоно гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т юу гэж заасан бэ гэхээр шүүхийн шийдвэрээр ажилтанг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бол гэсэн заалт байгаа.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Б.*******ыг ажилгүй байх хугацаандаа Завхан ХХК-д ажиллаж байсан гэх тайлбар гаргаж байна. Зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар банкыг хариуцагч байгууллагаар татаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл бол хариуцагч байгууллагатай салшгүй холбоотой. Хариуцагч байгууллагын буруутай шийдвэрийн улмаас нэхэмжлэгч ******* цалин хөлсгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн зүйл байхгүй, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон. Нэхэмжлэгчийг бусад байгууллагад хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах эрхийг хязгаарлана гэсэн ойлголт байхгүй. Завхан ХХК-д ******* гэрээгээр ажиллах нь энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. Хэрвээ хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд Завхан ХХК-д зуучилж холбож өгсөн бол энэ асуудал яригдана. Түүнээс биш банкны буруутай үйл ажиллагаанаас болоод Б.******* өнөөдөр цалин хөлсөөраа хохирсон нь түүний Завхан ХХК-д ажиллаж байсныг татан оролцуулах боломжгүй гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 шаардлага дээр тайлбар хэлье ээ. Эхний шаардлага болох Б.*******ын цалингийн зээл нь хаагдсан зээл байгаа. Орон сууц худалдан авах болон кредит карттай холбоотой зээл дээр *******тай ярилцсаны дагуу ангилалыг нь өөрчилсөн. Энэ зээлийн хувьд хаагдсан зээл учраас бид нар үүн дээр ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаа үүнийг шүүх шийдэх байх. Хоёр дахь асуудал нь Б.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс яригдаж байна. Манай зүгээс нэхэмжлэгч Б.*******тай 2018 оны 08 сарын 08-ны өдөр хамгийн эхний уулзалтыг хийсэн. Уг уулзалтаар шүүхийн шийдвэр гарсан шүүхийн шийдвэр дээр ямархуу байдалтай оролцох вэ гэдэг байдлаар ярилцсан. Уулзалтын тэмдэглэл дээр бичсэний дагуу ******* би ажилдаа эргэж орохгүй. Ажилдаа эргэж орохгүй байх 3 шаардлага тавьж байна. Энэ 3 шаардлагын талаар ойлголцох юм бол эвлэрлийн талаар хэлцэл байгуулж ажилдаа орохгүй гэх байдлаар хандсан. *******ын 3 шаардлага нь юу байсан бэ гэхээр нэгдүгээрт орон сууцны зээл болон цалингийн зээлийн хэвийн бус ангилалыг хэвийн ангилалд оруулж өөрчлүүлэх, орон сууцны зээлийн хүүг хэвээр үлдээх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, зохих шимтгэлүүлдээ суутгуулж, бичилт хийлгүүлэх гэсэн асуудал яригдсан. Үүнээс хойш миний санаж байгаагаар ******* надтай нэг удаа уулзсан. Тэгж уулзахдаа хэлцлийнхээ загварыг танилцуулаад үг үсэг нь болж байна уу, чиний хувьд ямархуу байхаар байна саналаа хэлээрэй гээд уг хэлцэлээ эцэслээд тэгээд би уг хэлцлийг хэвлэж өгсөн. ******* надад би өмгөөлөгчтэйгээ хэлэлцээд эцсийн байдлаар хариу өгнө гэсэн. Тэгээд нилээн хугацаа явагдсан. Улсын дээд шүүхэд гаргасан гомдлын хариу 2019 оны 09 сарын 23-ны өдөр гарч, 2019 оны 09 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* бид гурав дээд шүүхийн гомдлын хариу гарсан асуудлаар уулзсан. Тэгээд хэлцэлээ түр зуур хойшлуулсан. Нэхэмжлэгч тал дээд шүүхэд гаргасан гомдлын хариу эцэслэн шийдвэрлэгдэж ирээгүй учраас уг гомдлын хариутай танилцаагүй байна гэхээр нь би надад уг гомдлын хариу ирсэн байна гээд Улсын дээд шүүхээс ирсэн гомдлын хариуг хуулбарлаж өгөөд эргэж холбогдохоор ярилцаад ******* өмгөөлөгчтэйгөө гараад явсан. Миний зүгээс 2019 оны 09 сарын 23-наас 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэгдүгээрт: Б.*******ын гаргасан хэрэглээний зээлийн ангилалыг хэвийн ангилалд оруулахыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлага нь тухайн зээлийн ангилалыг өөрчлөх эрхгүй байгууллагад даалгах нь хэр зөв бэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө бодох ёстой байх. Уг нэхэмжлэлийн шаардлагыг даалгаад даалгаад өөрчлөх боломжгүй байгууллагын шийдвэр хэрэгжих боломжтой юу үүнийг хуулийн дагуу шүүх шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага чинь зөв юм уу гэдгийг хэлмээр байна.  

Хоёрдугаарт: Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын нэг болох шүүхээр маргаж байх хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалин хөлсөө гаргуулах гэж яриад байна. Тодруулбал 2018 оны 10 сарын 13-наас 2019 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж байгаа. Үүнийг сараар бодохоор 13 сар буюу 1 жил 1 сар болж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр цалин хөлсөө яаж бодож байгааг харж байгаа юм уу. Анхан шатны шүүхийн шийдвэртэй нэхэмжлэгч тал огт маргаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүүн анхаарах хэрэгтэй. Дандаа хариуцагч тал маргаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 720 дугаартай шүүхийн шийдвэрийн хамгийн сүүлд цалин хөлсний бодолтудыг хийсэн. Үндсэн цалин 1.200.000 төгрөг байсан хэдий ч цалин хөлстэй тэнцүү гээд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө урамшуулал орсноор дундаж цалин хөлс нэмэгдээд шүүхийн шийдвэрийн сүүлээсээ 2 дахь хуудсанд байгаагаар бодоод үзэх юм бол 2016 оны 09-р сард 1.220.000 төгрөг, 10-р сард 1.824.000 төгрөг, 11-р сард нь 1.253.197 төгрөгийн цалин авсны дунджаар нийт 1 жил 1 сарын цалинг бодох ёстой байх. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 1 өдрийн цалин хөлсийг бодож байгаа нь хэт өндөр буюу үндэслэлгүй байна. Үүнийг бид бодож хэлэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр нарийн бодож гаргасан байгаа. Нэхэмжлэгч ажилгүй байх хугацаанд Завхан ХХК-д ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн цалин хөлс нь 640.000 төгрөгөөр 3 сар, сүүлд сарын 800.000 төгрөгөөр тооцож цалинждаг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 800.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Уг цалин хөлсийг авахдаа үндсэн ажилтан байсан уу, гэрээгээр ажиллаж байсан уу гэдэг нь ач холбогдолгүй. Тухайн хугацаанд ажил хийхийг хориглоогүй. Хүн шударгаар ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй. Энэ хугацаанд ******* ажилдаа эргэж орсон байх юм бол 800.000 төгрөгийн цалин авах, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж уг орлогыг давхар олох боломжгүй. Шүүхээр маргаж байгаа тохиололд орлого бол цалингийн зөрүү бодох нь хуульд нийцнэ. Өмнө нь ийм тохиолдолыг шүүхээр шийдвэрлэж байсан удаа бий. ******* банк харуцагчаар татагдаад Баян-Өлгий аймгийн 3 шатны шүүх нэхэмжлэгч ын хэрэг дээр цалин хөлсийг хасаж тооцсон жишээ байгаа. Үүнийг шүүх шударгаар харж шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч цаг хугацааны хувьд хоёр газраас цалин хөлс авах боломжгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлсөөс ажилтай байсан хугацааны цалин хөлсийг хасаж тооцсон. ******* ажилгүй байх хугацаандаа 800.000 төгрөгийн цалинтай хөлсөөр ажиллаж байсан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч *******ыг Завхан ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан гэдгийг нотлуулахаар нотлох баримт гаргуулах хүсэлт манай талаас гаргасан. Харин хариуцагч энэ талаар хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа учраас манайхаас нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байгаа. ******* ажилгүй байсан хугацаанд ажиллаж байсан гэдгээ нотолсон учраас үүнийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөс хасаж тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн гурав дахь үндэслэл буюу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй байх үндэслэлтэй. Яагаад гэвэл ажилд эгүүлэн тогтоогдсон гэдэг шүүхийн шийдвэрийн утга агуулга нь юу вэ гэхээр тухайн хүн эргэж ажлаа хийх гэдэг агуулгатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 болон 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг хэрэглэх юм бол *******д анхнаасаа энэ хэрэг маргааныг 2017 оны 04 сард эвлэрч шийдвэрлэхэд буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 2019 оны 08 сарын 08-наас 2019 оны 09 сарын 27-ны хооронд талууд эвлэрэх талаар удаа дараа ярьж, уулзаж байхад нэхэмжлэгч ажилдаа эргэж орох хүсэл зориг байгаагүй. Нэхэмжлэгч ажилдаа эргэж орох гэх нэхэмжлэл гаргаснаас биш ажилдаа эргэж орох үйлдэл хүсэл зориг илэрхийлэгдэхгүй байгаа. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр 2019 оны 11 сарын 15-ны өдөр ажилд ороод 11 сарын 25-ны өдөр тус ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгөөд гарсан. Нэхэмжлэгч ажилдаа ороод 6, 7 хоног л ажилласан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах гэдгийг хуулийн агуулга зорилгоор тайлбарлах юм бол ******* ажилдаа эргэж оръё гэх хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Нэхэмжлэгчийн санаа зориг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах л байсан. Хариуцагч ******* банкны зүгээс төлөгдсөн байгаа 23.447.700 төгрөгийн олговор дээр манай тал нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан маргах эрхтэй. Тийм учраас манай тал өнөөдөр эвлэрэх санал тавиад байна. Шүүх нэхэмжлэгч *******ын хүсэл зориг ажилдаа эргэн орсон эсэхийг шийдвэрлэхдээ энэ бүх байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 19,457,075 төгрөгийг ******* банкны Завхан салбараас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 495,271 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 19.457.075 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг ******* банкны Завхан салбарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас ******* банкнаас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан орон сууцны зээл, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5-дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328150 төгрөгнөөс нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тул 164075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 164,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 255,235 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.*******ын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулах, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлэх, зохих дэвтэрт бичилт хийлгэх, Монгол банкны мэдээллийн сангаас орон сууцны болон цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулахыг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, 116.2-т зааснаар Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй гэж дор дурьдсан хуулийн үндэслэлээр үзэж байх тул ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг удирдлага болгосон атал шүүх хуралдааны үеэр хариуцагч талаас нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуустал буюу өнөөдрийг хүртэл хугацаанд Завхан -д нягтлан бодогчоор ажиллаж байсан ба ажиллаж байгаа сарын үндсэн цалинд 800.000 төгрөг авдаг байсныг анхан шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрдөг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгүй байсан... биш харин ажиллаж байсан байх тул улмаар энэ байдал нь анхан шатны шүүх хуралдаан дээр тогтоогдож байх тул /шүүх хурлын тэмдэглэлийн 24 дэх тал/ анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана , 116.2-т зааснаар Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй улмаар 116.3-т заасан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт буюу нэхэмжлэгчийн өөрөө хүлээн зөвшөөрсөн байдалд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуустал 1 жил 1 сарын цалинг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь Завхан -с сарын үндсэн цалинд 800.000 төгрөг, банкнаас сарын дундаж цалин хөлсөөр тооцон 1.521.190 төгрөгийг гаргуулах болж байгаа нь шударга ёсны зарчим-д нийцэхгүй байна.

2. Анхан шатны шүүхэд шүүгч Т.Балжиннямаас үндэслэл бүхий эргэлзээ байх тул ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 ба 91.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр татгалзсан боловч хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Ашиг сонирхолын зөрчилтэй шүүгч Т.Балжиннм нь илтгэгч шүүгчээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шударга шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаарх хууль зүйн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралд дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтэй байна.

Дашрамд Б.******* нь анхнаасаа банкинд эргэж ажиллах хүсэлгүй байсан нь

1. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон маргааныг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хандсан байдаг. Улмаар талууд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр /тус шүүхийн шүүгчийн 197 дугаартай захирамж /ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг 5 сая төгрөгөөр тооцон хариуцагч төлж, харин нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж улмаар орон сууцны зээлийн хүүг 6 хувь хөнгөлттэй нөхцөлөөр эвлэрсэнээр/

2. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгомогц 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас өөрийн хүсэлтээр гарсанаар илэрдэг болохыг дашрамд дурдахыг хүсч байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлх 13 сраын хугацаанд ажилгүй байсан гэж банкнаас 1 сарын цалин хөлсийг дундажаар тооцон 1.521.190 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан өөр байгууллагад ажиллаж байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 521.190 -800.000=721.190 төгрөгөөр тооцвол нийтдээ 9.375.470 төгрөгийг хариуцагч банкны Завхан салбараас гаргуулахаар харин 10.081.605 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 45 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж шударга байдлыг тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсье.

Давж заалдах шатны шүүх хуралд хариуцагч болон өмгөөлөгч Н.******* нь үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлах, бичгээр тайлбар гаргах, биечлэн оролцох мэтгэлзэх хүсэлтэй ба боломжоор хангаж өгнө үү.

Тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлж хавсаргав гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт буюу ажилд эгүүлэн тогтоох болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан нь тогтоогдохгүй байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуустал хугацаанд Завхан -д нягтлан бодогчоор ажиллаж байсан ба ажиллаж байгаа сарын үндсэн цалинд 800.000 төгрөг авдаг байсан учраас цалингийн зөрүүг банкнаас гаргаж заасан хугацаанд олгох нь зүйтэй буюу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлх 13 сарын хугацаанд 1 сарын цалин хөлсийг 721.190 төгрөгөөр тооцвол банкны Завхан салбараас 9.375.470 төгрөгийг гаргуулж. банкны Завхан салбараас гаргуулахаар харин 10.081.605 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хэргийг удаашруулсан гол зүйл нь банк анх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш маш олон удаа гомдол гаргасан энэ хооронд шүүгчээс миний хувьд 1 удаа татгалзаж байсан. Харин банк нь 2, 3 удаа татгалзаж байсан. Намайг Завхан -д ажилгүй байх хугацаандаа ажиллаж байсан. Тэр цалинг хасаж өгөх нь зүйтэй гэсэн гомдол гаргасан байна. Хамгийн анх банк нь миний эрхийг зөрчиж ажлаас гаргаснаас болж энэ гомдол гарч төлбөр мөнгүүд төлөгдөж байгаа болохоос биш 3 жилийн хугацаанд амьдралаа авч явахын тулд банк бус байгууллагад ажиллаж байсан. банк нь сар болгон ажилчиддаа урамшуулал цалинг өгдөг байсан. Гэтэл би тэр урамшуулал цалинг ч аваагүй байгаа. Хэрэв би тэнд ажиллаж байсан бол бусад хүмүүсийн адил үр дүнгийн урамшууллаа нэмүүлж аваад явах байсан.

Иймд банкны гаргаж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Б.******* гэдэг хүнийг банкны Завхан салбар, Завхан Санхүүгийн гэх байгууллагад зуучилж өгсөн үү? Өөр ажил төрөл олж өгсөн асуудал байдаг уу? гэдэг талаар олон удаа асууж байсан. Үүнд тийм юм огт байхгүй гэж хэлдэг. Хэрэв банкнаас өөр ажилд зуучилж оруулж өгсөн бол цалин хөлсийг бодож суутгах боломжтой гэтэл энэ асуудал дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс мөн өмнө нь хууль бусаар халагдсаны цалин хөлсийг нэхэмжилж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.*******ын гомдлыг анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шүүхийн шийдвэр гаргаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Б.*******ын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 495.271 төгрөгийг хасч Б.*******д 19.457.075 төгрөгийг банкны Завхан салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчид олгох нөхөн олговор 19.457.075 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг банкны Завхан салбарт даалгаж, нэхэмжлэгчийн зарим шаардлага болох Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас банкнаас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан орон сууцны зээл 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулах, сэтгэл санааны гэм хорын хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шүүхийн шийдвэрт банкны Завхан салбар давж заалдах гомдол гаргасан байна.

Үүнд: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан -д нябогоор ажиллаж байсан ба ажиллаж байсан сарын дундаж цалин 800.000 төгрөг авдаг байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон байхад манай байгууллагаас халагдсаны дараа бүрэн хэмжээгээр ажилгүй байсан мэтээр шүүх үзэж манай байгууллагаас 19.457.075 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгээс нэхэмжлэгч өөрөө татгалзсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед татгалзах эрхтэй байдаг.

Иймд нэхэмжлэгч Б.******* өөрийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас банкнаас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан орон сууцны зээл 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авсан цалингийн зээлийг тус тус хэвийн ангилалд оруулах, сэтгэл санааны гэм хорын хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговороос нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэдийгээр хариуцагч байгууллагын төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн төлөх үндэслэлгүй, тухайн хугацаанд нэхэмжлэгч 800000 төгрөгний цалинтай ажил эрхэлж байсан гэх боловч банкны Завхан салбар нэхэмжлэгчийг ажилд аваагүй, өөр ажилд ороход нь банкны Завхан салбар нь ямар нэгэн байдлаар дэмжиж туслаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч банкны Завхан салбарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч банкны Завхан салбарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР 

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР 

Ж.БАТТОГТОХ