Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

М.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Х-д холбогдох эрүүгийн 2413000000067 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн  илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч М.Х-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ***** оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, М овогт М-ын Х-  /РД:**********/.

 

2. Шүүгдэгч М.Х- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах биллиард тоглоомын газарт хамт тоглох явцдаа У.Е-тай мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний толгой хэсэг рүү цохих үед У.Е- хойшоо унахдаа хана мөргөсний улмаас биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн духны дэлбэнгийн няцрал, баруун талын чамархай хэсгийн эпидурал хатуу хальсан доор цусан хураа, дагз ясны хугарал, дагзны хэсгээр хавантай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.    

 

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 25-ны  өдрийн 58 дугаар яллах дүгнэлтээр М.Х-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  2024/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч М овогт М-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж шүүгдэгч М.Х- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

5.2.Шүүгдэгч М.Х- би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогч У.Е-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, сайн дураараа хохирогчтой эвлэрсэн, би хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон.

5.3. Хохирогч У.Е- нь хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн боловч анхны шатны шүүх анхаарч үзээгүй юм.

5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд зохих журмын дагуу өөрчлөлт оруулан, М.Х- надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэд:  

6.1. Анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тогтоолыг танилцуулахдаа энэхүү гэмт хэрэгт оногдуулах ялыг тайлбарлаж хэлж байсан. Яллах дүгнэлтийг танилцуулахдаа хувийн байдалтай холбоотой баримтаа гаргаж өгч болох талаар мөн хэлсэн. Торгох ялын төрөл хэмжээг тайлбарлаж хэлж байсан. Анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хэлэхээс өмнө торгох ялыг төлөх боломжтой эсэхийг асууж тодруулахад М.Х- нь хөрөнгөгүй, орлогогүй тул торгох ялыг төлөх боломжгүй ялыг биечлэн эдэлнэ гэж удаа дараа хэлж байсан нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэл болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдагдсан байгаа.

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан. М.Х-д торгох ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй, хөрөнгөгүй нөхцөл байдлаас болж түүнд оногдуулсан торгох ялыг гэр бүлийн гишүүд нь төлөхийг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Х-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            8. Шүүгдэгч М.Х- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт байрлах биллиард тоглоомын газарт хамт тоглож байсан У.Е-тай мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний толгой хэсэг рүү цохих үед У.Е- хойшоо унахдаа хана мөргөсний улмаас биед нь “гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, зүүн духны дэлбэнгийн няцрал, баруун талын чамархай хэсгийн эпидурал хатуу хальсан доор цусан хураа, дагз ясны хугарал, дагзны хэсгээр хавантай” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.   

            9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дахь хэргийн зүйлчлэл хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч М.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, гэм буруугийн зарчмыг хангасан болно.

 

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

12. Шүүгдэгч М.Х-ы хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Х-ыг нэг жил, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

 

13. Шүүгдэгч нь “...би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогч У.Е-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, сайн дураараа хохирогчтой эвлэрсэн, би хууль зүйн үг дагаврыг бүрэн ойлгосон. Хохирогч У.Е- нь хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн боловч анхны шатны шүүх анхаарч үзээгүй юм. Иймд шийтгэх тогтоолд зохих журмын дагуу өөрчлөлт оруулан, 1 жил 6 сарын хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Х-ыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй хохирогчийн тайлбар, гомдол зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгч М.Х-ы үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ