Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1840000000022 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй Б.Б Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Б нь 2018 оны 03 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард хохирогч З.М-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, өвдөгөөрөө нэг удаа өвдөглөж баруун нүдний ухархайн дотор ханын зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                  

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн “Би 3 дугаар сарын 29-ний орой Ч найзтайгаа бааранд ороод Сэнгүр нэртэй пиво гурав, гурвыг уусан. Тэгээд баарнаас гараад цагдаагийн урд байранд байдаг Өлзий гэдэг хүнийхээс тамхи авч гараад дүүтэйгээ таарсан. Би дүүгээ юу хийж явж байгаа юм бэ гэж асуухад нэг хүн надаас архины мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Чамд мөнгө байгаа юм уу гэхэд байхгүй гэсэн. Би дүүгээ цагдаагийн байрны үүднээс явуулаад араас нь хараад зогсож байсан. Манай дүү ТМС-ийн хойно ирээд зогссон. Тэгэхэд урдаас нь 2, 3 хүн ирсэн. Тэгээд би очоод мөнгө нэхээд байгаа юм уу гэхэд архины мөнгө нэхээгүй, 5000 төгрөг байна,  дээр нь нэмээд архи авч ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй байгаа хүмүүсийг явуулах юм биш үү гээд баруун тийш явуулсан ...би М-ыг 2-3 удаа цохисон, М намайг 2-3 удаа цохьсон. М-ын зүүн нүдэн доор хавдсан. Миний дух, толгой болон чихний ард хавдсан. Тэгээд намайг боож унагаахад ухаан алдсан. Намайг босоход хар хувцастай өндөр залуу дээр сууж байсан. Манай найз Ч бид хоёрыг машинтай авч явсан. Яах гэж байгаа юм гэхэд хөдөө гарна гэсэн. Тэгэхээр нь манай найз хөдөө явахгүй бууна гэж хэлээд машинаас буусан. Тэгээд цагдаа дээр очсон” гэх мэдүүлэг.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч З.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 03 сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад найз Б болон хамт ажилладаг Б гэх залуугийн хамт Цээл ресторанд орж 0.75 литрийн савалгаатай Ерөөл архи хувааж уучхаад 23 цаг 30 минут  орчимд гарч гэр гэртээ харихаар болж 35,36 дугаар байрны баруун талаар урд зүг рүү явсан... цагдаагийн хэлтсийн урд талд байх 2 давхар цэнхэр нийтийн байрны зүүн урд хэсэгт танихгүй 3 залуутай тааралдсан. Б нь тэдгээр залуучуудыг таньдаг гээд уулзсан. Б бид 2 наана нь хашлаган дээр хүлээгээд сууж байтал Б над руу утсаар ярьж нийтийн байрны баруун талын орцонд хүрээд ир гэхээр нь би Б-ийн хамтаар очиход Б нөгөө 5 залуутай маргалдсан шинжтэй зогсож байсан... Б эдгээр залуучууд зодно гээд байна гэхээр нь бид 2 больцгоо, тарцгаа гээд дундуур нь ороход нэг цагаан малгайтай залуу болон намайг цохидог залуу нь та хоёр юу юм, та хоёрт хамаа байхгүй гээд над руу дайрч эхэлсэн. Мөн надад хандаж ийшээ гараад халзарчихая гээд дагуулж явах гээд байсан ...тэгсэн урд явж байсан цагаан малгайтай залуу нь Б-г цохиод авах шиг болоод зууралдах үед миний хажууд явж байсан бараан хувцастай залуу Б болон цагаан малгайтай залуу гүйж очих гэхээр нь би уг залуугийн өмсөж явсан куртикнийх нь ханцуйнаас бариад авахад нөгөө залуу эргэж хараад миний баруун талын нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Би нүдээ дараад доош тонгойход миний нүүр лүү өвдөглөсөн. Энэ үед би арагшаа суухад миний өмсөж явсан малгай газарт унасан байхаар нь авах гэтэл намайг цохисон залуу миний гэдэс тус газар нэг өшиглөсөн... ингээд зугтаагаад яваад өгсөн ...би хойноос нь байрны урдуур тойрч очиход намайг цохисон залууг Б барьчихсан зогсож байсан... би Улаанбаатар хот руу явж ТРАВМА эмнэлэгт үзүүлж тархины томографикт 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Замын зардал ирж буцах 40000 төгрөг зарцуулсан. Эм авахад багцаагаар 20000 төгрөг болсон. Нийт зардал 180.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол барагдуулбал гомдол санал байхгүй  ...” гэх мэдүүлэг. /хх-н 16-17 хуу/

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...өөрийн найзууд болох М, Б нарын хамт 2018 оны 03 сарын 29-ний өдөр Цээл ресторанаас 23 цаг өнгөрөөгөөд хаах үед гарсан...бид 3-ыг төв замаар алхаад явж байтал Б нь таньдаг 3 залуутайгаа Ургах наран цайны газрын үүдэнд тааралдаж цаашаа юм ярингаа хамт явсан. Б-ыг найзуудтайгаа юм ярьж байх хооронд М бид 2 Ургах наран цайны газрын үүдэнд байдаг сандал дээр суугаад үлдсэн... Б бид хоёрыг  дуудахаар нь яваад очтол Б хоёр танихгүй залуутай маргалдаж байгаа байдалтай зогсож байсан... тэд нарыг салгах гэхэд нэг жижиг биетэй цагаан саравчтай малгайтай намхан залуу нь зодолдъё, халзаръя гээд намайг дагуулж явж байснаа жаахан зайд гарч байгаад над руу чулуу шидчихээд тэр чигтээ эргэж ирэхгүйгээр явсан... намайг эргээд иртэл М-тай хамт зогсож байсан залуу нь цохичихсон байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19/

 Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 03 сарын 30-ны өдөр өөрийн ихэр болох Э, найз Л нарын хамтаар Бор-Өндөр УБҮ-ийн душинд усанд орчихоод оройн 23 цаг өнгөрч байхад 36 дугаар байрны баруун талд байх Ундарга төвийн дэргэд хамт ажилладаг ах М, Б, Б нартай тааралдсан... бүгд архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн халамцуу явж байсан... Л ганцаараа урагш алхаж яваад Э бид хоёрыг явъя гэж дуудсан.. Тэгэхээр нь Э бид 2 Б, Мс 2-ыг үлдээгээд явсан... Тэгсэн Б ах нэг найзтайгаа явж байгаад бид нартай тааралдаж энэ хүмүүс та нарыг яагаад байгаа юм гээд М, Б, Б нарыг заасан. Тэгсэн манай найз Б гэдэг нь 1 шил архи аваад өгчих гээд нэхээд байна гэж хэлээд уулзаад зогсож байтал М, Б, Б нар нь бид нар дээр ирсэн. Тэр 3 ирээд дүү нар яагаад байгаа юм гэж М-ыг хэлэхэд Бат-Эрдэнэ та нар яагаад дүү нараас мөнгө нэхээд байгаа юм гээд тэр хоёрын дунд маргаан үүссэн. Б гэдэг нь Б ахтай хамт явж байсан найзыг нь маргааш гай болохгүй байгаа юм биздээ гээд шанаа тус газар нь 1 удаа цохисон. Тэгсэн нөгөө ах тухайн үед өөдөөс нь эсэргүүцээгүй.... би эргэж Б, М, Л, Э нар дээр очих гээд явж байтал өмнөөс маань Э, Л нар ирсэн. Ингээд бид 3 гэртээ харихаар явж байгаад эмнэлэгийн урд талын хуучин эмийн сангийн байрны үүдэнд сууж байгаад Б, М нар руу харахад Б ах Б-ийг газар унагачихсан дээр нь суучихсан байсан. Цохиж зодсон зүйл байхгүй, энгэрээс нь заамдчихсан байсан. Харин М нь Б-ийг цохиж байгаа харагдсан. Би яваад очиход Б ах Б-ийг заамдчихсан цагдаа руу явна гээд зогсож байсан. Б ахын өмсөж байсан подволк нь урагдчихсан, мөн амнаас нь цус гарсан байсан... М, Б хоёр л хоорондоо бие биенээ цохисон юм шиг байсан. Би гэхдээ энэ хоёрыг цохилцож зодолдохыг хараагүй... Тэр 2 хоорондоо муудалцсан гэж сонссон.. Б ах надад ярихдаа М эхэлж цохихоор нь би зөрүүлээд цохисон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21/

Гэрч Б.Б-ын  мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 03 сарын 29-ний өдөр хамт ажилладаг ах нар болох Б, М нартай уулзаж Цээл ресторанд 0.75 литрийн савалгаатай Ерөөл архи хувааж уугаад 00 цаг болох гэж байхад 44-р байранд М ахын гэрт унтаж амрахаар явж байтал Ундарга төвийн үүдэнд хамт ажилладаг Э-тай тааралдсан... бид 3 Э-рыг хамт явж байсан залуучуудыг цагдаагийн хэлтсийн урд талд байх 3 давхар цэнхэр байрны урд дуудаж зогсоосон. Ингээд би нөгөө ногоон малгай залууг дуудаж уулзаад ганц шил юм аваад өгчих гэтэл нөгөө залуу надад мөнгө байхгүй гэхэд нь би тэгвэл утсаа тавиад архи авчихъя, хоёулаа айл руу хамт ороод ирье гэж хэлээд дагуулаад явсан... 3 давхар цэнхэр байрны баруун талаас нь ордог хаалгаар орох гээд явж байтал үүдэнд нь 2 залуутай тааралдсан. Тэгсэн надтай хамт явж байсан ногоон эрээн малгайтай залуу тэр 2 залуутай уулзаж зогсож байгаад намайг зааж энэ залуу надад томроод байна  гэж хэлэхэд нөгөө 2 залуу над дээр ирээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэхээр нь би юм хэлээгүй, цаашаа 1 давхар руу гарангаа М ах руу залгаад хаана байгааг нь асуухад очиж байна гэж хэлсэн. Эргэж байрнаас гарч ирээд зогсоход нөгөө залуу дахин над руу хүүхдэд яагаад томроод байгаа юм гээд над руу дайрч байх үед Б ах, М ах болон Э нар ирсэн. Би тэр 2 залууг танихгүй, өмнө  нь харж байгаагүй... тэнд байсан залуучуудаас хоорондоо хэрэлдэж, маргалдаж муудалцсан зүйл байхгүй. М тэр хоёр л хоорондоо маргалдаж нөгөө залуу нь М-ыг цохисон байсан. Би гэхдээ цохихыг нь хараагүй.Тэр 2 Б ах бид хоёрыг ирэхэд хоёулхнаа байсан.. гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 37 дугаартай

  1. З.М-ын  биед баруун нүдний ухархайн дотор ханын зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-н 7 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн ард хувийн таарамжгүй харьцааны улмаас З.М-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          Хохирогч З.М-ын “...урд явж байсан цагаан малгайтай залуу нь Б-г цохиод авах шиг болоод зууралдах үед миний хажууд явж байсан бараан хувцастай залуу Б болон цагаан малгайтай залуу гүйж очих гэхээр нь би уг залуугийн өмсөж явсан куртикнийх нь ханцуйнаас бариад авахад нөгөө залуу эргэж хараад миний баруун талын нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

          Гэрч Г.Б-ийн “...намайг эргээд иртэл М-тай хамт зогсож байсан залуу нь цохичихсон байсан...” гэх мэдүүлэг,

          Гэрч Д.Э-ын “...Б ах надад ярихдаа М эхэлж цохихоор нь би зөрүүлээд цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Б.Б нь Бор-Өндөр суманд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа компанид ажиллах боломжтой болсон тул түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байх боловч шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа болон орлогын эх үүсвэртэй талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч З.М нь шүүгдэгчээс нийт 180.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч биеийн эрүүл мэнд сайжирч, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичиж өгсөн тул /хх-н 39 хуу/ шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсгай.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР