Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн 2136001380026 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч Б.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа /цахим сүлжээгээр/,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, “К” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ****багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Б-ын Т- /**********/,  

 

3. Шүүгдэгч Б.Т- нь “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч “Э” ХХК-ийн /толгой компани/ үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 456.950.673 төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг /тээврийн хэрэгсэл 5 ширхэг, чиргүүл 5 ширхэг/ албан тушаалын байдлаа ашиглан завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

 

4. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны  өдрийн 117/А дугаар яллах дүгнэлтээр Б.Т-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн  2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Т овогт Б-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 12,000 /арван хоёр мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой.

6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д "мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: ... 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгч Б.Т-ын сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй бөгөөд гэм буруутай эсэх нь субьектив шинжээрээ үгүйсгэгдэж байна. Тодруулбал, Шүүхээс үйлчлүүлэгч Б.Т-ын үйлдлийг тогтоохдоо: “...толгой компани, охин компанийн удирдлага өөрчлөгдсөн, буцаан томилогдсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд "шүүгдэгч Б.Т- албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан” гэх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй” гэх байдлаар тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэх үндэс болсон гэж үзэж байна.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, ...завшсан бол...” гэж заасан. Албан тушаалтан хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх явцад бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихдаа хөрөнгө завших санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл эрх бүхий албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэсний улмаас компанид тодорхой хэмжээний хохирол учирсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Гэтэл хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн яллагдагчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Т- нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшихыг хүсэж, ингэхдээ албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байдаг.

Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б, хувьцаа эзэмшигч Г-, хөрөнгө оруулагч С-, “К" ХХК-ийн захирал Б.Т- нар 2021 оны 3-4 сард уулзаж, анхны тохиролцоо ёсоор 12 ширхэг тээврийн хэрэгслийг хувааж авах, “К” ХХК-ийг Б.Т-д шилжүүлж өгөх тухай хэлэлцэж байсан болох нь тогтоогдсон байдаг. Үүнийг хохирогч өөрөө баталсан. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өмнө хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн баримтад энэхүү маргааны зүйл нь маргаангүй болсон, хөрөнгөө зохих журмаар хувааж авсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай хүсэлт гаргасан.

6.4. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулж, үндэслэлийг нь товчхон байдлаар тайлбарлахдаа: “...шүүгдэгч Б.Т-ыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан болох нь тогтоогдсонгүй” гэж танилцуулсан. Гэтэл шүүхээс уншиж танилцуулсан болон бичгийн хэлбэрээр гардуулж өгсөн шүүхийн шийдвэрүүд хоорондоо зөрүүтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/59 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12,000,000 сая төгрөгөөр торгох ял оноосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй.

7.2. Б.Т-ыг “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилсон “Ажилд томилсон тушаал” /2хх 103/-с өөр баримт хавтаст хэрэгт байдаггүй бөгөөд түүнтэй хөдөлмөрийн эсхүл контрактын гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан болох нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн “...24.1.”Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

7.3. Гэмт хэргийн үйл баримтыг бодитой тогтооход хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тодруулах, гэмт хэрэг үйлдсэн гэх арга, гэм буруугийн хэлбэрийг хөтөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай. Хохирогч Ж.Г-ы мэдүүлэгт /1хх-ийн 12/ Б.Т-ыг хөдөлмөрийн гэрээний асуудлыг компанийн дүрмээр зохицуулдаг гэж мэдүүлдэг. Компанийн дүрмийн 6.1, 6.2, 7.1, 7.2-р зүйлд “Гүйцэтгэх захирал нь ТУЗ-тэй гэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулна” гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна”, 83.7-д “Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна” гэж зохицуулсан. Гэтэл миний үйлчлүүлэгчид ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байдаггүй.

7.4. Уг маргаан нь компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарын маргаанаас үүдсэн бөгөөд анхнаасаа эрүүгийн журмаар шалгагдах хэрэг биш байсан. Хохирогч Ж.Г-, Д.Х- нарын анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтээс /4хх 66, 142/ үзэхэд хууль хяналтын байгууллагад хандсан 4 жил гаруйн хугацаанд маргааныг эвийн журмаар шийдвэрлэж маргаантай тээврийн хэрэгслийг Б.Т-, З.С- нар авч, автомашины үлдэгдэл төлбөр 574,976.38 юаныг З.С- хариуцан төлөхөөр тохирсон тухайгаа, мөн Б.Т-д холбогдох 2136001380026 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Үүнээс үзвэл уг маргаан нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийн хүрээнд иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан байсан бөгөөд мөрдөгч, прокурор нар нь зөвхөн хохирогч нарын мэдүүлэг болон Авто тээврийн төв рүү өгсөн Б.Т-ын албан бичгийг л үндэслэл болгодог. Гэтэл эдгээр хоёр баримтаар миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон санаа, сэдэлт, зорилго хангалттай нотлогдож тогтоогддоггүй.

7.5. Б.Т-ын хувьд анхны мэдүүлгээсээ эхлэн дээрх тээврийн хэрэгслүүдийг толгой компани “Э” ХХК-ийн захирал М.Т, Г.Б- нарын зөвшөөрлөөр, З.С-ийн оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг өгч байгаа гэсэн ойлголттойгоор шилжүүлж өгсөн байдаг. Үүнд ямар ч гэмт хэргийн санаатай үйлдэл, зорилго харагддаггүй. Прокурорын яллах дүгнэлтэд Компанийн тухай хуулийн 87.1.1, 88 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийхтэй холбоотой зохицуулалтыг үндэслэсэн. Гэтэл улсын яллагч болон анхан шатны шүүх өмгөөлөгч нарын цагаатгах талын үндэслэл болох Компанийн тухай хуулийн 83,93 дугаар зүйлд заасан асуудалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар Б.Т-, З.С- нарыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх боломжтой бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэний улмаас компанид хохирол учирсан гэж үзвэл тус хуулийн 85, 90-р зүйлд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж, компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулсан. Үүнээс үзвэл Б.Т-д холбогдох эрүүгийн хэрэг нь анхнаасаа хэргийн харьяалал зөрчсөн, эрүүгийн журмаар бус иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан байсан. Анхан шатны шүүхийн зүгээс уг байдлыг хүлээн зөвшөөрсөн /шт-ын 12 дахь тал/ бөгөөд өмгөөлөгчийн хувьд Б.Т-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

7.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад чиглэгдэх ёстой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх чиг үүргийг шүүх хүлээдэг.

Б.Т-д холбогдох эрүүгийн 2136001380026 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1,3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн асуудал бүрэн шалгагдаж нотлогдоогүй тул тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэд:

8.1.  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Баймуратын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

8.2. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийн талаар бүрэн тогтоосон.

8.3. Шүүгдэгч энэхүү гэмт хэргийг үйлдсэн нь яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт оруулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-, түүний  өмгөөлөгч А.Серикжан, Б.Энхзаяа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

11. Шүүгдэгч Б.Т- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт, “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хохирогч “Э” ХХК-ийн /толгой компани/ үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 456.950.673 төгрөгийн өртөг бүхий:

  1. LBZF56KB4EA007227 арлын дугаартай, **** улсын дугаартай “North benz” загварын,
  2. LBZ446DB4EA018759 арлын дугаартай, **** улсын дугаартай “North benz” загварын,
  3. LZZ5GLSB76W104911 арлын дугаартай, ****улсын дугаартай “Howo” загварын,
  4. LZZ5GLSB37A167745 арлын дугаартай, ****улсын дугаартай “Howo” загварын,
  5. LBZF26EB4BA046165 арлын дугаартай, ****улсын дугаартай “North benz” загварын хүнд даацын автомашинууд,
  6. мөн L1C39VRL950001042 арлын дугаартай ****улсын дугаартай “CIMC” загварын,  
  7. LA940GL3X86SAC829 арлын дугаартай, ****улсын дугаартай “CIMC” загварын,  
  8. LA9GP339561TBY046 арлын дугаартай, ****улсын дугаартай “JIDONG” загварын,  
  9. LZGP46ZCX5NC00098 арлын дугаартай, ****улсын дугаартай “CIMC” загварын,   
  10. LZ1B13GEB60008173 арлын дугаартай ****улсын дугаартай “JIDONG” загварын чиргүүлүүдийг “К“ ХХК-ийн тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээг тус тус компанийн захирлын хувьд ашиглаж, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвд хандаж, өөрийнхөө нэр дээр буулгаж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгө оруулагч гэх З.С-ийн нэр дээр шилжүүлж, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгүүдийг завшсан нь:

            - “К” ХХК-ийн захирал Г.Ж-аас гаргасан гэмт хэргийн тухай гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

            - Хохирогч Ж.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай охин компани болох “К” ХХК-ны захирлаар ажиллаж байсан Б.Т- манай компанийн эзэмшлийн 5 ширхэг автомашиныг миний зөвшөөрөлгүй хууль бусаар эхлээд өөрийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь З.С- гэдэг хүн рүү шилжүүлсэн болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай компани эзэмшлийн ****, ****, ****, ****, ****гэсэн улсын дугаартай чиргүүл, болон ****, ****, ****, ****, **** улсын дугаартай чирэгч толгойнуудыг хууль бусаар шилжүүлэн авсан байна. ...Б.Т-ыг “К” ХХК-ны захирлаар “Э” ХХК-ны захирлаар ажиллаж байсан Тө гэх хүний шийдвэрээр 2018 онд томилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний бие өөрөө тухайн компани захирлын ажлыг Б.Т-аас авсан. ...Монгол Улсын Компани тухай хуульд зааснаар 25 хувиас дээш хөрөнгийн үнэлгээтэй эд хөрөнгийг уг компанийг үүсгэн байгуулагч өмчлөгчөөс зөвшөөрөл авч, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэж байж шилжүүлэх ёстой, надаас өөр “Э” ХХК-нд хувьцаа эзэшдэг хүн байхгүй учраас надаас зөвшөөрөл авч байж эд хөрөнгийг захиран зарцуулах ёстой байдаг. ...“К” ХХК-ны захирлын үүрэг нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн гол үүрэгтэй, түүний эрх гэвэл 25 хувиас доош хөрөнгийн үнэлгээтэй эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. ...2018 оны эхээр хүнд даацын 7 тооны машиныг З.С- нь үнийн дүнгийн 30 хувийг гаргаж, “Э” ХХК-иас 70 хувийг гаргаж хоорондоо 1 жилийн хугацаанд лизингийн гэрээ байгуулж С- манай компаниас гаргасан 70 хувийг төлж дуусгаад машинуудыг өөрийнхөө нэр дээр авахаар лизингийн гэрээ байгуулсан боловч тухайн жилдээ төлж чадаагүй, өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, 400 гаруй сая төгрөгийн тооцоо байгаа.  ...нийт 7 тээврийн хэрэгслийн 30 хувь гэж С- 256.000.000 төгрөг гаргасан, манайх 70 хувийг гаргасан. ...Б.Т-ын шилжүүлж авсан 5 ширхэг тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын компани тухай хуульд зааснаар 25 хувиас дээш гарч байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

            -“К” ХХК-ны захирал Б.Т-ын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21/07, 21/08, 21/09, 21/10, 1/11, 21/13 дугаартай Баян-Өлгий аймгийн Автотээврийн газарт хаягласан “Тус компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа LBZF56KB4EA007227 арлын дугаартай, **** улсын дугаартай North benz маркийн ачааны автомашиныг;  LBZ446DB4EA018759 арлын дугаартай, **** улсын дугаартай North benz маркийн ачааны автомашиныг; LZZ5GLSB37A167745 арлын дугаартай, ****улсын дугаартай Howo маркийн ачааны автомашиныг L1C39VRL950001042 арлын дугаартай ****улсын дугаартай CIMC маркийн чиргүүлийн хамт; LZZ5GLSB76W104911 арлын дугаартай, ****улсын дугаартай Howo маркийн ачааны автомашиныг; LA940GL3X86SAC829 арлын дугаартай, ****улсын дугаартай CIMC маркийн чиргүүлийг; LA9GP339561TBY046 арлын дугаартай, ****улсын дугаартай JIDONG маркийн чиргүүлийг; LZGP46ZCX5NC00098 арлын дугаартай, ****улсын дугаартай CIMC маркийн чиргүүлийг; LBZF26EB4BA046165 арлын дугаартай, ****улсын дугаартай North benz маркийн ачааны автомашиныг; LZ1B13GEB60008173 арлын дугаартай ****улсын дугаартай JIDONG маркийн чиргүүлийг тус тус ********** регистрийн дугаартай БТ-ын нэр дээр шилжүүлж өгнө үү” гэх албан бичгүүд, хавсаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 128-168 дахь тал/,

            - “Э” ХХК-ийн ********* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

            -“Э” ХХК-ны 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон тээврийн тооцооны тайлан /иргэн Б.Т-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, тээврийн тооцоо, 1 дэх хавтаст хэргийн 203-207 дахь тал/,

            -Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны 10/976 дугаартай албан бичиг, “К” ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 10-14 дэх тал/,

            -“Э” ХХК-ны ерөнхий захирал Т.М.Т-ын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18/01 дугаартай Б.Т-ыг “К ХХК-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон тухай” тушаал /2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/,

            -“Э” ХХК-ны санхүүгийн захирал Д.Х-ийн 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “К” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Т-д хаягласан “...тус компани төв оффист 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хүрэлцэн ирж, “К” ХХК-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах, тус компанийн тамга, гэрчилгээ болон бусад үүсгэн байгуулах баримт бичгийг авч ирэхийг үүрэг болгосон” тухай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,

            -“К” ХХК-ны хувьцаа эзэмшигчийн “Э” ХХК-ны ерөнхий захирал Г.Ж-ын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21/06 дугаартай шийдвэр, албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

            -хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би одоо “К” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна. Тухайн үед “К” ХХК-ны толгой байгууллага нь “Э" ХХК байсан ба бид Хятад улсаас 2017, 2018 онуудад ачааны автомашинуудыг худалдан авч оруулж ирсэн. Манай “Э” ХХК нь төмрийн хүдэр экспортолдог байсан. Уг тээврийн хэрэгслүүдийг охин компани болох “К” ХХК-ны нэр дээр бүртгүүлж төмрийн хүдрийн тээвэрлэлтийг охин компаниар явуулах зорилгоор бүртгүүлсэн. “К” ХХК-ны захирлаар Б.Т- гэх хүнийг ажилд авч байгууллагын бүхий л үйл ажиллагаа тайлан, тооцоог хариуцуулдаг байсан. Ажиллаж байх хугацаандаа толгой байгууллагад ямар нэгэн тайлан тооцоо өгөлгүй тээвэрлэлтийг тасалдуулж байсан тул 2021 оны 3 дугаар сараас эхлэн санхүүгийн тайлан гаргаж өгөхийг шаардаж эхэлсэн бөгөөд Б.Т- нь биелүүлэхгүй байсан учир 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдэж, байгууллагын албан бичиг, тамга, гэрчилгээг хүлээлгэж өгөхийг сануулсан. Гэтэл Б.Т- нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн манай байгууллагын ...****, ****, ****, ****, **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ****, ****, ****, ****, ****улсын дугаартай чиргүүлийн хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг мэдсэн. ...Б.Т- гэх хүнийг “К” ХХК-ны толгой компани болох “Э” ХХК-ны шийдвэрээр 2018 оны эхний улиралд ажилд аваад 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал/,

            -Гаалийн ерөнхий газрын 2017-2018 онд “Э” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 167-192 дахь тал/,

            -Шинжээч “Вендо” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн В21/20, В21/21, В21/22, В21/23, В21/24 дугаартай “тээрийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тухай” хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1 дэх хавтаст хэргийн 35-44 дэх тал/

            -Шинжээч “Дамно” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 235, 236, 237, 238, 239 дугаартай “чиргүүлд үнэлгээ тогтоосон тухай” хөрөнгийн үнэлгээний тайлангууд /3 дахь хавтаст хэргийн 21-47 дахь тал/,

            -Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 167 дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 51-61 дэх тал/,

            -“Э” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 83-94 дэх тал/,

            -Хохирогч Ж.Г-ы шүүхэд цахимаар ирүүлсэн “..Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Г- Ж /паспортын дугаар:N******, КА***********/ миний бие Монгол Улсад бүртгэлтэй “Э” ХХК болон түүний охин компани болох “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2021 оны 8 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хоорондын үл ойлголцол буюу маргаанаас болж Монгол Улсын хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан билээ. Б.Т-д холбогдох 2136001380026 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 4 жил гаруй хугацааны явцад талууд уг маргааныг эвийн журмаар шийдвэрлэж чадлаа. Өөрөөр хэлбэл охин компани болон маргаантай тээврийн хэрэгслийг Б.Т-, З.С- нар авч, автомашины үлдэгдэл төлбөр 574,976.38 юаныг З.С- хариуцан төлөхөөр болсон. Одоо маргааны зүйл маргаангүй болсон. Иймд хохирогчийн зүгээс 2136001380026 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч Б.Т-аас нэхэмжлэх хохирол, нөхөн төлбөр, гомдол саналгүй болохыг үүгээр тодорхойлж байна. Иймд, энэхүү нөхцөл байдлыг харгалзан Б.Т-д холбогдох 2136001380026 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэх хүсэлт /4 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             12. Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн, тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б.Т- нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

 

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн учраас энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох”, “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гаргасан давж заалдах гомдлууд тус тус хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг компанийн захирлын албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэргийн үйл баримтад үндэслэлтэй, зөв тайлбарлаж хэрэглэжээ.    

 

 Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэсэн урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Б.Т-д авсан Монгол Улсын хилээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч А.Серикжан, Б.Энхзаяа нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК