Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2020/00011

 

Завхан аймгийн ******* сумын *******

даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Б.Намхайдорж, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* 2014 оны 11-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийг жилийн 3% хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. 2015 онд үндсэн зээлээсээ 872000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.218.000 төгрөгийг төлж барагдуулаагүй болно. Зээлдэгч Д.******* нь нас барсан тул түүний эхнэр болох ******* нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд зааснаар зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулахыг шаардсан ч өдий болтол зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээ ёсоор хугацаа хэтэрвэл үндсэн хүүгээс гадна, сарын 4.5%-ийн алданги тооцохоор байгаа. Энэ журмаараа тооцвол хугацаа хэтэрсэн 60 сарын алданги 3.288.600 мянган төгрөгийг тооцож авахаар байна. ******* даргын зөвлөлийн зүгээс алдангийг бүрэн тооцохгүйгээр зөвхөн 24 сарын алданги тооцохоор шийдвэрлэсэн. Иймд хамтран зээлдэгч Н.*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.218.000 мянган төгрөг, алданги 1.315.440 мянган төгрөг нийт 2.533.440 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн 100090955401 тоот дансанд төвлөрүүлж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.******* нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр татгалзаж байна.

Тус зээлийн гэрээг миний нөхөр Д.******* 2014.11.18-нд байгуулж гарын үсэг зурсан байсан. Нөхөр Д.******* маань 2014.11.29-нд нас барсан юм. Талийгаач нөхрийг маань нас барсны дараа ******* сумаас шилжих гэтэл 2015 оны 02-р сард МЭҮТ-ийн мэргэжилтэн дуудаж баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй бол шилжүүлэхгүй гэж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан.

Зээлийн гэрээний төлбөрийг би тус гэрээний дагуу 2015.05.19-нд 424.000 төгрөг төлсөн, 2015.11.18-нд 418.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өрх толгойлж 3 хүүхдээ өсгөхөд орлого хүрэлцэхгүй зээлийн мөнгийг төлөх боломжгүй болсон юм. Зээлийн төлбөр төлөх боломжгүй байдлаа учирлаж хэлж байсан.

Тус зээлийн гэрээний 4.3 дугаар зүйлд эргэн төлөлт хийгдээгүй 2 дахь сардаа шилжвэл гэрээг зогсоож маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.

Би 2015.11.18-нд эргэн төлөлт хийж 2015.12.18-аас эхлэн хүү болон эргэн төлөлт хийх санхүүгийн боломжгүй болж зээлийг төлж чадаагүй юм. Иймээс тус гэрээний 4.3-д заасны дагуу зээлдэгч гэрээг тухайн үед цуцалж төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Гэтэл гэрээнд заасны дагуу арга хэмжээ авахгүйгээр олон сарын хүү, алданги нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага 2015.12.18-аас эхлэн гэрээний 4.3 заалтын дагуу тус гэрээг зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байхад 2019.11.14-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.******* нь 2014 оны 11 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж сум хөгжүүлэх сангаас 2.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Зээлийн хамгийн сүүлийн эргэн төлөлт нь 2017 оны 05 сарын 18-ны өдөр дуусах байсан. Манай байгууллага зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн учир тухайн хугацаанд төлөгдөх зээлийн үлдэгдэл хүүнээс гадна сарын 4.5 хувийн алданги тооцоод 2.533.440 төгрөгийг анх нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, алдангийг хасаж төлөгдөөгүй үндсэн зээлийг зээлдэгчээс гаргуулахаар болсон. Одоо төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл болох 1.248.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаж байгаа зээлийн гэрээг талууд 2014 оны 11 сарын 18-нд Завхан аймгийн ******* сумын ******* дарга болон иргэн Д.******* нар байгуулсан нь зээлийн гэрээний 1 дэх хэсгийн ерөнхий зүйлд талуудыг тодорхойлсон байдлаас харагддаг. Сая нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа иргэн Д.*******тай зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хэлж байна. Зээлдэгч Д.******* 2014 оны 11 сарын 29-ний өдөр нас барсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан байдаг. Иймээс талийгаач Д.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч нас барсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал Н.*******г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Н.*******г шүүхэд хариуцагчаар татахдаа Д.*******тай хамтран зээлдэгч гэж татсан байна. Н.*******г хамтран зээлдэгч гэсэн мөртлөө зээлийн гэрээний арын хэсгийн гарын үсэг хэсэгт нэг хүний бичиглэлээр Д.*******, Н.******* гэж нэрийг бичсэн байна. Энэ нь хоёр өөр хүний бичиглэл биш, нэг хүний бичиглэл байна. Үүнийг Д.******* ч өөрөө бичсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн утасны дугаар бичих хэсгийн доор Н.*******гийн гарын үсгийг сүүлд нь бичүүлсэн. Тийм учраас Н.******* 2014 оны 11 сарын 18-ны өдөр тухайн гэрээг Д.*******ийн хамтран зээлдэгчээр байгуулаагүй. Ийм учраас хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Н.******* тус зээлийн гэрээг байгуулаагүй ч гэсэн 2015 оны 05 сарын 19-ний зээлийн эргэн төлөлтөнд 324.000 төгрөг, 2015 оны 12 сарын 02-ны өдөр 418.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш Н.*******гийн нөхөр Д.******* нь нас барсан, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдрах болсон учраас зээлийн төлбөрийг төлөх эдийн засгийн боломжгүй болоод тухайн зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Тухайн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 05 сарын 18-ны өдөр дуусах 3 жилийн хугацаатай гэрээ байсан гэдэг байдлаар ярьж байна. Зээлийн гэрээ дээр хугацааг графикаар заасан байдаг. Гэхдээ талууд зээлийн гэрээний дагуу төлбөрийн эргэн төлөлт хийгдээгүй нөхцөлд зээлийн гэрээг цуцлаад уг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зээлийн гэрээний 4.3-т тусгайлан заагаад тохиролцсон байна. Тийм учраас зээлийн гэрээний заалт бүхэн хэрэгжих ёстой. Ийм учраас зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгдээгүй учраас 2 дахь сард шилжсэн үед зээлийн эргэн төлөлтийг шаардах эрх нь нэхэмжлэгч талд байсан, үүний дагуу шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл өдий 4 жилийн дараа алданги хүү торгууль тооцоод нэхэмжлэл гаргасан байна. Өнөөдөр нэхэмжлэгч талаас шүүх хуралд гаргаж байгаа тайлбартаа тухайн зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 05 сард дуусах байсан. Манай тал хүү алданги торгуулиа тооцоод 2.533.440 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд нэг жилийн хүү алданги тооцгүйгээр 1.248.000 төгрөг нэхэмжилж байна гэж байна. Нэг жилийн хүү алданги тооцож байгаа юм бол тухайн цаг үед зээлийн гэрээг зогсоогоод зээлийн үлдэгдэл мөнгө 1.000.000 гаруй төгрөг л шаардах байсан. Гэтэл 3, 4 жилийн дараа зээлийн хүү алданги тооцоод хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас тухайн зээлийн гэрээний зүйл заалт болон Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлаад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.*******гээс 1.248.000 төгрөг гаргуулах тухай Завхан аймгийн ******* сумын ******* даргын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Сэрээтэрдорж овогтой *******а нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцлаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж байна гэж үзэж байна.

Ийм учраас энэ хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул ийнхүү гомдол гаргаж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбар гаргана гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* нь нөхөр *******ын хамт Завхан аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2014 онд 2 сая төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авч 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээгээр хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг хийх сүүлийн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хувиарыг тогтоосон байдаг. Хариуцагч Н.******* нь зээлийн эргэн төлөлтөд 842.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс түүний ар гэрийн амьдралыг харгалзан зээлсэн 2 сая төгрөгнөөс төлсөн 842.000 төгрөгийг хасаад хүү алданги тооцохгүйгээр анхан шатны шүүх дээр 1.248.000 төгрөг нэхэмжилж өмнөх нэхэмжлэлээ буруулсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн 4.3-т заасныг үндэслэн гэрээг зогсоож шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан болов ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж анхан шатны шүүх хурлын тайлбар гаргасан байдаг. Анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний 4.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссан гэж үзэж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлийн гэрээний 4.3-т эргэн төлөлт хийгдээгүй 2 дахь сардаа шилжиж гэрээг зогсоож маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Н.*******гийн ар гэрийн амьдралыг харгалзан үзэж түүнийг гэрээнд заасан сүүлийн хугацаандаа багтаад зээлээ төлөх байх гэж харж байсан учраас зээлийн гэрээг зогсоосон талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Зээлээ төлөх сүүлийн хугацаа дууссан учраас зээлийн үлдэгдэлийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх байдлаас харахад Н.*******, ******* болон ******* сумын засаг дарга нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд хариуцагч Н.******* нь өөрийн данснаас зээлийн эргэн төлөлтийг 2 удаа хийгээд үлдсэн зээлийг хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байдаг. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтэрүүлсэн гэрээний 4.3-т заасан зээлийн гэрээг зогсоох ёстой байсныг зогсоогоогүй байна гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэрээг зогсоох, гэрээнээс татгалзах журмыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан байдаг. Энэ тохиолдолын хувьд ******* сумын засаг даргын зүгээс энэ гэрээг зогсоолоо гэж Н.*******д мэдэгдээгүй. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ийм учраас гэрээг зогсоосон талаар мэдэгдээгүй энэ талаар ямар нэгэн баримт байхгүй учраас гэрээний үйлчилэл хүчинтөгөлдөр үргэлжилж байсан. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сүүлийн төлөлт хийх ёстой байсан. Энэ хугацаанд л гэрээ хүчин төгөлдөр үйлчлэнэ. Энэ хугацаагаа тооцох юм бол хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үүсээд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар байна. Анхан шатны шүүх гэрээний 3.4 дахь хэсэгт зааснаар гэрээг зогсоож эргэн төлөлт хийхгүй 2 дахь сардаа шилжвэл зээлийн гэрээг зогсоож шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Хавтаст хэрэгт гэрээг зогсоосон зүйл байхгүй тийм учраас нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуулийг хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлага болох 1.248.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд 3.288.600 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг шүүх 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа бууруулж зээлийн гэрээний үүрэгт холбогдуулж 1.248.000 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний 4.3 дахь заалт хэрэгжихгүй гэж тайлбарлаад байна. Энэ зээлийн гэрээнд ямар нэгэн байдлаар нэмэлт өөрчлөлт ороогүй өөрөөр хэлбэл 4.3 гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа. Талууд тухайн асуудлыг гэрээгээр тохиролцож байгаа бол гэрээний зүйл заалтын дагуу асуудалаа шийдвэрлэж явах ёстой. Гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ гэрээ ямар тохиолдолд цуцлахыг талууд урьдчилаад тохиролцсон. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг харах юм бол гэрээний 4.3 дахь заалтыг харах юм бол эргэн төлөлт хийгдээгүй 2 дахь сардаа шилжих юм бол гэж байгаа. Эргэн төлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийгдээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бас эргэн төлөлт хийгдээгүй. Ингээд 3 жилийн хугацаагаар тооцох юм бол 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байдаг. Үүнээс хойш нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэж огноогоо бичсэн болов ч шүүх нэхэмжлэлийг хэзээ хүлээж авсан бэ? гээд нэхэмжлэлийн ард талын дардаснаас харахад 12 дугаар сарын 03-ны өдөр байдаг. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар яагаад хэтэрсэн талаар нэхэмжлэгч талаас баримт, хүсэлт огт гаргаагүй. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь тодорхойгүй байна. Ийм учраас анхан шатны шүүх болон нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* дарга нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2.533.440 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.248.000 төгрөг болгож, багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Д.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.0 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж авч, тус сумын засаг даргатай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр эхнэр Э.******* гарын үсэг зурсан болох нь тогтоогджээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байна.

Зээлдэгч Д.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан байх бөгөөд хамтран зээлдэгч болох Э.******* нь 2015 оны 05 сарын 19-нд 424.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 18-нд 418.000 төгрөгний зээлийн төлбөр төлж, түүнээс хойш зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт эргэн төлөлт хийгдэхгүй 2 дахь сардаа шилжвэл гэрээг зогсоож маргааныг шүүхээр шийдвэрлүүлэнэ гэж тохиролцжээ.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх дараагийн хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байх ба эргэн төлөлт хийгээгүй хоёр дахь сар гэж үзвэл 2017 оны 11 дүгээр 19 өдрөөс шаардах эрх үүссэн гэж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Гэрээнд зааснаар зээлдүүлэгч 2017 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болов ч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг баримтлах нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангах болно.

Иймд шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг гэсний дараа  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ