Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

Т.К-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.К-т холбогдох эрүүгийн 2413000070071 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Т.К-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, тус аймгийн Хүүхдийн ** дугаар цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл **хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ***** оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн ***** тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт Т-ийн К- /РД:************/.    

 

2. Шүүгдэгч Т.К-ийг  хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдож, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс  2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 6 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ш.С- нь бал, харандааны савыг шидэж биед гэмтэл учруулсан” гэж Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн худал  мэдүүлэг өгч, худал мэдүүлэг өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

 

3. Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 26-ны  өдрийн 33 дугаар яллах дүгнэлтээр Т.К-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн  2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Б  овогт Т-ийн К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө  илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-ийг 10.000 /арван мянга/ тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Т.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдалд гомдолтой байна.

5.2. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь шүүгдэгч гэх Т.К- нь хохирогч Ш.С-ыг гэмт хэрэгт гүтгэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.К- нь уг гэмт хэргийг өөрөө санаатайгаар ухамсарлан хүсэж үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Түүнчлэн Т.К-ээс зориуд худал мэдүүлэг өгсөн гэх субьектив талын асуудал учир дутагдалтай байна. Тэрээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Ш.С-ы албан өрөөнд болсон үйл баримтыг тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдлыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүд буюу тус цэцэрлэгийн багш нарын мэдүүлгүүд нь удирдлагын дор байгаа цэцэрлэгийн эрхлэгч Ш.С-ыг илт хамгаалсан, түүний үйлдлийг нуун дарагдуулсан, тэд нэг нэгний мэдүүлгүүдийг давтсан, мөрдөгчөөс copy past хийх замаар тэднээс мэдүүлэг авсан нь эргэлзээтэй гэж үзэж байна.

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,3 дугаар зүйл “Гэм буруу” 1. “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна.” 2 “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэжээ. Өнөөдөр болсон бодит үйл баримтын тухай цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлсэн этгээдийг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж буруутгаж байгаа нь хэрхэвч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

5.4. Гэтэл шүүгдэгч гэх Т.К- нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна.  Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч гэх Т.К-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхэлж оролцож байсан. 1 гэрчээс 1-2 удаа мэдүүлэг авсан. Энэхүү хэрэгтэй холбоотой 7-8 гэрчээс мэдүүлэг авсан. Тухайн гэрч нарын мэдүүлгийг “copy paste” хийсэн зүйл байхгүй. Агуулгын хувьд ижил боловч утгын хувьд өөр өөр байгаа. Гэрч нар эрхлэгчийнхээ нөлөөнд орж мэдүүлэг өгсөн гэж байна. Гэрч нарт худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж эрх, үүргийг нь танилцуулж өгсөн. Гэрч нар бүгд шүүгдэгч Т.К- нь өөрийнхөө биед гэмтэл учруулсан гэх мэдүүлгийг өгсөн.

6.2. Зориуд хүсэж худал мэдээлэл өгөөгүй гэж байна. Шүүгдэгч нь “Ш.С- миний биед гэмтэл учруулсан” гэж мэдүүлэг өгсөн ба энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдал, зориуд  хүсэж худал мэдүүлэг өгсөн гэх шинжийг хангаж байгаа.

6.3. Шүүгдэгчийн биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тухайн хэргийг хаасан. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Энэхүү шийдвэрт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Шүүгдэгч нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.       

 

            8. Шүүгдэгч Т.К-ийг хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт хохирогчоор  тогтоож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс  2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 6 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тэрээр “Ш.С- нь бал, харандааны савыг шидэж биед гэмтэл учруулсан” гэж Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн худал мэдүүлэг өгсөн нь хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн:

    • Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /1 дүгээр хавтасны 02-09 дэх тал/,
    • Т.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг егөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэлүүд /1 дүгээр хавтасны 14, 17, 20, 23-24, 26, 74 дэх тал/,
    • Т.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өглөө ажил дээр ирэхэд Ш.С- нь хэрүүл үүсгэж, миний эрх чөлөөнд халдаж, өмсөж явсан куртикний мөрнөөс барьж аваад татахаар нь би 15 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирээгүй. Ингээд би ажлын газраас арай гэж гараад явсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа очоод тайлангаа гаргаад байж байтал эрхлэгч Ш.С- нь миний дараа ирж өрөөндөө ороод ажилчдыг цуглуулж ёс зүйн хурал хийсэн. Хурлаар нярав Т.К-т сахилгын арга хэмжээ авч цалингийн 20-аар хасна гэхээр нь би сахилгын арга хэмжээ авахаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, би энэ хуралд суухгүй гээд хурлаас гарах гэхэд тэнд сууж байсан сав угаагч С, багш Н нар нь хаалгаа барьж аваад намайг гаргаагүй. Тэгж байтал эрхлэгч Ш.С- эхлээд над руу бал аваад шидэхээр нь би Ш.С-д хандаж “над руу бал шиддэг хэн бэ, намайг ингэж дарамтлах эрх чамд байхгүй” гээд хэлсэн чинь Ш.С- нь ширээн дээр байдаг бал, харандаа хийдэг модон савыг аваад над руу шидэхэд миний духны хэсэгт онож нэлээн цус гарсан. Тухайн үед би Ш.С-д “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд гадагшаа гарах гэхэд багш ажилчид намайг барьж, надтай зууралдахад миний куртикний хойд талын хэсэг урагдсан. Тэгээд зууралдаж байж гадагшаа арай гэж гарсан. С-, багш Н, С, манаач Т, үйлчлэгч Д, туслах багш Р, С, Ш нар байсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл эмчийн магадлалаар хөдөлмөрийн чадвар түр алдагдсан буюу тархины гэмтэлтэй гэх оношоор ажлаас чөлөөлсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 16 дахь тал/,
    • Т.К- нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19 дэх тал/,
    • Т.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогчоор дахин өгсөн: “...Ш.С- миний эрх чөлөөнд халдаагүй байсан бол миний эрүүл мэнд хэвийн зүгээр байх байсан. Миний духны орчмын шалбарсан шарх эдгэрсэн харин сорвитой гоо сайхнаа алдаж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 22 дахь тал/,
    • Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 25 дахь тал/,
    • Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 27 дахь тал/,
    • Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75 дахь тал/,
    • гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “...Т.К- нь эрхлэгчийн ширээн дээр ил байсан модон дөрвөлжин хэлбэртэй бал харандааны савыг аваад доторх зүйлүүдийг ширээн дээр асгаж байгаад уг саваар өөрийн толгой руу цохиод авсан. Тэгж байтал Р эмч түүний ганаас уг савыг булааж аваад ширээн дээр тавьсан. Тухайн үед тэнд байсан багш ажилчид “яаж байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ, чи өөрийгөө цохиод яах гэсэн юм бэ?” гэж бүгдээрээ хэлэхэд Т.К- нь та нарыг харна, та нар болоогүй, муу сайн юмнууд гэж уурлаж, бухимдаад өрөөнөөс гарахгүй байхаар нь тэнд сууж байсан манаач Темирбек ах К-ийг дагуулаад гадагшаа гаргасан. Ш.С- Т.К-т гар хүрээгүй. Т.К- баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү цохих шиг болсон. Түүнийг гараад явж байхад нүүр лүү нь харахад хэвийн харагдсан. Ямар нэгэн байдлаар шалбарч гэмтсэн зүйл харагдаагүй" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 30 дахь тал/,
    • гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “Тухайн үед би Т.К- нь өөрийнхөө толгой руу бал харандааны саваар цохисон болохоор толгой нь яасан бол гэж санаа зовоод харахад ямар нэгэн ил харагдахаар шарх сорви байгаагүй, духны хэсгээр батга гарсан байдалтай байсан. Т.К- нь үг даах чадваргүй, шаардлагыг хүлээж авдаггүй, харилцааны доголдолтой залуу юм шиг санагдаж байна. Би улсад 29 дэх жилдээ ажиллаж байна. Ийм залууг үзэж хараагүй. Ажлын байранд өөрийгөө цохиж байна гэж бодохоор аюултай үзэгдэл байна. Тэрээр хурлыг орхиж гараад, дахиж орж ирээд, улмаар эрхлэгч рүү дайрч, өөрөө өөрийгөө гэмтээсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 32-34 дэх тал/,
    • гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.К- нь гар утасныхаа дуу хураагуурыг асаагаад дотор талынхаа халаасанд хийсэн. Би түүнийг анзаарч харсан учраас “надад нэг санал байна, гар утаснуудаа бүгд хурааж, эрхлэгчийн ширээн дээр тавьсан нь дээр” гэж хэлэхэд бүгд дэмжсэн. ...Т.К- эрхлэгчийг гараараа цохих гэхэд М багш Т.К-ийн гарыг бариад авсан. Тэгсэн К- нь эрхлэгчийн ширээн дээр ил байсан модон дөрвөлжин хэлбэртэй бал, харандааны савыг аваад доторх зүйлүүдийг ширээн дээр асгаад, уг саваар өөрийн толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь бид нар яаж байгаа юм бэ? юу болоод байгаа бэ? чи өөрийгөө цохиод яах гэсэн юм бэ? гэж тэнд байсан багш нар хашхирахад Т.К- нь та нарыг харна, та нар болоогүй, муу сайн юмнууд гэж хэлж байхад, Б.Р эмч Т.К-ийн гараас нь бал, харандааны савыг хүчээр булааж аваад ширээн дээр тавьсан. Ш.С- Т.К-т гар хүрээгүй, тэнд байсан бүх хүмүүс харж байсан. Уг савыг Т.К- баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү цохисон. Гэвч тухайн үед түүний духны хэсгээс цус гараагүй хэвийн харагдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 36 дахь тал/,
    • гэрч Б.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Уг савыг Т.К- нь баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү хүчтэй цохисон. Гэвч тухайн үед түүний духны хэсэгч цус гараагүй, хэвийн харагдсан бөгөөд миний баруун талын гарын гадна хэсгээр бага зэрэг цус болсон байсан. Тухайн үед би Т.К-ийн гараас нөгөө савыг арай гэж булааж авсан болохоор булааж авах үед үүссэн болов уу гэж бодсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 39-40 дэх тал/,
    • гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ш.С- нь Т.К-т гар хүрээгүй, бид нар хараад сууж байсан. Т.К- нь баруун гараараа савыг бариад толгой, духны баруун хэсэг рүү хүчтэй цохисон. Ил шарх сорви байгаагүй, тэндээс гараад Т.К- нь цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд цэцэрлэгийн багш нараас нэг нь бас дуудлага өгсөн. Тэгээд бид нар цагдаагийн газарт ирэхэд К-ийн толгойн духны баруун хэсгээр цустай харагдсан. Би тэр зүйлд гайхаж байна. Цэцэрлэгээс гарч явах үед хэвийн, ямар нэгэн цус гараагүй байсан. Учир нь тухайн үед би түүний толгой хэсэг нь зүгээр юм болов уу? жинтэй модон бал, харандааны саваар өөрийгөө цохиход гэмтэж шалбарсан болов уу гэж харахад ямар нэгэн шалбарсан зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-44 дэх тал/,
    • хохирогч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие урьд нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн бөгөөд одоо нэмж хэлэх зүйл алга. Миний зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Одоо ч гэсэн түүнтэй хамтран ажиллахад үнэндээ хүндрэлтэй байна. Хууль, эрх зүйн актад заасны дагуу арга хэмжээ авах гэхээр дахин ийм асуудал үүсгэх болов уу гэж санаа зовох юм, яг үнэнийг хэлэхэд яахаа мэдэхгүй л байна. Нэмж хэлэхэд миний үгээс Т.К-т хууль бус шаардлага тавьж байсан удаагүй, хэрэв зээ тухайн өдөр би ямар нэгэн байдлаар түүний биед халдсан асуудал гаргасан тохиолдолд маш олон ажилтан ирж мэдүүлэг өгсөн. Тэдгээрийн нэг ч гэсэн хэлэх байсан. Гэхдээ тухайн өдөр Т.К-ийн биед огт гар хүрээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75 дахь тал/,
    • гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн нөхцөлд болсон асуудал гэвэл ажлын хамт олны хурлын үеэр Т.К- уурлаад эрхлэгчийн ширээн дээр байсан балын саваар өөрийнхөө толгойг цохисон асуудал гаргачхаад өөрийг нь эрхлэгч Ш.С-ы цохисон гэж өргөдөл гаргаж шалгуулсан. Тухайн үед Т.К- худлаа хэлсэн. Хэн ч түүний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 79 дэх тал/,
    • гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Хугацааг нь нарийн сайн санахгүй байна ямар ч гэсэн 2023 онд цагдаагийн газарт ирж хэргийн талаар өөрийнхөө мэдэх зүйлийг дэлгэрэнгүй, үнэн зөвөөр ярьж байсан. Тухайн нөхцөлд болсон асуудал гэвэл ажлын хамт олны хурлын үеэр Т.К- уурлаад эрхлэгчийн ширээн дээр байсан балын саваар өөрийнхөө толгойг цохисон асуудлыг гаргачхаад өөрийг нь эрхлэгч Ш.С- цохисон гэж өргөдөл гаргаж шалгуулсан. Тухайн үед Т.К- худлаа хэлсэн, хэн ч түүний биед халдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81 дэх тал/,
    • Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36-06/1017 дугаартай албан бичгийн хавсралт /1 дүгээр хавтасны 136-137 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

            9. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.К-ийн дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн буюу Худал мэдүүлэх гэмт хэргээр зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон тул Т.К-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэм буруугийн зарчмыг мөн хангажээ.

 

            Тиймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан “...хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.К- нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн нь хангалттай тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Шүүгдэгч Т.К- нь мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоогдон, эрх үүрэг тайлбарласан баталгааны хуудаст гарын үсэг зурсан буюу хохирогчоор худал мэдүүлэг өгөхгүй байх, хэрвээ өгсөн тохиолдолд уг үйлдэл нь хууль бус болохыг бүрэн ойлгож, ухамсарласны дараа тухайн үед болсон үйл явдлыг илтэд гуйвуулан, өөрөө өөрийнхөө биед халдчихаад “хохирогч Ш.С- нь түүний биед халдаж, гэмтэл учруулсан” буюу “Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн” гэж худал мэдүүлэг өгснийг “зориуд худал мэдүүлсэн” гэж дүгнэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн тул энэ талаарх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

           

            11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.К-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон учраас, мөн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч,  түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК