2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 192/шш2025/05168

 

 

 

 

 

 

 

 

2025 06 16 192/ШШ2025/05168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Отгончимэг, хариуцагч Н.Магсаржав, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгч Д.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие нь 2021 онд Магсаржавтай танилцаж улмаар дотгосон манай гэрт 4 жил амьдарсан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бидний дундаас хүү ******* төрсөн. Н.Магсаржав нь 2024 оны 7 дугаар сард намайг 2 сартай байх үед ******* гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн бгөөөд намайг хэл амаар доромжилж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Хүүхдээ гэдсэнд байхад ч төрсөний дараа ч голж заримдаа үгүйсгэж, 1 удаа ч ирж эргэн ирээгүй. Эцэг хүнийхээ хариуцлагаас зугтсан. Иймээс эцэг тогтоолгон хүүхдээ тэтгэмж гаргуулан, түүнчлэн нэг нас хүртэлх хугацааны сүү памперсны хэрэглээ гаргуулах хүсэлтэй байна ... гэв.

 

2. Хариуцагч Н.Магсаржав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэддээ тэтгэлэг төлнө. Мөн хүүхдээ 1 нас хүртэлх хугацааны сүү, памперсны мөнгийг тэтгэмжийн үнийн дүнгээр өгөх саналтай байгаа ... гэв.

 

3. Нэхэмжлэгч тал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа гзарын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч тал: нэхэмжлэлийн шаардлагыг талаар хариу тайлбараа ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь хариуцагч Н.Магсаржавд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Н.Магсаржав хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч Д.Отгончимэг, хариуцагч Н.Магсаржав нар нь 2021 онд танилцан, хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү Отгончимэгийн Хангайбаяр төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

7. Нэхэмжлэгч Д.Отгончимэг, хариуцагч Н.Магсаржав нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

8. Мөн хүү ******* нь эх Д.Отгончимэгийн асрамжинд байгаа, эх нь хүүхдээ өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч Н.Магсаржав хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул энэ нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

9. Нэхэмжлэгч Д.Отгончимэг, хариуцагч Н.Магсаржав нарын дундаас хүү ******* төрснөөр эцэг Н.Магсаржав, эх Д.Отгончимэг нарт хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна.

 

10. Хариуцагч Н.Магсаржав нь хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

11. Иймд хүү *******ыг эх Д.Отгончимэгийн асрамжинд үлдээж, эцэг Н.Магсаржаваар тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

 

12. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Н.Магсаржав нь хүү *******тай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Отгончимэгт сануулах нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь хүү *******ыг нэг нас хүртэлх хугацааны сүү памперсны хэрэглээгээ гаргуулахаар нэхэмжилсэн боловч хүү *******ыг 1 нас хүртэл хугацаанд хэдий хэмжээний сүү, памперс хэрэглэх эсэх, сүү памперс нэхэмжилж байна уу эсхүл сүү памперсны мөнгө нэхэмжилж байна уу гэдэг нь тодорхойгүй, энэ талаар баримт ирүүлээгүй байна.

 

13.1. Иймд нэхэмжлэгч Д.Отгончимэг нь хүү *******ыг 1 нас хүртэл хугацааны сүү, памперс зэрэг хэрэглээгээ хариуцагч Н.Магсаржаваас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Магсаржаваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгончимэгт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Отгончимэгийн Хангайбаярыг эх Дамдины Отгончимэгийн асрамжинд үлдээсүгэй. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны баталгаажих түвшингийн 50-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Магсаржаваар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Д.Отгончимэг, эцэг Н.Магсаржав нарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Н.Магсаржав нь хүү *******тай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Отгончимэгт сануулсугай.

 

6. Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь хүү *******ыг 1 нас хүртэл хугацааны сүү, памперс зэрэг хэрэглээгээ хариуцагч Н.Магсаржаваас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Магсаржаваас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгончимэгт олгосугай. 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ