| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2019/00430/И |
| Дугаар | 205/МА2020/00012 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 205/МА2020/00012
П.Гаравын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр
Шүүгчид: Б.Намхайдорж, Ж.Баттогтох
Бусад оролцогчид:
Прокурор: Б.Эрхэмбаяр
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч П.Гаравын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Пүрэвийн Гарав шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би 1926 онд Завхан аймгийн Идэр сумд Пүрэвийн охин болж төрсөн. Одоо Идэр сумдаа амьдарч байна. Миний нас 93, эмэгтэй. Миний эцэг Пүрэвийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн билээ. Хэргийг хянаад улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 09-р сарын 19-ний өдрийн 132-р магадлалаар цагаатгасан юм. Цагаатгалын хуулийн 13-р зүйлийн 2-рт заасны дагуу надад нөхөн олговрын 80.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Завхан аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэсэн Пүрэв овогтой Гаравын иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож дараах тайлбарыг гаргаж байна.
Хэргийн материалтай танилцахад Я.Пүрэвийг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дуагар сарын 24-ний өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн ба хэргийг хянаад Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 132 дугаартай магадлангаар цагаатгасан болох нь Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05/836 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 132 дугаартай магадлал зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Гэвч хэргийн материалд цугларсан Үндэсний төв архивын лавлагаа болох 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд Цамбын Гарвуу, 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд Бямбадашийн Гарав, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Пүрэвийн Гарав гэх нэрээр буюу 3 өөр эцгийн нэрээр лавлагаа авагдсан, мөн Зууны мэдээ сонинд Хэлмэгдэгчийн нэр, овог гэх хэсэгт Пүрэв Ядмаагийн гэж, Үндэсний төв архивын лавлагаа болох 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд Ядамын Пүрэв гэж өөр, өөр нэрээр авагдсан баримт бичгүүд цугларсан байна. Мөн хэрэгт Пүрэв овогтой Гарав нь хэлмэгдэгчтэй ямар садан төрлийн холбоотой болох лавлагаа авагдаагүй, урьд нөхөн олговор авч байсан баримт мөн авагдаагүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байгаа тул нэхэмжлэгчийн нөхөн олговор авах тухай нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мээрэн овогт Пүрэвийн Гаравын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох,
4. Шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Гарав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Пүрэвийн Гарав би 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 09 дүгээр 19-ний өдрийн 132 дугаартай магадлангаар цагаатгагдсан хэлмэгдэгч Ядамын Пүрэвийн төрсөн охин билээ.
Улс төрийн хилс хэрэгт өөрчлөлт оруулах тухай хууль 2018 онд батлагдсанаар хэлмэгдэгчийн эхнэр болон төрсөн хүүхдүүдэд нь 40-80.0 сая төгрөгний нөхөн олговор олгох эрх зүйн орчин үүссэн юм.
Дээрх цагаатгалын хууль болон түүнтэй холбогдох бусад хууль, тогтоомжид заасан нотлох баримт, мэдээллийг бүрдүүлж П.Гарав миний бие Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст 2019 онд хэлмэгдэгчийн нөхөн олговорыг нэхэмжлэгч нарын бүртгэлд бүртгүүлсэн.
Тус комисс нь миний бүрдүүлсэн баримт материалыг хянаж үзээд Үндэсний төв архивын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогууд болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 1-р маягтын лавлагаанд овог, нэр зөрүүтэй хэлмэгдэгч Я.Пүрэвтэй хамт тооллогдсон тооллого байхгүй тул харьяалагдах иргэний хэргийн анхан шатны шүүхэд Садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлээ гаргаж шүүхийн шийдвэр гаргуулж ирэх шаардлагатай байна гэж зөвлөсний дагуу П.Гарав миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг миний төрсөн эцэг Я.Пүрэвийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргасан.
Энэ нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авч хянаад П.Гарав нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбараа ирүүлсэн байх ба түүнд Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон үнэмлэх нь Пүрэвийн Гарав гэж бичигдсэн байх тул түүнийг Пүрэвийн Гарав гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна гээд уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 828 тоот шүүгчийн захирамжийг гаргасан юм.
Энэ шүүгчийн захирамжийг Цагаатгалын комисст хүргүүлснээр уг комиссоос П.Гарав миний нэрийг Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаарт хэлмэгдэгчийн хүүхэд хэсэгт олон нийтэд зарласан.
Ингээд иргэний харьяаллын дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нөхөн олговор авах тухай нэхэмжлэлээ нотлох баримтын хамт гаргаснаас хойш хагас жил гаруйн хугацааны дараа уг шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 82 тоот шийдвэр гарч Цагаатгалын комиссоос гаргасан нотлох баримт буюу Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, Үндэсний төв архивын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогууд болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 1-р маягтын лавлагаа зэрэгт тулгуурлан зөвлөж байсан овог нэрний зөрүүтэй байдлыг үндэслэл болгон П.Гарав миний нөхөн олговор авах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Энэ шийдвэрт хэлмэгдэгч Я.Пүрэвтэй садан төрлийн холбоотой болохоо тогтоолгоогүйг дурдах нь зүйтэй гэсэн байгаа нь 2019 онд гаргасан Садан төрлийн холбоо тогтоолгох хүсэлт гаргахад иргэний үнэмлэх буюу захиргааны актад хэлмэгдэгч Пүрэвийн хүүхэд Гарав гэж буюу Пүрэвийн Гарав гэж буй тул хэрэг үүсгэх шаардлагагүй гэсэн шийдвэртэй зөрчилдөөнтэй эрх зүйн акт үйлдсэнд П.Гарав миний бие харамсаж байна.
Миний эцэг Пүрэв миний эх Дарийжавтай ханилан сууж Должин, Долгор, Шагдаржав, Гарав, Ичинхорол, Дэмбэрэл гэдэг хүүхдүүд төрүүлсэн. Цаг үе хэцүү хүнд үед намайг Цамбын Бямбадаш гэдэг айлд амьдруулсан байдаг.
Гэвч бага наснаас өнөөдрийг хүртэл төрөлх Идэр сумандаа төрсөн эгч, дүү, үр хүүхдүүдийн хамт эцэг Пүрэв мээрэнгийн гал голомтыг үргэлжлүүлсээр байна.
Ядамын Пүрэвийн Гарав би Гүржавын Пүрэвийн Гарав болсон нь манайд амьдарч байсан хамаатны Гүржав гэдэг хүний нэртэй солигдсон байх магадлалтай. Намайг Я.Пүрэв мээрэнгийн хүүхэд болохыг мэдэх энэ нутагтаа насаараа хамт амьдран суугаа нутгийн өндөр настан Дуламжав, Цэвэгсүрэн нарын гэрчилсэн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа. Төрсөн эгч П.Должингийн хүүхэд Баасанжав, эгч Долгорын хүүхэд Оюун, Эрдэнэсувд, дүү Ичинхорлоогийн хүүхэд Минж, Отгонзаяа, дүү Дэмбэрэлийн хүүхэд Баттөмөр болон бусад ач зээ нартай нагац эгч, авга эгч болон хүндлэгдэн энх тунх амьдарч байна.
Цагаатгалын нөхөн олговорын 1.0 сая төгрөгний баримтыг миний эгч Я.Пүрэвийн Долгор бүрдүүлж байгаад авч амжаагүй учир түүний охин Ч.Эрдэнэсувд хуулинд ач, зээ авч болохыг заасны дагуу авсан юм.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Пүрэвийн Гарав надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэлмэгдсэн эцэг Я.Пүрэвийн нөхөн олговор болох 80.0 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.
Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Пүрэвийн Гарав нь тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд цагаатгалын нөхөн олговор олгох тухай хуулийг баримтлан 80,0 сая төгрөгийн нөхөн олговрыг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлтэйгээ холбогдуулан бүрдүүлж өгсөн материалуудтай прокурорын зүгээс танилцахад Пүрэвийн Гарав гэх иргэний нэр, Пүрэв гэдэг нь хэний, хэн болох нь Үндэсний төв архивын 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогууд дээр нэр нь овог нэрийн зөрчилтэй байсан. Мөн П.Гарав нь дээрх асуудлаар нөхөн олговор, эсхүл орон сууц авч байсан талаар баримт материалд авагдаагүй байсан. Улс төрийн хилс хэрэгт нөхөн олговор олгох тухай Зууны мэдээ сонины 2019 оны 7 сарын 5-ны өдрийн дугаарт нэхэмжлэх эрх бүхий этгээдүүдийн нэр нь мөн л зөрүүтэй байсан. Прокурорын зүгээс нэхэмжлэгч нь нэрийн зөрүүтэй байдлаа арилгуулах боломжтой байсан, энэ эрхээ эдлээгүй байна гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу гарсан гэж үзэж байна. Мөн прокурорын зүгээс тухайн хуралд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төлөөлөгчийг оролцуулах санал гаргасан боловч, тухайн комиссоос хүн оролцоогүй, мөн нэхэмжлэгч өөрөө оролцоогүй юм. Иймд прокурорын зүгээс нэхэмжлэгч П.Гаравт цагаатгалын нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж үзсэн. Үүний дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч П.Гарав нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар хэлмэгдэгч Ядамын Пүрэвийн нөхөх олговорыг авахыг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ядамын Пүрэв нь нэхэмжлэгч П.Гаравтай ямар садан төрлийн холбоотой болох нь тогтоогдоогүй байх тул үүнийг заавал шүүхээр садан төрлийн холбоог нь тогтоох, мөн хэлмэгдэгч Пүрэвийн овгийг Гүржавын Пүрэв, Мээрэнгийн Пүрэв, Ядамын Пүрэв гэж янз бүрээр тогтоосон байдаг.
П.Гарав гэх хүний нөхөх олговор авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр, дахин нэхэмжлэгчийн нөхөн олговорын материалаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг анхан шатны шүүх олгоогүй байна.
Иймд П.Гарав нь магадлалд дурьдсан хэмжээнд нотлох баримтаа бүрдүүлж анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч П.Гаравын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Нэхэмжлэгч П.Гарав нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ