| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0053/э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 53
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-н Н-т холбогдох 1816000760043 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Н: Монгол улсын иргэн, халх, эмэгтэй, ... төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч ажилтай, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн .... оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Д-н Н, РД: ... гэв.
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2 давхрын нойлийн өрөөний цонхны тавцан дээр орхиж явсан Ц.Л-гийн Samsung j-5 маркын imei1 352085094632713, imei2 352086094632711 кодтой гээгдэл гар утсыг завшиж 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2 давхрын нойлийн өрөөний цонхны тавцан дээр орхиж явсан тус эмнэлэгийн нягтлан бодогч ажилтай Ц.Л-гийн Samsung j-5 маркын imei1 352085094632713, imei2 352086094632711 кодтой гээгдэл гар утсыг завшиж түүнд 380.000 төгрөгний хохирол учруулсан нь өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн орчимд би мэс заслын тасаг дээр цэвэрлэгээ хийгээд байж байхад 103-аас над руу амбулаторийн 2 давхрын нойлд ус алдаж байна гэсэн дуудлага ирсэн. Очиход ус алдаж байсан. Би доошоо буугаад 103 руу бууж ирээд слесерь дууд гэж хэлчихээд дээшээ гараад алдаж байсан усыг нь хувингаар тосоод нойлд хийж байсан слесерь ирээд бид хэд цэвэрлэчихээд гарсан. Намайг ус цэвэрлэж байхад Ц.Л миний хажууд орж ирээд зогсож байсан. Би ус цэвэрлэж байгаад утсаа унагачихаад аваад батарейг нь салгаад цонхон дээр тавьсан. Тэгэхэд Ц.Л хажууд зогсож байгаад надад юм хэлээгүй, орж ирж зогсож байгаад гараад явсан. Нойл, коридорт алдсан усыг тэр өдөр гарч байсан жижүүрүүд арчсан. 1, 2 давхарт засвар хийгээд 7 хонож байсан тул доошоо ус орчихно гэж бодоод жижүүр эмчид нь хэлж байж тасгийн үйлчлэгч нарыг бүгдийг нь цуглуулж арччихаад гараад явсан. Өглөө орж ирээд нарийн цэвэрлэгээ хийхэд нойлын ард нэг утас байсан тэгээд аваад гарсан. Усаа шавхчихаад нойтон хувцсаа солиод өрөөндөө байж байхад Ц.Л орж ирж асуусан. Мэдэхгүй үзэгдээгүй гэж хэлээд дуудаж байна уу гэхэд үгүй дуудахгүй байна гэж хэлсэн. Утсыг хотод байдаг хүүхэд рүүгээ явуулсан байгаад буцаагаад авчирч өгсөн. Эхлээд утсыг нь мэдээгүй авсандаа гэм буруутай байгаа. Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нэгдсэн эмнэлэгийн 1 давхарт очоод гар утсаа цонхны тавцан дээр үлдээсэн гэдгээ санаад буцаж 2 давхрын 00-д орж ирэхэд 00-н цэвэрлэгч Д.Н эгч тэнд байж байсан. Өөр хүн байгаагүй. Би Н эгчээс гар утсаа асуусан чинь утас байгаагүй гэж хэлсэн... Миний гээгдүүлсэн самсунг жи-5 prime гэсэн гар утсыг манай байгууллагын үйлчлэгч Д.Н-ийн хүү Г нь Улаанбаатар хотод барьж байсныг тогтоосон... Би гар утсаа буцаагаад авсан. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-37-38-рт/,
Гэрч Н.Г-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай ээж Н нь кодийг нь гаргаад барихгүй юу гээд 1 утас өгч явуулсан юм. Тухайн утас нь J-5 prime маркын хар өнгийн утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх46-рт/ болон эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч Д.Н нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Д.Н-ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бүрэн төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-н Н-гЭрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цахим үнэмлэхийг буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бүрэн төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА