Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

Х.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.А-д холбогдох эрүүгийн 2413000550106 дугаартай, 1 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.       

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****,  **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ****** багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2029/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай С овогт Х-ны А- /РД:***********/, 

 

2. Шүүгдэгч Х.А- нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **** улсын дугаартай “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,12.3,10.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 29-ний  өдрийн 74 дүгээр яллах дүгнэлтээр Х.А-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн  2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч С ургийн овогт Х-ны А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.А-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж,

4.3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.А-д сануулж,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэх хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолохоор шийдвэрлэжээ.

 

5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.А-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

5.2. Шийтгэх тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.3. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг тогтоож, мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж өөрчлөн найруулжээ.

5.4. Гэтэл хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-ыг үйлдэхдээ хуулийн дээрх өөрчлөлтийг анхаарч үзэлгүйгээр хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг саналдаа тусгаж, яллагдагчтай тохиролцсон, улмаар шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрх хасах ялын хэмжээгээр нэмэгдэл ялыг оногдуулжээ.

5.5. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад хамаарахаар байна гэж дүгнэлээ.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Х.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

8. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрх хасах ялын хэмжээгээр нэмэгдэл ялыг оногдуулж, шүүх хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй буюу  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

9. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр “Төрийн мэдээлэл”-д нийтэлж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж өөрчлөн найруулжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлтийг анхаарч үзээгүй нь хууль ёсны зарчмыг алдагдуулжээ.

 

10. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэхдээ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэх цаг хугацааг анхаараагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль ёсны зарчмын агуулгыг тогтоосон. Гэтэл шүүгдэгч Х.А- нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан байх тул энэ талаар гаргасан дээд шатны прокурорын “...хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-ыг үйлдэхдээ хуулийн дээрх өөрчлөлтийг анхаарч үзэлгүйгээр хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг саналдаа тусгаж, яллагдагчтай тохиролцсон, улмаар шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрх хасах ялын хэмжээгээр нэмэгдэл ялыг оногдуулжээ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад хамаарахаар байна...” гэх эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлтэй.

 

12. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ