Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 1840000000025 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ж.Б нь 2018 оны 04 сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутын орчим гэрийнхээ гадаа эхнэр П.С-ын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                     Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-ын өгсөн “Манай гэрт 2018 оны 04 сарын 14-ний өдөр эхнэрийн ах, эгч хоёр нь ирсэн. Тэгээд бид 4 нийлж хоёр шил архи уусан. Тухайн өдөр манай эхнэр сумын төв явж соёлын төвд үзвэр үзнэ гэж байсан. Эхнэр гараад явахаар нь хурга ишиг тавих цаг болсон байхад явлаа гэж уурлаад араас нь очоод үснээс нь зулгаагаад унагаад нүүрэн тус газар нь нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 04 сарын 11-ний өдөр эхнэр, хүүхдийн хамтаар гэртээ байж байхад манай эхнэрийн төрсөн эгч Ш, хүргэн ах Б нар нь 15 цагийн орчимд ирсэн. Тэр хоёрыг сар шинийн баяраар ирээгүй юм байна гээд сумын төв рүү явж 0.75, 0.5 литрийн савалгаатай ерөөл архи авчирсан... 2 шил архиа хувааж ууж дуусахад Б, Ш нар нь гэртээ харихаар явцгаасан. Эн үед хурга, ишиг тавих цаг болж байсан. Тухайн үед манай эхнэр Сайнжаргал нь сумын төвийн соёлын төвд болох тоглолт үзнэ гэж байсан юм. Тэгээд би гэрийн хойд талд сууж байгаад эхнэрийг толгойгоо угаагаад чимээгүй гараад явчихаар нь хурга, ишгээ гаргахгүй сумын төв явах гэж байна гэж бодож уур хүрээд хойноос нь очиж үснээс нь зулгааж хойш нь татахад эхнэр газар унасан. Тэгэхээр нь би хурга, ишгээ гаргахгүй яваад байхдаа яадаг юм гээд уурандаа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан. С-ыг цохичхоод гэртээ орж хаалгаа дотроосоо цоожлоод амарсан. Нэг сэрэхэд шөнийн 01 цаг болчихсон би гэртээ ганцаараа байж байсан. Эргэж унтаад өглөө сэрэхэд манай эхнэр намайг цагдаад өгчихсэн гэж байсан. Тэгээд өглөө ирэхэд нь харахад манай эхнэр С-ын  зүүн талын нүүр битүү хавдаж, хөхөрсөн байсан. Тэгээд би согтуудаа муухай үйлдэл гаргасан байсан болохоор эхнэрээсээ уучлалт гуйж, цагдаа дээр өөрөө ирсэн... Би тухайн үед худлаа яриад байсан болохоор, мөн өөдөөс согтуурхаж уурлаад байсан болохоор нь, өөрөө согтуу байсан болохоор гэрээс ямар учиртай гарсныг нь мэдэхгүй сумын төв явах гэж байна гэж бодоод уур хүрээд цохисон. Өмнө нь бид маргалдаж муудаж байсан удаа байхгүй, согтуудаа ийм зүйл хийчихлээ, эхнэрээ цохиж гэмтэл учруулсан нь миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хх-н 18-19 хуу/

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч П.С-ынмөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 04 сарын 11-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байхад  манай төрсөн эгч Ш, хүргэн ах Бнар ирсэн...Тэгсэн нөхөр маань хүүгээ адуун дээр үлдээчхээд цаашаа сумын төв ороод ирье, ах, эгч хоёрт ганц шил архи авч өгье гэхээр нь зөвшөөрсөн юм. Ингээд ах эгч хоёртой үлдэж гэртээ хоол, цай хийж өгөөд Б-ыг хүлээж байтал удалгүй ирсэн. Бид 4 Ерөөл нэртэй 0.75, 0.5 литрийн 2 шил архи уучихаад хүргэн ах, эгч 2 явсан... манай сумын Соёлын төвд 19 цагт тоглолт болно гэж байсан болохоор нь би Бт тоглолт үзэх талаар хэлж байсан гэж хэлсэн. Тэгээд ах, эгч 2-ыг явахаар нь толгойгоо угааж, явахынхаа өмнө хүү нөхөр хоёртоо хоол хийж өгөх санаатай  санаатай маханд гарсан чинь араас гарч ирээд “чи дэмий явах гэлээ” гээд үснээс зулгааж, дэрсэн дээр унагаасан. Чи согтуу байна, орж унт гээд газраас босоод иртэл Б миний нүүр лүү нэг цохичхоод гэр лүү орсон. ...Тэгсэн миний нүд тухайн үед манараад юм харж чадахгүй хавдчихсан. Б-ын хойноос гэр лүү орох гэсэн чинь Б согтуурхаж намайг гэртээ оруулахгүй, хаалгаа дотроос нь цоожилчихсон байсан. Ингээд би гэрт оруулахгүй байхаар нь  замын машинд сууж сумын төв орж цагдаад мэдэгдсэн... Өмнө нь бид 2 хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй, 2001 онд гэр бүл болж байсан. Түүнээс хойш анх удаа л цохиулж байна. Б миний нүд рүү цохисон байсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, өөх надад учирсан гэмтэл шарх байхгүй, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 12-13 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай

  1. П.С-ын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг, хамрын баруун угалз хэсэг, баруун хацрын төвгөр хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-н 8 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн гэрийн үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр П.С-ын нүүрэн тус газар гараараа цохиж зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          Хохирогч П.С-ын“...тэгээд ах, эгч 2-ыг явахаар нь толгойгоо угааж, явахынхаа өмнө хүү нөхөр хоёртоо хоол хийж өгөх санаатай  санаатай маханд гарсан чинь араас гарч ирээд “чи дэмий явах гэлээ” гээд үснээс зулгааж, дэрсэн дээр унагаасан. Чи согтуу байна, орж унт гээд газраас босоод иртэл Б миний нүүр лүү нэг цохичхоод гэр лүү орсон ...тэгсэн миний нүд тухайн үед манараад юм харж чадахгүй хавдчихсан. Б-ын хойноос гэр лүү орох гэсэн чинь Б согтуурхаж намайг гэртээ оруулахгүй, хаалгаа дотроос нь цоожилчихсон байсан. Ингээд би гэрт оруулахгүй байхаар нь  замын машинд сууж сумын төв орж цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг

          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Дээрх гэмт үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд дэх архидан согтуурахтай холбоотой болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул Ж.Б-т оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шийдвэрт тусгайлан зааж өгөөгүй болно.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч П.С нь хэрэг бүртгэлтийн шатанд “...Ж.Б-аас нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн, мөн энэхүү утгатай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

            Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР