Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

Т.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Т.Ө-д холбогдох эрүүгийн 2413000100054 дугаартай, 2 хавтастай хэргийг иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, яллагдагч  Т.Ө-, яллагдагчийн өмгөөлөгч Д.Айбек, хохирогчийн өмгөөлөгч Х.Манлай /цахим сүлжээгээр/, иргэний нэхэмжлэгч Ж.А, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жанерке нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн ********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт  Т-ийн Ө- /РД:**********/, 

 

2. Яллагдагч Т.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх засмал 4 замын уулзвар дээр **** улсын дугаартай мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. в/-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7. а/-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг, мөн дүрмийн 15.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, мотоциклоор зорчиж явсан зорчигч Х.Н-ы эрүүл мэндэд зүүн талын хөлийн нарийн ба бүдүүн шилбэний ясны ил хугаралтай, доод эрүүний ясны ил хугаралтай, зүүн шилбэний зөөлөн эдийн шархтай гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 04-ний  өдрийн 39 дүгээр яллах дүгнэлтээр Т.Ө-ы дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  2024/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Ө-д холбогдох эрүүгийн 2413000100054 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар, дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:

4.1. Хэргийн газарт үзлэг дутуу хийгдсэн, хяналтын камер болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зөрүүтэй байх тул дахин үзлэг хийж бэхжүүлэх,

4.2. Иргэний нэхэмжлэгч Ж.А-ийн ирж байгаа талд гол зам гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаа талаар дурдсан боловч хэргийн газрын үзлэгт энэ тэмдэг, тэмдэглэгээ байгаа эсэхийг фото зургаар бэхжүүлж аваагүй, байсан эсэх нь тодорхойгүй байх тул тэмдэг, тэмдэглэгээ нь тухайн үед байсан эсэхийг сэргээн тогтоох,

4.3. Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан магадалгаанд жолооч Ж.А- нь зам тээврийн осол гарахад буруутай эсэх нь тодорхойгүй, түүнд мөрдөгч, прокуророос дүгнэлт өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул уг зам тээврийн осол гарахад жолооч Ж.А-ийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох. Тодруулбал, жолооч Ж.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэгт заасан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явсан эсэх, шаардлагатай тохиолдолд осол аваар гарахад зогсоох арга хэмжээ авсан эсэхийг бодитой шалгаж тогтоох, 

4.4. Яллагдагч Т.Ө- нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Монгол хэл сайн мэдэхгүй” гэж мэдүүлсэн байх тул цаашид яллагдагч Т.Ө-д холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа орчуулагч, хэлмэрч оролцуулах, мөн Монгол хэл, бичиг мэдэхгүй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулах эрхээр нь хангах.

 

5. Иргэний нэхэмжлэгч Ж.А-ийн давж заалдах гомдолд:

5.1. Миний бие Жанибекийн А- нь Т.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа.

5.2. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны баруун талын зохицуулалтгүй 4 замын уулзварт өөрийнхөө **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр аймгийн нэгдсэн эмнэлэг талаас буюу гол замаар чигээрээ нэвтэрч гарч байхад согтууруулах ундаа хэрэглэсэн мотоцикл унасан жолооч Т.Ө- туслах замаас орж ирээд мөргөлдөж осол гаргасан.

5.3. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаартай захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг удаашруулж байгаа нь үндэслэлгүй.

5.4. Уг хэргийн нөхцөл байдал тодорхой бөгөөд камерын бичлэгтэй, хэргийн газрын үзлэг хийгдсэн байсан бөгөөд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээс шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

5.5. Шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргах ёстой гэж хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт гарсан байх шаардлагагүй, шинжээчийн дүгнэлт гарлаа гэхэд түүнийг шүүх заавал баримтлах албагүй. Гэтэл шүүхээс мөрдөгчийн магадалгаа байхад, мөн бусад нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байхад хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Прокурорыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Дөрвөн үндэслэлээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр   яллагдагч Т.Ө-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Хэдийгээр яллах дүгнэлт үйлдсэн прокурор миний бие нь эсэргүүцэл бичээгүй боловч тухайн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолтой санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл  тухайн захирамжид дурдагдсан ажиллагаанууд  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хийгдсэн нь тогтоогдсон байгаа. Тодруулбал, хэргийн газрын үзлэг, хяналтын камер байгаа. Тухайн хяналтын камерын бичлэгтэй  тохирч байгаа. Тухайн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерт бичигдсэн, зам тээврийн осол гарч байгаа үйл явц нь өөрөө яг тухайн шүүгчийн хэлж байгаа гол зам, туслах зам гэдгийг нь тодорхойлох бүрэн боломжтой нөхцөл байдал байгаа. 

6.2. Яллагдагчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Би монгол хэл мэднэ, цэргийн алба 3 жил хаасан, монгол хэлээр  чөлөөтэй ярьж ойлгож чадна, өмгөөлөгч авах шаардлагагүй” гэдэг байр суурийг прокурорын шатанд ч, мөрдөн шалгах ажиллагааны явцын тэмдэглэлд ч тусгасан байгаа. Өмгөөлөгч авах эрх нь аль ч шатад яллагдагчийн хувьд байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. 

6.3. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хийх шаардлагагүйгээр тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой асуудлыг  хяналтын камерын бичлэгээр тодруулах боломжтой гэж прокурорын хувьд үзэж байгаа. Мөрдөгч хэргийг шалгахдаа өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд  магадалгаа гаргасан байгаа. Тухайн магадалгаад зам тээврийн осол гарах болсон шалтгааны талаар товч бөгөөд тодорхой дэлгэрэнгүй дурдсан. Тухайн магадалгаатай хэргийн оролцогч нарын хэн аль нь танилцаж, тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад  түүнтэй холбоотой ямар нэгэн  гомдол санал гаргаагүй.

6.4. Иймд  хэргийг  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож,  анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой гэж үзэж байгаа.  Хэрвээ гэм буруугийн  шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 60 хүртэл хоногоор хойшлуулж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг  хийх боломжтой гэж прокурорын хувьд үзэж байна.

 

7. Хохирогчийн өмгөөлөгч Х.Манлайн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1.Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх байр сууриас оролцож байна. Прокурорын хэлж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх  боломжгүй гэж үзэж байна.

7.2. Шүүгдэгч Т.Ө-ы хувьд мөрдөн шалгах явцад монгол хэл мэдэхгүй хүн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн нь өөрөө шүүгдэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт монгол хэл мэдэхгүй хүнийг заавал өмгөөлөгчтэй хамт оролцуулах тухай заасан. 

7.3. Хэргийн материалд авагдсан камерын бичлэгт  тодорхой бичигдсэн. Хэрэв камерын бичлэг байхгүй бол миний үйлчлүүлэгчийн эрх ашиг бүрэн хөндөгдөх нөхцөл байдалтай байна. Уг бичлэгээс харахад иргэний нэхэмжлэгч Ж.А- зогсоох арга хэмжээ аваагүй, мөн замын 2 урсгалыг хязгаарласан асуудлууд  харагддаг. Тэгэхээр   эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  ямар нэгэн байдлаар оролцоотой байсан эсэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэхийг эцэслэн шалгах шаардлага зайлшгүй байгаа. Энэ талаар иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан.   

7.4. Захирамжид дурдагдсан ажиллагаануудыг бүгдийг нь хийх тухай шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн байгаа.  Мөрдөн шалгах явцад зарим ажиллагаануудыг зайлшгүй хийхгүй бол шүүгдэгчийн буруутай эсэх тогтоогдохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт тогтоогдохгүй байна.  Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийднэ. Гэхдээ нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан шүүх  өөрийн эрхийн хүрээнд прокурорт хэргийг буцаасан байгаа. Тийм учраас гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Анхан шатны шүүхээс Т.Ө-ы гэм бурууг нь тогтоох боломжгүй учраас хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан нь үндэслэлтэй байна. 1 дүгээрт хэргийн газрын үзлэгийг нөхөн хийх нь үндэслэлтэй.  2 дугаарт шүүгдэгч Т.Ө-  монгол хэл мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн учраас өмгөөлөгчөөр хангах ёстой. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            9. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж Ж.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх ба энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим хийгээд мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдэх ёстой.

            Гэтэл Т.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тусгасан 4 үндэслэлийн аль нь ч хэргийг прокурорт буцаах хуульд заасан дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа учраас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            11. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 дүгээр хавтасны 3-6 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 7-13 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 20-24 дэх тал/ зэргийг хэрэгт хавсаргасан хяналтын камерын дуу-дүрсний бичлэгтэй харьцуулан шинжлэхэд “хэргийн газарт үзлэг дутуу хийгдсэн, хяналтын камер болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зөрүүтэй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна **** улсын дугаартай, иргэний нэхэмжлэгч Ж.А-ийн жолоодож явсан цагаан өнгийн “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт “гол зам” буюу зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд давуу эрх олгосон тэмдэг байршуулсан нь тогтоогдож байх тул “энэ талаар гэрэл зургаар дахин бэхжүүлэх, уг тэмдэг тухайн үед байсан эсэх”-ийг шүүгчийн захирамжид заасанчлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж сэргээн тогтоох шаардлагагүй байна.

 

            12. Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаанд /1 дүгээр хавтасны 210 дахь тал/ иргэний нэхэмжлэгч Ж.А-ийг тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/ц-аас хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй ба мөрдөгчийн дээрх магадалгаанд Ж.А-ийн талаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн гэх...” гэж тэмдэглэж, тухайн зам тээврийн осол гарах гол шалтгаан, нөхцөлийн талаар “жолооч Т.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7. а, 12.3, 15.9-т заасныг зөрчсөн” гэж тодорхой тусгасан байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “Ж.А- нь зам тээврийн осол гарахад буруутай эсэх нь тодорхойгүй, түүнд мөрдөгч, прокуророос дүгнэлт өгөөгүй, ... зам тээврийн осол гарахад жолооч Ж.А-ийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй байна.

Иймд шүүх “жолооч Т.Ө-, Ж.А- нарын хэнийх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйн улмаас осол гарсан” талаар хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаа, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэг зэрэг баримтуудыг харьцуулан гэм буруугийн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Ө-д жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад материалыг танилцуулах үед тэрээр орчуулагч авах хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд түүнээс анх 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авах үед “Монгол хэл, бичиг мэднэ. Уншиж, бичиж чадна” гэж мэдүүлсэн тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 4 дэх үндэслэл бодит байдалд нийцээгүй.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК