| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 140/2019/00223/И |
| Дугаар | 205/МА2020/00015 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 205/МА2020/00015
Н.Баянжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр
Шүүгчид: Б.Намхайдорж,
Ерөнхий шүүгч Ж.Баттогтох
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Баянжаргал
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхжаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Долгор
Хариуцагчийн өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/: Э.Долгорсүрэн
Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Н.Баянжаргал нь 1974 онд төрсөн. Боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 04 сараас Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад халагдсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй /2удаа хариуцлага/ хүлээгээгүй гэж үзэж байна. Уг захирамжийн үндэслэл болсон Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай аймгийн засаг дарга захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авч танилцаад эс зөшөөрч байна. Учир нь 2018 оны 02 дугаар сарын 15-наас өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан. Иймд аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэж шийдвэрлэх хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Завхан аймгийн Улиастай сумын 6-р сургуулийн эрхлэгч Намнангийн Баянжаргал нь Завхан аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаар, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан байна.
Нэг. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай А/443 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд
1.1. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Н.Баянжаргал нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/224 дугаартай захирамжаарУлиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр анх томилогдсон. 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 6 дугаар цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтыг дур мэдэн эзэмшиж байсан болохыг тогтоож тус зөрчилд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/242 дугаартай захирамжаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2017 онд улирал бүр үр дүнгийн урамшуулалыг 30-45 хувиар өөр дээрээ тушаал гарган авч байсан санхүүгийн зөрчлийг Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоож, тухайн үед Н.Баянжаргалыг өөрийн хүсэлтээр нь 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөж ажлын байраар хангах хүсэлт тавьж Засаг даргаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Н.Баянжаргалыг чөлөөлж, ажлын туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, дээрх зөрчилд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах чиглэл өгч тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ аймгийн Засан даргын Тамгын эрх бүхий алба тушаалтны дор /салбар/ сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгдөг бөгөөд www.meduuleg.iaac.mn цахим хуудаст бүртгүүлэн цахимаар өгдөг.
Н.Баянжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсноос хойш ХАСХОМ-ийг Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах үүргээ мэдсээр байж /2018.03.10-ны өдөр Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх сургалтад хамрагдсан, мөн жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор ХАСХОМ өгдөг нийтийн албан тушаалтан /180 хоногийн дараа хугацаа хоцроож мэдүүлсэн болохыг илрүүлж, АТГ-ын хяналт шалгалтын ажлыгн хэсэг 2018 оны 10 дугаар сард ажиллах явцад уг зөрчлийг тогтоож, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.
Мөн нэхэмжлэгч Н.Баянжаргал нэхэмжлэлдээ ...2018 оны А/443 дугаартай захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авч эс зөвшөөрч байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт захирганы актыг зохих журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болохоор заасан үүний дагуу захиргаа боломжит бүх аргаар мэдэгдсэн гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр www.zavkhan.gov.mn сайтад байршуулж, дээрх акт байршуулсан талаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн удирдлагын шуурхай хурал дээр танилцуулж, өөрийн биеэр аймгийн ЗДТГ-ын бичиг хэргээс гардаж авахыг мэдэгдсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд гардаж аваагүй тул 6 дугаар цэцэрлэгт албан ёсоор хүргүүлсэн. Ийм учраас бид захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах этгээд болон хугацааг нь заасан захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй болохыг мэдэгдсэн.
Хоёр. Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/19 дугаарт захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Завхан аймгийн Засаг даргын 2019 оны Б/19 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгэр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дахь хэсэгт заасныг үндсэлэн Н.Баянжаргалтай байгуулсан хөдөрмөрийн гэрээг цуцалсан.
Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байдаг. 2019 оны 02 дугаар сард 6 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан 1 нас 11 сартай бяцхан хүүхдийн амь нас эрсдэж, түүний ар гэрийн гишүүд цэцэрлэгт байх үеийн камерийн бичлэгийг хуулбарлаж авах хүсэлт тавьж, цэцэрлэгт нь ирэх бүрт цэцэрлэгийн эрхлэгч ёс зүйгүй үйлдэл гаргаж нуугдах, уулзахгүй байх, ам хэлээр доромжлоод, камерийн бичлэгийг өгөлгүй устгасан талаар нас барсан хүүхдийн ар гэр гомдол гаргаж Аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөл хуралдаж тус зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон.
Цэцэрлэгт явах насанд хүрээгүй 01 нас 11 сартай хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлсэн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 71 дугаар 71.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан учир Н.Баянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Иймд аймгийн Засаг даргын 2018 оны А/443, 2019 оны Б/19 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Н.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 06 сард Улиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. 2018 оны 04 сарын 03-ны өдөр Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ёс зүйн зөрчлийг гаргаагүй, 2 удаа хариуцлага хүлээгээгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжаар намайг хөрөнгө орлогын мэдүүлэгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөсөө 30 хоногийн дотор мэдүүлээгүй гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжийг надад танилцуулаагүй, гардуулаагүй байсан. Би 2019 оны 04 сарын 15-ны өдөр авч танилцаад эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Би цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал хашдаг хүний хувьд хуулийн хугацаанд буюу 2018 оны 02 сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогынхоо мэдүүлэгийг гаргаж холбогдох албан тушаалтанд өгч байсан. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Мөн 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулах ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Би өөрийгөө ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. Манай цэцэрлэгт хүмүүжиж байсан Билгүүн гэх хүү өвчний улмаас эндсэн. Үүний улмаас Билгүүн хүүгийн ар гэрийнхэн хяналтын камер бичлэгийг авъя гэж надтай уулзсан. Би хүүгийн ар гэрийнхэнтэй аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Манай цэцэрлэгийн хяналтын камер техникийн хүчин чадлын байдлаас болоод бичглэгийг хуулах боломжгүй байсан. Уг захирамжаар намайг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгт 2 хүртэлх насны хүүхдийг авч болохгүй гэсэн зүйл заалт байгаагүй. Гэтэл намайг уг хуулийг зөрчсөн гэж үзснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Билгүүн хүүг цэцэрлэгтээ элсүүлэн авсан. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг мөн энэ хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлүүлэх дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Баянжаргалд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбараа гаргая. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хурлын үед гаргасан тайлбартаа энэ захирамж бол хөдөлмөрийн гэрээтэй хамааралгүй. Энэ бол захиргааны акт гэж тайлбарлаж байна. Манай зүгээс үүнийг хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж үзэж байгаа. Яагаад хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж үзэж байгаа юм бэ гэхээр хүний хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байдаг. Аймгийн Засаг дарга Н.Баянжаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад Авилгын эсрэг хууль тогтоомжоор арга хэмжээ авсан учраас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж биш өөр байдлаар арга хэмжээ авсан гэж байна. Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тухайн салбар хуулиар арга хэмжээ авсныг тодорхой зааж өгч болно. Гэхдээ энэ харилцаа хөдөлмөрийн харилцаатай холбоотой учраас Хөдөлмөрийн тухай хуулиар хэрэгжинэ. Төрийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авч байгаа бол энэ нь Төрийн албаны тухай хууль тогтоомжоор хэрэгжинэ. Тийм учраас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг Н.Баянжаргалд гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй. Уг захирамжийг гардаж авснаас хойш 3 сарын хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болон бусад маргаанд гомдол гаргах эрх нээлттэй байдаг. Уг захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна гэж үзэж байгаа. Н.Баянжаргалд Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд зааснаар сануулах сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа юм бэ гэхээр энэ талаар Авилгын эсрэг хуульд заасан байдаг. Үүнд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа гаргаж өгсөн эсэхэд хяналт хийх, хөрөнгө орлогын мэлүүлгээ гаргаж өгөхийг шаардлах эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан Н.Баянжаргалыг хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаандаа өгөхийг шаардаагүй тул хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж ярьсан. Шинээр ажилд сэлгэн томилогдож байгаа тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлгийг шинээр гаргаж өгөх үүрэгтэй. Гэхдээ үүнийг шаардах нь эрх бүхий албан тушаалтанд байсан. Мөн энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад арга хэмжээ авч байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх нь зүйтэй. Авилгатай тэмцэх газрын зөвлөмж нь 2019 оны 01 сард ирсэн байдаг. Гэтэл Авилгатай тэмцэх газрын зөвлөмж албан ёсоор ирээгүй байхад Н.Баянжаргалд арга хэмжээ авсан байна. Үүнийг Авилгатай тэмцэх газраас шаардсан гэж үзэх боломжгүй байна. Дээрх байдлуудыг үндэслээд Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 03-ны А/443 тоот захирамж үндэслэлгүй учраас Баянжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Уг захирамжийн үндэслэх хэсэг дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, мөн 131 дүгээр зүйлийн сахилгын хариуцлага ногдуулах гэсэн 2 заалтыг барьсан байна. Уг 2 заалтыг барьсан захирамж дээр Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал нь 2018 оны 04 сарын 03-ны А/147 тоот захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан, мөн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан, мөн Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Боловсрол соёлын газрын албан бичиг, Н.Баянжаргалын тайлбар, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнээс үзэхэд ноцтой зөрчил давтан гаргасан гэдэгт нь эргэлзэж байна. Ноцтой зөрчлийг давтан гаргана гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2 буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасныг давтан гаргасан гэж үзнэ гэж заасан. Гэтэл Н.Баянжаргал 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тодорхойгүй байхад сахилгын шийтгэл авсан нь Улиастай сумын 6-р цэцэрлэг дээр зөрчил гаргасан гэж үзэх үү, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн ярьснаар Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамж нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил биш гэж байгаа боловч 2019 оны ажлаас чөлөөлж байгаа захирамж дээр сахилгын зөрчил давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж байгааг ойлгохгүй байна. Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийг үндэслэлгүй гэж манай тал маргаж байгаа учраас сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэх боловч Н.Баянжаргалыг сахилгын шийтгэл давтан гаргасан гэж хөдөлмөрийн тухай хуулийг бариад байгаа нь хөдөлмөрийн гэрээнд хамааруулж байна. Уг захиармжийг захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг албан ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй. Учир нь захиргааны хэргийн шүүх үүнийг дүгнэлт биш санал байна гэж үзсэн. Мөн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэнд дурдагдаад байгаагаар Н.Баянжаргал иргэн Цэрэндулам болон ажилчид, эцэг эх асран хамгаалагч нартай ёс зүйгүй харьцаж байсан уу гэдэг талаар тухайн үед хамт ажиллаж байсан багш Отгонжаргал, иргэн Цэрэндулам нарын мэдүүлгээр ёс зүйгүй харьцсан асуудал харагдахгүй байна. Ёс зүйгүй харьцсан асуудал байхгүй байхад ёс зүйгүй байна гэж дүгнэсэн нь ямар учиртай юм бэ, энэ дүгнэлт хууль ёсны гаргасан гэдэгт эргэлзээтэй байна. Боловсролын газрын ёс зүйн зөвлөл уг дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн нотлох баримтаар баталгаажуулаагүй. Цэцэрлэгийн эрхлэгч бичлэг өгөөгүй нь ёс зүйгүй байна гэж үзсэн. Бичлэг өгөөгүй учраас ёс зүйгүй байна гэдэг нь ямар журмаар нотлогдож байгаа юм бэ, бичлэг өгөх ёстой журам байна уу, уг бичлэгийг өгөх гэж оролдсон учраас үүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Н.Баянжаргалд 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үед гаргасан зөрчилд 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилонгуут нь хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хариуцлага тооцсон юм уу, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө авсан юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа учраас өмнө гаргасан зөрчил гэж үзэх боломжтой юу гэдэгт эргэлзэж байна. Мөн нэхэмжлэлийн дараагийн нэг шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн байгаа сахилгын шийтгэл давтан гаргасан гэж үзэх боломжгүй байдалд ажилд эгүүлэн томилох үед цалин хөлсний маргаан үүсдэг учраас үүнийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралд Н.Баянжаргалд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр тайлбар гаргая гээд Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 15-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2018 оны А/443 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарч чадаагүй байна гэж үзэж байна. Учир нь тус захирамжаар авилгын эсрэг хуулийг үндэслээд сахилгын арга хэмжэ авах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ ногдуулж байгаа бол хөдөлмөрийн тухай хуульд холбогдох зүйл заалтыг үндэслэх ёстой байсан. 2018 оны 10 сард гарсан зөрчилд Н.Баянжаргал өөрөө буруутай юу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь Авилгын эсрэг тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ урьдчилан гаргахыг шаардах ёстой гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү үүргээ биелүүлээүй албан тушаалтнаас болж Н.Баянжаргалыг зөрчил гаргасан гэж үзэх нь хууль ёсны үндэслэлгүй байна. 2018 оны А/443 тоот захирамжийг Н.Баянжаргал өөрөө гардаж аваагүй гэдэг Н.Баянжаргалтай хамт арга хэмжээ авахуулсан хүмүүс буюу гэрчээр асуугдсан Шанд гэж хүн уг захиармжийг танилцуулаагүй гэсэн байдаг. Тийм учраас 2019 оны 04 сарын 15-ны өдөр гардаж авсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна. Тийм учраас хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.1.4 буюу 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгүүдийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай яригддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь зүйл заалт нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай заасан байдаг. Н.Баянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу, эсвэл Н.Баянжаргалд сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Аливаа байгууллагын даргын захирамж бол тодорхой үндэслэлтэй байх ёстой. Мөн Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчил гаргасан гэж аймгийн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлөөс дүгнэсэн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2019 оны 01 дугаартай дүгнэлтээр Н.Баянжаргалд камерийн бичлэгийг өгөх тухай үүрэг болгосон байхад өгөөгүй байх нь ёс зүйн зөрчил байна гэж үзсэн байна. Гэтэл Н.Баянжаргал тухайн камерийн бичлэгийг өгөөгүй байна гэдэг нь ёс зүйн зөрчил мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Улиастай сумын 6-р цэцэрлэгийн дотоод журманд камерийн бичлэгтэй холбоотой тодорхой заалтуудыг оруулсан. Хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгээр камерийн бичлэгийг олгоно гэж хамт олны хурлаараа хэлэлцээд баталсан. Гэтэл Боловсрол соёлын газар нь хууль хяналтын байгууллага биш. Тийм учраас камерийн бичлэгийг өгөөгүй байна гэж үзэж ёс зүйн зөвлөлөөс дүгнэсэн нь буруу. Мөн аймгийн Боловсрол соёлын газар нь ёс зүйн зөвлөл журмын дагуу ажиллаагүй байна гэж үзэж байна. Гэрч Дашхорол, Отгонжаргал нарын мэдүүлэг дээр мэдэгдэж байгаа, тухайн байгууллага дээр болсон үйл явдлыг ажилтнаас нь тайлбар аваагүй байна. Байгууллагын дотоод журам холбогдох баримт бичигт үзлэг хийгээгүй байна. Хариуцагч байгууллагын гаргасан баримт дээр Н.Баянжаргал Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч 2018 оны 03 сарын 25-ны өдрийн 10 гэсэн албан бичиг дээрээ байгууллагын дотоод журмын заалтыг тодорхой заасан. Тухайн үйл явдал болсны дараа байгууллагын дотоод журмаа өөрчилсөн асуудал бол биш. Тухайн үйл явдал болохоос өмнө байгууллагын дотоод журмаа өөрчилж баталсан байсан. Өнөөдрийн шүүх хурал дээр Улиастай сумын 6-р цэцэрлэгийн дотоод журмыг буруу байна гэж үзэх боломж байхгүй. Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөл уг зөрчлийг журмын дагуу тогтоож шийдвэрлээгүй, яаралтайгаар Н.Баянжаргалын өмнөх ёс зүйн зөрчлийн хугацаа дуусахаас өмнө ёс зүйн зөвлөлийг хуралдуулаад тухайн өдрөө ёс зүйн зөрчилтэй байна гэж дүгнэсэн. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь ямар нэгэн нотлох баримтанд тулгуурлаж гараагүй. Энэ талаар гэрч Дашхорол, Отгонжаргал, Доржсэмбэ нар мэдүүлж хэлсэн байдаг. Тийм учраас Н.Баянжаргал нь талийгаач хүүгийн ар гэрийхэнд ямар нэгэн байдлаар хүндэтгэлгүй хандаж ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хуул зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчилтэй байна гэсэн саналыг уламжилж байна гэсэн. Энэ талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахад энэ бол захиргааны актын шинжийг агуулаагүй санал төдий уламжилж байгаа санал учраас үүнийг хүлээн авах боломжгүй гэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улиастай сумын 6-р цэцэрлэгийг 2 хүртэлх насны хүүхдийг авч хүмүүжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн 90 дугаартай албан бичигт ганцхан Улиастай сумын 6-р цэцэрлэгийг дурдаагүй. Тухайн албан бичигт 2 нас хүрээгүй 40 хүүхэд Улиастай сумын цэцэрлэгүүдэд байгаа учраас холбогдох арга хэмжээг авч ажиллах гэж аймгийн Засаг даргад зөвлөсөн албан бичиг. Гэтэл Улиастай сумын бусад 9 цэцэрлэгийн дарга ажилчдыг ажлаас чөлөөлөөгүй байж Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргалыг 2 нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авсан учраас таныг ажлаас чөлөөлж байна гээд ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт 2 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт авч болохоор заасан заалт байгаа. Энэхүү зүйл заалтыг Улиастай сумын 6-р цэцэрлэг дотоод журмандаа тусгасан. Юу гэж тусгасан бэ гэхээр 2 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхдээ эцэг эх асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгт элсүүлнэ гэж заасан. Талийгаач хүүгийн ээжийнх нь Улиастай сумын 6-р цэцэрлэгт гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу тухайн хүүхдийг цэцэрлэгтээ элсүүлж авсан. Тийм учраас Н.Баянжаргалыг ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгч Н.Баянжаргалыг ажилд нь эгүүлэн томилж өгнө үү. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2019 оны Б/19 дугаартай захирамж нь үндэслэлгүй бөгөөд Н.Баянжаргалыг ажилд эгүүлэн томилогдсон тохиолдолд цалин хөлс олгогдох ёстой. Ажилгүй байсан хугацаанд нэхэмжлэгч Н.Баянжаргал нь ямар нэгэн төсвийн байгууллагад ажиллаж байсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжийн талаар өнөөдрийн шүүх хурал дээр нилээн их ярьсан. Манай тал уг захирамжтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэхдээ Н.Баянжаргалыг Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан байхад өмнө дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээ ажил үүрэгтэй нь холбогдуулж арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь өөрөө хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхийн шийдвэр юм гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргалыг 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлсөн. Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 тоот захирамжаар үндсэн цалингийн 1 сарын цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Яагаад сахилгын шийтгэл хүлээх болсон бэ гэхээр 2017 оны улирлын үр дүнгийн урамшууллаар өөр дээрээ тушаал гаргаж улирал бүр 30-45 хувийн урамшуулал авч байсан гэдгийг санхүүгийн хяналт, дотоод аудитын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 156 дугаартай актаар тогтоогдсон. Өмнөх шүүх хурал дээр Н.Баянжаргалын өөр дээрээ урамшуулал авч байсан болон хууль зөрчсөн тушаал болон санхүүгийн хяналт дотоод аудитын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг зөрчил нь ямар зөрчил байсан бэ гэхээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь өөр дээрээ урамшуулал бодож авсан нь ямар үр дагавар үүсгэх вэ гэхээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэг заасны дагуу ажлаас халах зөрчил байсан. Гэтэл нэхэмжлэгч Н.Баянжаргал болон бусад цэцэрлэгийн эрхлэгч нар ижилхэн зөрчил гаргасан байсан учраас цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдөө аймгийн Засаг даргад бид нарыг сэлгэж ажиллуулж өгөөч, мөн өмнө ажиллаж байсан ажлынаа санхүүгийн зөрчилд хариуцлага хүлээнэ гээд хөдөлмөрийн гэрээ дахин байгуулаад Улиастай сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил үйлдсэн учраас 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага хүлээлгэсэн. Хариуцлага тооцсон шийдвэрийг Н.Баянжаргал тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Мөн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн Завхан аймгийн Боловсрол соёлын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн ёс зүйн дүгнэлтээр Н.Баянжаргалыг талийгаачийн ар гэрийнхэнтэй ёс зүйгүй харьцсан мөн камерийн бичлэгийг талийгаачийн ар гэрт өгөхгүй байсан ч гэсэн хадгалаж авч дараа нь хууль сахиулах байгууллагаас шаардах үед гаргаж өгөх боломжоор хангах ёстой байсан. Гэтэл уг үүргээ Н.Баянжаргал биелүүлээгүй. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн дуу хураагуурт талийгаачийн эмээтэй хэрхэн харьцаж байсан, ямар зүйл ярьж байсан, талийгаачийн ар гэрийг хэд хэдэн удаа ирүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Мөн талийгаачийн ар гэрийнхэн шүүхийн тамгын газрын ID-гаар тухайн бичлэгийг хуулаад танай байгууллагад үлдээчихье, уг бичлэг хадгалагдаж байхад болно, эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авчираад танай байгууллагаас авъя гэж хэлж байхад Н.Баянжаргал эрхлэгч өөрөө дур мэдэж уг бичлэгийг устгасан. Сургуулийн өмнөх боловсролын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, мөн 7 дугаар зүйлийн 72 дахь хэсгүүдийг зөрчсөн гэдэг үндэслэлийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хангалттай тогтоосон. Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол хариуцсан улсын байцаагч Должинсүрэн, мөн эрүүл ахуйн байцаагч нар Улиастай сумын 6-р цэцэрлэг дээр шалгалт хийхдээ Боловсролын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна, мөн Засгийн газрын 2011 оны 311 дугаартай тогтоолыг хэрэгжүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Н.Баянжаргал нь Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт заасан зүйл заалтыг хориглоогүй учраас би 2 хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авсан гэж ярьдаг. Хэрвээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар 2 хүрээгүй хүүхдийг цэцэрлэгтээ авч хүмүүжүүлсэн бол хуульд заасан 4 нөхцлийг хангах ёстой байсан. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.8, 8.9, 8.10 дахь хэсэгт заасан нөхцлүүдийг хангасан байх ёстой. Гэтэл Улиастай сумын 6-р цэцэрлэгт ийм нөхцлүүдийн аль нь ч хангагдаагүй. Гэтэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасан арга зүйч, эмч гэсэн орон тоо Улиастай сумын 6-р цэцэрлэгт байхгүй. 2 хүртэлх насны хүүхдэд нэмэлт асаргаа шаардлагатай байдаг. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг заасан зүйл заалт дээр мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах ёстой байдаг. 6-р цэцэрлэгийн хувьд 2 хүртэлх насны хүүхдийг авч хүмүүжүүлэх боломжтой гэсэн барилгын стандартын мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Энэ нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тийм учраас Н.Баянжаргалыг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээрээс харахад Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн давтан зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий захирамж гэж үзээд нэхэмжлэгч Н.Баянжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр илүү анхаарч тайлбар гаргамаар байна.
Нэгдүгээрт: Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэргийн шүүх сахилгын шийтгэлийг хүчингүй болгохоос биш захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй. Хэрвээ захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа бол нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд хандана. Нэхэмжлэгч сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар давхар шаардлага гаргаагүй байна.
Хоёрдугаарт: аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах мөн ажилд эгүүлэн томилуулах гээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж байгаа учраас үүнийг хамааруулж үзэж байгаа. 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 тоот захирамжийн өөрт холбоотой хэсгийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь давж заалдах шатны шүүх хурал дээр яригдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.Баянжаргал давтан зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан. Нэгдүгээр сахилгын шийтгэл бол 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шүүх хэргийг нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэх ёстой. 2018 оны 04 сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол тухайн нэхэмжлэлийг гаргах цаг үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Тийм учраас нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байх гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой учраас 2018 оны 04 сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим бол талуудын тэгш эрхийн зарчим, мэтгэлцэх зарчим байдаг. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна гээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх юм бол хариуцагчийн эрх ашиг хөндөгдөнө. Тийм учраас 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай сахилгын шийтгэлийг өнөөдөр шүүх авч хэлэлцэх боломжгүй.
Гуравдугаарт: 2018 оны 04 сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамж дээр талууд маргаж байгааг шүүх яаж шийдвэрлэхийг би мэдэхгүй учраас тайлбар гаргая. Өмнө нь Улиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа авсан сахилгын шийтгэлд арга хэмжээ авна гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ талууд тусгасан байсан. Талууд хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцаад гарын үсэг зурсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг зүйл заалтад харшилсан зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын захирамжийн агуулга, нэхэмжлэгч Н.Баянжаргалын Засаг даргад гаргасан өргөдлийн агуулгаас харахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод ажилд шинээр томилоод байгаа асуудал биш сэлгэн ажиллуулсан. Сэлгэн ажиллуулж байгаа гэдэг нь ажилтныхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй тохиолдолд ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг тусгасан, төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлд адилхан албан тушаалд нэг удирдлагын шийдвэрээр шилжүүлэхийг сэлгэн ажиллуулах гэнэ. Ажилтныг сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд өмнө ажиллаж байсан ажил дээр гаргасан зөрчилд сахилгын арга хэмжээ тооцдог. Мөн Н.Баянжаргалыг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон захирамж дээр заасан байгаа. Талууд мэтгэлцэхдээ цэцэрлэгийн камерийн бичлэгийг өгөөгүй учраас ёс зүйн хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж дүгнэлт гаргасан юм шиг тайлбарлаад байна. Ёс зүйн хорооны дүгнэлтийн агуулгыг харахаар 2018 оны 05 сарын 01-ний А/243 тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.2.2, эцэг эх асран хамгаалагч, олон нийт хамтран ажиллагч нарын нас, хүйс, адил тэгш хүндэтгэлтэй хандана гэсэн заалтыг оруулаад эдгээр заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтэнд хүрч ёс зүйн хороо дүгнэлт гаргасан. Камерийн бичлэгийг талийгаач хүүгийн ар гэрт өгөөгүй нь ёс зүйн зөрчил болно гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгийн эмээ камерийн бичлэгийг авах гээд Улиастай сумын 6-р цэцэрлэг дээр 10 гаруй удаа очсон гэтэл намайг хүлээж аваагүй гэдгийг СД бичлэг дээрээс сонссон. Н.Баянжаргал 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалын 4.2.2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөн учраас ёс зүйн хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гаргасан. Яагаад өнөөдөр ийм зүйл ярьж байгаа юм бэ гэхээр СД дээрх бичлэгийг сонсоод хэн хэн байсан юуны талаар ярьсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Тийм учраас шүүх шийдвэр гаргахдаа СД-ний бичлэгийг үнэлэх байх гэж бодож байна. Н.Баянжаргалгыг талийгаач хүүгийн ар гэрт чирэгдэл учруулж, ялгавартай хандсан гэдгийг ёс зүйн хороо тогтоосон. Үүнд цэцэрлэгийн камерийн бичлэгийг өгсөн өгөөгүй гэдэг нь хамаагүй. Нэхэмжлэгч Н.Баянжаргал нь төрийн албаны тангараг болон багшийн ёс зүйн тангаргаа зөрчсөн байна гэж үзэж байна. Цэцэрлэгийн камерийн бичлэг дээр шүүх дүгнэлт гаргаад байгаа учраас би тайлбар гаргая. Цэцэрлэгийн камерийн бичлэгийг талийгаач хүүгийн ар гэрийнхэн эхний удаа цэцэрлэг дээр очиход л өгөх ёстой байсан. Байгууллагын нууцын тухай хуульд байгууллагын нууц гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ баримт бичиг биет зүйлийг хэлнэ гэж заасан байдаг. Хуулиар нууц гэж тогтоогоогүй л бол байгууллагын нууцад орохгүй. Байгууллагын нууцын тухай хуулийн 2 дугаар бүлэг нь байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах гэсэн зохицуулалт байгаа. Байгууллагын нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт байгууллагын нууцыг тогтоох, 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг Улсын их хурал хуулиар тогтоон баталгаажуулна гэсэн байдаг. Мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт нууцлахыг хориглох хүрээ гэж байдаг. Мөн байгууллага дор дурдсан зүйлийг нууцлаж болохгүй гэж заасан байдаг. Үүнд. Тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологи хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл байна гэж заасан байдаг. Байгууллагын нууцын тухай хуулиар байгууллагын үйлчилгээтэй холбоотой асуудлыг хориглосон байдаг. Гэтэл талийгаач хүүгийн ар гэрээс байгууллагын камерийн бичлэгийг авъя хэн буруутай этгээдийг нь олж тогтооно гэж байхад нь Н.Баянжаргал хүнд суртал гаргаад бичиг аваад ир гээд удаа дараа чирэгдэл учруулж байсан нь ёс зүйн зөрчил гаргасан байна гэдгийг нь харуулж байна. Хуулиар хориглоогүй зүйлийг иргэд хүссэн үедээ авах, үзэх эрхтэй байдаг. Энэ бүгдээс үзэхэд Н.Баянжаргал ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Аймгийн Засаг даргын Н.Баянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тушаалаас харахад хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн заалт болох хөдөлмөрийн гэрээний 9.3.18 хэсэгт ёс зүйн зөрчил гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан нь аймгийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 9.3.18 болон Хөдөлмөрийн тухай хуульд ямар ямар зүйл заалтыг ноцтой зөрчилд тооцох вэ гэдгийг заасан байгаа. Өмнөх анхан шатны шүүх хуралд би оролцоогүй болохоор би гайхаад байгаа, яагаад камерийн бичлэг өгөөгүй гэдэг дээр авцент өгөөд байгааг гайхаж байна.Талийгаач хүүгийн ар гэртэй хүндэтгэлгүй хандаж тийм зөвшөөрөл аваад ир гэж наашаа цаашаа явуулж байх хооронд тухайн камерийн бичлэг устаж үгүй болсон. Камерийн бичлэг устсан байна гэдэг нь Н.Баянжаргалыг хүнд суртал гаргасан байна гэдэг ойлголт биш юм уу, ёс зүйн зөрчил биш юм уу. Үүнийг өмнөх анхан шатны шүүх хурал дээр яагаад яриагүй вэ гэдгийг гайхаж байна. Мөн нийтийн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй байна гэдэг нь Авилгатай тэмцэх газрын албан бичиг болон праграмм хангамжаар мэдээллээр хангалттай тогтоогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд нийтийн албан тушаалтанд хамаардаг. Шилжилт хөдөлгөөн хийх бүрдээ хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргадаг. Үүнийг авилгатай тэмцэх газраас хянаад нэхэмжлэгч Н.Баянжаргалыг хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаагүй байна гэдгийг тогтоосон. Тийм учраас шүүх нэхэмжлэлийг хуулий хүрээнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Аймгийн засаг даргын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн сахилгын арга хэмжээ авсан захирамжийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Хэрвээ энэ нэхэмжлэгч нэхэмжлэлээ салгаж гаргасан бол шүүхийн мэдээлэл лавлагаан дээрээ хүлээж авахгүй эсвэл иргэний хэрэг үүсгэхгүй байх байсан. Бусад иргэдийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээж авахаас татгалздаг. Тэгвэл яагаад Н.Баянжаргалд давуу байдал үүсгээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэхүү шаардлагыг хүлээж авсан юм бэ гэдэг асуудал яригдана. Яагаад Н.Баянжаргалд давуу байдал үүсгээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад энэ талаар маргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас Завхан аймгийн Засаг даргын 2018 ны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Уг захирамж нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд бүрэн нийцэж байна гэж үзэж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 72 гэсэн заалтад, мөн Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажлаагүй гэсэн зүйл яригдаад байгаа. Үүнийг мөн тогтоогдсон гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хуульд тусгай нөхцөл бүрдсэн тохиолдолд 2 хүртэлх насны хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нар хүсэлт гаргах бүрт цэцэрлэгт элсүүлэхээс биш, 2 хүртэлх насны хүүхдийн эцэг эх хүсэлт гаргаагүй байхад элсүүлэхгүй. Өөрөөр хэлбэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7, мөн 8 дугаар зүйлийн 8.7-гоос 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд 2 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалах үйлчилгээ үзүүлж болно гэж заасан байдаг. Ийм нөхцөл бүрдээгүй байна гэдгийг иргэний гомдлоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд тухай шалгалтын дүнгээ аймгийн Засаг даргад явуулаад аймгийн Засаг дарга уг нөхцөл байдлаар зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас Н.Баянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна. Уг захирамжид дурдсан бүх зөрчил хангалттай тогтоогдсон байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баянжаргалыг Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 11,494,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баянжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 198,869 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Намнангийн Баянжаргал нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Аймгийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай Н.Баянжаргалд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нэгэнт биелэгдсэн, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн шүүх өөрийн санаачилгаар захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ...Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэснийг зөрчсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралдаанд Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь Н.Баянжаргалыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахдаа ямар нэгэн хувийн өс хонзон, хувийн ашиг сонирхол, улс төрийн зөрчил гаргаагүй. Хэрвээ ашиг сонирхол, нам улс төрийн байдлаар хандсан гэж үзвэл Н.Баянжаргалыг тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халахгүй байсан. Учир нь Н.Баянжаргал Засаг дарга нар нь хувийн төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа. Энэ шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл бол бага насны хүүхдийн амь эрсдсэн зүйл яригдаж байгаа. Мөн боловсролын салбарын ёс зүйн асуудал яригдаж байна. Цаашдаа яг энэ мэтчилэн хүүхдүүд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх мөн цэцэрлэгийн эрхлэгч хүн хуульд заасан үүргээ хууль ёсны дагуу биелүүлээгүй нөхцөл байдлыг цаашаа дэлгэрүүлэхгүй байж, ажилдаа хариуцлагатай хандаасай гэж төрийн албан хаагчдад сануулга болгох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс энэ шийдвэрийг гаргасан.
Анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүхийн үндэслэх хэсэгт Н.Баянжаргалыг бичлэг өгөх тухай үүрэг болгосон байхад өгөөгүй нь ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн үндэслэх хэсэгт дурын этгээдэд бичлэгийг хувилж өгснөөр бичлэгт байгаа бусад этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөнө. Энд ярьж байгаа хохирогч буюу нас барсан хүүхдийн эмээ өөрөө хууль ёсны төлөөлөгч нь байгаа. Гэтэл энэ яагаад дурын этгээд болно гэж. Мөн Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа мэдээлэл авах, мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хуулиар тухайн байгууллага бусдаас нууц болохгүй ил тод байлгах мэдээллийн тоонд үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл орж байдаг. Дотоод журамдаа заавал хуулийн байгууллагын зөвшөөрлөөр бусдад ашиглуулах нь зүйтэй гэж заасан. Гэтэл дотоод журмыг анхан шатны шүүхийн шүүх хурал болохоос өмнө үзлэг хийлгэхэд өөрчлөлт оруулсан байдаг. Гэтэл дотоод журмыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй. Хамгийн сүүлийн баримт нь үзлэгт байх нөхцөл байдал нь бусад баримтаасаа зөрүүтэй. Тухайн нотлох баримтыг хэлэлцсэн талаарх тэмдэглэл тухайн байгууллагад хадгалагдаагүй. Мөн шүүхээс дүгнэхдээ тухайн бичлэгийг өгөөгүй нь ёс зүйг зөрчөөгүй байна. Шүүхээс бичлэгийг устгасан үйлдэлд нь дүгнэлт хийгээгүй. Хэрвээ тухайн байгууллагын нууц байсан бол тухайн камерын бичлэгийг байгууллагын нууцдаа авах байсан. Яагаад устгасан юм, түүн дээр ямар нэгэн байдлаар нас барсан хүүхэдтэй холбогдолтой эрх зүйн байдлыг үнэхээр дордуулсан юм уу? хүүхдийн эрхийн зөрчил гарсан юм уу? үгүй юм уу? гэдгийг тогтоох боломжгүй.
Н.Баянжаргалыг манай талаас Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Боловсролын тухай хуулийг зөрчсөн гэж үздэг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.1 дээр тодорхой зааж өгсөн. Цэцэрлэгийн эрхлэгч хүүхэд элсүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудад тодорхой байгаа. Нэхэмжлэгч талаас гэрчээр хохирогчийн ээжийг асуулгасан байдаг. Хохирогчийн ээж өргөдлөө цэцэрлэгийн багшид өгсөн. Цэцэрлэгийн багш өөрөө дур мэдэн шийдээд ой гарантай хүүхдийг цэцэрлэгтэй элсүүлсэн. Тэгвэл цэцэрлэгийн эрхлэгч байх ямар хэрэгтэй юм Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль байх ямар хэрэгтэй юм. Магадгүй цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлдэг дотоод хяналтаа хэрэгжүүлдэг байсан бол тэр хүүхэд эцэг эхийн хараа хяналтад байсан бол магадгүй ийм эрсдэл гарах байсан эсэх. Гэтэл анхан шатны шүүхээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн ямар үндэслэлээр яагаад зөрчөөгүй гэж үзэж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1-т эрхлэгч нь шийдвэр гаргана гэж заасан байдаг. Гэтэл эрхлэгч шийдвэр гаргаагүй багш шийдвэр гаргасан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог өөрөө нэхэмжлэгч тал ч гэсэн тайлбар дээрээ хэлдэг. Мөн мэргэжлийн хяналтын байгуулага тухайн цэцэрлэгт үйл ажиллагаа хууль тогтоомжийг зөрчсөн байна уу? үгүй байна уу ? гэдгийг хянаж тодруулах хамгийн том хяналтын байгууллага. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагчаас гаргасан мэргэжлийн ахлах байцаагчийн гаргаж өгсөн баримтыг яагаад шүүхэд үнэлээгүй юм. Нэхэмжлэлийн гол үндэс болгож байгаа зүйл Н.Баянжаргалд оногдуулсан сахилгын шийтгэлийг шударга ёсонд нийцээгүй гэж шүүх дүгнэсэн. Н.Баянжаргалд оногдуулсан шийтгэл шударга ёсонд нийцээгүй гэж шүүх дүгнэхдээ талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байдаг. Яагаад гэвэл захиргааны байгууллага ч гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар адил тэгш эрхтэй оролцох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлагад дурдаагүй нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй хөдөлмөрийн гэрээгээр энэ зүйлдээ хариуцлага хүлээнэ гээд харилцан тохиролцсон нэгэнт хүчин төгөлдөр биелэгдсэн актыг энэ шүүх хурал дээр хүчингүй болгож байгаа. Үүнийг хүчинтэй, хүчингүй болгох талаар талууд огт маргаагүй байгаа. Ийм ийм талаас нь харахад шүүхээс бол үндэслэл бүхий бодит шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрийн албан хаагч нь иргэдэд хохирол учруулахгүй байх. Үнэхээр энэ шүүхийн шийдвэрийг биелүүллээ гэж бодоход цаашдаа ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг хаа хаанаа бодох ёстой юм болов уу гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/: Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа гаргасан. Аймгийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарийн 03-ны өдрийн Б/19 тоот захирамж буюу ажлаас халагдсан захирамжийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Мөн ажилд эгүүлэн тогтоолгох цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах зэрэг шаардлагуудыг тус тус гаргасан. Үндсэн шаардлага бол ажил эгүүлэн тогтоолгох түүнээс гадна нэг шаардлага нь тухайн шаардлагын хүрээнээс өөр шаардлага нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага байгаа. Энэ шаардлага нь Авилгатай тэмцэх газарт хувь хүний хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй учраас сануулж сахилгын шийдвэр авсан захирамжийн өөрт холбоотой хэсэг, өөрийн нэр заагдсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 сахилгын шийтгэл буюу 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа гаргасан зөрчлүүдийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаагүй байгаа. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрүүлж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-ийг зөрчсөн байна.
Яагаад гэвэл хэн нэгэн нэхэмжлэгч этгээд сахилгын шийтгэлээ хүчингүй болгуулья гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацааны дараа буюу сахилгын шийтгэл гарснаас хойш 180 хоногийн дараа шүүхэд хандахад шүүх тэр нэхэмжлэлийг хүлээж авах ёсгүй. Гэтэл шүүх шударга ёсонд нийцнэ гээд гаргаагүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг татаж авчираад шийдэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч энэ шаардлагыг яагаад гаргаагүй гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэлийг 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас энэ шаардлагыг гаргаагүй байхад шүүх өөрийн эрх мэдлийг хэтэрүүлж шударга ёсонд нийцнэ гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын тэгш эрхийн зарчим, талуудын мэтгэлцэх зарчимыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Баянжаргал нь хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй гэдэг нь Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичгүүдээр нотлогддог учраас сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй юм. Завхан аймгийн засаг дарга, болон Н.Баянжаргал нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдох үедээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ байдаг. Үүний 6.1.10 дахь хэсэгт 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа гаргасан зөрчлүүд дээр арга хэмжээ авна гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Энэ хөдөлмөрийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр ямар нэгэн дарамт шахалтгүйгээр байгуулсан байдаг. Энэ талаар Н.Баянжаргал маргадаггүй яг энэ заалтын дагуу 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсоноос хойш өөр дээрээ удаа дараа урамшуулал өндөр хувиар авсан гэдэг нь аудитын дүгнэлтээр илэрсэн байдаг учир 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэдэг албан тушаалаасаа чөлөөлөгдөж 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч гэсэн орон тоон дээр ажиллаж байхад нь арга хэмжээ авсан байдаг. Ёс зүйн зөрчил нь камерийн бичлэг өгөөгүй нь ёс зүйн зөрчил биш талаар анхан шатны шүүхээс дүгнэдэг. Камерийн бичлэг өгөөгүй нь ёс зүйн зөрчил биш гэж ёс зүйн хороо огт дүгнэлт гаргаагүй. Ёс зүйн хороо нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний А/243 дугаартай тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон бусад ажилтны ёс зүйг дүгнээд Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т эцэг, эх, асран хамгаалагч нарыг нас, хүйс, адил тэгш хүндэтгэлтэй хандана гэсэн заалтыг зөрчсөн байна гэж ёс зүйн хорооноос дүгнэлт гаргасан. Камерийн бичлэг өгөөч гэсэн ар гэрийнхэнд бичлэгийг өгөхгүй байсаар байгаад тухайн бичлэг нь устсан байдаг. Тухайн бичлэгт цэцэрлэгийн ажилчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн дүрс бичигдсэн байгаа байх. Н.Баянжаргалд сахилгын шийтгэл 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болон 2018 оны 10 дугаар сарын 25-ны захирамжаар тус тус сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй гэдэг нь мөн нотлогдсон. Аймгийн боловсролын салбарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01дугаартай дүгнэлтээр Н.Баянжаргал нь эцэг эх асран хамгаалагчтай ёс зүйгүй, адил тэгш харьцаагүй тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сахилгын арга хэмжээ авсан захирамж нь 3 сарын хугацаа өнгөрсөн болов ч ажилтны эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож шударга ёсонд нийцлээ гэж шүүх дүгнэсэн байгаа. Энэхүү дүгнэлттэй холбогдуулж тогтоох хэсэгт ямар нэгэн байдлаар захирамжийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т үндэслэх хэсэгт ямар ямар агуулага байх талаар зааж өгсөн байдаг. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар заана гэсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж нь Н.Баянжаргалыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн сүүлд гарсан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамж холбогдож ирдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлсэн зүйл байхгүй. Хэрэв хэтэрүүлсэн гэж үзэх юм бол тогтоох хэсэгтээ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжийг хүчингүй болгох ёстой. Гэтэл хүчингүй болгоогүй байгаа. Харин үндэслэх хэсэгтээ үнэлж дүгнэсэн талаараа зааж байгаа нь хууль ёсонд нийцэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар Н.Баянжаргалыг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 буюу 2 өөр агуулгатай зохицуулалтыг нэг дор авч байгаа нь ойлгомжгүй байна. Тайлбаруудаас харахад ажлаас халж байгаа юм уу? цуцалж байгаа юм уу? гэдэг нь ойлгомжгүй байна. Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн 01 дугаартай дүгнэлт нь 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байдаг. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалаар батлагдсан ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд тодорхой зааж өгсөн байдаг. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг аймгийн засаг даргын орлогч тэргүүлдэг байгаа. Гэтэл аймгийн засаг даргын орлогчийг оролцуулахгүйгээр нарийн бичгийн дарга нь ёс зүйн зөвлөлийн гишүүдийг хуралдуулж шийдвэрлэсэн нь ёс зүйн зөвлөл ямар зорилгоор хуралдсан бэ? гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал нь уг тохиолдол гарснаас хойш хангалттай хугацаа буюу 45 хоног өнгөрөөд байхад, мөн дээд удирдах албан тушаалтнаас амаар болон албан тоотоор бичлэгийг өгөх тухай үүрэг болгосоор байтал талийгаач хүүгийн талаар бичлэгийг ар гэрийнхэнд нь өгөхгүй байсаар байгаад устгах нөхцөл байдал үүсгэсэн нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4.А, 3.1.7.И, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, багш болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.4.2 гэсэн заалтыг зөрчсөн нь нотлогдож байгаа тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж томилсон удирдах албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар уламжилсан нь зүйтэй гэсэн байдаг. 2 нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт авсан нь Боловсролын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзээд чөлөөлсөн талаар ярьдаг. Нэхэмжлэгч Н.Баянжаргал нь сая ярихдаа 2 нас хүрээгүй хүүхдийг бүх цэцэрлэг авсан. Гэтэл цэцэрлэгийн бүх эрхлэгчийг халаагүй хирнээ зөвхөн намайг чөлөөлж байгаа нь ямар учиртай вэ? гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Н.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Аймгийн засаг Д.Батсайхантай төрөл садангийн холбоогүй ээ. Улиастай сумын 9 цэцэрлэг бүгд адилхан 40 хүүхэд авсан байсан. 2 нас хүрээгүй хүүхдийг бүх л цэцэрлэг авсан байсан. Тийм байхад надад яагаад ийм арга хэмжээ авч байгааг ойлгохгүй байна энэ нь ялгаварлан гадуурхалт гэж үзэж байна. Талийгаач хүүхдийн бичлэгийг ар гэрийнхэнд нь 2-оос 3 удаа ухрааж үзүүлсэн. Тухайн үед хэд хэдэн хүн авч ирж бичлэгийг хуулж авах гэсэн болов ч манай камерын хүчин чадал муу тул бичлэг маань устсан байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасны дагуу тухайн хүүхдүүдийн ар гэрийнхнийх нь хүсэлтэд үндэслэж цэцэрлэгтээ элсүүлж авсан. 2018 онд Улиастайд 247 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 2019 онд 246 хүүхэд хамрагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хэргийг зөв шийдвэрлэж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Баянжаргал нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ажил олгогч нь Н.Баянжаргалыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3.18, 9.3.20 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэл болгожээ.
Тушаалд Н.Баянжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжаар сануулах сахилгын шийтгэл, аймгийн Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж дурьджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Н.Баянжаргал нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Завхан аймгийн Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсныг, түүний хүсэлтээр уг ажлаас чөлөөлж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/31 дугаартай Аймгийн засаг даргын захирамжаар Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилон ажиллуулсан байдал тогтоогдож байна.
Н.Баянжаргал нь Завхан аймгийн Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 6 дугаар цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө, оруулалтыг дур мэдэн эзэмшсэн зөрчил гаргасан, 2017 оны улиралын үр дүнгийн урамшлыг өөр дээрээ тушаал гарган улирал бүр 30-45 хувиар авсан, ур чадварын нэмэгдлийг...сар бүр 24 хувиар тооцож авсан зэрэг санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн зөрчилд ажил олгогч 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/242 дугаартай захирамжаар үндсэн цалингийн 15 хувиар, 2 сарын хугацаатай сахилгын шийтгэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамжаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан болох нь тогтоогджээ.
Мөн Н.Баянжаргал нь хувийн ашиг сонирхолын мэдүүлэг, болон хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүнд Завхан аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25ны өдрийн А/443 дугаартай захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Дээрх ажил олгогчийн шийдвэрт ажилтан гомдол гараагүй тул хүчин төгөлдөр тушаал шийдвэр гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заажээ.
Анхан шатны шүүх Завхан аймгийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар Н.Баянжаргалыг Улиастай сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд улмаар хөдөлмөрийн харилцаа дуусч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэн учир дуусгавар болсон хөдөлмөрийн харилцаанд байсан зөрчлийг шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд гаргасан зөрчил гэж үзэн сахилгын зөрчил буруу оногдуулсан гэсэн дүгнэлт хийжээ.
Ажил олгогч нь Н.Баянжаргалыг Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад нь уг ажлаас чөлөөлж, 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон байх бөгөөд түүний ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөөгүй учир ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн, шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
Харин ажлын зайлшгүй шаардлагын улмаас ажилтаны ажлын байрыг сэлгэн ажиллуулсан гэж үзэхээр байна.
Сэлгэн ажиллуулах гэдэг ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй ч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний нөхцөл байдлуудыг өөрчлөхгүйгээр тодорхой зорилгоор ажлын байрыг сэлгэн ажиллуулах нь тухайн системийн байгууллагын дотоод зохион байгуулалтын ажил гэж ойлгож болохоор байна.
Ийм учраас сэлгэн ажиллуулах тухай ойлголтыг хөдөлмөрийн эрх зүйн өөр ажилд шилжүүлэх, томилолтоор ажиллах гэсэн адил ойролцоо ойлголтуудаас ялгаж үзэх нь чухал юм.
Мөн хэрэгт авагдсан Н.Баянжаргалыг 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс харахад нэхэмжлэгч Н.Баянжаргалыг өөр ажилд томилсон, шилжүүлсэн мэт боловч талуудын тайлбар, хэргийн нөхцөл байдлаар ажил олгогч нь Н.Баянжаргалтай байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөдөлмөрийн гэрээний нөхцөл хэвийн үргэлжилж байсан нь тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Баянжаргал нь Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа цэцэрлэгийн насанд хүрээгүй, /01 нас 11 сартай/ хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхээ хэтрүүлсэн, мөн тус цэцэрлэгт хүмүүжиж байсан 1 нас 11 сартай Н.Билгүүн нь 2019 оны 02 дугаар сарын 14-нд эмнэлэгт хүнд өвчиний улмаас нас барсан тохиолдол гарч хүүгийн хүмүүжиж байсан ангийн бичлэгийг хүүгийн эмээ Б.Цэрэндулам авахаар удаа дараа цэцэрлэгт хандсан ба эрхлэгч Н.Баянжаргал нь өгөөгүй, бичиг тоот авчир гэж олон удаа буцаасан, мөн сүүлд нь бичлэг устсан гэж хариу өгсөн үйлдэл гаргасан нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмэнд заасан ёс зүйн зөрчил болох нь хэрэгт авагдсан Боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт болон бусад баримтаар хангалттай тогтоогдсон.
Зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.18 дахь хэсэгт ёс зүйн зөрчлийг давтан гаргасан нь Аймгийн засаг даргын дэргэдэх ёс зүйн хороо болон аймгийн Боловсрол, соёл урлагын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөл/хороо/-ны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцох, ажлаас шууд халахаар заажээ.
Иймд Н.Баянжаргал нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ