| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0054/Э/ |
| Дугаар | 2028/ШЦТ/54 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2028/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Н.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 1816000740042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овогт Н-ын Б.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын төвд иргэн С.Г-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Н-ийн шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...3 сарын үеэр Н бид хоёр нэг шил архи аваад Г-ийнд очиж уусан. Тэгээд Н цай ууж сууж байгаад хөөргөө ширээн дээр тавьчихаад унтаад өгөхөөр нь хөөргийг нь өөрийнхөө хөөрөгтэй солиод хөөрөгний уутандаа хийгээд хөөргийг нь орны арын ширдэг доогуур нуучихсан юм. Н босч ирээд мэдэлгүй миний хөөргийг өвөртлөөд яваад өгсөн, би мөн хөдөө явсан ... Би үнэтэй хөөрөг гэдгийг нь мэдээгүй. Сум оруулаад нэг шил архинд тавиад архи авч уух санаатай байсан... Тухайн хөөргийг хулгайлж авсан нь миний буруу би гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Н-ийн “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр айлд байж байгаад Г гэдэг айлд тэгтэл тэнд Б, Ня нар архи уугаад сууж байсан. Удалгүй Ня гараад явсан. Тэгээд би Б-тай нэг шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд өглөө сэрээд өврөө уудалтал миний хөөрөг алга болсон байсан. Харин оронд нь Б-ийн хагархай хөөргийг хийсэн байсан. Тэгээд маргааш нь би Б-д хөөргийг нь аваачиж өгөөд миний хөөрөг хаана байна гэж асуутал байхгүй байсан. Архи уугаад сууж байх хооронд алга болсон байх...” гэх мэдүүлэг /ХХ13-14/,
Гэрч Т.Ня-ийн “...Г гэдэг айлд очтол Н, Б хоёр архи уугаад байж байсан. Тэгээд би төв рүү орж олгой хаймар авч ирээд тэнд нэг шил архи ууж дуусгатал Н нэг шил архи авч ирсэн. Тэгээд би мотоциклио янзалчихаад буцаад очтол Н, Б хоёр байж байсан ... тухайн үед Н-д хөөрөг байсан. Маргааш өглөө нь очиход Н, Б хоёр хөөрөг хайгаад байсан. Манан хөөрөг байсан шиг санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /ХХ15-16/,
Гэрч С.Г-ийн “...Нид 1 халтар манан хөөрөг байдаг... гэрт хайтал байгаагүй...манай гэрт нуусныг мэдээгүй байсан. Орж ирээд авахад нь би их гайхсан...” гэх мэдүүлэг /ХХ25-26/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-7/, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ32/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн ************ сумын төвд иргэн Г-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Н-ийн шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, мөнгөн нуухтай, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Н-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овогт Н-ын Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА