Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/870

 

Г.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Г.Ариунзул,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Л.Чинбат, Б.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1077 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ариунзулын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлд үндэслэн Г.Т-д холбогдох 2305 00000 0342 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Т, 1997 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод иргэн Н.У-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хөлөөрөө хэвлийн тус газарт нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Н.У нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн, эрчимт эмчилгээний тасагт 12 хоног хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 594 дугаартай магадлалаар “...хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор зохих ёсоор хяналтаа тавьж чадаагүй...” гэсэн үндэслэлүүд зааж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх ажиллагаанууд нь гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолбол зохих байдалд хамаарах бөгөөд “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Г.Т-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач Н.У-ын хууль ёсны төлөөлөгч нараас гэмт хэрэгт оролцсон бусад хүмүүсийг эрүүгийн хэрэгт татан шалгах тухай хүсэлтийг гаргаж байсныг, талийгаач Н.У амьд байхдаа өөрийг нь хэн хэн, хэрхэн яаж зодсон талаар тодорхой мэдүүлж байсныг тус тус дурдах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явуулж, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоосноор “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. ...” гэж дүгнэж, Г.Т-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Т-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ариунзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээрх хэргийг анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэхээс өмнө хэргийн оролцогчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1669 дүгээр шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 250 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Улмаар хэргийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч урьд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байтал анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан, хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо шүүгдэгч Г.Т нь ямар сэдэлт, зорилгоор нэр бүхий хүмүүсийн эсрэг халдан довтолсон болох, ийнхүү хүч хэрэглэн халдах болсон шалтаан, нөхцөлийг бүрэн тогтоох, гэмт хэрэг үйлдэх үед ашигласан эд зүйлсийг хураан авч эд өрийн баримтаар тооцох, шүүгдэгч, нэр бүхий гэрч нарын бусдын халдашгүй байдалд хууль бусаар, хүч хэрэглэж халдсан, зүй бус авирласан, амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай зэрэг ажиллагааг хийлгүүлэх талаар тус тус дурдсан бөгөөд анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх болон магадлалд дурдсан бусад ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байтал хууль зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцаажээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1077 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч 14 сарын хугацаанд цагдан хоригдож байгаа бөгөөд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Чинбаттай санал нэг байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Чинбат, Б.Намнансүрэн нартай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/594 дүгээр магадлал хүчин төгөлдөр байна.

Тодруулбал, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нь ямар сэдэлт, зорилгоор бусад руу халдсан болох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан бусад этгээдүүд гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах, тэдгээрийн үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгөх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авах, эд мөрийн баримтаар тооцох ажиллагаа хийгдээгүй зэрэг үндэслэлүүдийг зааж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар “давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/594 дүгээр магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгүүлэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, Г.Т-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийв.

Шүүхийн хараат бус, төвийн сахисан байдал нь шүүхийн шударга ёсны үйл ажиллагааны үндсэн суурь болдог. Шударга шүүхийн тогтолцооны шаардлага нь төрийн эрх мэдлийг хуваарилсан байх, шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр байх, яллах болон цагаатгах талд адил эрх хэмжээ байхаас гадна шүүхийн хараат бус, бие даасан, төвийг сахисан байдал хангагдсан байх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж тус тус шүүхийн бие даасан, хараат бус, төвийг сахисан байдлыг баталгаажуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан нь үүний нэгэн илрэл болно.

Шүүх, шүүхийн иргэдийн төлөөлөгч нь прокуророос шүүхэд шилжүүлж ирсэн хэрэг маргааныг яллах, цагаатгах тал болон бусад хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид, зохих ёсоор шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Аль ч тогтолцоонд шүүгчийн гүйцэтгэх үүрэг нь прокурорынхоос ялгаатай. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурорын аль нэг нь нөгөөгийнхөө чиг үүргийг нөхөн гүйцэлдүүлдэг байх ёсгүй юм.

Прокурор шүүхийн өмнө хэрэгт хамаарал бүхий л үйл баримт, үүний дотор яллаж буй этгээд, хохирогчийн хэн алины эрх зүйн байдлыг зохих ёсоор харгалзан хэргийн бүхий л нотлох баримт хуулийн хэм хэмжээ, зарчимд нийцсэн арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэх, хууль зөрчиж авсан нотлох баримтыг ашиглахаас татгалзах, яллах болон цагаатгах нотлох баримт бүрэн дүүрэн цуглуулах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү үүрэгт ажилдаа хайнга хандсан, хэрэгт зохих ёсоор хяналт тавьж чадаагүй, алдаа дутагдал, зөрчил гаргасан алдааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, зөвтгөн залруулах нь шүүхийн хараат бус, төвийн сахисан байх зарчимд нийцэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасан бөгөөд магадлалд дурдсан шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээс бусад ажиллагааг шүүхийн шатанд хийж гүйцэтгэх боломжгүй байна.

Тодруулбал, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дараа аливаа этгээдийг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, эрүүгийн  хэрэг үүсгэх, яллагдагчаар татан ял сонсгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлс, зэвсэг хэрэгсэл, техник төхөөрөмж зэргийг эд мөрийн баримтаар тооцох, хураан авах зэрэг ажиллагааг шүүхийн шатанд хийх нь шүүхийн төвийг сахисан байдалд харшилна.

Иймд “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай бичсэн прокурорын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1077 дугаар захирамжийг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, ийнхүү шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1077 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ариунзулын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ