Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 614

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 349 дүгээр тогтоолтой, Д.М-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Э овогт Д.М нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 15 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж 30 хоногийн хорих ялыг 15 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 15 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Д.М- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нийт 15 жил 30 хоногийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 515 дугаартай магадлалаар, “...Д.М-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 349 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Өмгөөлөгч Б.Батбаяр нь Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж, “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан, давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлэхгүйгээр хэвээр үлдээнэ нэг бол хөнгөрүүлэх боломжтой юм. Үүний адил ялын дэглэмийг хүндрүүлэлгүйгээр хэвээр үлдээх, нэг бол хөнгөрүүлэх эрх шүүхэд байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлт бичиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэн, хуульд заасан үндэслэлийн дагуу ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх боломжийг олгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэж 1 дугаартай дүгнэлт гаргажээ.

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалтад өөрчлөлт оруулсан нь Д.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.

Иймд Д.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 515 дугаартай магадлал, хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 349 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг “хууль дээдлэх зарчим” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг.

Хэрэв шүүхийн хэрэглэсэн эсхүл хэрэглэх гэж буй хуулийн тодорхой хэм хэмжээ Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр болон үйл ажиллагаа бүхэлдээ хүчингүйд тооцогдох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн шинжтэй хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн гүн ухаан, онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг.

Тодруулбал, материаллаг болон процессийн хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлж байдаг, түүнчлэн мөн чанарын хувьд процессийн гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулиар тодорхойлж, зарим үед материаллаг хэм хэмжээг процессийн хуулиар тодорхойлж эдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх тохиолдол гардаг.

Дээр дурдсан агуулгын үүднээс авч үзвэл материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлдог бол процессийн хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгждэг тул уг процессийн хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн үр дагавар үүсгээгүй, харин эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээтэй холбогдож, эцсийн дүндээ холимог хэлбэрээр хэрэгжиж байдаг өвөрмөц онцлогтой юм.           

Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессийн хэм хэмжээ хүчингүй болсон нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг дээд шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирсан тул энэ нөхцөл байдал илрэхээс өмнө гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгох нь хүний эрхийг хангахад чиглэсэн Олон Улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хууль хэрэглэх хугацааны тухай “nullum crimen sine lege” болон хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зарчмын агуулга, үзэл санаанд нийцнэ.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн заалтуудыг хүчингүй болгосон тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд хамааруулж, ял хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэрүүдийн зохих хэсгийг хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь гэмт хэргийн нийгмийн аюул, түүний шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бол ийнхүү оногдуулсан ялыг тухайн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ямар дэглэмд эдлүүлэхийг шийдвэрлэдэг онцлогуудтай байдаг.

Өөрөөр хэлбэл хорих ялыг ямар дэглэмд эдлүүлэх тухай асуудлыг зохицуулсан хэм хэмжээ нь шүүхийн шатанд ч, ял эдлүүлж буй байгууллагын шатанд ч тухайн хүний хувийн байдал, хүмүүжил, засралаас шалтгаалан өөрчлөгдөж болдог процессийн шинжтэй зохицуулалт юм.

Түүнчлэн, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн агуулга нь дээд шатны шүүхүүд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж буй материаллаг эрх зүйн байдалтай холбогдуулан Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Иймд прокурорын бичсэн дүгнэлт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн агуулгатай нийцэхгүй тул хууль буцаан хэрэглэх зарчим, шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх үндэслэлийн аль алинд хамаарахгүй тул уг дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН