Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 865

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдпааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* нарыг оролцуулан  “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрүүдийн “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******ын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрүүдийн “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авна уу. Хэдий энэхүү татгалзал тавьж байгаа ч “Ж*******” ХХК нь өөрийн MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг хасагдсан асуудлаар дээр дурдсан 2 актыг оролцуулахгүйгээр захиргааны байгууллага, шүүхэд хандах боломж нээлттэй байхыг захирамжиндаа дурдаж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрүүдийн “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нь “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байна. 

“Ж*******” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 016/091 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг тусгайлан олгосон байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

“Ж*******” ХХК захиргааны байгууллагаас тус компанийн *******А ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх эсэх асуудлаар шинээр гарсан захиргааны актын талаар гомдол, нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрүүдийн “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. “Ж*******” ХХК захиргааны байгууллагаас тус компанийн *******А ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх эсэх асуудлаар шинээр гарсан захиргааны актын талаар гомдол, нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

 ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ