Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00676

 

2025 08 27 103/ШШ2025/00676

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгайн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.062.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой Хулан миний бие ******* 2024 оны 10 сарын 03-нд 100.000 төгрөг, 10 сарын 10-нд 150.000 төгрөг, 10 сарын 13-нд 800.000 төгрөг 10 сарын 15-нд 600.000 төгрөг тус тус 500276788 гэсэн дансанд шилжүүлсэн. Тухайн үед цалингий зээл авах гээд хэдэн жижиг зээлэээ хаах гэсэн нь энэ сардаа чиний зээлийг хаана гэсэн бодолтой зээл авч өгсөн. Бас надад томддог шинэ хослолынхоо пиджакийг 165.000 төгргөөр авсан. Тухайн үед банкнаас 13.000.000 төгрөгийн зээл гарах гээд хүлээж байна, удахгүй одоохон гэсээр 9 сар өнгөрсөн. Энэ хугацаанд надад 11 сарын 13-нд 6.500 төгрөг, 11 сарын 19-нд 200.000 төгрөг, 12 сарын 23-нд 85.000 төгрөг, 1 сарын 06-нд 250.000 төгрөг, 4 сарын 18-нд 100.000 төгрөг тус тус зээлийн апп сунгуулах гэж өгдөг байсан. Үүнээс хойш ямар ч мөнгө орж ирээгүй ба, хариу өгөхөө больсон. Иймд ******* үндсэн зээл 1.650.000 төгрөг, хүү 412.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Төгөлдөр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* Төгөлдөр нь ******* нэхэмжилсэн 2.062.500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Төгөлдөр нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.062.500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Төгөлдөрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.062.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Төгөлдөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.950 төгрөгөөс 23.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23.975 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 23.975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хуланд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО