Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/871

 

Н.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

яллагдагч Н.Х-ы өмгөөлөгч Г.Буянбадрал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1550 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхтулгын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Н.Х-д холбогдох 2109 00660 1526 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-ын Х, 1987 оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол, Улсын Дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ял, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

Н.Х- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Ц-гийн халааснаас 1.395.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ү” нэртэй үйлчилгээний газрын урд талын авто зам дээр хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 1.395.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone X max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Н.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокурор, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж зааснаар яллагдагчийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй байна. Үүнд:

2 дугаар хавтас хэргийн 80-81 дүгээр хуудсуудад хохирогч Т.Ц-, Б.Б- нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл авагджээ. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримтуудыг бэхжүүлэхдээ хууль зөрчсөн байх магадлалтай гэж маргасан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заасанчлан дээрх ажиллагааг хийхдээ дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн” гэж тайлбарлав. Гэвч хэрэгт дээрх таньж олуулах ажиллагааг хийхдээ дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн талаарх баримт нь авагдаагүй байх тул тухайн дуу-дүрсний бичлэгийг авч хэрэгт хавсаргах шаардлагатай.

Мөн дээрх таньж олуулах ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрчээр байлцуулсан гэх Г.З-гийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг Е.С-д холбогдох эрүүгийн хэргээс хуулбарлан авч хэрэгт хавсаргах, тухайн таньж олуулах ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрчээр байлцуулсан эсэх талаар Г.З-, Л.А- нараас тодруулж гэрчээр мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзлээ.

1 дүгээр хавтас хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Т-гийн мэдүүлэгт дурдсан халаасны хулгайн гэх бүртгэлийн талаар тодруулж, хэрэгт хавсаргуулах шаардлагатай.

Тодруулбал, халаасны хулгайн гэх бүртгэлд бүртгэхдээ дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан хүмүүсийн ямар мэдээллүүд бүртгэгддэг талаар тодруулах нь зүйтэй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 222 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудсуудад прокурорын зөвшөөрлүүд авагджээ. Эдгээр зөвшөөрлийн 2 дугаар хуудсууд нь хэрэгт дутуу авагдсан байна.

Мөн яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахдаа 17 хуудас нотлох баримт хавсаргаж шүүхэд өгсөн ба хэрэгт уг хүсэлт авагдсан байх боловч 17 хуудас нотлох баримт нь байхгүй байна.

Иймд хүсэлтэд хавсаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг хэрхсэн талаар тодруулах нь зүйтэй. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. …” гэж дүгнэж, яллагдагч Н.Х-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидийг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Энхтулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нараар таньж олуулах ажиллагаа явуулахдаа мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэж явц үр дүнг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн бөгөөд таньж олуулах ажиллагааны үед дуу- дүрсний бичлэг хийгдээгүй. Гэтэл шүүхээс таньж олуулах ажиллагааг хийхдээ дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн талаарх баримт нь авагдаагүй байх тул бичлэгийг авч хэрэгт хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд биелүүлэх боломжгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрч заавал оролцуулах талаар хуульчлаагүй байх тул хэрэгт таньж олуулах ажиллагааны үед хөндлөнгийн гэрчээр байлцсан эсэх талаар Г.З-, Л.А- нараас мэдүүлэг авах, Г.З-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг Е.С-д холбогдох эрүүгийн хэргээс хуулбарлан авах шаардлагагүй.

Учир нь 2109006601526 дугаартай хэрэгт мөрдөгч хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зөвхөн “О.А гар утсаа алдсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Е.С-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөгч Е.С-д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг 2109006601526 дугаартай хэрэгт хавсаргасан бөгөөд тухайн яллах дүгнэлтэд Г.З- нь “таньж олуулах ажиллагаанд оролцоогүй” талаар өгсөн мэдүүлэг тусгагдсан байгаа болно.

3. Шүүх захирамждаа 1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Т-гийн мэдүүлэгт дурдсан халаасны хулгайн гэх бүртгэлийн талаар тодруулж, хэрэгт хавсаргуулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь яллагдагч Н.Х- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах зөрчилд холбогдож шийтгэл хүлээж байсан, мөн хулгайлах гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан талаар түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа болон шийтгэх тогтоолууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул гэрч Б.Т-гийн мэдүүлэгт дурдсан халаасны хулгайн гэх бүртгэлийн талаар тодруулж, хэрэгт хавсаргах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

4. Н.Х-д холбогдох эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 222, 2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудаснуудад авагдсан прокурорын зөвшөөрлийн 2 дугаар хуудас дутуу авагдсан зөрчил нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна. Тухайн зөвшөөрлийн прокурорын байгууллагын нэгдсэн тоо бүртгэлд авагдсан хувийг нотлох баримтын шаардлага хангуулан авч шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой.

5. Өмгөөлөгчөөс яллагдагч Н.Х-ы таслан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн шүүх хуралдааны үед шүүхэд хандаж хүсэлт гаргахдаа хавсаргаж өгсөн гэх 17 хуудас баримт нь прокурорт ирүүлэхдээ хэрэгт хавсаргаж ирүүлээгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд хэрэгт хавсаргуулахаар баримт ирүүлээгүй болно. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх бөгөөд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагааг дахин хийж гүйцэтгэх боломжгүй буюу хохирогч нэгэнт таньж олуулсан хүнийг дахин таних ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй тул хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой.

...Шүүх хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Ц-, Б.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Т-гийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтойгоос гадна яллагдагч Н.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийх боломжтой байна.

Иймд захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.1 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Таньж олуулах ажиллагааг 2021 онд хийсэн. ...Авлигатай тэмцэх газраас гарын үсгийн шинжилгээ хийсэн. ...Энэ хэрэгт биш, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Е.С-д холбогдох хэрэгт гарын үсгийн шинжилгээ хийсэн. Эх хувиар нь шинжилгээнд хүргүүлэх шаардлагатай гээд авсан. ...Авлигатай тэмцэх газраас гарын үсгийн шинжилгээг хохирогч, Г.З- нарын гарын үсэг мөн эсэх дээр хийсэн. ...Энэ 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, А гар утсаа алдсан гэх хэрэгт мөрдөгч Е.С- хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Нөгөө 2 хэрэгт хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдсан тул дахиж ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. ...Өмнө нь хараад таньсан тул дахиж таньж олуулах ажиллагаа хийх боломжгүй

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Яллагдагч Н.Х-ы өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Хавтаст хэрэгт дуу-дүрсний бичлэг авагдаагүй тул хөндлөнгийн гэрч байлцуулж бэхжүүлсэн бөгөөд гурван таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хувийн мэдээлэл нь адилхан, зарим гарын үсэг нь өөр Г.З-, Л.А- гэх 2 хөндлөнгийн гэрч гарын үсэг зурсан. Дуу-дүрсний бичлэг хийгдээгүй, хөндлөнгийн гэрч оролцуулсан тул хөндлөнгийн гэрч нараас мэдүүлэг, тайлбар авах шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргасан. Хөндлөнгийн гэрч Г.З- нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлтэй холбоотойгоор “таньж олуулах ажиллагаанд хөдлөнгийн гэрчээр оролцсон гэх цаг хугацаанд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дадлага хийхээ больсон байсан, 40 гаруй хоногийн хугацаанд дадлага хийсэн бөгөөд миний дадлагын хугацаа дууссаны дараа уг тэмдэглэл үйлдэгдсэн байна, би гарын үсэг зураагүй” гэсэн мэдүүлэг өгсөн. 3 таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг авч шалгасан. Яллах дүгнэлтэд мэдүүлгийн яллаж буй тодорхой үйл баримтыг дурдсан хэсэг нь авагдсан болохоос Г.З-, Л.А- нарын мэдүүлэг бүхэлдээ тусгагдаагүй. Мэдүүлэгт тусгагдаагүй хоёр таньж олуулах ажиллагааны тэмдэглэл нь Г.З-гийн “гарын үсэг зураагүй” гэх тэмдэглэлээс 20 хоногийн дараа үйлдэгдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дадлага хийж байсан оюутан Г.З- 20 хоногийн дараа дахин таньж олуулах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцож, гарын үсэг зурсан үйл баримт байсан тул хөндлөнгийн гэрчийг өөрийнх нь оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар гэрчээр асууж болох хуулийн зохицуулалтын дагуу түүнээс мэдүүлэг авах, Е.С-д холбогдох хэргээс энэ материалыг нотлох баримтаар гаргуулах шаардлагатай гэж үзэж, хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж заасан бөгөөд гэрэл зураг нь бэхжүүлж байгаа хэрэгсэл биш, харин тухайн тэмдэглэлийн хавсралт юм. Анхан шатны шүүх хуралдаанд дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн гэж тайлбарласан тул шүүхээс бэхжүүлсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй, хэрэв бэхжүүлээгүй бол бэхжүүлээгүй талаар тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан эрх бүхий этгээдээс тэмдэглэл, тодорхойлолтыг авч хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх Г.З-, Л.А- нар нь таньж олуулах ажиллагаанд оролцоогүй байх үндэслэл бүхnй эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул үүнийг нотлох баримтаар гаргах, хөндлөнгийн гэрчүүдийг оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай нь холбоотой асуудлаар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Таньж олуулах ажиллагаанаас гадна үлдэж байгаа яллах талын гол нотлох баримт болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт ажилладаг цагдаа Б.Т-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгуулах хүсэлт гаргасан. Мэдүүлэг өгсөн этгээд цагдаа байсан ч эх сурвалжийг шалгах ёстой. Хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй холбоотойгоор “халаасны хулгайн бүртгэл” гэдэг нэршлээр 2-3 удаа мэдүүлэгт давтагдсан.

Гэрч мэдүүлэгтээ “Халаасны хулгайн бүртгэлээс би хараад таньдаг, энэ бүртгэлд тухайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн зураг, үйл хөдлөлийг харуулсан дүрс бичлэг байдаг, халаасны хулгайн бүртгэлд байдаг Н.Х-ыг бичлэгээс хараад царайны ерөнхий төрх, биеийн хэлэмж, алхаж гишгэж байгаа байдлаар нь таньж байна” гэж мэдүүлсэн.

“Халаасны хулгайн бүртгэл” гэж байдаг эсэхийг Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс, эсвэл гэрч этгээдээс эх сурвалжийг нь зааж нэрлүүлэх байдлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж тодруулах шаардлагатай гэж үзэж, хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Гэтэл прокурор АСАП сангийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх бүртгэлийг дурдаж ярьдаг. Гэрч АСАП сангийн бүртгэлийг хараад хүний царай, үйл хөдлөл, алхаж гишгэж байгаа байдлыг мэдэх боломжгүй. Прокурор гэрчийн мэдүүлгийг субъектив байдлаар тааж дүгнэн, өөр баримт гаргаж өгсөн бөгөөд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул анхан шатны шүүх хүлээж аваагүй. Иймд халаасны хулгайн бүртгэл байдаг эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан хоёр прокурорын мэдэгдлийн 2 дугаар хуудаснууд нь байхгүй талаар хавтаст хэргийн дугаартай нь зааж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үү, эсвэл мөрдөгч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дутагдал гэж үзэх үү. Энэ хэрэгт өөр хүний цагдан хорих шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж зэрэг өөр хэргийн материалууд хавсаргагдсан байдаг. Тухайлбал, 2 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь талд Очгэрэл гэх хүнтэй холбоотой хэргийн материал, 2 дугаар хавтаст хэргийн 46 дахь талд Хишигбадрах гэх хүний цагдан хорих захирамжийн нэг хуудас зэрэг өөр хэргийн материалууд байгаа талаар хэлэхэд “тухайн баримтуудаар Н.Х-ыг яллаагүй” гэж тайлбарладаг. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан гомдол гаргасан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 17 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг хүлээн авч ерөнхий шүүгчийн захирамжид тусгасан нь хавтаст хэрэгт авагдсан.  Ерөнхий шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэг явуулсан шийдвэртээ шүүх хуралдааны тэмдэглэл, тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргахыг прокурорт даалгаж шийдвэрлэдэг. Хавсралт 17 хуудас баримтууд нь дараагийн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой үйл баримтыг болон хэргийн үйл баримтыг нотлохтой холбоотой асуудалд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдах ёстой. Гэтэл энэ баримтууд хаана байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Н.Х-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчээр байлцуулсан гэх Г.З-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргалгүйгээр түүний мэдүүлгийг түүвэрлэн бичсэн энэ хэргийн бус, Е.С- гэгчид холбогдох эрүүгийн хэрэгт үйлдсэн прокурорын яллах дүгнэлт /2хх 113-116/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлгийн нотлох баримтад тооцогдохгүй тул Г.З-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг тусгасан хэсгийг энэ хэргийн нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
  2. Хэргийн 1 дүгээр хавтас 222, 2 дугаар хавтасны 56 дугаар талуудад авагдсан прокурорын зөвшөөрлийн хуудас дутуу баримтууд нь бичиг хэргийн шаардлага хангахгүй байна.

Мөн хэргийн 2 дугаар хавтасны 56 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр зөвшөөрөлд “Хэрэг бүртгэлийн 2311 01177 дугаартай хэргээс Т.Ц-, Б.Б- нарын мэдүүлгүүдийг хуулбарлан авах” талаар тусгагдсан бөгөөд прокурорын зөвшөөрөл ийнхүү бүрэн бус хэлбэрээр хавсаргагдсан тул прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн ажиллагааны үр дүнд авагдсан гэж үзэхгүй, хуулбарласан мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзнэ.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Т- “...Уг бичлэг дээрх ногоон өнгийн футболктой залуу халаасны хулгайн бүртгэлд байдаг Н.Х- гэдэг хүн байна. ...” /1хх 85/ гэж мэдүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх халаасны хулгайн бүртгэлийн талаар тодруулж, хэрэгт хавсаргуулах, тус бүртгэлд бүртгэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан хүмүүсийн ямар мэдээлэл бүртгэгддэг талаар тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд, прокурор Н.Энхтулгын “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх”-ээр бичсэн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1550 дугаар захирамжийг хэвээр үлдээв.

Хэргийг ийнхүү прокурорт буцааж шийдвэрлэсэн тул яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтэд хавсаргасан гэх 17 хуудас нотлох баримтыг хэрхсэн талаар тодруулж, хэрэгт хавсаргах нь зүйтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1550 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтулгын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ