Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00681

 

2025 08 28 103/ШШ2025/00681

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа******* ******* холбогдох,

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 97.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцог шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2025 оны 02 сарын 05-ны өдөр 30 жил хамт амьдарсан эхнэр болох ******* үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгий аргаар зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэн санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн №2025/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 10.1-2.1, 10.1-2.8 дахь зүйлүүдэд зааснаар 18 жилийн хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. Миний бие амь хохирогчийн төрсөн эх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцож байсан. Тухайн үед миний бие гомдол саналгүй гэсэн боловч хэрэг явдал өнгөрснөөс хойш ******* нь хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл огт байхгүй түүний хамаарал бүхий хүмүүс амь хохирогчийн буруутай үйлдлээс болсон мэтээр ярьж, хандаж байгаад маш ихээр гомдож байна. Миний бие залуу сайхан охиноо алдсанаас хойш нэг ч өдөр тайван байж чадахгүй, сэтгэл санаагаар унаж, байнгын харамсал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасанчлан тухайн үеийн буюу 2025 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаарх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 650.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 97.500.000 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжилж байх тул уг мөнгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хоригдогч ******* би иргэн П.******* гаргасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч эрх, үүрэгтэй танилцав. Хариу тайлбарыг өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргах хүсэлтэй байна. Миний бие гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 97.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Алтанцог гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 97.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.******* холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 97.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. П.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* холбогдох гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 97.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******гээс 322.725 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО