| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00772/И |
| Дугаар | 103/ШШ2025/00683 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00683
2025 08 28 103/ШШ2025/00683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Мөнгөморьт сум, 0 дугаар баг, Булаг Жаргалантын 0 тоотод оршин суух *********************//-ийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баянцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Баянцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монгол барилгын нэгдлийн Зөвлөлтийн барилгын Монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарын УМ хэсэгт сантехникийн слесарь ажилд орж 1991 онд дээрх байгууллага нь татан буугдах хүртэл ажилласан. Миний ажилласан 1987 оны 09 сараас 1989 оныг дуусталх бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр нь тухайн үеийн хөдөлмөрийн хэлтэст хураагдаж буцаан олгогдоогүй. Шүүлгэсэн боловч гарч ирээгүй болно. Мөн улсын болон Багануур дүүргийн архивт дээрх баримтууд хадгалагдаж үлдээгүй байна. Иймд миний дээрх байгууллагад 1987 оны 09 дүгээр сарын 10-аас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05/86 дугаар албан тоот, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10/813 дугаар албан тоот, Архивын газрын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаар албан тоот, Үндэсний төв архивын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 743 дугаар албан тоот, Монгол барилга нэгдэл зөвлөлтийн барилгын удирдах газрын монгол ажилчдын захиргааны харъяа Багануур дахь салбарын даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаар удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс нэхэмжлэгчийн ХААТР-1, ХААТР-21 маягтыг гаргуулсан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Баянцэнгэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний ажилласан 1987 оны 09 сараас 1989 оныг дуусталх бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр нь тухайн үеийн хөдөлмөрийн хэлтэст хураагдаж буцаан олгогдоогүй. Шүүлгэсэн боловч гарч ирээгүй болно. Мөн улсын болон Багануур дүүргийн архивт дээрх баримтууд хадгалагдаж үлдээгүй байна. Иймд миний дээрх байгууллагад 1987 оны 09 дүгээр сарын 10-аас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сантехникийн слесариар ажиллаж байснаа тогтоолгох тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Ц.Баянцэнгэл Багануур Монгол барилгын нэгдлийн Зөвлөлтийн барилгын Монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарт 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан болох нь Монгол барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарын даргын 1989 оны 2 сарын 16-ны өдрийн 39 дүгээр тушаал, түүний хавсралт, гэрч *******ын: ...Ц.Баянцэнгэл 1987-1988 оны хооронд манай байгууллагад сантехникчээр ажилд орж байсан. Манай байгууллага татан буугдах хүртэл буюу 1990 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч *******ын ....Ц.Баянцэнгэл нь Багануур дүргийн Монгол ажилчдын захиргаанд сантехникчээр 1986-1987 онд ажилд орж байсан. Тус байгууллага 1990-1991 оны хооронд татан буугдах хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.Баянцэнгэлийг Монгол барилгын нэгдлийн Зөвлөлтийн барилгын Монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарт 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********************/РД:0000/-ийг Монгол барилгын нэгдлийн Зөвлөлтийн барилгын Монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарт 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.Баянцэнгэлээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО