Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00684

 

2025 08 28 103/ШШ2025/00684

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багт оршин суух ******* овогт ******* ******* /РД:000/-ийн

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорожав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* нь 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн хүнсний үйлдвэр /талхан цех/-т пийшинчинээр /талх баригч/ ажилд орсон. Орсноос хойш тасралтгүй ажиллаж байгаад Багануур дүүргийн хүнсний үйлдвэр нь татан буугдхаар болж 1998 оны 4 дүгээр сарын 10-нд ажилгүй болж ажлаасаа гарсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. 2023 онд гэрт гал гарсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон бусад бичиг бүх зүйл минь шатаж үгүй болсон. Надад өгөх өөр баримт бичиг байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд холбогдох баримт бичиг олдохгүй байна. Иймд намайг 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Багануур дүүргийн хүнсний үйлдвэрт пийшинчинээр /талх баригч/ ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн засаг даргын тамгын газрын 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 04/890 дугаартай албан тоот, Архивын газрын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 366 дугаар албан тоот зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс нэхэмжлэгчийн ХААТР-1, ХААТР-21 маягтыг гаргуулсан, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын төлөлтийн талаар лавлагаа гаргуулсан болно.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 онд гэрт гал гарсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон бусад бичиг бүх зүйл минь шатаж үгүй болсон. Надад өгөх өөр баримт бичиг байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд холбогдох баримт олдохгүй байгаа. Иймд намайг 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Багануур дүүргийн хүнсний үйлдвэрт пийшинчинээр /талх баригч/ ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.

 

Хүсэлт гаргагч Т.******* нь Багануур дүүргийн хүнсний үйлдвэрт пийшинчинээр /талх баригч/ ажилд ажиллаж байсан нь Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 04/890 дугаартай албан тоот, Архивын газрын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 366 дугаар албан тоот, гэрч *******гийн ..1990 он хавьцаа манай Багануурын хүсний үйлдвэрт пийшинчээр ажилд орж байсан. 1994-1995 оны хооронд ажлаасаа гарсан санагдаж байна... гэх мэдүүлэг, гэрч *******ийн ..1990 он гаргаад Т.******* манайд пийшин дээр ажилд орж байсан. 1994 онд манай байгууллага татан буугдсан.Тэр үед олон хүн ажилгүй болсон учир тэр үед ажлаасаа гарсан байх... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын тухай хууль /1994.05.31/ нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс иргэний ажилласан жилийг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцдог болсон тул Т.*******ийн 1995.01.01-1998.04.10-ны өдрийг хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иймд Т.*******ийг 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн хүнсний үйлдвэрийн талхны цехэд пийшинчинээр /талх баригч/ ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оны 01 сарын 01-нээс 1998 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:000/-ийг 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн хүсний үйлдвэрийн талхны цехэд пийшинчинээр /талх баригч/ ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилласан жил тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО