Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/872

 

О.О, О.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Номин-Эрдэнэ,

иргэний хариуцагч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Д.Нямдорж,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр эсэргүүцэлд үндэслэн О.О-, О.Э- нарт холбогдох 2102 00459 0084 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. О, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засаг, удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Э, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “У” ХХК-ийн салбар хариуцсан менежер ажилтай, ам бүл ... , ...-ийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  1. О.О- нь:

- Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үйлчилгээ буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд О.Э-д түүний төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий О.Э-гийн зурагтай Е0000000 дугаартай үндэсний гадаад паспортыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж өгсний хариуд түүнээс 500.000 төгрөгийн хахууль авсан,

- Т.О-т түүний төрсөн ах Т.Иийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай Е1111111 дугаартай үндэсний гадаад паспортыг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан,

- Т.О-т 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин төрсөн ах Т.Иийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай Е2222222 дугаартай үндэсний гадаад паспортыг гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 500.000 төгрөгийн хахууль авсан,

- Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль, журмаар олгогдсон эрх, үүргээ урвуулан ашиглаж, албан тушаалын тодорхойлолтын “дүүргийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хүлээнэ”, зорилт “хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу эрхлэх”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “улсын бүртгэлийн зарчим”-ийн 4.1 дэх хэсэг “улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”-ийн 4.1.5 дахь заалт “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйл “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”-ийн 19.4 дэх хэсэг “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”- ийн 19.4.3 дахь заалт “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчиж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” тохиолдолд зүйл мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үүргийг”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1 дэх заалт “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”-ийг хавсаргаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх үүргийг”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.6 дахь хэсэг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 10.6.1-д заасны дагуу дараах баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана”, 5.6.2 дахь заалт “хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”-ийг хавсаргах үүргийг тус тус хэрэгжүүлэлгүй хөрөнгө оруулагч Ё-н ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр “А” ХХК-с гаргасан мэдүүлэг, хавсралт баримтуудыг үндэслэж:

- Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... байрны ... тоотод байрлах 44,91 м.кв талбай бүхий орон сууцыг “А” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, 0000000000 дугаартай,

- Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... байрны ... тоотод байрлах 68,8 м.кв талбай бүхий орон сууцыг “А” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, 0000000000 дугаартай,

- Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... байрны ... тоотод байрлах 44,91 м.кв талбай бүхий орон сууцыг “А” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, 0000000000 дугаартай,

- Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... байрны ... тоотод байрлах 244,5 м.кв талбай бүхий орон сууцыг “А” ХХК-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, 0000000000 дугаартай гэрчилгээг тус тус олгосны улмаас “А” ХХК нь “Х” банкнаас 500 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулахдаа дээрх 1, 5, 6 тоот орон сууцуудыг 341 сая 40 мянган төгрөгийн үнэлгээгээр барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж, “А” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч Ё-д их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

2. О.Э- нь:

- Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий өөрийн зурагтай хуурамч гадаад паспорт гаргуулан авч, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.О-ийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө, гадаад паспорт гаргаж өгсний төлөө 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Мөн Т.О-т давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай Е1111111 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай Е2222222 дугаартай энгийн гадаад паспорт гаргаж өгсний хариуд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.О-ийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө буюу гадаад паспорт гаргаж өгсний хариуд 2 удаагийн үйлдлээр тус бүр 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгөхөд хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокуророос В овогт О-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

В овогт О-ын О-ийг "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэгт гэм буруутайд, Б овогт О-ийн Э-г өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу мөнгө өгч "Хахууль өгөх" гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В овогт О-ын О-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дуг.аар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгайн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О-ийн Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.500.000 төгрөгийг О.О-ээс гаргуулж, улсын орлогод оруулах хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.О- нь 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг, О.Э- нь 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, О.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е-0000000, Е-1111111, Е-2222222, Е-3333333 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нийт 4 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүргүүлж, энэ хэрэгт О.О-, О.Э- нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.О-, О.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокуророос шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаа хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.О- нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хууль журмаар олгогдсон эрх үүргээ урвуулан ашиглаж, албан тушаалын тодорхойлолт болон хуульд заасан хэм хэмжээг тус тус зөрчиж Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... байрны ... тоот дахь 44.91 м.кв талбай бүхий, мөн тус байрны ... тоот дахь 68,8 талбай бүхий, ... тоот дахь 44,91 м.кв талбай бүхий, ... тоотод байрлах 244,5 м.кв талбай бүхий орон сууцуудыг “А” ХХК-ийн өмчлөх эрхэд эрхийн бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000, Ү-0000000000, Ү-0000000000 дугаарт тус тус бүртгэж, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн 0000000000, 0000000000, 0000000000, 0000000000дугаартай гэрчилгээг тус тус олгосны улмаас “А” ХХК нь Х банкнаас 500.0 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулахдаа дээрх 1, 5, 6 тоот орон сууцуудыг 341 сая 40 мянган төгрөгийн үнэлгээгээр барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж, “А” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч Ё-д их хэмжээний хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас бий болсон давуу байдал ирээдүйд арилсан эсэх, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн эсэх нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. Шүүгдэгч О.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хангалттай хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0382 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2022/0618 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 471 дугаартай тогтоол баримтууд хуулийн хүчин төгөлдөр байна гэж дурджээ.

Захиргааны хэргийн шүүхээс О.О-ийг Ё-ийн өмчлөлийн орон сууцаас 1, 5, 6, 51 тоот хаягт байрлах орон сууцуудыг “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана гэж хуульчилсан бөгөөд маргаан бүхий 1, 5, 6, 51 тоот хаягт байрлах орон сууцуудыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхдээ өмчлөгч Ё-оос дээрх орон сууцуудыг шилжүүлж буй талаар тодруулах шаардлагатай байсан буюу гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй гэж үзсэн.

Гэтэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дурдаж хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр “А” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч Ёд их хэмжээний хохирол учруулсан санаа зорилго хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн. Маргаан бүхий бүртгэлтэй холбоотой хохирогчоор тогтоогдсон Ё итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гаргасан гомдол, нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. 295 дугаар шийтгэх тогтоол нь 36 хуудастай бөгөөд үндэслэл, нотлох баримт, яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримт, буруутгаж байгаа зүйл анги нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэх, хангаагүй бол ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар тодорхой, үндэслэл бүхий заасан. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон зүйл байхгүй. Гэмт хэргийн субъектив талын шинж үгүйсгэгдэж байна. Бүртгэлийн асуудал захиргааны хэргийн шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Ингэхдээ тухайн улсын бүртгэгч “А” ХХК-ийн зүгээс гаргасан м.кв-ын зөрүүтэй байгаа мэт ойлголт төрүүлсэн, төөрөгдөлд оруулсан баримтуудад буруу дүгнэлт хийж, төөрөгдөлд орж, уг бүртгэлийг хийсэн болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон бусад баримтуудаар давхар нотлогдсон. Ч гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “улсын хяналтын байцаагч О.О-ийн бүртгэлд хяналт тавьж, алдаатай, толгой эргэм, гэрээ нь ойлгомжгүй гэж үзэж, хүчингүй болгосон, О.О- алдаа гаргасан байсан” гэж мэдүүлсэн. Захиргааны хэргийн шүүх субъектив талын асуудлыг хөндөхөөс гадна уг 4 тоот орон сууцны өмчлөлийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэдийгээр бүртгэлийг хүчингүй болгосон ч уг асуудлыг шийдвэрлэсний дараа эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд захиргааны журмаар улсын бүртгэлийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. 1, 5, 6, 51 тоотын өмчлөлийн асуудлыг эрүүгийн болон захиргааны журмаар биш, талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг харгалзан хэрхэн тохиролцсоныг иргэний журмаар шийдвэрлэсний дараа шийдвэрлэх ёстой гэсэн захиргааны шийдвэр гарсан. ...Тухайн үед алдаатай бүртгэснээ ойлгож байгаа. Санаа сэдлийн хувьд тийм зүйл байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “Уранцэцэг гэх улсын бүртгэгч 1, 5, 6, 51 тоотод бүртгэл хийх боломжтой гэсэн зөвлөгөө өгч, бид холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн” гэж мэдүүлсэн. ...У гэх улсын бүртгэгч “А” ХХК-ийн материалыг судалж үзээд “..., “..., “..., “... тоотыг “А” ХХК-д өгөх боломжтой” гэсэн зөвлөгөө өгсний дагуу хүсэлтээ өгөхөд О.О- тухайн хороог бүртгэж байсан. Иймд тухайн бүртгэлийн асуудал нь О.О-ээс өмнө эхэлсэн байсан. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасны дагуу шүүх хуулийн хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж тус тус заасан. Шүүх бүрэлдэхүүний асуусан асуултад прокурор хариулт өгч чадсангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг тодорхойлох ёстой байсан бөгөөд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан. Прокурорын зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь захиргааны болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны гажуудлыг бий болгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” гэж заасан. Шүүх нотлох ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэхэд захиргааны хэрэг шүүх рүү авна. Үүнд эрүүгийн хэргийн болон санаа, сэдлийн асуудлыг дүгнэх эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны шийдвэрт шүүмжлэлтэй хандах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн үнэлэлт, дүгнэлтийг үгүйсгэдэг тогтолцоо байхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн 9.3 дахь заалтад “дээрх үзвэл, хариуцагч нь “А” ХХК-аас талбайн хэмжээ нэмэгдсэн мэтээр “Б” ХХК-аар хэмжилт хийлгэж өгсөн зураг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, “А” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинээр гаргуулах тухай хүсэлт зэрэгт үндэслэн барилгын нийт талбайн талбайн хэмжээг нэмэгдсэн мэтээр төөрөгдөж, маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэх талаарх өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргахаар заасан тухайн бүртгэлд үл хамаарах зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болжээ” гэж шүүх сэдэл, санааг дүгнэсэн. Нэгэнт шүүхээр дүгнэгдэж, тогтоогдсон үйл баримтыг прокурор албан тушаалын гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Прокурорын эсэргүүцэл Монгол Улсын нэгдэн орсон конвенц буюу Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн 28 дугаар зүйлд “Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно.” гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх нотлох баримт цуглуулах байдлаар нөхцөл байдлыг дүгнэж, тогтоосон бөгөөд О.О-ийг албан тушаалын гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байгаагүй, тухайн баримтуудаар төөрөгдсөн үйл баримт байна гэж дүгнэсэн. Иймд албан тушаалын гэмт хэрэг гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Шүүх бүрэлдэхүүн цаг хугацааны хувьд анхаарч үзнэ үү. Шүүхэд шилжүүлэхээс өмнө захиргааны хэргийн 3 шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасны дараа гажуудал бий болгох зорилгоор прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэснээр Ё-ийн бүртгэл хүчингүй болж, шүүхийн шийдвэр биелэгдсэн. Хохирогч “гомдол, санал байхгүй” гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. О.О- нь авлигатай холбоотой асуудалд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Шүүгдэгч О.О- тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Иргэний хариуцагч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-гийн өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан нөхцөл байдалд авагдаагүй. “А” ХХК-ийн зүгээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй байна. “А” ХХК нь 2017 оны 3 дугаар сард “Алтаргана” хотхоныг барьж, ашиглалтад оруулахдаа  Ё гэх хүнтэй хамтарч ажилласан. Үүнтэй холбоотойгоор захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Манай компани хэдэн м.кв, хэдэн орон сууц авах нь захиргааны болон эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал биш бөгөөд хэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах асуудал юм. Үүнтэй холбоотой үйлдэлд “А” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь учир дутагдалтай байна. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараа маргаан бүхий үйл баримтыг үнэлэх нь зүйтэй. Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эдийн засгийн баталгааг төр хангахтай холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй. “А” ХХК 5.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тухайн барилгын хэдэн м.кв-ыг өмчлөх, Ё хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хэдэн м.кв-ыг өмчлөх талаарх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад албан үүргээ биелүүлж, хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэл хийсний төлөө яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эргэлзээ бүхий үндэслэл гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. “А” ХХК, Ё нар хэдэн м.кв орон сууц эзэмшихээ шийдээгүй байхад бүртгэл хийсэн асуудал байгаа. Үүнийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн. Үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үү. Ийм жишиг тогтож болохгүй. Иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд Хятад улсын иргэн Ё Монгол Улсад ирэхгүй байгаа тул шийдвэрлэгдэхгүй байгаа. Иймд шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал нь иргэд хоорондын маргаан бөгөөд захиргааны хэргийн шүүхээс ч мөн ингэж дүгнэсэн. “А” ХХК нь ..., ..., ... байруудыг өөрийн эзэмшлийн газар дээр 2013 онд барьж эхлүүлж, 2017 онд комисст хүлээлгэж өгсөн. Тухайн барилга нь 18х24 хэмжээтэй нийт 5.676 м.кв 3 ижил барилгатай. Үүнээс Ё-ийн оруулсан хөрөнгө оруулалт болох 4.373.000.000 төгрөгт нь тааруулж ... байрнаас 4.373 м.кв-ыг өгсөн байтал 5.616 м.кв буюу нэг бүтэн барилгын 54 гэрчилгээ гаргасан байгаа. О.О- нь “А” ХХК-д 4 байрны гэрчилгээг бүртгэл хийсэн нь захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болж, нийт 58 байр болох 5.616 м.кв-ыг эзэмшиж байгаа буюу манай компани 1.243 м.кв-ыг авч чадаагүй. Ё 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан анхны хүсэлтдээ бидэнтэй ярилцаж, тохиролцсоноор “4-13 давхар хүртэл өөрийн нэр дээр гаргуулъя” гэсэн. Манай компанид 3 давхрын 5 айл, 14, 15 давхрын 3 айл нийт 8 байрыг үлдээж гаргасан. Гэтэл Ё-ийн өмнөөс М, Т гэх ах, дүү хоёр нь 2.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 22 байрыг авах ёстой гэж байгаа боловч Ё 2018 оны сүүлээс Монгол Улсад ирээгүй байдаг. Ё Монгол Улсад ирсэн тохиолдолд гэрээгээ дүгнэж, байрнуудыг авах боломжтой. Манай компанийн зүгээс ... байрны гэрчилгээг тухайн зээлийг авах зорилгоор гаргуулаагүй. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст очиж ... байрны бичиг баримтыг үзүүлэхэд тухайн үед Уранцэцэг гэх улсын бүртгэгч тойргоор хүлээн авч уулзаад “Ё-ийн анхны гаргасан хүсэлтийг харахад ийм байна, одоо гэрчилгээгүй ... , ..., ..., ... тоотууд байна” гэж хэлсэн. Тухайн үед би бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхөд О.О- гэх улсын бүртгэгчид цохогдсон бөгөөд над руу холбогдож “дутуу бичиг баримтаа яаралтай бүрдүүлж өгөөрэй” гэж хэлсэн. ..., ... байрнуудын зургийг зурсан “Б” ХХК-аас талбайн м.кв-ын хэмжилтүүдийн зургийг гаргуулж авч, улсын бүртгэлийн хэлтэст өгч, гэрчилгээжүүлж авсан. Энэ нь алсдаа шийдэгдэх асуудал бөгөөд өмчлөх эрх хэнийх гэдгийг тогтоогоогүй байхад дахин гэрчилгээжүүлж өгсөн улсын бүртгэгчид мөн ийм хэрэг үүссэн байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын бүртгэгч У боломжтой гэж харж байсан, мөн О.О- ч бичиг баримтыг нь харахад боломжтой харагдаж байсан тул гэрчилгээжүүлж өгсөн гэж бодож байна. Тухайн барилга 21.000.000.000 төгрөгийн өртөгтэй буюу нэг барилга 7.000.000.000 төгрөгийн өртөгтэй байсан. Ё-оос 4.373.000.000 төгрөгийн санхүүжилт авсан тул 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Улсын бүртгэгч манай компанид давуу байдал олгож, зээл авах зорилготой байсан зүйл байхгүй. “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь хувьцаа эзэмшигч Ц юм. “А” хотхоны ... байрны тавин хэдэн байр, үйлчилгээний заал 8.000 м.кв “А” ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд компанийн нэр дээр нийт 80-90 үл хөдлөх хөрөнгө байдаг. Тухайн үед манай компаниас 50 ширхэг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалж зээл авч байсан. Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэж, Х банк гуравдагч этгээдээр татагдахад манай компаниас хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөө сольж, өөр эд хөрөнгө барьцаанд тавьсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...Улсын комисст орсноор 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ шууд 100 хувь болох ёстой. 100 хувь болж м.кв-ыг өгөхөд манай компаниас бүх тодорхойлолт, процессыг хийх ёстой. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр комисст орсон. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ё хүсэлт гаргаж, 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг хурааж авсан. 1, 2, 3 гэх мэтчилэн 50 хүртэл бүгд гэрчилгээжсэн тул анхны гэрчилгээ хүчингүй болсон гэж ойлгож байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Прокуророос О.О-ийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үйлчилгээ буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд О.Э-д түүний төрсөн дүү О.Э-ын овог, нэр, регистрийн дугаар бүхий О.Э-гийн зурагтай Е0000000 дугаартай үндэсний гадаад паспортыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж өгсний хариуд түүнээс 500.000 төгрөгийн хахууль авсан, Т.О-т түүний төрсөн ах Т.И-ийн овог, нэр, регистрийн дугаар бүхий Т.О-ын зурагтай үндэсний гадаад паспортуудыг гаргаж өгөхийн тулд О.Э-гоор дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль, журмаар олгогдсон эрх, үүргээ урвуулан ашиглаж, албан тушаалын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үүрэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан үүргийг тус тус хэрэгжүүлэлгүй хөрөнгө оруулагч Ё-ийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр “А” ХХК-с гаргасан мэдүүлэг, хавсралт баримтуудыг үндэслэж Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... хотхоны ... байрны ..., ..., ..., ... тоотуудад байрлах нийт 4 орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус бүртгэж, гэрчилгээ олгосны улмаас “А” ХХК нь Х банкнаас 500 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэх, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулахдаа дээрх 1, 5, 6 тоот орон сууцуудыг 341 сая 40 мянган төгрөгийн үнэлгээгээр барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж, “А” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон эд хөрөнгө өмчлөгч Ё-д их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.Э-г өөртөө болон Т.О-т давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан О.О-ийн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө, хууль бусаар гадаад паспорт гаргаж өгсний төлөө нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  1. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 2024/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр хэргийн үйл баримтын талаар хэт товч, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

            Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ё-ийн өмчлөл дэх Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, “...” хотхоны ... байрны ..., ..., ..., ... тоот орон сууцуудыг “А” ХХК-ийн нэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000, Ү-0000000000, Ү-0000000000 дугаарт хууль бусаар бүртгэж, “А” ХХК-д давуу байдал бий болгосон буюу тус орон сууцуудыг барьцаалж, зээл авах боломж бүрдүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Д.Т-ын мэдүүлэг /1хх 38-39/, гэрч Ч.М-ын мэдүүлэг /1хх 44-45/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 74-75/, иргэний хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх 186-188/, гэрч Э.Х-ийн мэдүүлэг /4хх 201/, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... байрны ..., ..., ..., ... тоот үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /2хх 95, 3хх 13/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх тухай” 5456 дугаар дүгнэлт /1хх 233-235/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0382 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2022/0618 дугаар магадлалаар шүүгдэгч О.О-ийг бүртгэлийг хийхдээ хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, маргаанд хамаарахгүй заалтыг хэрэглэж, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйг тогтоож, ийнхүү бүртгэсэн бүртгэлүүд, “А” ХХК болон “Х Банк” ХХК хооронд байгуулсан барьцаат зээлийг гэрээний барьцаанд бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 471 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч гаргасан “А” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан буюу дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч О.О-д холбогдох Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж, хууль, журам, албан тушаалын  тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэлгүй хөрөнгө оруулагч Ёийн зөвшөөрөлгүйгээр “А” ХХК-аас гаргасан баримтуудад үндэслэн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... байрны ..., ..., ..., ... тоот орон сууцуудыг “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосны улмаас “А” ХХК-нь “Х банк” ХХК-аас дээрх орон сууцуудыг барьцаалан 500 сая төгрөгийн зээл авах боломж бүрдүүлж, “А” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон, өмчлөгч Ё-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг “...тухайн барилгын буюу ... хотхоны ... байрны талбайн хэмжээ нэмэгдсэн мэтээр төөрөгдөж...” гэсэн хэт явцуу дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.4 дэх хэсэг “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ...нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэсэн үндэслэлүүдэд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч О.О-ийн гар утаснаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хийгдсэн тэмдэглэл /1хх 130-191/-д шүүгдэгч О.О- болон иргэний хариуцагч иргэний хариуцагч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-тай харилцаж, маргаан бүхий Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “А” хотхоны ... байрны ..., ..., ..., ... тоот орон сууцуудын бүртгэлийн талаар харилцаж байсан, О.О нь “Боломжтой гаргалгаагаар нь тусална” хэмээн байр сууриа илэрхийлж байсан нь тэдгээр нь дээрх орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд өөрчлөн бүртгүүлэх талаар нэгдмэл ашиг сонирхолтой байгааг илэрхийлж байгаа эсэх дээр шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Мөн маргаан бүхий ... байрны ..., ... тоот орон сууцууд нь ... байрны 4 давхарт, ... тоот орон сууц нь 5 давхарт, ... тоот орон сууц нь 14 дүгээр давхарт байх ба энэ нь шүүгдэгч О.О- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би харахдаа 4 дүгээр давхраас 13 дугаар давхар хүртэл нь Ё-ийнх, 3, 13, 14, 15 дугаар давхар нь “А” ХХК-ийх, 1, 2 дугаар давхарт нь үйлчилгээний талбай ба ..., ..., ...байрууд нь сууриараа холбогдсон 3 блок барилга юм. ...” гэж мэдүүлсэнтэй зөрүүтэй байгаа буюу шүүгдэгч О.О нь дээрх орон сууцуудыг хохирогч Ё-ийн өмчлөлд бүртгэлтэй, түүний өмчлөлийнх болохыг мэдэж байсан гэсэн агуулга бүхий энэ мэдүүлгийг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх өмгөөлөгчийн тайлбар, прокурорын санал, дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдсан үндэслэл нь хэрэгт цугларсан баримт, үйл баримттай санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй. Шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заасан.

Энэ гэмт хэргийн объектив заавал байх гурван шинж нь (1) албан тушаалтан албаныхаа эрх мэдлийг албан ажлын эрх ашигт харш ашигласан үйлдэл, эс үйлдэл, (2) иргэн буюу байгууллагын эрх ба хууль ёсны ашиг сонирхол, эсхүл хуулиар хамгаалагдсан нийгэм буюу төрийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байдал бүхий хор уршиг бий болгосон /их хэмжээний хохирол учруулсан/, (3) үйлдэл, эс үйлдэл болон хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байх явдал болно.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдын эрхэд их хэмжээний хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдох буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн эсэхээс үл хамаарч албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэмт хэргийн субъектив шинжийн үндсэн элемент болох оюун санааны шинж нь субъект өөрийн үйлийн хууль бус шинж чанарыг ухамсарлах байдлаар илэрч байдаг. Оюун ухааны үүднээс субъект тодорхой хэргийг санаатай үйлдэх үед өөрийн үйлийн нийгэмд аюултай байдлыг ухамсарлаж, түүнээс би болох хохирол, хор уршгийг мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, субъект өөрийн үйл, түүний үл дүнд гарах хохирол, хор уршгийг урьдаас тооцоолон мэдсэн байдаг ба энэ шинжээр субъект өөрийн үйлдэл, эс үйлдэл Эрүүгийн хууль зөрчихийг мэдсэн хэмээн үздэг. Энэхүү оюун санааны шинжийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ухамсарлаж” хэмээн томъёолон хуульчилсан.

“Ухамсарлах” гэдэг бол субъект өөрийн үйлдэл, эс үйлдлийн бодит мөн чанарыг төдийгүй хууль зүйн мөн чанарыг ухамсарлаж, хууль бус шинжтэй гэдгийг мэдэж байхаас гадна хэрэгт өртөх субъект, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дагавар, хор хохирлыг оюун ухаанд тодорхой мэдэж байхыг ойлгоно.

Харин субъектыг “мэдээгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй ба түүнд зөвхөн хууль бус мэдрэмж болон хэргийн нөхцөл байдлыг ойлгосон шинж илрэхэд л хангалттай байдаг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх “...маргаан бүхий бүртгэлтэй холбоотой хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдол, нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны тогтоол баримтууд хуулийн хүчин төгөлдөр байна. ...” хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч О.О- нь “А” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... тоот хаягт байрлах 4373 м2 талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Ё-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосныг мэдээгүй гэж үзэх баримт хэрэгт байхгүй, мөн Улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан баримт бичгийн шаардлага хангаагүй байгааг мэдээгүй, хайхрамжгүй хандсан гэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр дээд шатны прокурор А.Энхжаргалын “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Шүүгдэгч О.О-, О.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ