Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа, хохирогч У.Х, орчуулагч О.Оюундарь, шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ж-т холбогдох эрүүгийн 1840000150026 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

БНХАУ-ын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, тариачин мэргэжилтэй, “Жин Тай Хэ” ХХК-ийн захирал ажилтай, Л.Ж

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Л.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн урд хохирогч У.Х-г зодож зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж өгсөн “Би тухайн үед хоёр ажилтнаа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт хүргэж өгчихөөд буцах гэтэл хоёр Монгол залуу машинд суухаар нь буу гэхэд тэд буугаагүй. Тэгээд машинаа барихгүй бол зодно шүү гээд миний шанаан тус газар 5, 6 удаа цохисон, мөн миний машины арааг салгачихаад явуулахгүй байсан. Ингээд машинаа бариад шүүхийн урд очсон нөгөө хоёр хүний нэг нь намайг ахиад зодож эхэлсэн” гэх мэдүүлэг.

Хохирогч У.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би нэг найзтайгаа жаахан архи уугаад үйлдвэр орох гэсэн чинь харуул нь оруулаагүй учир буцах гэж байсан. Үйлдвэр дээр ирсэн ямар ч хамаагүй машинд суугаад төв рүү орчихдог юм. Тэгсэн энэ хүн машинтайгаа үйлдвэр дээр ирээд дотроос нь хоёроос гурван хүн буусан. Тэгэхээр нь би машины урд суудал дээр суугаад манай найз арын суудал дээр суусан. Тэгсэн чинь энэ нөхөр гараараа буу гэж дохисон, би гараараа төв рүү ороод бууя гэж дохисон. Тэгээд энэ хүн шууд хөдлөөд давхиад 41 дүгээр байрны ард очиход би гараараа зогс гэж дохиход миний гарыг цохиод шүүхийн урд очоод зогссон. Машинаасаа буугаад утсаар ярихаар нь би хэнийгээ дуудах гээд байгаан гээд гараараа далан дундуур нь цохисон чинь зөрж намайг өшиглөсөн. Удалгүй нэг машин ирээд, машинаас гурваас дөрвөн хүн гарч ирээд хашгираад над руу дайрсан. Тэгэхэд энэ хүн миний зүүн талд зогсож байгаад намайг цохиод унагасан. Нэг сэргэсэн чинь Б миний хацрыг алгадаад энэ хүмүүстэй зодолдож болохгүй гэж байсан. Тэгэхээр нь би босоод чи намайг хужаа нарт зодож байхад зодуулдаг нь яаж байгаан гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр очоод ах нь хужаа нарт зодуулчихлаа гэхэд та архиа гаргаад эмчид үзүүлээд ир гэж хэлсэн. Тухайн үед миний зүүн тал хавдчихсан байсан. Тэгээд би нөгөөдөр нь Б эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд

Хохирогч У.Х-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 01 сарын 15-ны өдөр найз Б хамт 0.75 литрийн ерөөл архи хувааж уучихаад 15 цагт үйлдвэрийн хөдөлмөр хамгаалалтын сургалтанд суухаар явсан...үйлдвэр лүү орох гэтэл харуул нь Б бид хоёрыг согтуу байна гээд оруулаагүй... Тэгээд бид 2 буцаж төв рүү орохоор явах гээд эргэтэл харуулын гадна хаалган дээр цэнхэр хөх өнгийн Пикап шиг машин ирж зогсоод дотроос нь 2-3 хүн буугаад үйлдвэр лүү яваад орсон. Тэгэхээр нь би Б-д хандаж энд суугаад төв рүү ороод буучихая гээд би түрүүлж жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан. Б хойд суудал дээр суусан... жолооч нь монгол хүн биш хятад хүн байсан. Тэгэхээр нь би төв рүү ороод буучихъя гээд дохио зангаа ашиглаж хэлэхэд хятад жолооч юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй шулганаад байсан. Ингээд машин хөдөлж төв рүү явсан. 40-р байрны зүүн талаар урагш явдаг замаар орохоор нь ингээд буучихъя гээд хятад жолоочид дохио зангаагаар хэлж үзүүлэхэд миний гарыг доош цохиод зогсохгүйгээр урагшаа давхиад явчихсан...чигээрээ явж байгаад шүүхийн байрны урд талд ирж зогссон... хятад жолооч машинаасаа бууж утсаар яриад байсан. Тэгэхээр нь би машинаас бууж нөгөө хятад жолоочийн хойноос очиж чи яагаад намайг энд буулгаж байгаа юм гээд гараараа 2 далных нь голд нэг удаа алгадсан. Тэгсэн нөгөө хятад эргэж хараад миний баруун талын хөлний гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн... төд удалгүй 5 минутын орчмын дараахан хул шар өнгөтэй приус урдуур 20 маркийн машин ирсэн. Машин дотроос миний мэдэх “Жин Тай Хэ” ХХК-ийн монгол талын захирал Б болон 4 хятад хүн бууж ирсэн. Эдгээр хүмүүс нь бууж ирээд шууд л над руу хашгиралдаад дайрах үед гэнэт л хойноос намайг нэг хүн цохиход би газар ухаан алдаж унасан байсан. Нэг мэдэхэд Б намайг сэгсэрчихсэн хөөе Х босооч ээ, сэргээч ээ гээд байж байсан. Намайг сэргэж ухаан ороход нүүрний зүүн хэсэгт шороо болчихсон, зүүн чихнээс цус гарчихсан, цээжний зүүн хэсгээр хөндүүрлээд байсан. Тэгэхээр нь би Б-т хандаж чи намайг хятадуудаар зодууллаа, хоёулаа цагдаад очиж учраа олно гэхэд цагдаа руу ирсэн... би уг машины жолоочийг хятад хүн гэж мэдээгүй, машинд суухдаа зөвшөөрөл аваагүй, уурхайчид бид ажил тарах үед машин тэргэнд дайгдчихдаг болохоор тэр утгаараа л машинд суучихсан... миний бодлоор надад гэмтэл учруулсан хятад иргэн бол миний хойно зогсож байсан пикапны жолооч байсан, миний санаж байгаа зүйл тэр л байна... миний зүүн талын чих байнгын шуугиантай, сонсоход муу, мөн толгойн зүүн талын дагз хатгуулж өвддөг, хамар байнгын битүүрчихдэг болоод байна... би эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хх-н 29-30 хуу/

Шүүгдэгч Л.Ж-ийн хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн “ 2018 оны 01 сарын 15-ны өдөр өөрийн “Жин Тай Хэ” ХХК-ийн талбай дээрээс Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр лүү өөрийн компанийн ажилчид болох 2 хүнийг үүднийх нь постонд хүргэж өгсөн. Уг постонд хүмүүсийг буулгаж өгчихөөд эргээд талбай руу явах гэтэл миний машинд 2 согтуу монгол хүн суучихсан. Би монгол хэл мэдэхгүй учир өөрийн эх хэлээрээ болон гарынхаа үйл хөдлөлөөр буу гэж хэлэхэд нөгөө хүмүүс гараа зангидаж над руу харуулаад машиныхаа рулыг жолоод гэж байгаа бололтой үйлдэл харуулсан. Тэгэхээр нь би айгаад машинаа асаагаад хөдөлсөн. Тэгсэн жолоочийн эсрэг талын суудал дээр буюу урд суусан монгол хүн нь миний зүүн талын шанаа тус газар 5-6 удаа цохисон. Намайг машинаа зогсоохоор л урагшаа яв гэж дохио зангаагаар хэлээд намайг цохиод байсан. Би Монгол хэл мэдэхгүй учир тэр хүмүүсийг юу ярьж, юу шаардаад байгааг мэдээгүй. Тэгээд би айж сандарсандаа машинаа асааж тэр чигтээ зам дагуу урд зүг рүү явсан... тухайн үед Бор-Өндөр сумын төвийн байшингуудын зүүн талаар явж байхад Бор-Өндөр сумын урд хэсэгт гэнэт нөгөө урд суусан хүн миний машины арааг мулталж зогсоосон. Тэгэхээр нь би тэр хүмүүсээс айж машинаас бууж тамхи татаад зогсоход миний ард сууж байсан нэг нь миний араас татсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг яв, би явлаа гэдэг байдлаар ойлгуулах дохио зангаар хэлэхэд тэд ойлгохгүй намайг зуурчихаад явуулахгүй байсан... явуулахгүй болохоор нь “Жин Тай Хэ” ХХК-ийн орчуулагч өвөр монгол улсын харьяат Л гэдэг эмэгтэйд энэ талаар дуудсан. Тэгсэн тэр 2-ын өндөр нь миний хувцаснаас зуурч явуулахгүй, нөгөөдөх намхан биетэй нь хөл рүү өшиглөж, шанаа тус газар цохихоор нь би бас өөрийгөө хамгаалж намайг цохисон залуугийн өмнөөс адилхан хариу үйлдэл гаргаж гараараа цохисон. Би гэхдээ тухайн үед жижиг биетэй залууд цохиулж ухаан балартсан байсан болохоор яг хаана цохисноо санахгүй байна. Ингээд бид нарыг зууралдаж, зодолдож байх үед нэг саарал өнгөтэй жижиг тэрэг ирээд машин дотроос манай ажилчид болох 2 хятад иргэн, 1 монгол иргэн буюу Б нар бууж ирсэн... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...машинаас буусан байх үед хэд хэдэн удаа цохисныг мэдэхгүй, ямар ч байсан машин дотор цохисноос илүү л цохисон. Мөн тэр үедээ толгой, гэдэс, нуруу гээд бүр газарт гараа зангидаж, алгадаж цохисон, голцуу миний нүүрэн тус газар цохисон... тухайн үед миний тархи толгой өвдөж чих их хөндүүрлэж байсан. Эмчилгээ хийлгэх гэж нутаг буцсан. Эмч надад шингэн дусал залгаж эм уулгасан. Миний биед ил харагдах гэмтэл шарх, хөхрөлт зулгаралт байгаагүй, шанаа тус газар нэлээн хөндүүртэй болсон. Одоогоор миний эрүүл мэнд эрүүл саруул байгаа. Зарим үед зүүн чих загатнаад байгаа, би эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглэж байгаа, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33/

Гэрч Л-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн “Намайг 2018 оны 01 сарын 15-ны өдөр “Жин Тай Хэ” ХХК-ийн ажилчдын амралтын өрөөнд байж байсан чинь үйлдвэрийн хөрөнгө оруулагч Z.Z захирал орж ирээд L.Z захирлыг согтуу 2 монгол залуу явуулахгүй, машиныг нь булаасан гэнэ, чи хамт яваад өгчих орчуулагч байхгүй байна гэхээр нь үйлдвэрийн монгол талын захирал Б, Z.Z болон бас 1 хятад иргэний хамт очсон... ирэхэд L.Z захирлын унаж явсан машин нь зам дээр зогсчихсон, захирлыг монгол 2 залуу хоёр талаас нь татаж чангаагаад байгаа харагдсан. Бид бүр ойртож ирэхэд L.Z захирлыг тэнд байсан 2 залуугийн нэг нь гараараа нүүр лүү нь цохих шиг болоод байсан. Ингээд л бид очоод нөгөө 2 монгол залууг салгаад харин би  L.Z захирлыг салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх-н 36-37 хуу/

Гэрч Д.Б хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 01 сарын 15-ны өдөр намайг гэртээ байж байхад хадам ах Х 10 цагийн үед 0.75 литрийн савалгаатай ерөөл архи аваад орж ирсэн... Х-гийн авчирсан хоёул хувааж уусан... 45-р байр явах замдаа Х нь Б гэдэг ахтай захиргааны гадаа тааралдаж түүнээс 10000 төгрөг аваад салсан... 45-р байранд найзынд нь орохдоо 0.75 литрийн савалгаатай ерөөл архи авч ороод ууж дуусгачихаад гэрээс нь гарсан... 15 цагаас Уулын баяжуулах үйлдвэр дээр хөдөлмөр хамгааллын хичээл зааж байсан Б уулзахаар гарсан. Уулын баяжуулах үйлдвэр рүү замын унаанд дайгдаад үйлдвэр дээр очиход харуул нь та 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд оруулаагүй... буцаж төв рүү алхах гэтэл Х намайг дуудаж энд суучих, энэ машинаар төв орчихъё гэхээр нь Хгийн таньдаг машин нь юм байх гээд машины хойд талд суучихсан. Харин Х урд талд суусан. Тэгсэн машины жолооч хятад хүн бололтой хориглосон дохио зангаагаар бид 2-т явахгүй гэж хэлэхэд Х мөн л дохио зангаагаар яв, яв гээд дохисон. Тэгсэн нөгөө жолооч хөдлөөд явсан... 40-р байрны зүүн талын замаар урд зүг рүү явахад нь Х бид хоёр бууя, зогсоорой гэж ойлгуулахаар гараараа дохиж үзүүлэхэд зогсохгүй тэр чигтээ нөгөө хятад жолооч уурлаад явчихсан... зогсохгүй явсаар байгаад шүүхийн урагш гарч зогсоод машинаас бууцгаасан... буусан даруйдаа утсаар хэн нэгэнтэй яриад байх шиг байсан... Х нөгөө хятадыг утсаар яриад зогсож байхад нь араас нь очиж нуруу хэсэгт гараа зангидаж байгаад 1 удаа цохиж байгаа харагдсан.. хятад эргэж хараад амандаа нэг юм хэлээд Х-г өшиглөж байгаа байсан... Удалгүй машинтай хүмүүс ирсэн. Миний нүдэн дээр Х-г цохиж зодсон хүн байхгүй, Х айхтар согтуугүй, өөрийн үйлдэл болон биеэ авч явах чадвартай байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 38-39/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн

  1. У.Х-гийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт. /хх-н 19 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 309 дугаартай

  1. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан шүүх эмнэлгийн үзлэг №21 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. У.Х-гийн биед тухайн үед зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  6. У.Х нь 2016-2017 онуудад баруун чихний мэдрэл мэдрэхүйн хэлбэрийн дүлийрэл, зүүн чихний холимог хэлбэрийн дүлийрэл оношлогдсон байна.
  7. Чих, хамар, хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн “ЭМЖЖ” төв нь баруун чихний мэдрэл мэдрэхүйн хэлбэрийн дүлийрэл, гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт, холимог хэлбэрийн дүлийрэл гэж оношилсон байна гэх дүгнэлт. /хх-н 952-53 хуу/

Шүүгдэгч Li Z-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би Монгол хүнтэй муудалцаж зодолдоно гэж бодоогүй. Над руу эхэлж тэр 2 монгол залуу дайрч давшилсан... айж самгардаж өөдөөс нь бие хамгаалж эсэргүүцсэн... надад зодуулсан гэх Х гэгч миний машинд хүч түрэн орж ирж айлган сүрдүүлсэн, мөн дайрсан, би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, маш ихээр ойлгосон... гэх мэдүүлэг. /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Л.Ж гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Л.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг тус сум дундын шүүхийн урд талд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч У.Х-тэй маргалдан улмаар түүний зүүн талын шанаа тус газар гараараа цохиж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн шанаа, зүүн чихний дэлбээ хэсгийн зөөлөн эдийн няцрал  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          Хохирогч У.Хгийн “...удалгүй нэг машин ирээд, машинаас гурваас дөрвөн хүн гарч ирээд хашгираад над руу дайрсан. Тэгэхэд энэ хүн миний зүүн талд зогсож байгаад намайг цохиод унагасан...” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Л.Ж хэрэг бүртгэлтэд өгсөн“...тэгсэн тэр хоёрын өндөр нь миний хувцаснаас зуурч явуулахгүй, нөгөөдөх намхан биетэй нь хөл рүү өшиглөж, шанаа тус газар цохихоор нь би бас өөрийгөө хамгаалж намайг цохисон залуугийн өмнөөс адилхан хариу үйлдэл гаргаж гараараа цохисон. Би гэхдээ тухайн үед жижиг биетэй залууд цохиулж ухаан балартсан байсан болохоор яг хаана цохисноо санахгүй байна...”

          Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би Монгол хүнтэй муудалцаж зодолдоно гэж бодоогүй. Над руу эхэлж тэр 2 Монгол залуу дайрч давшилсан... айж самгардаж өөдөөс нь бие хамгаалж эсэргүүцсэн... надад зодуулсан гэх Х гэгч миний машинд хүч түрэн орж ирж айлган сүрдүүлсэн, мөн дайрсан, би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, маш ихээр ойлгосон...” гэх мэдүүлэг,

          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 309 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Дээрх гэмт үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус зан авир, үйлдлээс шалтгаалсан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч L.Z нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул L.Z-д оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шийдвэрт тусгайлан зааж өгөөгүй болно. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч У.Х нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, одоогоор эмчлүүлээгүй байгаа” гэж мэдүүлж байх тул тэрээр гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчийн Ринлоги амбулаторийн үзлэгт төлсөн 25.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн байна.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч L.Z хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар L.Z нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч У.Х нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч L.Z-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл L.Z-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР