Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2020/00017

 

******* банкны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн

төлөөлөгч: Ж.*******

Хариуцагч: С.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч С.*******ийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч: ******* банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь банктай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 428781 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 27.000.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд ******* гэрчилгээний дугаартай ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газрыг, ******* гэрчилгээний дугаартай ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн хамт, зурагт, хөргөгч, цалинг тус тус барьцаалсан. Зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч болох С.******* нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарыг олон хоног зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа тул банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нийт 25.155.975,98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******, хамтран зээлдэгч С.******* нар нь ******* банктай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 428781 дугаартай цалингийн зээлийн гэрээг байгуулан 27.000.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд 000471391 гэрчилгээний дугаартай ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газрыг, 000502040 гэрчилгээний дугаартай Ү-0918003512 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн хамт зурагт, хөргөгч, цалинг тус тус барьцаалсан. Зээлдэгч Н.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч миний бие нь 4, 5, 6, 7 саруудын зээлийн эргэн төлөлтийг хуваарын дагуу хийсэн. Түүнээс цааш төлөх чадваргүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн.

Тиймээс цалингийн зээл бол цалин авч байгаа этгээдтэй салшгүй холбоотой. Түүний ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон орлого билээ. Тиймдээ ч банкинд зөвхөн цалингийн орлогоосоо зээлийг төлж байсан. Үлдэгдэл 23.394.831,37 төгрөгийг төлөх боломжгүй байна. Дээр дурьдсан банкны барьцаанд байгаа зүйлсээ чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Учир нь цалин маань хүрэлцээ багатай, ам бүл 7-уулаа, хүүхдүүд ач, зээ нарын хамт амьдардаг гэжээ.

 

Анхан шатны шүүх:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч овгийн гийн ******* /РД:/-ээс

зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 23.394.831,37 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.761.144,61 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг нийт 25.166.475,98 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгож,

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч С.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт Залгамжлагч хэсэг тоотод байрлах 1188 мкв талбайтай, ******* гэрчилгээний дугаартай ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газар,

Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт Залгамжлагч хэсэг тоотод байрлах 85 мкв талбайтай ******* гэрчилгээний дугаартай Ү-0918003512 улсын бүртгэлийн дугаартай хашаа, байшин,

Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт Залгамжлагч хэсэг тоотод байрлах зурагт, хөргөгч зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар,

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 284.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгож,

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг,

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.*******ийн өмгөөлөгч Б.******* миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг 2020 оны 04-р сарын 23-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдолыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. ******* банкны Завхан салбар нь иргэн Н.*******гийн цалинг судалж Цалингийн зээл олгосон байдаг болохоос С.*******ийн цалинд үндэслэж зээл олгоогүй. Цалин хөлс гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ... Ажилтан цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан байдлаас харахад цалин гэдэг нь зөвхөн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх учир цалингийн гэрээтэй холбоотой үүрэг нь Н.*******гийн нас барсан өдрөөр буюу Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 204.1.2-т зааснаар дуусгавар болно. Гэтэл С.Сарангэрлийн иөлөх үүрэг дуусгавар болоогүй байдлаар дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. С.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээр доогуур орлоготой болох нь хэрэгт авагдсан багийн даргын тодорхойлолтоор тогтоогддог.

Н.*******гийн цалингийн гэрээтэй холбоотой үүрэг нь дуусгавар болсон үед барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэнэ. Иргэний хуулийн 461-р зүйлийн 461.2 дахь хэсэгт ... өвлөгч нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах-аар зохицуулсан байна. Иймд барьцаанд байгаа эд хөрөнгийг өвлөгч нар өвлөж авахаар нотариатад хүсэлт гаргаад байгаа. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ******* банк нь барьцаанд байгаа эд хөрөнгө өвлөгдсөний дараа өвлөгч нараас үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэх боломжтой байсан.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

2020 оны 04-р сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. ******* банкны Завхан салбар нь иргэн Н.*******гийн цалинг судалж Цалингийн зээл олгосон байдаг болохоос С.*******ийн цалинд үндэслэж зээл олгоогүй. Өөрөөр хэлбэл С.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болов ч тухайн зээлийг хэр хэмжээгээр хариуцах бүхэлд нь юм уу ? хэсэгчлэн юм уу? ямар байдлаар хариуцах нь тодорхойгүй байгаа. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т зааснаар Н.******* нь нас барсан тул зээлийн үүрэг нь дуусгавар болж зээлийн хүүгийн хугацаа нь зогсох ёстой болов ч С.*******ээс нэхэмжилж байгааг дэмжихгүй байна. Иргэний тухай хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар өв, барьцаанд байгаа зүйл төлөгдсөний дараа үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой байгаа. Өөрөөр хэлбэл барьцаанд байгаа зүйлийг өвлөгч нар нь өвлөж авсны дараа тухайн холбогдох үүргийг хуваан авч барагдуулна. Тийм учраас барьцаанд байгаа зүйлийг өвлөгдсөний дараа холбогдох байгууллага нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Энэ талаар өвлөгч нар өв хүлээж авахаар нотариатаар батлуулж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Үүнийг анхан шатны шүүх тухайн хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд энэ зээлийг төлөх боломжгүй хүртлээ төлж байгаад өдийг хүргэсэн байгаа. Барьцаанд байгаа хашаа байшинг өөрийн ганц хүүдээ өвлүүлэх саналтай байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барах тохиолдолд зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгчээр нөхөн төлүүлдэг тул хамтран зээлдэгчээр уг зээлийн үлдэгдлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь хариуцагч С.*******ээс зээлийн төлбөр 25.155.975.98 төгрөг, нотариатын зардал 10.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 284.030 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

******* банкны Завхан салбар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 428781 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Н.*******, С.******* нарт 27.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлдүүлж, зээлийн барьцаанд Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт Залгамжлагч хэсэг тоотод байрлах 1188 мкв талбайтай, ******* гэрчилгээний дугаартай ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн газар, Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг Өлзийт Залгамжлагч хэсэг тоотод байрлах 85 мкв талбайтай ******* гэрчилгээний дугаартай

Y-0918003512 улсын бүртгэлтэй хашаа байшин, мөн тус газарт байгаа зурагт, хөргөгч болон цалинг тус тус барьцаалж, 428781-1 дугаартай гэрээ байгуулсан, зээлийн төлбөрөөс хариуцагч нар гэрээний дагуу төлж байсан ба энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банкнаас зээл олгох гэрээ байгуулдагдсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Зээлдэгч Н.******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2018 оны 12, 2019 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудад төлж байсан бөгөөд Н.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч С.******* нь гэрээний үүргийн дагуу 2019 оны 05, 06, 07, 08 дугаар саруудад зээлийн төлбөрийг төлж барагдуулсан ба 2019 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөр төлөгдөөгүй гэрээний үүргийн зөрчил үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сард дуусах бөгөөд зээлдэгч Н.******* нас барснаар гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хамтран зээлдэгч С.******* тайлбарлаж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дэх хэсэгт заасныг тайлбарынхаа үндэслэл болгожээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1.1 дэх хэсэгт зааснаар ******* банкны Завхан салбар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй бөгөөд хамтран хариуцагч С.******* гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ

242.3-д ... үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан тул хамтран зээлдэгч С.*******ээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсаныг буруутгах боломжгүй байна.

Нөгөө талаар зээлдэгч нар нь банкнаас зээл авч ахуй хэрэгцээндээ хамтран хэрэглэсэн, мөн зээлийн барьцаанд цалингаас гадна дундын өмчлөлийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, одоо уг эд хөрөнгүүд нь хамтран зээлдэгч С.*******ийн өмчлөлд үлдсэн зэрэг нь С.*******ийг гэрээний үүргээс татгалзах боломжгүй нөхцөлийг үүсгэж байна.  

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 284030 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР