| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03742/И |
| Дугаар | 192/ШШ2025/05279 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Болдсайхан, гэрч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Болдсайхан нь ажиллаж байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Б.Болдсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би 1981 онд 10 дугаар ангийг Архангай аймгийн Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 жилд суралцаж төгсөөд Сэлэнгэ аймаг Шаамарын сургууль комбинайт төгсөөд 1982 оноос сумандаа очиж мал маллаж байгаад 1983 онд цэрэгт татагдсан. 1986 онд цэргээс халагдаж 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус сумын бөөрөлжүүт бригадад 1993 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие тэтгэвэртээ гарах хугацаа болж урьд ажиллаж байсан хугацаанд ажилласан жил байхгүй болсон учир шүүхээр орж шийдвэрлэх шаардлагатай болсон. Би 1982 оноос Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад ачигчаар ажиллаж байгаад 1983 онд цэргийн алба хаасан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 1987 оноос нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. 1990 оны үеэр нэгдэл тарж Ялалт хоршоонд 1993 он хүртэл малчнаар ажиллаж байсан.
Иймд намайг 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад ачигчаар,
1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад Фермийн эрхлэгчээр,
1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад малчнаар,
1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Тариат сумын тодорхойлолт, Архангай аймгийн архивын тасаг малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын тушаал, бөөрөлжүүт бригадын малчидын 1989 онд амрах амралтын тооцоо, Тариат сумын ялалт нэгдлийн өмч хувьчлалын материал, Тариат сумын ялалт нэгдлийн өмч хувьчлалын тайлан тэнцлийн тооцоо, гэрч Д.Сосорын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт зэргийг тус тус ирүүлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Болдсайханы хүсэлтээр Д.Сосор, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
5. Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас баримт бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч Б.Болодсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Болдсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
3. Нэхэмжлэгч Б.Болдсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Нэхэмжлэгч Б.Болдсайхан нь 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад ачигчаар, 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад Фермийн эрхлэгчээр, 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад малчнаар, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Нэхэмжлэгч Б.Болдсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 01/235 дугаартай тодорхойлолт, уг тодорхойлолтонд Тус сумын Мөрөн багийн иргэн Баасанхүүгийн Болдсайхан /АЗ63052812/ нь 1986 оноос 2015 он хүртэл Мөрөн багт мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1529 дугаартай Б.Болдсайхан ам бүл 3, оршин суудаг гэх тодорхойлолт,
Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 608 дугаар тодорхойлолт, уг тодорхойлолтоор тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Тариат сумын Ялалт нэгдлийн 1986-1988, 1990 оны өмч хувьчлалын материалыг шүүн үзэхэд Б.Болдсайханы ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гарах боломжгүй байна гэх тодорхойлолт,
Батлан хамгаалах төв архивын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6052 дугаар хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа,
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай Баасан овогтой Болдсайхан /РД:АЗ63052812/ нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй байна гэх тодорхойлолт,
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 14-т Бөөрөлжүүт, хоньчин, 1986 он гэх бичилт,
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Хаягийн хуудас №7 баримт, уг баримтад Тариат сумын 10 жилийн сургуульд сурагч гэх бичилт,
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Гэрлэлтийг бүртгэх анкет №39 баримт, уг баримтад Баасанхүү Болдсайхан, Төмөр Наранцэцэг, эрхэлдэг ажил-Бөөрөлжүүт бригад хоньчин, гэр бүл болсон-1987 он, оршин сууж буй хаяг-Бөөрөлжүүт бригад Наранбулаг, 1988 оны 3 дугар сарын 02-ны өдөр гэх бичилт,
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн Төрөгсдийг бүртгэх анкет №53 баримт, уг баримтад Болдсайханы Цэрэндэжид, 1988 оны 3 дгаар сарын 22-ны өдөр төрсөн, эцэг-Баасанхүү Болдсайхан, эх-Төмөр Наранцэцэг, эрхэлдэг ажил-Бөөрөлжүүт бригад хоньчин, малчин гэх бичилт,
Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №40 дугаартай 1989 оны ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын 122-т Б.Болдсайхан гэх хэсэг,
Архангай аймгийн Тариат сумын Ялалт хоршооны мал хөрөнгө хувьчлалын тайлан тэнцлийн тооцооны 1992 оны баримтуудын хуулбар, уг баримтын хавсралтад Баасанхүү Болдсайхан гэх хэсэг,
Нэхэмжлэгч Б.Болдсайханы хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч Д.Сосорын өгсөн мэдүүлгийн: Архангай аймгийн Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадын даргаар 1969-1990 он хүртэл 22 жил ажиллаж байсан. 1990 онд Архангай аймгийн Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригад татан буугдаад ажиллахаа больсон. Б.Болдсайхан нь 1986 онд нэгдэлд малчинаар ажилд орсон. 1990 онд нэгдэл тараад бид нар бүгдээрээ хамт ажлаасаа гарсан гэх хэсэг,
Гэрч *******ийн өгсөн мэдүүлгийн: Манай нөхөр 1986 оноос 1993 он хүртэл Архангай аймгийн Мөрөн багийн Арцатын үзүүрийн фирмд Б.Болдсайхан фирмийн эрхлэгч хийж байсан. Би саальчин хийж байсан, бид 1987 онд танилцаад гэр бүл болсон. 1986 оноос 1993 он хүртэл бид хоёр цуг Архангай аймгийн Мөрөн багийн Арцатын үзүүрийн фирмд ажиллаж байгаад Хонин сүрэг мал аж ахуйд ажилласан, 1990 онд Ялалт нэгдлээс тараад хоршоо болсон. Би Хоршоонд малчин байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Болдсайханы ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Болдсайханыг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригад мөн Ялалт хоршоонд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, эрх зүйн байдал дордсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Болдсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч*******-ны
- Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ачигчаар,
- Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Фермийн эрхлэгчээр,
- Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Бөөрөлжүүт бригадад 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар,
- Архангай аймгийн Тариат сумын Ялалт хоршоонд 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Болдсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ